sonin.mn

Охин нь одоо тэнгэрт байна аа. Хамгийн сүүлд айхтар өвдсөнийг л санаад тэгээд сэрсэн чинь гэртээ биш өөр газар ирчихсэн байх юм. Энд давгүй дулаахан, бас зөндөө гоё хоол, чихэр байна. Таны цохьсон газар чинь одоо өвдөхгүй байна өө, зүв зүгээр болчихсон.

Аав аа.., охин чинь болж хорвоод мэндэлсэн намайг уучлаарай. Мэдээ орохоосоо л таныг ээжид бас надад уурлаад байдаг байсныг чинь би мэддэг байсан. Зөндөө шөнө ээж минь уйлаад, та гэртээ ирэхгүй. Тэгээд таныг нэг өдөр гэнэт ороод ирэхэд чинь би их баярласан. Одоо л аавтайгаа, ээжтэйгээ хамтдаа ямар гоё вэ гэж бодсон. Тэгсэн та чанга чанга загнаад л, ээж минь бас л уйлаад л миний бүх хувцасыг нэг цүнхэнд хийх гэтэл аав “Наадах хогыг чинь авахгүй, би хүүхдээ дөмөгхөн хувцаслачихна” гэсэн. Ээж чихэнд минь “Миний ухаантай бяцхан үр минь. Одоо хэсэгхэн аавтайгаа байх хэрэгтэй боллоо. Ээж нь удахгүй очиж авна аа” гэсэн. Аав аа, тэр үед ээжийгээ орхиод явах муухай байсан ч гэсэн таныг зөндөө санасан байсан болохоор, мундаг аавтайгаа хамт байна гэж бодоод би ерөөсөө айгаагүй ээ.

Аав аа.., та намайг муу хүүхэд болохоор зоддог байсан уу. Шинэ ээжийг уурлууллаа гээд зоддог байсан уу. Гэхдээ би яаж ч хичээгээд, хоолоо өөрөө идээд, тоглоомоороо замбараатай тоглолоо гээд, өмдөндөө биш коршокондоо сууж бие заслаа гээд шинэ ээжийгээ баярлуулж чадахгүй байсан, намайг уучлаарай аав аа. Эхлээд би өдөржин шинэ ээжтэйгээ байхаас айгаад таныг хурдхан ажлаа дуусаад ирээсэй гэж боддог байсан. “Аав минь л ирвэл ханхар өвөр дээр нь эрхлээд шинэ ээж намайг яаж ч загнаж байсан буухгүй дээ. Миний аав намайг хамгаална. Миний аав муу хүнийг барьдаг цагдаа юм чинь.” гээд өөрөө өөртэйгөө ярьж суудаг байсан юм шүү охин нь…

Аав аа… Охин нь энд зөндөө найзуудтай болсоон. Яг надад тохиолдсон шиг тэд нарын аав нь эсвэл ээж нь уурлаад байдаг байсан гэнэ. Тэгээд зөндөө шийтгүүлж байгаад бас л нэг удаа айхтар өвдөөд л нүдээ нээсэн чинь энд ирсэн байсан гэж байна. Энэ газарт аав ээжийгээ уурлуулж байгаад ирсэн хүүхдүүд өөр хүүхдүүдээс тусдаа байрладаг юм байна. Би нээрээ яг сайн хүүхэд болох гээд л байж байсан байхгүй юу. Та дахиад жаахан л хүлээсэн бол…

Аав аа… Хоёулаа том хүмүүс шиг ярилцъя. Гэр бүл гэж таны хувьд юу вэ. Та ээжид минь хайртай байсан уу. Та надад хайртай байсан уу. Аав аа та муу хүмүүсээс бусад хүмүүсийг хамгаалах байтлаа өөрөө муу хүн байж болдог юм уу. Эсвэл та бас жаахан байхдаа над шиг ингэж их зодуулдаг байсан уу.

Аав аа… Би хэнд ч гомдохгүй байгаа. Харин та тэнгэрээс явуулж байгаа миний захиаг олон хүнд үзүүлээрэй. Магадгүй хүүхэддээ уурлаад байдаг аав ээжүүд уншвал уурлахаа болиод тэдний томоогүй бодлогогүй байдлыг цөөхөн хэдэн удаа уучлах болов уу. Хүүхдүүд биднийг муу байна гээд зодох биш бидэнд үлгэрлээд, үзүүлээд, заагаад өгвөл дороо л сайн хүүхэд байхад суралцдаг юм шүү дээ.

Аав аа... Охин нь тандаа хайртай.

Б.Бөртэ-Үжин