sonin.mn
“Анальгин гэсэн бичгийг нь хуултал хугацаа нь дууссан гентамицин байх юм” гэх хачирхалтай мэдээлэл цахим ертөнцийг шуугиулах боллоо. Энэ бол манай улсад эм, тарианы хяналт бүх шатанд суларсныг илтгэх баримт юм.
 
Уг нь ампультай эм тариан дээр наалт нааж худалдаалдаггүй байтал наалттай эм тариаг эмийн сангууд худалдаалж иргэдээ хохироосоор. Магадгүй энэхүү хугацаа нь дууссан гентамицин шиг чанарын шаардлага үл хангах, жагсаалтаас хассан хэчнээн эм тариа хэн нэгний ханцуйн доор хэрэглэгчээ хүлээн нуугдаж буйг бид мэдэхгүй.
 
Монгол Улсын эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуульд “Эмийн үндэсний бодлого нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг хангах нэгдмэл бодлогын салшгүй хэсэг” гэж заажээ. Гэтэл энэ мэт хугацаа нь дууссан, хуурамч эмийн худалдаа газар авч үнэ нь тэнгэрт хадсан ч үр дүн нь эсрэг хэвээр байна.
 
Эм тарианыхаа ихэнхийг ОХУ-аас нийлүүлдэг манай улсын хувьд баталгаагүй эм тариа худалдаалахгүй гэхэд хэцүү. Учир нь, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаагаар ОХУ-ын эмийн бизнесийн 40 хувь нь шаардлага хангахгүй эм, тариа эзэлдэг болохыг тогтоосон байдаг. Үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн хуурамч эм, тарианд төрийн хатуу хяналт үгүйлэгдэж байна уу даа.
 
Х.Эрдэнэзаяа