sonin.mn

Үгийн урлагийг хип хоп гэдэг. барууны орнуудад өнгөрсөн зуунд тэсрэлт хийн гарч ирсэн урлагийн энэ төрлийг сонирхогчид манайд цөөнгүй. Тэднээс онцолж энэ удаагийн дугаарт Монголын анхны эмэгтэй реппэрчдийн нэг Женнитэй ярилцлаа. Тэрээр өнгөрсөн саруудад АНУ-д уран бүтээлээ хийж байгаад ирсэн.

-Таныг харийн хүнтэй гэрлээд гадаад руу явсан гэх мэдээлэл гарсан. Ер нь сүүлийн хэдэн сар хаана байв?

-АНУ-ын рок гитарчин надад таван дуутай цомог хамтран гаргах санал тавьсан юм. Үүний дагуу би өнгөрсөн гурван сар АНУ-ын Санфранцискод байлаа. Тэгээд л гурван сарын хугацаанд цомгийн ажлаа эхлүүлээд ирсэн. АНУ-д байхдаа би тэндхийн хамтлаг, дуучдын урилгаар олон удаа тайзан дээр гарсан. Мөн хамтлаг, дуучдын тоглолт ч үзлээ. Бас Монгол Улсынхаа нэрийг тодорхой хэмжээгээр гаргаад ирсэн гэж бодож байна. Монголд ирсний дараа надтай АНУ-ын Хавайд уран бүтээл хийдэг продюсор холбогдсон.

Тэр хүн энэ жил миний бие даасан тоглолтыг хийж өгье гэсэн санал тавьсан. Мөн Францын Парис хотод ирэх зургадугаар сард болох олон улсын фестивальд оролцохоор болоод байна. Тус фестиваль өнгөрсөн онд болох байсан ч нэг жил хойшилсон. Энэхүү фестивальд олон орны реппэрүүд оролцдог.

-Олон улсын фестивальд оролцох саналыг та тавьсан уу, зохион байгуулагчид холбогдов уу?

-Би 2010 онд Монгол-Францын ардын болон орчин үеийн урлагийг хослуулсан аялан тоглолтод оролцож байсан. Мөн “Mongolian bling” , баримтат кинонд тоглосон зэргээс үүдээд намайг оролцуулахаар болсон гэж бодож байна. "Mongolian bling" баримтат кино дэлхийн олон орны үзэгчдийн хүртээл болсон. Франц, Монголын төв гэж бий. Тэр төвөөс над руу ярьж, энэхүү олон улсын фестивальд оролцохоор болсон юм.

-“Mongolian bling" баримтат кинонд тоглосон нь таныг гадныханд танил болгочихов уу, эсвэл танд сайн менежер байна уу?

-Би менежергүй шүү дээ. Гадныхан надтай цахим сүлжээгээр холбогдоод хамтран ажиллах санал тавьдаг.

-АНУ-ын реппэрүүдтэй уран бүтээлийн туршлага солилцсон уу. Ер нь тэндхийн реппэрүүд таныг хэрхэн хүлээн авсан бэ?

-АНУ-д байсан эхний хоёр сард амьд хөгжимтэй реп хийхэд сайхан байсан. Жинхэнэ амьд хөгжмийг мэдэрсэн болохоор уран бүтээлийн хувьд нээлттэй байсан гэж ойлгож болно. Тэнд реппэрүүдэд зориулсан цугларалт ням гариг бүр болдог. Тайзан дээр хөгжим тавихад өөрийгөө илэрхийлэх хүсэлтэй хүн бүр түүнд оролцох боломжтой. Түүнд би оролцож, олон найзтай болсон.

-Тэр үед ямар хэлээр үглэсэн бэ?

-Монгол хэлээр үглэсэн. Тэнд байсан хүмүүс “Чиний юу гээд байгааг мэдэхгүй ч монгол хэл их сонсголонтой юм" гэж байсан шүү.

-АНУ-ыг эрх чөлөөний орон гэдэг. Тэнд уран бүтээлчийн эрх чөлөөг мэдэрч чадав уу?

-Чадсан. Үнэнийг хэлэхэд би. Монголдоо ч сайн танигдаагүй реппэр. Гэтэл Монголоос ирсэн хэнийг нь ч мэдэхгүй реппэрийг тэд үнэхээр сайхан хүлээж авсан. Хамтран ажиллах санал ч тавьсан. Ер нь ажил бол ажил, цаг бол цаг гэсэн зарчимтай нь надад сайхан санагдсан. Үзэгчдийн хувьд ч гэсэн маш том ялгаатай байлаа. Үзэгчид хүнийг нь биш урлагийг нь мэдэрдэг болохоор сайхан хүлээж авдаг. Хамгийн гол нь ямар зүйл үзэхээр ирж байгаагаа ойлгосон хүмүүс тоглолт үзэхээр ирдэг. Түүнээс биш хэн нэгнийг дагаад сонирхлоороо, эсвэл шоудаж яваад ороод ирдэг үзэгч тэнд байдаггүй юм билээ. Үзэгчид үнэн сэтгэлээсээ сайхан хүлээж авахаар тайзан дээр байгаа хүн ч эрч хүчтэй болдог.

-Хүсэн хүлээсэн орчин чинь хилийн чанадад байхад та яагаад хүч сориод оролдоод үзэж болохгүй гэж?

-Өнгөрсөн гурван сарын хугацаанд АНУ-д олон найзтай болсон. Ер нь буцаад явна гэж бодож байгаа. Би аливаа амжилтад бардах дургүй. Өөрийнхөө хийж байгаа зүйлдээ сэтгэл ханасан хүний төгсгөл ирдэг гэж ойлгодог. Тиймээс Монголд тоглолт хийж, цомог гаргасан хойноо эргэж явах бодолтой байна.

-Тэгвэл англи хэл сурах хэрэгтэй юм байна даа?

-АНУ-д гурван сар амьдарсан болохоор хэрэглээний англи хэлтэй болсон. Монгол хүн дасан зохицох чадвар сайтай учраас гадаад хэлийг амархан сурдаг. Ялангуяа орчин нь байгаа болохоор өөрийн эрхгүй сурдаг юм шиг санагдлаа. Ямар ч байсан төөрчихвөл гэрээ олдог, хүмүүстэй хэл амаа ололцдог болсон. Тэнд би ичилгүйгээр англиар ярьдаг байсан.

-Одоо ямар уран бүтээл дээр ажиллаж байна вэ?

-Монголд ирснийхээ дараа хэдэн шинэ дууны үг бичсэн. Энэ жил тоглолт хийхээр төлөвлөж байгаа болохоор тэр үеэр цомог гаргая гэсэн бодолтой байна. Надад цомог гаргахуйц уран бүтээл бий. Гэхдээ одооноос дуунуудаа цэгцлэх шаардлагатай гэж бодож байна.

-Автобусанд, гудамжинд, дэлгүүрт явж байгаад үг бичиж байсан тохиолдол бий юу?

-АНУ-ын “Gklden gate" гүүрэн дээгүүр явж байгаад шүлэг бичиж байсан. Заримдаа шөнө хар дараад нойр хүрэхгүй үедээ шүлэг бичдэг. Ер нь дандаа амьдралтай холбоотой нүдээрээ үзэж харсан зүйлийнхээ талаар бичдэг. Заримдаа өөрийнхөө бичсэн дууны үгийг харчихаад надаас яаж ийм үг гарсан юм бол гэж хүртэл боддог. Магадгүй хүмүүсийн хэлдгээр онгод орсон үед тийм үг бичдэг юм шиг санагддаг. Хип хоп дуу сэдвийн хувьд хязгааргүй. Би сүүлийн үед эмэгтэйчүүдийн эрх ашгийн талаар уран бүтээл хийж байна. Жишээлбэл, дуучин Ц.Хулантай хамтран "Эмэгтэйчүүдийн дуу хоолой" гэсэн дуу хийсэн. Уг нь энэ дууг гурван жилийн өмнө хийсэн ч цацаж амжаагүй байсан юм. Удахгүй дуугаа дүрсжуүлэх байх. Бас дуучин Оюукатай эмэгтэйчүүдийн тухай дуу хийсэн.

-Та захиалгаар дуу хийдэг үү?

-Би хувийн студитэй хөрөнгө мөнгөтэй хүн биш. Заримдаа надаас тусламж авахаар учраа олохгүй шинэ залуу хүүхдүүд ханддаг. Тэр үед нь би өөрөөр нь үгийг бичүүлээд үглэхэд амар болгодог. Ерөнхийдөө захиалгын ажил ирвэл хийж болно шүү дээ. Өмнө нь дуучин Нарагийн дууны үгийг бичиж өгсөн удаатай.

-Хэдэн нас хүртлээ хил хоп урлагт үнэнч явна гэж боддог вэ?

-Хип хоп нас хамаардаггүй урлаг юм. Гэхдээ хөгширсөн хойноо үглээд байх нь хаашаа юм бэ. Тэр үед би студитэй болсон байх. Тэгээд хөрөнгө мөнгөгүйгээсээ уран бүтээлээ хүргэж чадахгүй байгаа залууст тусална гэж боддог. Энэ мэтчилэн ямар нэгэн замаар хип хоп урлагтай холбоотой явна.

-Хип хоп урлаг Монголд төдийлөн хөгжиж чадахгүй байна. Та үүнийг юутай холбоотой гэж бодож байна вэ?

-Хөгжиж байгаа шүү дээ. Уран бүтээл хийж байгаа дүү нарын дууг сонсоход үнэхээр далайцтай болсон шиг санагддаг. Тэдний уран бүтээлийн өнгө аяс, сэтгэлгээ нь надад таалагддаг. Реппэрүүд техник технологи хөгжсөн энэ үед хүссэн хүнийхээ дууг сонсох боломжтой болжээ. Өөрөөр хэлбэл, тэдэнд өөрийгөө хөгжүүлэх боломж бүрэн бий. Гэтэл өсөхгүй болохоор аливаа зүйл нь бэлэн болох тусам залхуураад байна уу даа гэж хардаг.

-Таныг анхныхаа дууг бичүүлж байхдаа хөглөж байсан тухай сонссон. Тэр үед хэдэн настай байв?

-2000 оны сонгуулийн үеэр анхныхаа дууг найзтайгаа хамт бичүүлж байлаа. Тэр үед долдугаар ангид сурдаг байв. Техник технологи одоогийнх шиг боловсронгуй байгаагүй учраас дуу бичүүлэх гэж ёстой үзэж тардаг байлаа. Дууны бичлэг хийхдээ эхнээс нь авахуулаад дуустал нь алдаж болдоггүй. Алдчихвал дахиад л эхнээс дуулах шаардлагатай болно. Тэр үед дуугаа бичүүлэхдээ алдчихаад шарлахаад уйлж байв. Надтай хамт дуу бичүүлж байсан охин цасны өмдтэй байсан юм. Тэгсэн "Дуу бичүүлж байхад өмд чинь шаржигнаж дуугараад дуу оруулаад байна. Наад өмдөө тайл” гэж загнуулсан. Тэгж анх дуугаа трикотой бичүүлж байв.

Б.Сэлэнгэ
Эх сурвалж: