sonin.mn

Тансаг хэрэглээг шүтээд бас ч багагүй хугацаа өнгөрчээ.Эхэндээ тансаг хэрэглээтэй хүмүүсийг хараад атаа жөтөө бяцхан буцлаж тийм байж чадаагүй өөртөө уур цухал хүрч яаж тансаг хэрэглээтний бүлэгт багтаж ороё доо гэж шаналж нойроо алдах үе ч байсан.Амьдрал өөрөө төгс жор юм болохоор АНУ-д амьдарсан хэдэн жилдээ юутай ч тансаг хэрэглээтний бүлэгт багтаад орчихсон билээ.

Америк амьдрал л үүнийг зааж өгсөн хэрэг.Гэтэл бүлэг дотроо бас ялгаа зааг байдаг юм байна.Тансаг,төгс тансаг,дэндүү тансаг гээд ангилагдаад явчихдаг юм байна.Гэхдээ миний хувьд энгийн тансагаасаа дээшээ төгс,дэндүү хоёроо ажиглаж харж яваадаа огтхон ч гутардаггүй тансаг хэрэглээтний эгнээнд яваадаа л омогшиж миний зиндаанд хүрч чадаагүй хирнээ намайг атаархангуй хардаг хүмүүсийг хүрээд ирээч гэж урин дуудсан харцаар, хэзээ ч наашаа ойртож чадахгүй бүдүүлэгчүүдийг шоолж тохуурхсан харцаар харж баясаж явдаг.Би бол энгийн л нэг тансаг хэрэглээтэн өдөр өдрийнхөө амьдралыг тансаг хэрэглээгээр хангаад л явдаг хүн л дээ.Төгсүүд бол наанадаж сараар за тэгээд улирлаар нь хэрэглээгээ төсөвлөөд явчихдаг.Дэндүү тансагууд маань гэтэл жил гурван жил таван жилээр төлөвлөөд явчихдаг.

Миний хамгийн их ой гутаж явдаг хэсэг бол бүдүүлэг ядуу дорой буурай хэрэглээтнүүд тэдэнд тансаг хэрэглээний тухай яриад амны гарз.Ухаандаа засгийн газрын ордноос гадаад явдлын яаманд ямар нэг албан бичиг хүргэхийн тулд бүдүүн хар жийп хөлөглөдөг хэрэглээг ямар хэрэглээ гэх вэ.Дэндүү бүдүүлэг хар бараан байгаа биз дээ.Хотын захиргааны аль нэг ордноос МҮОНРТ-д очиж ярилцлага өгөхийн тулд бандайсан жийпинд багтаж ядан амьсгаадаж яваа балиар амьтдыг хараад ой гутдаг.Яриагаа ачаад яваа юм уу,арьсандаа багтаж ядан чихэлдсэн амьсгаагаа ачаад яваа юм уу огт ойлгомжгүй.За аймгийн дарга нар гэж сонин гарууд байна.0101 гэсэн хар машин уначихнаа.Аймгийн төвд шүү дээ.Гэр нь захиргааны байшингаас сайндаа тавь жаран алхам зайтай.Тэр хооронд л 0101 д чихнэ шүү дээ.Яагаад байгаа нь үнэн ойлгомжгүй 0101 заваан амьтан шүү би гэж тунхаглаад байгаа юм уу өөрийгөө ард олноосоо 0101-ээр тасарсан амьтан гэдгээ харуулах гэж ядаад байгаа ч юм уу үнэн ойлгомжгүй.За тэгтэл залуухан хөөрхөн царайгаа Солонгосын жигтэйхэн үнэтэй нялайсан кремний цаана нуучихаад ангарайтаад явдаг охидууд байна.Үгүй ээ охидууд минь та нарын эрүүл монгол залуу нас чинь өөрөө тансаг байхгүй юу даа.Түүнийгээ хэрэглэж мэдэхгүй.За тэгтэл өөрөө өөрийгөө бухимдуулаад тансаг хэрэглээнээс холдуулаад байдаг приустэнгүүд байна.Дуут дохиогоо орилуулаад л түүндээ өөрсдөө бухимдаад л судсаа нарийсгаад явах ямар хэрэг байнаа.Хажуугаараа инээмсэглээд алхаж яваа улсыг хараач тэдэн дунд чинь жишээ нь би алхаж явдаг юм л даа.Жаргалтай, ямар ч дуут дохиогүйгээр хүрэе гэсэн газартаа та нараас нэг их түрүүлдэггүй юм гэхэд хоцрохгүй оччихдог.Скай худалдааны төвөөс жимс худалдаж аваад үнэтэйг нь гайхаад уурлаад явдаг нөхдийг бас ойлгодоггүй.Эцсийн эцэст тэгж уур цухал худалдаж авах хэрэг байсан ч юм уу даа.Наадахыг чинь Барсаас бөөндөж аваад арчаад арчсаны үнэ гэж хоёр дахин үнэлээд зардаг юм шүү дээ.За тэгтэл баахан ногоо цагаа хөргөгчөөрөө дүүргэж хэдэн өдөр гайхаж харж байгаад муудахаар нь хаячихдаг ширэнгийнхэн бас байна.Ширэнгийнхэн гэхэд бас учир дутагдалтай нэшнл жеографиар гарч байгааг нь харахад харин ч ширэнгийнхэн чинь хэрэглээндээ тааруулаад байгаа харагддаг шүү.

За тэгээд брэнд гэж нэг гайхал байнаа.Брэндэд хамаг л илүүдэл мах өөхөө овойж оцойтол чихэж эв дүйгүй чихсэн шуудайтай ноос шиг харагдаад байгаа хирнээ уруулаа час улаанаар будаж дорвойлгочихоод түүндээ хөөрч инээгээд байгаа нөхдүүд яг л Холливуудын кинонд гардаг махчингууд шиг харагддаг.За тэгээд эцсийн эцэст тансаг хэрэглээнээс хамгийн алсын бөглүү арал дээр амьдардаг нөхөд бол ТИЙМ ЮМ САЙН ЮМ ГЭНЭ гэдэг сургийнхан.Цуу яриагаар амьдрана гэдэг бол үнэндээ зэрлэгээс зэрлэг амьдрал, даган дууриах ч түүнтэй утга нэг.Элгэнд тийм юм сайн гэнээ гээд аваад уучих ч юм уу идчихэж байгаа хүмүүсийн элгийг бодохоор л өр өмөрдөг.Бөөрөнд тийм юм сайн юм гэнэ гээд эрээд давхиж яваа нөхдийг харахаар өөрийн минь бөөр өвдчих гээд байдаг.

Эцсийн эцэст танд,танай гэр бүлд баяр баясгалан хүргэж чадах тийм хэрэглээ л жинхэнэ утгаараа ТАНСАГ хэрэглээ юм шүү дээ.Түүнээс биш хөршийн чинь хүүхэн булга өмссөний төлөө хүүхдүүдийнхээ талхны мөнгийг булган шубээр сольчихож байгаа хэрэглээ бол СОЛИОТОЙ хэрэглээ.Үүнээс өөр тодорхойлолт үнэндээ алга даа.Өнөөдөр Улаанбаатарын маань наян хувь нь солиотой хэрэглээтэй байна ингэхээр манай хотыг Солиотнуудын хот гээд хэлчихэж ч болмоор.

Зохиолч Доржзовдын Энхболд