sonin.mn

Удтал маргалдсаны эцэст УИХ-ын нэгдсэн чуулганаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцvvлгийг хийж өрийн таазыг энэ оны ДНБ-ий 58.3 хувь, 2016 онд 55.2 хувь байхаар тус тус тусгаад хуралд оролцсон 41 гишvvний 37 нь дэмжсэнээр баталчихлаа. Vндсэндээ Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг удаа дараа зөрчсөн өмнөх Засгийн газар болон төсвийн сахилга батыг хойшдоо хэдэн удаа зөрчих нь тодорхойгvй Шийдлийн Засгийн газарт итгэх итгэл нь алдарч, урам зориг нь суларсан УИХ-ын гишvvд “Яршиг зvгээр энэ нэг лайнаас салж vзье” гэсэндээ энэ чухал хуулийг батлах ажиллагаанд нийт гишvvдийн талаас ялимгvй илvv нь оролцож Ж.Батзандан, Ц.Нямдорж зэрэг эсэргvv гишvvд л санал, дvгнэлт хэлсэн болоод баталлаа. Өмнөх Засгийн газарт шvvмжлэлтэй хандсаар ирсэн Ж.Батзандан гишvvн “Алтанхуягийн Засгийн газар төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг удаа дараа зөрчсөн учир огцорсон.

Бид төсвийн өрийн тааз, босгыг нь одоо байгаа нөхцөлд тохируулаад өглөө. Энэ бол өмнөх Засгийн газрын vйлдсэн гэмт хэргийг хаацайлж байгаа хэрэг юм. Хэрвээ төсвийн сахилга батыг зөрчвөл Засгийн газрыг огцруулна шvv. Төсвийн байнгын хороо одоо хууль хяналтын байгууллага хандах уу, төсвийн сахилга батыг зөрчсөн Н.Батбаяр, Н.Алтанхуяг нарт хариуцлага тооцох уу” гэж асуухад Төсвийн байнгын хорооны дарга Б.Болор “Хариуцлагын асуудлыг одоогоор яриагvй. Энэ төсвийн төслийг оруулж ирсэн Засгийн газрын төслийг хэлэлцэж байгаа. Хариуцлага алдвал тооцоо хийнэ” хэмээн хөөрхөн бөөрөнхийлсөн хариулт өгч байна лээ. Харин өчигдрийн УИХ-ын хуралдааны ажиллагааг зурагтаар харсан Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг “Батзандаан чи барагтайхан байгаарай” хэмээж суусан нь тодорхой.

Хамгийн гол нь Төсвийн тогтвортой байдлын тухай энэхvv хууль батлагдснаар Засгийн газар Монгол Улсын өрийн таазыг 2018 он хvртэл ДНБ-ний 70 хvртэл хувьд хvргэн нэмэгдvvлэх эрх нь нээлттэй болов. Уг нь хамтарч Засгийн газар байгуулахдаа өрийн таазыг нэмэгдvvлэхгvйгээр тохиролцсон гэсэн Су.Батболд, М.Батчимэг нарын vг хvчингvй болов. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нэлээн тооцоо хийсний эцэст өрийн таазыг өсгөж ДНБ-ний 70 хувьд хvргэх санал дvгнэлтээ УИХ-д оруулж ирж байсан нь хэдхэн өдрийн өмнөх явдал билээ. Тэгвэл өчигдөр УИХ-ын гишvvдийн яг талынх нь дэмжлэгээр өрийн таазыг 58.3 хувьд хvргэх хуулийг батлав. Гэхдээ энэ 58.3 хувь гэдэг бол дахиж гар хvрэхгvй дээд хязгаар гэсэн vг биш. Харин ч 2018 он хvртэл 70 хувьд хvргэн өсгөж болохыг ч vгvйсгэхгvй зөвхөн эхлэлийн төдий л тоо юм.

 


Эх сурвалж: