sonin.mn

Дэлхийн дайтыг хурааж, эрхшээж явсан монголчуудаас хүн төрөлхтөн олон зүйлийг сурч, мэдэж, өөриймшүүлэн авсан нь тун олон. Жишээлбэл, оросууд дайн байлдаанд давшин орохдоо "Ура" хэмээн уухайлдаг. Энэ нь монголчуудын “уухай" хэмээхийн улбаа гэдэг.

Тэгвэл ёолк гэдэг Монголоос гаралтай үг хэмээн зарим нэг хүн үзэж, ёолк нь Монголын “ёолох” гэдэг үгнээс гаралтай гэж таамаг дэвшүүлж байна. Жишээлбэл, “ёолки палки" гэсэн уулга алдалт нь ёолкны чинь модыг хураагаад зүсээд палк болгоно шүү" гэсэн утгатай гэж ч тайлж байна. Магадгүй зарим нэг хүн санал зөрөх л байх. Гэхдээ дараах зүйлийг уншаад нээрээ ч тийм байж магадгүй шүү гэж бодох байх.

Бүр ардын дунд дэлгэрсэн “32 цагаан лонх тоолох” тоглоом нь “32 цагаан ёолох"-оос ч угшилтай хэмээн үзэх болов. Худал гэсэн зүйл ч үнэн байх тохиол аль олныг хэлж барах вэ. Ямартай ч та бүхэн “32 цагаан ёолох"-ыг нэгэн амьсгаагаар тоолоод бас уншаад үзээрэй.

1. Цагаан "ёолох” Шинэ жил боллоо яанаа гэсэн бодол хүн бүхний толгойд...

2. Цагаан "ёолох "Ямар хувцас өмсөх үү... /Үүнд хэнээс хувцас авах вэ, надад зохих болов уу, шинийг авах бол хэдэн төгрөг болох бол... зэрэг багтана/

3. Цагаан "ёолох" /Нийллэгийнхээ мөнгийг яаж өгнө өө../Үүнд эхнэр хүүхдийн нийллэгийн мөнгө багтана/

4. Цагаан "ёолох” Ямар бэлэг өгөх вэ /Аав, ээж, эхнэр хүүхдүүдийн бэлэгнүүд. Ядаж байхад хүүхдүүд өвлийн өвгөнд захиа илгээхдээ үнэтэй бэлэг авна гэж бичсэн байна./

5. Цагаан "ёолох” Нээрээ бодоод 31-ний орой гэрийнхээ ширээг идэж, уух юмаар дүүргэнэ. /Эхнэрийн найзууд ирнэ гээд эхнэр тансаг шарсан торой, бээжин нугас, энэ тэр бүгдийг таниулна гэнэ./

6. Цагаан "ёолох" Энэ бүгдийг шууд очоод авчихгүй. “Баахан дэлгүүр хэснэ, замын түгжрэл, авсан юм тор дүүргээд гар өвтгөнө, хүн юм болохоор нэрээ бодоод гүрийнэ, гар тасрах шахна, сүүлдээ мэдээ алдана, нэрэлхээд нэрээ идэх биш тавьж гараа амраана, амьсгаа авна.

7. Цагаан "ёолох” Авчирсан юмаараа хоол хийх гэж бөөн юм болно. /Салатны төмс нялцайлгалаа гэж эхнэр уурлана. Буруутан нь яаж, ийж байгаад заавал нөхөр нь болж таарна.

Хоолны мах хатуу болно, буруутан нь мөн л заавал нөхөр нь байх дүрэм бас л үйлчилнэ. Шөнөжингөө бэлтгэл ажил хийгээд унтсан ч юм байхгүй маргааш нь гонзойгоод үүрэглээд ч хамаагүй сууж баййх ёстой. Эрүүл, согтуу нь мэдэгдэхгүй улаан нүдтэй амьтан гөлийгөөд л.../

8. Цагаан "ёолох" Ангийн шинэ жил болно. Ангийнхнаа бодоод орж таарна, Ядаж байхад цагаан архины граммаар оноо өгч сэтгэл гижигдэнэ. /Бэлтгэл ажил гэж бөөн юм болно. дуунд дуул, бүжиглэ, эсвэл шүлэг унш гэнэ. Бүжиг бүжиглэх хостойгоо бэлтгэл хийгээд гологдоно, дуу дуулах гэтэл солгой хоолойтой хэмээн адлагдана. Эцэст нь олны дунд ам барьж дуулах үүрэгтэй зогсоно./

9. Цагаан "ёолох” ажлын шинэ жил болно. Сарын нэмэгдэл цалингаа авахын тулд заавал орж таарна. /Даргын үг хууль учир цасан охиноос (гүзээгүй байсан бол аягүй бол цасан охин бол гэж ч мэднэ) өөр бусад бүх дүрд хувирч, сармагчин, луу, үхэр, спайдермэн, алиалагч гэх зэргээс сонголт хийж өгнө.

Гайгүй дүр л таараасай билээ хэмээн залбирна. Эрчүүд хувцасны хувьд санаа зоволтгүй өнгөрсөн жилийн гоонжоо хими цэвэрлэгээнд егөөд л гүйцээ. Харин хүүхнүүдийн хувьд энэ нь бөөн асуудал байдаг./

10. Цагаан "ёолох” Шинэ жил тэмдэглэх өдөр бөөн юм болж таарна. /хэдийгээр насанд хүрсэн ч баярын л өдөр юм болохоор сэтгэл жаахан хөдөлнө. Баярынхаа хувцсыг өмсөнө. Сахлаа авна. Ойрын хэдэн сар усанд ороогүй учир халуун усанд ороход таатай мэдрэмж төрнө.

Дуу аялна. Үнэртэй ус түрхэнэ. Үсээ гөльдэнэ, Гоонж өмссөн учир өвлийн гуталтайгаа пөөнийгөөд явалтай биш зуны гутлаа гялайтал тослоод өмсөнө. Ганц нэг зуу татах магадлал өндөр учир машинаа орхино. Гэрээс гараад такси барих гэж бөөн ажил болно.

Хажууд ирээд суучих л даа гэдэг нөхөд хаа хүрэх вэ, хэдүулээ явах вэ, нэмэгдэл төлөх үү, энэ хүнийг буулгаад дараа нь таныг хүргэж өгч болно гээд л хаданд гарч өгнө дөө. Ядаж байхад зуны гуталтай хөл даарна. Таксины жолоочийн санал энэ өдөр зуун хувь хүчин төгөлдөр учир шууд л ороод сууж авна. /

11. Цагаан "ёолох" Баяр дээр. /Усны үхэр адил сархдыг ч нэг хүртэж өгнө дөө. Баярын өдөр учир даргатай тулгана, бас даргаа шахна. Их дургүй хүргэвэл үг хаяж ч үзнэ. Бас жаахан агсамнах аядна./

12. Цагаан "ёолох" Аажмаар бүх биений булчин зангиран хөвчирч, цээжинд бяр амтагдаад сүүлдээ бүр хальж эхэлнэ. Тэр үед үүдний харуулаас эхлээд том биетэй болгон жижиг харагдаж, хорвоод надаас өөр эр бяртан байхгүй мэт санагдаж, хэн ч байсан хамаагүй зодохгүй л бол нойр хүрэхгүй болсон байна.

Яг тэр үед таалагддаг охины хажууд гайтай юм шиг нэг нөхөр сээтэн хаяж зогсоно. Очоод мөрлөнө, ёворно, өднө, сөднө. Нэг мэдэхэд түс, тас, түмпэн шанага, гар хөл, толгой, нүүр гээд юм юм л болно

13. Цагаан "ёолох" Яг шинэ он гарах 24.00 цагийн орчимд улс төрчдөд дургүйг хэлэх үү улстөрчдийн хэрэггүй яриаг сонсч, /бүх суваг дээр тэд ард түмэндээ хандаж, амьдрал сайхан байна, маргааш бүр гоё болно хэмээн мэнд дэвшүүлнэ. Уур хүрч байтал дайран дээр давс гэгчээр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж сүүгээ бариад малийтал инээсээр гараад ирнэ.

Тэр үед уурандаа цагаан архинаас гурван зуун грамм угсруулан татахад шампанскны дуутай холилдон пин пан хийн бөөн юм болж, гадаа салют буудан нэг л мэдэхэд диваажингийн орноо морилмой.

14...
15...
16...

.
.
.

32: Цагаан "ёолох" Жинхэнэ ёолох өдөр буюу нэгдүгээр сарын 1, Нэг сэрэхэд орон дээр хувцастайгаа ам цангаснаас болж омголтсон уруулаа хуурайшсан хэлээрээ долоон байж сэрнэ. Босох гэтэл толгой хоёр ширхэгтоосго хийчихсэн юм шиг даагдахгүй, дотор муухайрч, гол тасрах шахна.

Аргагүй шүү дээ, ходоодон дотор зуун зараа зулзагатайгаа, зулзага бүр нь ихэрлээд ихэр бүр нь орос цэргийн шинэ эсгий гуталтай хөөцөлдөн тоглож байгаа гээд бодоод үз дээ,

Ядаж байхад нүүрний хөхрөлт хүртэл чимчигнэнэ. Гэнэт толгойд утас, түрүүвчээ яасан билээ, хаячихаагүй байгаа гэсэн бодол зурсхийж, сэтгэл зовоохоос гадна өчигдөр яаж хөгөө чирсэн бол гэж бодохоос дотор харанхуйлж, үхсэн амьдын хооронд амьтан хэвтэж аядан байхдаа дахин хэзээ ч энэ гашуун хар усыг уухгүй дээ хэмээн бодно.

Ингэж өөрийгөө зовоох ч гэж дээ гэж бас өөртөө гутарна. Гэхдээ энэ нь нөгөө л урд нь боддог бодол, танил дүр зураг. Эхнэр тэндээс эрүүнийй шөл, элдүүр цохьж болох бүх юмаа бариад ирж яваа нь харагдана. Зугтах ч тэнхэл алга.

Хэрвээ та энэ бүхнийг уншаад

A. Сайн ойлгохгүй, утгагүй мэт санагдаж байвал

Б. Хагасыг нь ойлгож байвал

B. Бүгдийг нь маш сайн ойлгож, эхнээс нь аваад дуустал нь инээж, өрөвдөж байвал

Хариулт:

A. Та олон нийтийн ажилд оролцдоггүй амиа хичээсэн өөдгүй амьтан гэсэн үг. Та арван жилийн ангийнхантайгаа уулзахад ямар ч ярих юм байхгүй тэр ч бүү хэл зарим нь таныг манай ангид ийм нөхөр байсан билүү гэж эргэлзэж хүлээж авна.

Б. Та өрөнхийдөө амьдралаа маш зөв зохицуулж амжилттай яваа нэгэн.

B. Маш харамсалтай байна. Та нэгэнт архичин болжээ. Гэхдээ бүү сэтгэлээр уна, Юм бүхэнд гарц байдаг. Та архитай харамсалтай боловч салах ёс хий. Та архиагүйгээр амьдарч чадна. Харин архи таньгүйгээр савнаасаа гарч чадахгүй учир санаа бүү зов. Зүгээр л түүнийг шилэнд нь үлдээгээд үүрд баяртай гэж хэлэхэд л болно.

С.Батбуян

Эх сурвалж: