sonin.mn

Өөрийнхөө тэргүүлсэн Засгийн газрыг “Шийдлийн” хэмээн тодотгож буй Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хэтийдсэн шийдвэр хэтэрхий олныг гаргаад эхэллээ. Сөхөрч унасан эдийн засгийг сайжруулж, ядарч туйлдсан ард олноо жаргаах тухай үлгэрээ тэрбээр баахан хэмнэх, хасах, танах тухай амлалтаар эхэлсэн.

Зүдэрсэн эх орондоо тус болохын төлөө зүүсгэл чимгээ хандивла маягийн шоуны уриалга гаргаад зогсоогүй халамжийг хумих нэрээр олон айлын амьжиргааг залгуулж асан мөнгийг хэмнэхээр зүтгэв. Сүүлдээ бүр улс орны нүүр царай, хөгжил дэвшлийн илэрхийлэл болж байх учиртай шинжлэх ухааны салбараар тоглохоор шийджээ.

Тэрбээр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд хийсэн мэдээлэлдээ ойрын үед хийж хэрэгжүүлэх ажлынхаа талаар дэлгэрэнгүй ярьсан. Ингэхдээ ирэх онд улсын төсвийн орлого нэг их наядаар буурч буй тул зарлагаа мөн тэр хэмжээгээр танахаас аргагүй гэхдээ чухам хаанаас ямар арга замаар энэ мөнгийг танахаа ч дуулгасан. Тэдгээр хэмнэлт, таналтын шуурганд Монголын шинжлэх ухааны салбарыг оруулж буйгаа ч нуугаагүй.

Өөрөөр хэлбэл, “Тоо томшгүй олон эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдийг нэгтгэн зохион байгуулах, тэдгээрийг их сургуулиудтай холбох, харьяалалд нь шилжүүлэх ажлыг хийнэ” хэмээн тов тодорхой хэлж орхисон нь өнөөдөр биеллээ олж буй аж. Бүр тодорхой хэлбэл, эрхэм Ерөнхий сайд шинжлэх ухааны салбарын үндэсний хүрээлэнгүүдийг их сургуультай нэгтгэх ажлаа нэн яаралтай хийхээр зориг шулуудсан байна.

Аль хүрээлэнг хааш нь аваачиж юутай нийлүүлэх вэ гэдгээ ч шийдчихсэн гэнэ. Цаасан дээр буусан төлөвлөгөө тун удахгүй Засгийн газрын хуралдаанаар орж албажаад шуудхан хэрэгжээд эхэлнэ гэсэн үг юм байна.

Уг нь манай улс Шинжлэх ухааны салбарт төрөөс баримтлах бодлоготой, Шинжлэх ухааны академи гэж байгууллага нь ч өөрийн гэсэн хуультай. Үүгээрээ шинжлэх ухааны салбарыг хэрхэн яаж хөгжүүлэх вэ гэдэг бодлогоо тодорхойлчихсон байдаг юм. Харамсалтай нь хэмнэх, танах, хасах, тэвчих гэсэн хэдхэн үгийг тоть адил давтах шинэ Ерөнхий сайд маань шинжлэх ухаанаас хэмнэлт хийхээр шийдсэнд л хамаг парадокс явж байна.

Засгийн газраас Шинжлэх ухааны үндэсний хэмжээний судалгааны бүх хүрээлэнг татан буулгаж их сургуулиудтай нийлүүлж нэгтгэх нь нэгэнт тодорхой болжээ. Ингэснээр Монгол Улсад шинжлэх ухааны бие даасан хүрээлэн байхгүй болно гэсэн үг. Шинжлэх ухааныг хөгжүүлэх хамгийн том статустай газар нь их сургуулиуд болох нь.

Магадгүй энэ шийдвэрээ эрхэм Ерөнхий сайд гадаад улс орнуудад хүрээлэнгүүд нь их сургуультайгаа хамт байдаг гэж цэцэрхэх байх. Гэхдээ хөгжилтэй орнуудад их сургуулиуд нь хүчтэй судалгааны багтай байдаг ч суурь шинжлэх ухаанаа чиглүүлэн зангидаж авч явдаг үндэсний хүрээлэн, төвүүдтэй байдаг гэдгийг мэддэг л байгаа даа. Хэрвээ энэ Засгийн газрын төлөвлөж буйгаар Монголд их сургуулиас өөр шинжлэх ухааны байгууллага байхгүй болбол ямар хортой үр дагавар гарахыг цөөхөн үгээр тайлбарлахыг оролдъё.

Нэгдүгээрт, шинжлэх ухаан бие даасан чанараа алдаж, зөвхөн боловсролын салбарын дайвар төдий болно. Их сургууль бол боловсролын байгууллага. Тиймээс гол анхаарах ёстой чиглэл нь мэдээж боловсрол олгох, хүмүүсийг сургах. Тэдэнд шинжлэх ухааныг тэргүүндээ залаад байгаа хөрөнгө мөнгөө судалгаанд зориулах бололцоо ч, үүрэг ч байхгүй.

Хоёрдугаарт, оюутны сургалтын тэтгэлгээр чадан ядан амь зуудан тогтолцоотой их сургууль руу судалгааны том байгууллагыг хүчээр аваачиж нэгтгэснээр шинжлэх ухаан хөгжлийн талаар ярих ч хэрэггүй болно. Энэ бол бодит үнэн.

Тиймээс чухам юуны учир ийм шийдвэр гаргахаар улайран буйн цаад язгуурыг ухаж үзэхэд гэмгүй байх. Учир нь хүрээлэнгүүдийг нэгтгэж үндэсний хэмжээний судалгааны байгууллагуудыг цомхотгосноор эдийн засгийн хувьд ямар ч хэмнэлт гарахгүй. Харин хүрээлэнгүүдийн байр байшин сулрахаас эхлээд өөр зүйл хайсан нэгэнд боломж бололцоо аль аль нь хангалттай гарах юм билээ.

Манай дарга нарын гайхуулж цэцэрхээд байдаг гадаадын өндөр хөгжилтэй орнууд шинжлэх ухааны тэргүүлэх хүрээлэнгүүдээрээ гоёдог. Тухайлбал, АНУ гэхэд НАСА-гаар, Герман Макс Планкийн гэхчилэн судалгааны том төв, үндэсний хүрээлэнгүүдээрээ нэрийн хуудас хийдэг гэдгийг захын нэгэн гадарлана.

Тиймээс эдгээр хүрээлэнгүүдээ бие даалгах, аль болохоор хөрөнгө мөнгөөр дэмжих бодлого барьдаг. Түүнээс биш манайх шиг бакалаврын сургалтын төлбөр хэдхэн төгрөгөөрөө сургалт явуулсан болж байдаг сургуулиуд нь шинжлэх ухааныг хөгжүүлээд нэрийн хуудас нь болж гялалзаад явдаг түүх ч, туршлага ч байхгүй.

Тэгээд ч Балба гэж ядуу буурайгаараа алдартай жижиг улсаас ч бага мөнгө шинжлэх ухааны салбартаа өгчихөөд үр дүн, хөгжил дэвшил нэхээд сууж байдаг манай оронд үндэсний хүрээлэнгүүдээ их сургуулийнхаа малгай дор аваачаад хийчих нь үнэндээ бол шинжлэх ухааныг мөхлийн замд л нь хурдхан хүргэж өгч буйгаас өөрцгүй юм.

Д.Содон

Эх сурвалж: