sonin.mn

МОСКВА. /ITAR-TASS/. ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн "том" хурал сэдэв, цаг хугацааны хувьд чөлөөтэй хэлбэрээр болно. Энэ жилийнх В.Путины хувьд "ойн" буюу арав дахь хэвлэлийн хурал юм. Гэхдээ тус бага хурал санхүү-эдийн засгийн асуудлуудын огцом өрнөлт олон улсын хурцадсан асуудалд нэрмээс болсон урьд өмнө байгаагүй нөхцөл байдалд болох гэж байна. Ийм учраас Ерөнхийлөгчийн хэвлэлийнхэнтэй хийх уулзалт туйлын их хүлээлт үүсгээд байгаа билээ.

Уулзалтад дүрэм журам тогтоогоогүй

ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков ИТАР-ТАСС агентлагийн сурвалжлагчтай ярилцахдаа, “Хэвлэлийн хуралд ямар нэг дүрэм журам тогтоогүй” болохыг тэмдэглэжээ. Өөрөөр хэлбэл, Путин хариулах шаардлагатай гэж үзсэн бүх асуултдаа хариулна. Гэхдээ “хэн ч дээд амжилтын араас хөөцөлдөх гээгүй” гэж тэрбээр батлан хэлсэн байна. Хамгийн урт буюу 4 цаг 40 минут үргэлжилсэн хэвлэлийн хурал 2008 онд болсон.

“Том” хэвлэлийн хурлыг зохион байгуулах журамд өөрчлөлт ороогүй гэж Песков мэдээлсэн байна. “Хурлыг хэвлэлийн нарийн бичгийн дарга удирдан явуулна, гэхдээ зарим үед Ерөнхийлөгч асуултыг өөрөө сонгож, хурлыг удирдана.  Энэ нь яг хэдийд болохыг би хэлж мэдэхгүй байна” гэж тэрбээр хэлсэн байна.

Хэвлэлийн хуралд хэдэн сэтгүүлч оролцох вэ?

Сурвалжлах эрх авсан 1259 сурвалжлагч бүгд Ерөнхийлөгчид асуулт тавьж болно. “Сурвалжлах эрх олгоход ямар ч хязгаар тогтоогүй, гадаадаас сэтгүүлчид тусгайлан ирж хуралд оролцоно, тэдэнд Гадаад хэргийн яамнаас виз олгосон” гэж Песков хэлжээ.

Сурвалжлах эрх авсан хэвлэлийн төлөөлөгчдийн жагсаалтад түрүү түрүүчийн хэвлэлийн хурал дээр олноос онцгойрсон зан байдлаараа "алдаршиж байсан" хэд хэдэн хүний нэр байгааг хэвлэлийн нарийн бичгийн дарга нотлов.

Москвад ажиллаж байгаа, сурвалжлах эрх авсан Украины сэтгүүлчид хэвлэлийн хуралд оролцоно гэдэгт найдаж буйгаа Песков лхагва гарагт “Россия 24” сувагт ярилцлага өгөхдөө хэлжээ.

Кремлийн албан ёсны цахим хуудсанд нийтлэгдсэн сэтгүүлчдийн жагсаалтаас үзвэл, Япон, АНУ, Иран, Герман, Франц, Румын, Беларусь, Швед, Израиль, Хятад, Дани, Испани, Абхаз, Польш, Азербайжан, Вьетнам, Их Британийн хэвлэлийн төлөөлөгчид Путинтэй ярилцах сонирхолтой байна.

Ямар сэдвүүд гол сэдэв болох вэ?

ОХУ-ын эдийн засгийн байдал болон олон улсын байдал хурлын гол сэдэв болох байх гэж тэрбээр таамаглаж байна. "Эдийн засгийн нөхцөл байдал, рублийн ханш, үнийн тухай, Оросын эрх баригчдын авах гэж буй арга хэмжээний талаарх асуудлууд" тавина хэмээн Кремль таамаглаж байгааг Песков тодруулжээ. Ийм учраас хэвлэлийн бага хуралд бэлтгэх явцдаа Путин шинжээчид, сайд нарын танхимын гишүүд, Төв банкны удирдлагатай зөвлөлдөж байгаа аж.

Хэвлэлийн нарийн бичгийн даргын үзэж буйгаар, хурлын үеэр мөн олон улсын байдалд анхаарлаа нэлээд хандуулна. “Олон улсын харилцааны тогтолцоонд хувирал хувьсал гарсан гэдэг үүднээс авч үзвэл энэ жил ер бусын жил, ийм учраас энэ явдал ч сонирхол татах нь ойлгомжтой, энэ талаарх асуултуудыг ч бид хүлээж байна” гэж тэрбээр тайлбарлажээ.

Москвагийн цагаар өнөөдөр 12 цагт эхлэх хэвлэлийн хурлыг Оросын телевизийн "Россия 1", "Россия 24" болон "Нэгдүгээр суваг", "Маяк", "Вести ФМ" , "Оросын радио" радио станц шууд дамжуулна.

Д.Жаргал

Эх сурвалж: