sonin.mn

Дэлхийн улаан номонд орсон гүльдийн амадина гэх шувуу Монголд зөвхөн ганц байдаг гэх. Тэр ховор шувууг тэжээдэг СХД-ийн XV хорооны оршин суугч Ч.Баяртай ярилцав.

-Таны энэ шувуу Монголд үнэхээр ганц гэж үү?

-Би шувуу тэжээх хоббитой хүмүүсийг мэднэ. Өөр хоёр хүнд байсан. Нэг нь орос найзтайгаа өөр шувуугаар сольсон. Нөгөө нь зун вольер гэдэг ил задгай том торонд зусуулж байтал нь гэнэт цас орж, эндэхэд хүргэсэн харамсалтай явдал гарсан. Ингээд л надад үлдлээ дээ.

Монгол улсад тусгай паспорт, ургийн бичиггүй амьтан оруулахыг хориглосон. Тэгээд ч гүльдийн амадинийг хол тээвэрлэхэд ер нь л эндчихээд байдаг эмзэг амьтан. Тэгэхлээр орж ирдэггүй байхгүй юу.

Энэ маань цээжин хэсгээрээ Украины далбаа шиг өнгөтэй. Тэгэхээр нь би Гүльденко гэж украин маягаар нэрлэсэн. Манай Гүльденко украины хөл бөмбөгийн багаа балиашигласан ч, тэр нь ДАШТ-д орж чадаагүй (инээв).

Ч.Баяр тотиныхоо хамт


-Яагаад энэ хөөрхөн шувуу Дэлхийн улаанд номонд орсон юм бэ?

-Австралид цагаан арьстнууд ирээгүй байхад байгалийн бүх зүйл нь тэнцвэртэй, тогтвортой байлаа. Уугуул хүн ам нь цөөн, аюул багатай.

Тэгэхлээр гүльд шувуу өөртөө тохирсон, араатан амьтан төдийлөн явдаггүй, бөглүү газрыг сонгоод, тэндээ тайван амгалан аж төрдөг байжээ. Гүльд бол ихэнх хугацаанд маш ихэмсгээр, хөдөлгөөнгүй сууж байдаг. Ялангуяа орой ихэмсэг байдлаа хэрхэвч алдахгүйг хичээдэг. Тиймээс, лорд шувуу гэдэг хочийг ч авсан. Бусад шувуу маш ховдог атал, гүльд бол бага хөдлөхийнхөө хэрээр бага иднэ. Ёстой л нэг эрхэмсэг оршихуй гээч.

Гэтэл цагаан арьстан ирээд бүхнийг бужигнуулж, тэднийг дагаж ирсэн бор шувуу, хөх бух, хэрээ, турлиах, алагтуу зэрэг шувууд, зэрлэгшсэн молтогчин, ямаа, гахай, одос, илжиг, тэмээ зэрэг амьтад, тэдэнд түрэгдсэн австралийн амьтад бүх байгалийн тэнцвэрийг алдагдуулсан.

Эрхэмсэг гүльд шувуу тэр бүхнийг тоолгүй сууж байгаад л хэлмэгддэг байж л дээ. Ингээд л Дэлхийн улаан номонд орсон. Зэрлэгээрээ бараг байхгүй. Тэжээвэр хэлбэрээр ч олон биш. Зөөвөрлөх явцыг тэсвэрлэдэггүй, ихээ эмзэгхэн шувуухай даа.

Гульдийн амадин


-Та өөр ямар амьтан тэжээдэг вэ?

-Нөхцөл байдлаас болж, том амьтан тэжээж байгаагүй. Бусдыг нь ер нь тэжээсэн дээ. Аквариумын загас гэхэд л, хэт томоос бусдыг нь бараг бүгдийг нь тэжээж байгаад, зав чөлөө хомсодсон зэргээс болж больсон. Мэрэгч амьтдыг тэжээж байв.

Зүүн гарын буюу орог зусаг гэх Монголын уугуул амьтныг хорвоогийн хамгийн хөөрхөн амьтны нэг гэж үздэг. Шувууг ч их тэжээлээ. Долгионт тоть, фишерийн тоть, тахи амадин, гүльдийн амадин гэх шувууд байнгын дагуулууд маань болж ирлээ. Хамгийн хөөрхөн, хамгийн тэжээхэд зохистой гэх зэрэг шалгууруудаар тунаад байдаг.

Өт хорхой ч тэжээж үзлээ. Гурилын өт гээд ярьдаг ш дээ. Тэр чинь тэжээхэд амархан, сонирхолтой амьтан. Хувинд хивэг хийгээд л нөхцөл нь үндсэндээ бүрдэнэ. Авгалдай буюу өт нь том жижиг ямар ч бай хөөрхөн, бас их цэвэрхэн, гялталзаад л. Хүүхэлдэй нь цав цагаахан, ямар ч арчаагүй, өрөвдөлтэй ш дээ. Цох нь сүрхий том. Даанч өт хорхой тэжээхэд хүмүүс дургүйцдэг тал бий.

-Амьтан тэжээх хүсэлтэй хүмүүст юуг зөвлөх вэ?

-Амьтныг нялх хүүхэдтэй адилтгаж үз л гэж зөвлөх байна. Тэгэхгүй л бол зовоодог, үхүүлдэг. Тасалгаанд том амьтан тэжээж бүү зовоогоорой гэж бас зөвлөе. Тасалгаанд торны, элдэв савны жижиг амьтдыг л тэжээж, нялзрай хүүхэд шиг бөөцийлөх хэрэгтэй. Тэгж чадахгүй бол амьтан тэжээнэ гэж санахын ч хэрэггүй. Амьдын хар нүгэл л хураана.

Ярилцсан П.Тулгаа

Эрхэм та  нийтлэлч, сэтгүүлч, иргэний хөдөлгөөний тэмцэгч Ч.Мөнхбаярын бусад бүтээлийг түүний  "Зохиогчийн булан" болох  sonin.mn/blog/Munkhbayar- аас   уншина уу?