sonin.mn

64 дэх удаагийн Дэлхийн гоо бүсгүй шалгаруулах "Дэлхийн мисс-2014" тэмцээн Их Британийн Лондон хотод болж өндөрлөлөө. Хамгийн анх 1951 онд Их Британийн нийслэл Лондон хотод зохиогдож байсан энэ тэмцээн 64 жилийн дараа ахин Лондонд болж байгаагаараа онцлогтой юм. 

Энэ удаагийн тэмцээн Монголчууд бидний хувьд  ихээхэн онцлогтой болсон. Учир нь манай улсаас оролцсон, Үндэсний оролцогч Т.Батцэцэг урьдчилсан шалгаруулалтуудад сайн оролцож, топ модель шалгаруулалтын шилдэг 20, спорт шалгаруулалтын шилдэг 29, Мисс Авьяас төрлийн шилдэг 20-д багтсан юм.

Олон улсын хэмжээний гоо бүсгүй шалгаруулах тэмцээнүүдийг  тэргүүлдэг “Miss World буюу Дэлхийн Мисс” тэмцээнд 125 орны гоо бүсгүйчүүд авьяас чадвар, мэдлэг боловсрол гоо сайхнаараа өрсөлдөж хамгийн шилдэг нь ялалтын титмийг зүүсэн юм.

Ингээд энэ удаагийн тэргүүн мисс,  Дэлхийн миссээр Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын гоо бүсгүй Rolene Strauss тодорсон. Түүний хувьд 22 настай, Анагаах ухааны их сургуулийн оюутан юм байна.

Хоёрдугаар байранд Унгар, гуравдугаар байранд АНУ-ын гоо бүсгүйчүүд шалгарлаа. Харин шилдэг аравт Австрали, Мексик, АНУ, Кени, Унгар, Бразили, Гаяна, Их Британи, Өмнөд Африкын бүгд найрамдах улс, Энэтхэг улсын гоо бүсгүйчүүд үлдсэн юм.

Хэдийгээр Үндэсний оролцогч Т.Батцэцэг маань шилдгээр шалгарч чадаагүй ч урьдчилсан шалгаруулалтад амжилттай оролцож эх орныхоо нэрийг гаргаж чадсан. Түүний хувьд Шилмэл загвар агентлагт загвар өмсдөг юм.  

С.Саруул

Эх сурвалж: