sonin.mn

“Мөстлөгийн үе" хүүхэлдэйн кинон дээр сэлмэн соёот бар гөрөөс хөөгөөд гүйцэлгүй нүд нь бүрэлзээд зогсдог хэсэг гардаг. Тухайн амьтан юуны учир сөнөж мөхсөнийг харуулсан хэсэгхэн үзэгдэл л дээ.

Хүн төрөлхтөний түүх ч эхлээд биеийн хүч, тооны олноос шалтгаалж нэгийгээ эзэлж дарангуйлдаг байдалтай байлаа. Харин өнгөрсөн зуунд болсон томоохон дайнууд хэн аж үйлдвэр сайтай нь амжилт гаргаж эхэлсэнийг мэдрүүлсэн.

Тэгвэл өнөөдөр хэн хурдан сэтгэж, техник технологийг эзэмшсэн нь дэлхийд тэргүүлж байна. Яг л сэлмэн соёот бар зээр гүйцэхээ байгаад сөнөж мөхсөнтэй адилхан. Өдгөө дэлхийн баячуудыг электроник үйлдвэрлэл, цахим орчныг сайжруулсан эрхмүүд өнгөлж байна.

Дээрхийг нурших болсон шалтгаан нь бид мэдлэг бүтээгч эрдэмтдээ дэмжих цаг болжээ гэж хэлэх санаа л даа. Дэлхийд үнэлэгдсэн эрдэмтдээ спортын алдартнуудынхаа адил насан туршийн цалинтай болговол ямар вэ.

Тэд ахуй амьдралын аахар шаахар зүйлсдээ баригдалгүйгээр эрдэм, бүтээлийн ажилдаа бүх анхаарлаа хандуулж эхэлбэл манай орон хөгжинө. Тамирчдын жишээн дээрээс харахад л байнгын өндөр цалинтай болсон хүмүүсийн амжилт буурахгүй байна шүү дээ.

Түүнээс гадна их мөрөөдөл өвөртлөөд спорт зааланд өдөр өнгөрүүлэх хүүхэд, залуус олширлоо. Яг үүн шиг эрдэм мэдлэг хүссэн залууст мөрөөдөл бий болгох хэрэгтэй юм. Шинэ нээлт хийсэн болоод томоохон амжилт гаргасан монгол эрдэмтэд дэлхийн энэ тэнд байдаг боловч монголдоо ирж нутагшихгүй байна.

Боловсролын сайдын нэрэмжит шагнал авсан олон эрдэмтэд гадаадын аль нэг компанид хүчээ өргөхөөр явчихдаг нь нууц биш. Эрдэмтдээ нутагшуулж, насан туршийн цалинтай болгож байж л энэ зуунд бид өөрсдийн бахархалтай болох бус уу.

Ж.Баяр

Эх сурвалж: