sonin.mn

Хүмүүнийн төрлийг тоолш үгүйгээс эхтэй хэмээдэг. Хэдүй ч юм тэр цаглашгүй эртнээс мандал буурлын түүхэн олон янзын үе шат, орон зай, цаг хугацаанд хамаг амьтан бүгд өвөр сэтгэлдээ хадгалж эдүгээд ирсэн орь хүсэл нь өчүүхэн ч зовохгүйгээр зөвхөн жаргахсан билээ. Тэгээд ч орчлон хорвоод үйл нисваанисаар хүлэгдэн, зургаан зүйлийн төрлийн оронд эргэлдэхийн уг шалтгаан нь энэхүү гэгээрэл хүслийн учир тэр юм.

Өнөөдөр хүн төрөлхтөн эд баялаг, ахуйн болон үйлдвэрийн зориулаллтай цахим хэрэгслийн өндөр хөгжилд нэгэнт хүрч, үсрэнгүй хөгжсөөр байна. Хувь хүний нэг насны амьдралд энэ бүхэн үнэлж баршгүй ач тустайг үгүйсгэж, эсвэл хэмээн маргалдахын тухайд үүнийг онцлож байгаа юм биш ээ.

Нэн ялангуяа цахим хэрэгслийн, хөдөлмөр хөнгөвчилж, цаг хэмнэж, мэдлэг боловсролоо дээшлүүлэхэд оруулж буй үнэтэй хувь нэмрийг нь бид яс махандаа нэвчтэл ухаарч, ээжийнхээ ангир уурганд шунамхайран ховдоглох нялх хүүхэд шиг болтлоо түүнд ээнэгшжээ.

Орчлонг амгалангийн мөн чанартай хэмээн эндүүрч, түүнд дэнгийн гэрэлд эрвээхэй мэт татагдан шунамхайрч байгаа хэн нэгэнд хорвоогоос оюунаараа гарах тухай алт шиг сургаал хэлээд ч тусыг үл олох...

Энэ мэт байдлаасаа дүгнэлт хийж үзвэл хэрэгцээгээ хангасан, амьдрах орчиноо сайжруулсаны үрд аз жаргал эдлэх учиртай бол нэгэнтээ хүслээ биелүүлчихсэн баймаар санагдах... Гэвч, аз жаргал, амар амгалан, амьдралын сайн сайхандаа бид хүрч чадсан уу?

Ономгой, бэлэн сэцэн үгтэй ардын маань “Төө баяжвал, алд шунал нэмэгдэнэ” хэмээсэн юмуу, эсвэл Бодабын гэгээний “Баялагийн хэмжээ өсөхөд ч зовлонгийн далай дэвэрдэг” гэсэн нь дээрх асуултанд бүрэн дүүрэн хариулт өгч байгаа юм.

Судрын хуудаснаа, “...эдэлсэнээр үл ханах, зовлон бүхний үүд" хэмээн нэгэн төрөлдөө үйлдэх орчлонгийн элдэв үйл үртэсийг тодорхойлсон нь ямар учиртайсан бол...

Сэцэн билигт ардын маань ухаан, шалгарсан мэргэдийн хиргүй тунгалаг айлдвартай утга нэгсэн шуналын эрхээр төрж, түүний л эрхээр доройтох хэмээн хүмүүс хичнээн мэрийвч аз жаргалдаа хүрч  чадахгүй байгаагийн шалтгааныг тодруулсан хэрэг. Тэрхүү шунал нь амин хувийн ашиг завшаан, аз жаргалд чухалчилсан “Би”-д барьсан буруу үзлээр хөлөлдөг тул үр нь тийн зовлон болох.

Цахим хэрэгсэл, алт эрдэнэс, эд өглөгийн зүйл гай түйтгэр болж, биднийг аз жаргалтай учруулахгүй байгаа юм биш. Учир зангилаа нь тэр бүгдээс авч болох таашаал нь түр зуурдынх гэдгийг үл ухах гагцхүү бидний шунал төөрөгдөлд асуудал байгаа юм.

Дээр өгүүлсэн бүхэн тоо томшгүй дотоод хүчин зүйлийн нэгээхэн, гэхдээ хамгийн том хүчин зүйлийнх нь тухай өгүүлсэн хэсэг буюу өөрөөс хамааралтай уг шалтгаан “Би”-д барих буруу үзэл, түүнээс улбаалан сацрах шунал хүсэл зэргийн тухай байлаа.

Одоо гадаад орчин буюу нийгмийн талаас нь өмнөх асуудлаа авч үзье. Гэхдээ энэхүү гадаад орчин ч дотоод буюу хувь хүнтэй, түүний ухамсар мэдлэг, сэтгэл оюунтай нягт шүтэлцэж бий болдог гэдгийг мартаж болохгүй.

Дэлхийнхэн аварга том мэдээллийн сүлжээнд “Орооцолдон" мөч хором бүрт улам ойртон нягтаршиж, даяарчлал хэмээх үзэгдлийн доор нэгдэхээр зориг шулуудан байгаа нь өнөөгийн хүний нийгмийн хөгжлийн хүрсэн бодитой өндөр төвшин гэлтэй.

Гэтэл, өнөөх л аз жаргалынх нь замд саад зэтгэр бологчийг өөрөөсөө ангид хайн атхаглаж, улам бүр бие биеэсээ хараат бус хаяаагаа манаж, хормойгоо хумисан аминч үзлийн идээ бээрэндээ хутгалдсаар суугааг үсрэнгүй, өндөр хөгжилтэй нийгмээс хаанаас нь л бол хаанаас нь харж болохоор... Ахуйн хэрэглээний хангамж, түүнд нэвтэрсэн соёлжилт, нийгмийн хөгжлийн өнөөгийн хүрсэн төвшин бидэнд юу өгөв?

Өнөөх л бахь байдаг хэвээрээ, харин ч өвчин зовлон, үгүйрэл хоосрол, дайн самуун, цөмийн зэвсгийн аюул занал, байгалийн гамшиг, баян ядуугийн ялгаа, агаар усны бохирдолт гээд урьд өмнө байгаагүйгээр олон тулгамдсан асуудал биднийг ээрч байна.

“Сахил аваад шал дордов” гэдгийн үлгэрээр “даяарчлал”, “хүмүүнлэг энэрэнгүй нийгэм” энэ тэр гээд сайн сайхныг ярихын хэрээр байдал ийн дордохын учир юун билээ...

Гэм зэмгүй үйл олон хүн юуны учир гэмт хэргийн золиос болж алтан амьнаасаа цаг бусаар хагацанав.

Дэлхийн нэг бөөрөнд өлсгөлөнд нэрвэгдэж, өвчиндөө шаналж байхад, нөгөө нэг бөөрөнд нь хөрсөн хоолоо хаяж, хугацаа нь хэтэрсэн хүнсний бүтээгдэхүүн, эм тариаг устгаж байгаа нь юуны учир билээ...

Аливааг бид бие, сэтгэлээрээ хүрэлцэн мэдэрч, ханах эсвэл гонсойхдоо хүрдэг. Ингэхээр биеэрээ ханах, сэтгэлээрээ ханах, эсвэл... гэсэн үр дүнд хүрч болох нь. Гэвч, энэ бол эцсийн үр дүн биш. Яагаад гэвэл бид биеэрээ ханах, цэнгэхийг урьтал болгодог.

Энэ нь өнөөх аз жаргалаа бид биеэрээ амсаж эдлэхийг л хүсдэгээс тэр. Ийм төвшинд сэтгэл гэдэг ч ханаж цадахыг мэдэхгүй “ходоодгүй мангас”. Тиймээс ч эд баялаг өсөн нэмэгдэх тусам түүнийг дагаж шунал аривжиж байх нь албатай юм.

Өнөөдөр нэгэнт хүрсэн нийгмийн хөгжлийн “Өндөрлөг” хүн төрөлхтний аз жаргалтай амьдрах хангалттайгаар барахгүй дутуу дундгүй гадны шалтгаан болчихмоор бодогдоно.

Гэвч, “Их орлого хүнийг баян болгодоггүй, ухаалаг хэрэглээ л хүнийг баян болгодог" гэдэг ч юмуу “Үйлдсэнээр үл дуусах, эдэлснээр үл ханах” зэрэг ончтой мэргэн үгсийн утга нь сэтгэлээ захирч, өөрийн эрхэндээ оруулаад, түүгээр аливаа зүйл амсуургын ханамжийг цагдан хэмжээлбэл аз жаргал гэдэг биднээс ангид хол биш, бидний дотор орших учиртайг хэлнэм бус уу.

Дээрх өгүүлсэн хоёр бүлэг санаанаас үүдэн гарч болох үр дүнгийн талаар жаахан ахиулаад бодъё. Мэдээж өмнөх өмнөхийн адил олон хүчин зүйлийн дотроос өөрийн санаанд хүрч гэснээ, заримдаа ойр гэснээ жишээлэн бичиж буйг минь уншигч та хүлцэн өршөөх биз ээ.

Эдгээр болон түүнээс улбаатай зайлшгүй шаардлагатай олон хүчин зүйлийг үл ухаарсны балгаар аз жаргалдаа хүрч чадахгүйгээр үл барам, байгаль эх дэлхийгэээ мөхлийн амсарт шахамдуулж, эрдэнэт хүмүүний амь үнэгүйдсээр байгаа юм.

Бурхан багш бээр алтнаас илүү үнэтэй амьтны амийг хөнөөх гэдэг ямар аймшигтай нүгэл болохыг басхүү тийм хүнд нүглийг үйлдэхгүй тэвчиж явахыг захиж, энэрэн нигүүлсэхүйн сэтгэлээр эгнэгт амьтныг хайрлах учиртаиг айлдахдаа:

Аяа, Хаан Та амьтны амийг бүү бүрэлгэгтүн
Амь нас гэдэг амьтан бүхнээ хамгийн эрхэм буюу
Ашид мөнх амьдрахыг хэн хүн хүсэх аваас л
Алин байдгаараа амь таслахыг ер бүү санагтүн
хэмээсэн юм. Одооны хэлээр энэ сургаал нь нийгэмд гарч болох гэмт хэргээс урьдчилан сэргийлсэн, хүн амын өсөлтөнд анхаарсан Бурханы шашны үзэл баримтлал ажээ.

Гагц хүний ч биш, аливаа амьд амьтныг аминаас нь хагацаахыг цээрлэхээр барахгүй дайсагнан эвдрэлцэхийг ч хориглодог Бурханы шашны үзэл онол тулгуур зарчмуудын нэг юм.

Одоо бичвэрээ тоймлоё. Орчлон зовлонгийн мөн чанартай хэмээхийн шалтгаан нь энд зургаан зүйлийн амьтан үйл, нисваанисын эрхээр төрдөгт байгаа юм. Зовлонгийн мөн чанартай гэдэг нь бидний амгалан гэж бодсон амсуурга мөч хоромын дараа зовлонгоор солигддогоос л тэр.

Нисваанисын эрхээр үйлийн хүлээсэнд хүлэгдэж, үргэлжид “Би”-г эрхэмлэсэн амин ч үзлийн гянданд хоригдох болохоор сайн сайхныхаа төлөө үйлдсэн бүхэн нь ирээдүйн зовлонгийнх нь хөрөнгө болдог.

Тиймээс л бид сайн үйлийнхээ үрийг амсаж, үүлэн чөлөөний төдий хоромд орчлонгийн амгаланг эдлэх ч, жинхэнэ аз жаргалдаа хүрч чадахгүй байна. Аз жаргалынхаа төлөө мэрийсэн, бүтээсэн бүхэн маань орчлонд дахин дахин төрөхийн, ахиад л эхнээс нь бүгдийг үйлдэж эхлэхийн шалтгаан болдог ажээ.

Бид аз жаргалын тухай дэндүү хатуу үзэл баримтлалтай, эсвэл түүний талаар буруу мэдээлэлтэй байгаа юм биш биз.

Эх сурвалж: "Билгийн мэлмий" сонин