sonin.mn

Найдангийн Ганхуяг гэдэг нэрээр овоглосон бүтээл олон бий. Үзэгчдийн сэтгэлд хүрсэн сонгодог жүжиг, кино, жүжгийн зохиолууд, жүжигчний уран чадвар, театрын талаарх номууд, чамгүй олон дүр, хэд хэдэн дууны үг, шавь нар гээд л үргэлжилнэ. Энэ удаагийн дугаартаа СГЗ, зохиолч, судлаач Н.Ганхуягтай ярилцлаа.

-“Бүх цаг үеийн сонгодог жүжгүүд” хэмээх цуврал гурван ботио өлгийдөн аваад удаагүй байна. Уг цувралд дэлхийн сонгодог 20 жүжгийн зохиол багтсан байна. Яагаад заавал энэ 20 жүжгийг сонгосон юм бол. Энэ асуултаар ярилцлагаа эхэлье?

-Нийтэд хүрэх хүртээмж, зах зээл, борлуулт зэргээ бодвол жүжгийн зохиолтой зууралдаад байх албагүй. Ямартай ч хоосон орон зай байгааг нь нөхөх гэсэн юм. Эрдэмтэн, зохиолч Э.Оюун багш жүжгийн зохиолуудыг ном болгон хэвлүүлдэг.

Жүжгийн зохиол тус бүрээр нь товхимлууд гаргаж байсан уламжлал байдаг юм. Энэ бол аль 70-аад оны үед шүү дээ. Тэгэхээр тэр үед хэвлэгдсэн номууд одоо бараг үрэгдээд алга болсон байх.

Тийм учраас Э.Оюун багшийнхаа энэ уламжлалыг үргэлжлүүлэх бодолтойгоор, дээрээс нь өөрөө театрын найруулагч хүн учраас эдгээр жүжгийн зохиолыг эмхэтгэж хэвлүүлэх зорилго өөртөө тавьсан. Энэ гурван ботид 20 сонгодог жүжгийн зохиол орсон. Манай эриний өмнөх зохиолч Аристофан, Софоклоос авахуулаад XX зууны зохиолчдыг хүртэл багтаахыг хичээлээ.

-Энэ жил “Байцаагч түшмэл” жүжиг монголд тавигдсаны 80 жилийн ой тохионо. Энэ жүжгийн анхны орчуулгыг Э.Оюун гуай хийсэн байх аа?

-Э.Оюун багш өөрөө 1934 онд Улсын төв театр байгуулагдсаны дараа Ифримовыг дагаж хэлмэрчээр ажиллаж байсан хүн шүү дээ. Тэгэхдээ л театртай нэгэнт холбогдож, үүнээсээ салж чадахааргүй болсон болохоор орчуулга хийж эхэлсэн юм билээ.

Анх Оросын зохиолч Николай Васильевич Гоголийн “Байцаагч түшмэл" жүжгийн орчуулж, улмаар энэ жүжиг Улсын төв театрт тавигдсан байдаг. Энэ жил энэхүү "Байцаагч түшмэл” жүжиг Монголын театрт тавигдсаны 80 жилийн ой тохиож байгаа.

Би өөрөө Соёл урлагийн их сургуупьд жүжигчин, найруулагчийн анги удирддаг багшийн хувьд энэ ойг тохиолдуулан гуравдугаар курсын оюутнуудтайгаа энэ жүжиг дээр ажиллаж, сургуулилт хийж байна. Сонгодог жүжиг гэдэг бол аливаа цаг үе улиран холдох тусам маш үнэ цэнэтэй, тэр хэлэх санаа нь улам тод товойн гарч ирж байдаг.

"Байцаагч түшмэл’’ жүжигт гарч байгаа түшмэдүүдийн амьдрал, дагалдагч нарын зан төрх, хээл хахууль, авлига зэрэг нь өнөөдрийн манай нийгмийн үнэн дүр төрхийг харуулж чадаж байгаа юм. Энэ талаасаа сонгодог жүжиг их амттай, мөлжүүртэй байдаг. Манай оюутнууд их дурлан ажиллаж байгаад баяртай л байна.

-Бас та А.П.Чеховын жүжгүүдийг эмхэтгэж ном гаргасан?

-“Антон Павлович Чеховын шилмэл жүжгүүд” гээд ном гаргасан. Жүжгийн зохиол талдаа миний анхны ном байгаа юм. Би Соёл урлагийн их сургуульд 1990 оноос багшлахдаа сургалтынхаа хэрэглэгдэхүүнийг А.П.Чеховын зохиолуудаас сонгож ирсэн.

1998 оны үед Хүүхэд залуучуудын театрт давхар ажилладаг байлаа. Энэ үедээ “Ваня ах” жүжгийг нь найруулан тавьж байлаа. 2002 онд “Эгч, дүү гурав", 2008 онд “Интоорын цэцэрлэг”, 2012 онд “Цахлай” жүжгүүдийг нь найруулан тавьсан.

Энэ “Цахлай” жүжгээрээ Азийн театрын сургуулиудын олон улсын фестивальд оролцож маш өндөр үнэлэлт авч байлаа. А.П.Чеховын жүжгийн зохиолын түүврийг гурав дахь удаагаа дахин хэвлэлээ. Их эрэлт хэрэгцээтэй байдаг бололтой.

-Өөр ямар уран бүтээлчдийн зохиол, бүтээлд илүү их татагддаг вэ?

-Ж.Лхагва агсны богино өгүүллэгүүд гайхалтай шүү дээ. Мань хүн утга зохиолын дээд курст хойно байхад би бас оюутан байж таарсан нь золтой. Минскээс Монгол руугаа ирж буцахдаа заавал Москвагийн Горькийн сургуулиар дайрдаг сан.

Агуу их Д.Намсрай байна. “Хан ууланд яргуй дэлгэрнэ” гэдэг их гоё тууж санаанаас ер гардаггүй юм. Анх “Цог” сэтгүүлд гарч байсан санагдана. За тэгээд, энэ хоёр дээр Ж.Пүрэв, Б.Догмид хоёр нэмэгдэнэ дээ. Яруу найрагчдын хувьд намайг тийш уруу татсан бүтээл бол яалт ч үгүй Б.Лхагвасүрэн гуайн “Уянгын тойрог” түүвэр.

Энэ ном миний энгэрийн халаасанд явдаг байж билээ. Лхагвасүрэн гуай бас болоогүй үгүүллэг бичдэг байлаа шүү дээ. С.Оюун эгч хойно байхдаа борцтой цайгаа чаначихаад л өрөө болгоны хаалга ангалзуулаад “Монгол цай уугаарай" гээд л зарлаад яваад байхаар Лхагва ах “Энэний цайг хэн уух вэ дээ. Байнга л хашгирч явах юм. Борцтой цай гэдэг гадныхны хувьд нэл мах үнэртээд байдаг байхгүй юу. Яахав, хөдөөний сайхан зочломтгой зан юм даа” гэж суусан сан.

Би Багшийн дээд сургуулийн кино драмын ангийн оюутан байхдаа ч, Белорусьт найруулагчаар сурч байхдаа А.В.Вампилов, В.М.Шукшин нарын ертөнц надад их ойр санагддаг байлаа.

Би өөрөө хөдөө төрж өссөн хүн болоод ч тэр үү хот хөдөөгийн хоорондын зөрчил, тэнд амьдарч байгаа хүмүүсийн сэтгэхүйн зөрчил, хүмүүсий хотжсон амьдрал, ахуйн зөрчлийн тухай их дурлаж ажилладаг байсан. Яагаад ч юм

А.В.Вампилов бол А.П.Чеховоос суралцсан хүн шиг санагддаг юм. Тийм ч учраас А.В.Вампиловын жүжгийн зохиолуудад маш их дуртай. Түүний “Нугасны ан”, “Бурхны элчтэй өнгөрүүлсэн 20 минут”, “Хэрээт төгөл” гээд гурван ч жүжгээр дипломын жүжиг хийж байлаа. Бас л жүжгийн түүврүүдийг нь ном болгоод гаргасан. Хамтлаг, продакшнууд, төв, орон нутгийн театруудаас зо-хиол олж өгөөч гэж надад ханддаг юм.

Тэр үүднээсээ францын инээдмийн жүжгүүд, английн жүжгийн зохиолуудаас сорчлон сонгож, орчуулж өгдөг юм. Урын санд нь явж л байдаг байх. Тэднийгээ эмхэтгээд “Англи, Америк, Францын инээдмиин жүжгүүд гэж зөвхөн миний өөрийн орчуулсан найман зохиолоос бүрдсэн ном гаргасан.

Харин сая гарсан гуван ботид миний орчуулсан хоёр жүжгийн зохиол багтсан. Бусад нь Э.Оюун багш, Дашцэрэн, Хо.Нацагдорж, н.Зориг багш, Х.Мэргэн гэх зэрэг манай аварга орчуулагчдын орчуулсан жүжгүүд байгаа. Соёл урлагийн их сургуулийн маань Эрдмийн зөвлөл энэ номыг сургалтын хэрэглэгдэхүүн болгох зорилгоор маш их дэмжсэн.

Мөн театруудад жүжгийн зохиолын фонд гэж зүйл бараг байдаггүй. Тэгэхээр театрын уран бүтээлчдийн урын санд нэмэр болох зорилгыг давхар агуулсан юм. Миний гурван жилийн хөдөлмөр юм шүү дээ.

Ойрд иймэрхүү номын ажилтай л байна. Үүнийгээ цааш нь үргэлжлүүлэх санаатай дараа дараагийнхаа ботиудыг бэлдээд л явж байна. Эрэн сурвалжлах, олох нь бас их хүнд ажил. Гадуур, дотуур явахдаа жүжгийн зохиолын түүврийг олж, цуглуулах сонирхолтой болчихоод байна. Ажпын шаардпага ч юм.

-Анх удаа “Монголын театрын нэвтэрхий толь” гаргасныг санаж байна?

-2007 онд “Монголын театрын нэвтэрхий толь”-ийг гаргасан. Миний таван жилийн чилийсэн хөдөлмөр байлаа. Үүнд мянга гаруй хүний уран бүтээлийн танилцуулга, үйл ажиллагаа явуулж байгаа театр, уран бүтээлийн байгууллагууд, хамтлаг, продакшнуудын товч түүх, урлагийн нэр томъёо багтсан.

Хэвлэгдсэнээсээ хойш бас нэлээд хэдэн жил болчихлоо. Нэг шинэчлэх, баяжуулах цаг болчихсон л гэж бодоод байгаа юм.

-Гадаадын сонгодог жүжгийн зохиолуудыг эмхэтгэж гаргахаас гадна өөрийнхөө кино зохиол, жүжгийн зохиолыг эмхэтгэж гаргасан байх аа. Миний мэдэхээр та өөрийнхөө найруулсан “Мичдийн зургаан гялаан”, “Тогоруу өдөөрөө уйлдаг” гэх зэрэг кинонуудынхаа зохиолыг өөрөө бичсэн байдаг?

-Би арав гаруй жүжгийн зохиол, таван кино зохиол бичсэн байгаа юм. Үүнийхээ “Хэлтгий заяа” киноны зохиолыг Мөнгөн-Арслантай хамтарч бичсэн. Мөн “Наран ургахыг хүлээхгүй” киноны зохиолыг Л.Нацагдорж агсантай хамтарч бичсэн юм. Бусад нь миний өөрийн зохиол.

Эднийгээ эмхэтгэж “Нүд” нэртэйгээр өнгөрсөн жил гаргалаа. Өгүүллэг, уран бүтээлчдийн хөрөг, тайз, дэлгэцийн бүтээлийн шүүмж, тайз, дэлгэцийн чиглэлээр хийгдсэн судалгааны өгүүллүүд, жүжгийн зохиол, кино зохиол, шүлгээ багтаасан.

Яахав өмнө нь 1999 онд “Алтан тайз, алтан тууз хоёр минь” гэж номоо гаргаж байсан л даа. Т эрэн дээрээ суурилж энэ номоо гаргасан. Ном гэдэг чинь сайхан эд шүү дээ. Хөшөө дурсгал бол цагийн аясаар цас, бороонд хуучирч элэгдэнэ.

Харин ном бол хэзээд мөнхийн хөшөө гэж би боддог юм. Шавь нар, хүүхдүүддээ “Номын үсгэн дээгүүр битгий алх. Сонингийн тасархай хэвтэж байсан ч эрдэнийн үсэг гэж хүндэтгэж харьц” гэж захидаг юм.

-“Нүд” номонд нь “Говийн зэрэглээ” киноны дууны шүлэг багтсан уу. Таны анхны шүлэг шүү дээ?

-Орсон байгаа. Шүлгүүд бол яахав ээ. Хэдийгээр Монголын зохиолчдын эвлэлийн гишүүн ч гэлээ би өөрийгөө яруу найрагч гэж хэлэхгүй. “Говийн зэрэглээ” кинонд би туслах найруулагчаар ажиллаж байсан. Тийм ч учраас анхны дууны шүлэг тэнд төрсөн.

Сүүлд 2005 онд Улсын драмын эрдмийн театрт “Хар санаа, хайр сэтгэл” жүжгээ тавихдаа жүжигтээ зориулж бас шүлэг бичсэн. Түүнд нь Л.Балхжав ая хийсэн юм. Бас ч хоосонгүй тэр жилээ Пентатоник наадмаас тэр дуугаараа шагнал авч байлаа.

-“Бүүвэй” жүжгийнхээ тухай яриач. Улсын драмын эрдмийн театраас санаачилсан бэсрэг жүжгийн төсөлд багтсан?

-“Бүүвэй” жүжигтээ зориулж бас шүлэг бичсэн. Мөн л Л.Балх-жавтай хамтран ажилласан. Ер нь Г.Алтанхуяг, Т.Сэр-Од, Д.Цэвээнравдан гэх зэрэг хэд хэдэн хөгжмийн зохиолчтой жүжиг, киноныхоо хөгжмөөр хамтран ажилладаг юм.

“Бүүвэй” жүжгийн дууг залуу дуучин A.Түмэн-Өлзий их сайхан дуулсан. Энэ жүжгийн санаа их дээр үед төрсөн юм. Бараг л 80-аад оны үед юмуу даа. Үр хөндөлт гэж зүйл миний санаанд огт буудаггүй байлаа л даа.

Одоо ч буудаггүй. Тэрэнд оюутан байхдаа их эмзэглэж явсан шиг байгаа юм. Тэр зүйл хадгалагдаж явсаар биелэлээ олсон нь энэ. Би сэтгэлдээ их бичдэг хүн шиг байгаа юм. Цаасан дээр буулгаад бичих бол их амархан.

Дотроо эвлүүлчихээд гаргадаг ч юмуу даа. “Бүүвэй” гэдэг нэрийг ч тэр л үед санаандаа өгчихсөн байсан юм. Ер нь кино, жүжиг, аливаа тоглолтыг онож нэрлэх нь их чухал. Маркетингийн гол хэсгийг эзэлнэ шүү дээ.

Миний шавь, Улсын драмын эрдмийн театрын ерөнхий найруулагч Н.Наранбаатарын санаачилсан долоон бэсрэг жүжгийн төсөлд багтаж тавигдсан нь энэ юм даа.

Үзэгчид их сайхан хүлээж авсан. Театр гэдэг бол цөөн хүнд зориулж юмуу, найруулагч өөртөө зориулж хийдэг зүйл биш. Ард түмэнд зориулагддаг зүйл. Өнгөрсөн намар театрынхан бригадаар явахад гол уран бүтээлүүдийн нэг болж тоглогдож явсанд их баяртай байгаа.

-Агуулгын хувьд ч таны түрүүн ярьсан шиг “Бид монгол ахуй-гаасаа өдрөөс өдөрт улам бүр алсраад байгаа” гэдгийг ч харуулж чадсан?

-Үнэн л дээ. Би анх 1976 онд оюутан болоод л хотод ирсэн. Тэр үед хотын хүмүүсийн хувиа хичээсэн зан, араншин, хоёр нүүрт байдал их сонин санагддаг байлаа. Одоо ч тэр хэвээрээ. Яг энэ асуудалд сэтгэл эмзэглэжявах үедээ А.В.Вампилов, B.М.Шукшины    зохиолуудад улам их татагдсан.

Үзэл бодол их нийлээд байсан ч юмуу. “Бүүвэй” жүжгээрээ яах аргагүй монгол хүн монгол ахуйгаасаа их холдчихоод байгаа тухай илэрхийлэхийг хүссэн. Монгол дээл өмссөнөөрөө. үсээ урт ургуулж. үзүүрт нь сур уяснаараа монгол хүн болохгүй.

Хамгийн гол нь сэтгэхүй, зан араншин нь монголоороо байх хэрэгтэй. Энэ зүйлийг л хэлэхийг хүссэн дээ. Ардын жүжигчин С.Сарантуяа маань ч их сайхан тоглосон. Бид хоёр чинь Багшийн дээдийн нэг ангийн хоёр шүү дээ. Зан зангаа мэддэг, нэгийгээ бараг харцаараа ойлгохоор хэмжээний болчихсон хүмүүс.

Тэр ч утгаараа хамтран ажиллахад.амар, сайхан байдаг юм. Энэ жүжигт Ганхуягийн зохиол гэхээсээ илүү ээжийн минь үзэл болол, ертөниийг харах үзэл их туссан. Жүжгийн гол дүрийн хэлдэг

“Онцгойрч түрүүлээд хэрэггүй.
Оройтож сүүлдээд бас хэрэггүй.
Олны дунд л яваарай гэж ээж минь надад захидаг байсан” гэж хэсэг байдаг. Энэ бол яах аргагүй ээжийн минь үр хүүхдүүддээ хэлдэг, захидаг байсан философи байгаа юм.

Намайг Белорусьт оюутан байхад ээж минь бурхан болсон юм. Дээрээ дөрвөн эгчтэй, айлын отгон бас ганц хүү байсан болоод ч тэр үү ээж минь надад амиа тавьдаг байлаа.

-Тэгэхээр нэлээд эрх танхи хүү байсан байх нь ээ. Нээрээ ээж тань танд уншиж, бичихийг зааж байсан гэдэг юм билээ?

-Би дөрөвдүгээр анги төгстлөө ээжийнхээ өвөрт унтдаг байлаа. Би чинь нэгдүгээр ангидаа суралгүйгаар шууд хоёрдугаар ангидаа орж байсан хүн шүү дээ. Ээж минь надад гэрээр тоо бодох, унших, бичихийг зааж өгч байсан.

Аав маань ер нь намайг сургуульд оруулахгүй санаатай байсан шиг байгаа юм. Ганц отгон хүүгээ удам дамжсан малчин болгоно гэсэн нууцхан бодол байсан байх. Ямар сайндаа л ээж минь аавыг эзгүй байх хооронд намайг сургуульд оруулж байсан юм шүү дээ.

Ээж минь сургуулийн захирал дээр ороод “Би хүүгээ хоёрдугаар ангид л оруулбал оруулна. Үгүй бол аваад явлаа” гэж хэлж байсныг санадаг юм. Тэр үед би хоёр салаа гэзэгтэй, үзүүрт нь дээлний ухлаадасны цоохор даавуу цуулаад уячихсан, духан дээрээ хөхөлтэй хачин амьтан байлаа шүү дээ.

Яг тэгээд л захирлын өрөөнд сууж байтал гаднаас цэл залуухан багш ороод ирлээ. Намайг сонирхож хараад л. Хүн харахад инээдтэй амьтан байсан юм байлгүй. Тэр нь Бүдрагчаа гэж багш минь байсан юм. Миний амьдралд гэрэл гэгээ татуулж өгсөн хүн юм шүү дээ.

Ингэж л багшдаа шалгуулаад сургуулийн сурагч болж байсан юм. Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын найман жилийн сургууль надад их сайхан өгөөжөө өгсөн. Мундаг эрдэмтэн багш нар тэнд багшилж байлаа. Намайг уран зохиолын амтанд оруулсан хүн ч тэнд байлаа.

Д.Нармандах гэж хэл, уран зохиолын багш байсан юм. Романуудыг бүгдийг нь цээжээр ярьдагхүн байлаа. Манай сургуулийн хэл, уран зохиолын танхим хоёр баганатай. Нэгэн дээр нь М.Горькийн “Салхит шувууны дуун” зохиолыг зохиомжлоод зурчихсан.

Нөгөөдөх дээр нь “Шонхор шувууны дуун” өгүүллэгийг зохиомжлон зурчихсан байдагсан. Самбар хараад л сууж байхад хоёр талаас хоёр сайхан бүтээлийн зураглал нүдэнд тусч байдаг байлаа.

-Тэгэхээр багаасаа л утга зохиол, урлагт татагдсан байх нь ээ?

-Миний аавын дүү Н.Удамбор гэж дуу хөгжмийн багш байлаа. Тэр ах маань “Агарын уянга” гэж чуулга байгуулаад л. Хүүхэд байхдаа чи тэр чуулгад явдаг, шүлэг уншдаг, тоглолт хөтөлдөг, дуу дуулдаг байлаа шүү дээ.Харин хөгжмийн сонсгол надад ерөөсөө заяагаагүй юм шиг байгаа юм.

Хүүхэд байхдаа гармон хөгжимд их дурлаж байсан юм. Аав, ээжийгээ шалж байж нэг хавар шүдлэн үхрээ заруулж байж авахуулж билээ. Гэхдээ яаж ч оролдоод сураагүй. Жигмидийн “Архичны ерөөл" шогийг уншиж, “Хөдөө нутаг сайхан” гэж дууг их дуулдаг байлаа.

Шинэ жилээр найрал дуунд хүртэл гоцолж дуулдаг байсан юм байна. Дархадууд дунд өссөн болоод ч тэр үү дархад дуу их мэддэг байлаа. Ах маань байсан учраас жаахан арын хаалга байсан ч юмуу намайг илүүтэй юм юманд оролцуулдаг байсан даа.

-Кино драмын ангид ороод Б.Мөнхдорж багшийнхаа шавь болсон?

-Манай орос хэлний н.Төртогтох гээд багш надад “Багшийн дээдэд кино драмын анги гэж их сайхан анги байдаг юм. Тэр чамд чамд яг тохирно доо” гэж анх хэлж байж билээ. Би тийм юм сонсоо ч үгүй л явсан. Мөрөнгийн арван жилийн сургуулиа төгсөөд энэ ангидаа шалгалт өгсөн юм.

Тухайн үед манай аймагт аравдугаар анги төгссөн бараг бүх хүүхэд л энэ ангид шалгуулсан даа. Одоогийн УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин хүртэл шалгуулж байсан шүү дээ. Ингэж л миний урлагийн амьдралын зам эхэлсэн.

Б.Мөнхдорж багш найруулагчаар дөнгөж төгсөөд ирсэн, хагалгаа үстэй, цагаан залуу байлаа. Нэг их бүжиглэдэг хүн байсан. С.Сарантуяа, Г.Эрдэнэтогтох, Д.Долгорсүрэн, Д.Гүрсэд гэх зэрэг анхны шавь нарынх нь нэг болсон доо.

Манай ангиас ардын жүжигчин хүртэл төрлөө шүү дээ. Намайг найруулагч, судлаач чиглэлээр явах хэрэгтэй гэдгийг багш минь ч хэлж байсан. Одоо багшийнхаа багш нь болчихсон докторын ажлыг нь удирдаад явж байна. Хүний амьдрал гэдэг ийм л тааварлашгүй баялаг байдаг юм байна шүү дээ.

-1990 оноос хойш Соёл урлагийн их сургуульд багшилж байгаа. Энэ хугацаанд хичнээн гарын шавь бэлтгээд авав?

-Тоолж үзээгүй ээ. Багшлах хугацаандаа нийт 12 анги төгсгөсөн байгаа юм. Яг гарын шавь нараас минь 50 хүн МУСТА цол тэмдгээр шагнуулсан байна лээ. Бас гарын минь шавь Н.Наранбаатар төрийн соёрхолт боллоо. У.Уранчимэг, Н.Ариунболд нар МУГЖ цол тэмдэг авсан.

Хамгийн сүүлд “ТВ коктейль” хамтлагийн жүжигчин А.Өнөржаргал 50 дахь МУСТА боллоо. Би оюутнууддаа гологдоод, оюутнууддаа хөөгдсөн цагтаа л энэ сургуулиасаа явна. Өөр хэнээр ч өөрийгөө хөөлгөхгүй.

-Ер нь багцаагаар Соёл урлагийн их сургуулийг жилд хичнээн оюутан жүжигчин мэргэжлээр төгсч байгаа бол?

-Жилд багцаагаар 70 орчим хүүхэд төгсч байна.

-Тэгэхээр ажлын байрны олдоц, хувь жүжигчний ур чадвараасаа хамаараад бараг тэн хагас нь боловсон үзэгч болоод үлдэж байгаа даа. Орон нутгийн театрт очих төгсөгч бараг байдаггүй байх?

-Орон нутаг руу явах дургүй нь үнэн. Элсэлтийг жаахан цөөлмөөр санагддаг л юм. Гэхдээ яах аргагүй зах зээлийн нийгэмд амьдарч байгаа учраас болохгүй л байх л даа. Оюутны тоо сургууль бие даах эдийн засгийн хөшүүрэг болж байгаа нь ойлгомжтой.

Ямар өөр санхүүжилт байх биш. Гол нь сургалтын чанар сайн байгаа болохоор л хүүхдүүд наашаа тэмүүлж байгаа шүү дээ. Шинэ телевиз, хамтлаг, продакшн байгуулагдаж байгаа, төгсөгчдийн ажлын байр нэмэгдэж байгаа нь байшаалтай. Өнгөрсөн хавар миний ангид 20-иод хүүхэд төгссөн. Бүгд ажлын байраа олчихсон байгаа.

А.Халиун

Эх сурвалж: