sonin.mn

Ерөнхийлөгч В.Путин Оросын Ардын фронтын чуулга уулзалтын үеэр үг хэлэхдээ Орос болон барууны орнуудын хооронд өрнөсөн эдийн засгийн хориг арга хэмжээнүүдийн тухай ярьжээ.

Тэрбээр энэ үеэр АНУ Оросыг гутааж, өөрийн эрхшээлд оруулахыг зорьж байгаа боловч энэ нь бүтэхгүй гэдгийг хэлсэн байна. Энэ үеэр хурлын танхимд байсан хүмүүс нийтээрээ алга ташиж, сэтгэл хөдлөлөө илэрхийлсэн аж.

Уулзалтад оролцсон ажиглагчид Ерөнхийлөгчийн үгийг шинжилж, Кремлийн эрх баригчид цаашид ч гэсэн бүрэн эрхт байдлаа хамгаалж, дэлхийн хэмжээнд бие даасан шийдвэр гаргах зориг төгөлдөр байгааг өгүүлжээ.

В.Путин хурлын үеэр оролцогчдын асуултад хариулахдаа Оросын ард түмэн Америкийн иргэд, Америк оронд хайртай боловч эрх баригчдын нь бодлогод дургүйцдэг тухай ярьсан байна.

Түүнчлэн АНУ холбоотнуудаа эрхшээлдээ оруулж чадсанаар тэдгээр улс үндэсний эрх ашгаа огоорч, өөрсдөд нь хүртээлгүй бусдын эрх ашгийг хамгаалахааар оролдож байгааг шүүмжилсэн юм.

В.Путин чуулганд оролцогсдод өмнө нь Австралийн Брисбен хотноо болсон "Их-20"-ийн уулзалтын үеэр Оросын төлөөлөгчдийг халуун дулаан уур амьсгалд угтсан ба хэвлэлүүдэд бичиж байсан шиг сөрөг хандлага байгаагүйг өгүүлжээ.

Оросын Ерөнхийлөгч "Би Австралийн Ерөнхий сайдын юу хэлснийг мэднэ. Үнэн хэрэгтээ тийм зүйл болоогүй. Австралийн түншүүд маань ажил хийхэд маш найрсаг, халуун дулаан, дэлхийн эдийн засагт тулгарсан асуудлуудыг хамтран шийдвэрлэхэд дөхөмтэй уур амьсгал бүрдүүлсэн” гэжээ.

B.Путин Австралийн Ерөнхий сайд өмнө нь түүнийг заамдаж аваад Малайзын онгоцны осолтой холбоотой асуултад хариу нэхэх тухай ярьсныг ийн тайлбарласан байна.

"Австралийн сайдын дайсагнасан мэдэгдлийн хувьд тэнд улс төрийн амьдралынх нь хэв маягтай холбоотойгоор нөхцөл байдлыг хурцатгадаг бололтой. Гэхдээ үнэндээ тийм зүйл огт болоогүй. Бид шийдвэрлэх гэж хуралдсан асуудлаа маш бүтээлчээр хэлэлцсэнээс гадна Малайзын "Боинг” онгоцны ослыг маш нарийн хэлэлцсэн. Бүх зүйл ёс журмын хүрээнд тун найрсаг уур амьсгалд болж өнгөрсөн” гэжээ.

Чуулганд оролцсон Оросын Нийгмийн танхимын гишүүн C.Марков Австралийн Ерөнхий сайд В.Путинийг дайрсан мэдэгдэл хийсэн байхад Ерөнхийлөгч түүнийг нэлээд магтаж, харилцсаныхаа дараа таатай сэтгэгдэлтэй үлдсэн тухайгаа ярьсныг ийн тайлбарлажээ.

“Миний бодлоор бүх эүйл жигд сайн байгаагүй” гээд Оросын төлөөлөгчдийг доогуур төвшний албан тушаалтан угтаж, явахад нь зохих ёсоор үдэж өгөөгүйг дурдсан байна. Мөн "В.Путин Оросыг бүдүүлгээр дайрч байхад зориуд хариу өгөөгүй нь цаашид бүтээлчээр хамтран яриа хэлцэлцээр хийнэ гэсэн чин эрмэлзлэлээ харуулсан хэрэг" хэмээн дүгнэжээ.

Түүнчлэн Оросын Ерөнхийлөгч ам.долларын ханш хэт өссөнтэй холбоотой сандрахгүй байх хэрэгтэйг үндэслэлтэй тайлбарласан байна. Тухайлбал, тэрбээр "Манай төсвийн орлого өөрчлөгдөөгүй харин ч өссөн. Учир нь бид импортоор ямар нэг зүйл худалдан авах гэж байгаа бол ам.доллар, өврод хөрвүүлэхэд илүү их рубль хэрэгтэй болно. Гэхдээ гадаадад нэгж бараагаа худалдсам тохиолдолд бид илүү их рубльтэй болно. Өмнө нь бараагаа нэг ам.доллараар худалдаад улсдаа 35 рубль оруулж ирдэг байсан бол одоо нэг ам.доллараар худалдаад 47-49 рубль олж байна" гэжээ.

В.Путин энэ нөхцөл байдал нь төсвийн орлогыг бүрдүүлж, зохицуулалт хийхэд тус болж байгааг хэлсэн байна.

Д.Мөнхболд

Эх сурвалж: