sonin.mn

Загварын ертөнц төдийгүй дэлгэцийн урлагт хүчээ үзээд амжсан Монголын сайхан бүсгүйчүүдийн нэг мисс Х.Бадамгэрэлтэй ярилцлаа. Тэрбээр “Мiss Mongolia-2009” наадмын тэргүүн байрт шалгарч дэлхийн загварын тайзан дээр эх орноо төлөөлөн оролцох эрхийн эзэн болж байсан билээ.

-“Аndra model management” агентлаг нээгдээд удаагүй байгаа. Ажил ихтэй байна уу?

-Сүүлийн үед маш завгүй ажиллаж байна. Хүүхдээ төрүүлснээс хойш нэг ч өдөр зүгээр сууя гэж бодсонгүй. Яагаад гэхээр миний ард бүхэл бүтэн агентлаг, шавь нар маань байдаг.

Хамт олныхоо төлөө олон зүйл хийх ёстой. Сая “Мiss Mongolia-2014” наадам болж өнгөрсөн. Охид маань наадамд амжилттай оролцож, одоо олон улсын тэмцээнд оролцох бэлтгэлээ хийж байна.

Арваннэгдүгээр сар гараад томоохон загварын шоунууд болно. Түүнд охидоо “сойно” доо. Миний хувьд хүүхэд төрүүлээд гэрийн эзэгтэй болсон учраас тэмцээнд оролцох боломжгүй. Тиймээс шавь нараа бэлтгэх маш том хариуцлага ирлээ.

-Өнгөрсөн хугацаанд агентлагаа хөл дээр нь босгож чадав уу. Танай агентлагийг зорих залуусын хандлага хэр байна?

-“Андра” шинэ агентлаг гэхэд харьцангуй сайн байгаа. Анхан болон гүнзгий шатны гурван ангитай. Сүүлийн үед хүүхдүүд сонирхож ирдэг болсон байна. Арван жилийн өмнө намайг анх загвар сонирхож байсан үетэй харьцуулбал одоогийн хүүхдүүд загвар гэхээсээ илүү гоо зүйн мэдлэгтэй болох гэж агентлагт хандах болжээ.

Энэ нь авууштай санагддаг. Эцэг эхчүүд нь ч гэсэн зөв ойлголттой болж байгаа юм болов уу. Загварын дамжаанд явах нь заавал өндөр гоё охидын ажил, сонголт биш гэдгийг хэлмээр байна. Манай дамжаа мөн балет, бүжгийн хичээл заадаг. Тухайн хүн хэн байх нь чухал биш, хэн болж төлөвших нь чухал юм.

Бид бүхэн их том зүйлд зорьж байгаа. Тийм ч учраас “Аndra model management” гэж нэрлэсэн. Учир нь “model management” гэдэг илүү өргөн утга, цар хүрээтэй үг. Энэ нэрэндээ илүү хүрч ажиллахыг хичээдэг. Манайх бүх насныханд үйлчилдэг. Насны ангилал тогтоогоогүй.

-Гоо зүйн мэдлэгийг сургалтад сууж авна гэхээр зарим хүмүүст сонин санагдаж болох юм. Гэхдээ агентлаг ч юм уу, ямар нэгэн сургалтын төвд явсан охид тодорхой хэмжээнд биеэ сайхан авч явах тал дээр илүү чадвартай болдог юм шиг?

-Ер нь хүнд гоо зүйн мэдлэг маш их хэрэгтэй. Яагаад гэвэл их сургууль, арван жилд энэ талаар заадаггүй. Энэ мэдлэгийг хүн амьдралын туршлагаас олж авдаг. Гэхдээ амьдралын туршлагаас олж авахдаа хэнээс гэдэг нь маш чухал.

Буруу, зөв олон зүйл байгаа. Бид агентлагаараа дамжуулан гоо зүйн мэдлэгийг зөв олгож, цаашид өөрийн хүрээлэн буй орчинд зөв мэдлэг, мэдээлэл түгээгээсэй гэдэг үүднээс энэ хичээлийг заадаг.

-Загварын ертөнцөд хөл тавиад хэнээс хамгийн их үлгэр дууриалал авч байсан бэ?

-Намайг анх загварын ертөнцөд хөл тавих үед хамгийн их үлгэр дууриалал авч байсан хүн бол Н.Халиунаа багш маань. Одоо гэр бүлтэй болсон учраас загварын карьераа нэг их хөөхгүй байгаа. Тэр үеийн загвар өмсөгчид энэ хүнийг бүгд мэддэг, хүндэлдэг.

Бас топ модель Д.Цолмон багш. Загварынхан том Цолмон гэвэл андахгүй байх. Гоо зүйн маш их мэдлэгтэй. Ярьж байгаа яриа, биеэ авч явж байгаа байдал гээд хүмүүст үлгэрлэж нөлөөлж чадахуйц тийм мундаг хоёр багштай. Хүмүүс Содоо эгчийг миний багш гэж андуурдаг юм шиг байна лээ.

Мисс Ч.Содтуяа эгч бол миний хамтрагч байсан. Азийн модель агентлагийг босгоход нь би гар бие оролцсон. Тэр хүнээс мисс хүнд байх ёстой гайхалтай сайхан шинж чанаруудыг олж, мэдэж сурсан. Тэрний хүчинд өнөөдөр өдий зэрэгтэй явж байгаа.

-Мисс Ч.Содтуяа та хоёрыг хоорондоо “Эгч дүүс шиг сайхан харьцаатай байсан. Ойрдоо холбоо тасраад нэгэнтэйгээ таарамж муутай болсон” гэсэн яриа үүсээд байгаа. Үүнд тайлбар өгөхгүй юү?

-Бид муудалцах хүмүүс биш. Тодорхой хэмжээнд үл ойлголцсон зүйлүүд байдгийг үгүйсгэхгүй. Гэхдээ хүмүүсийн яриад байгаа шиг гал авалцсан юм байхгүй. Мэдээж хувь хувийн агентлагтай учраас бага хэмжээний цагаахан өрсөлдөөн байлгүй яах вэ.

Энэ хүнээс сурсан зүйлээрээ “Андра”-г ажиллуулаад амжилттай явж байгаа учраас “Баярлалаа" гэж хэлдэг. Түүнээс биш өсөрхөж, харааж ерөөсөн зүйл байхгүй шүү.

-Tа загварын ертөнцөд багаасаа л хөл тавьсан гэсэн. Тэр үед гэр бүлийнхэн тань хэр хүлээж авч байв?

-Би нийслэлийн 38 дугаар сургуулийн герман, англи хэлний ангийг төгссөн. Сурлагадаа сайн, хичээлээс гадуур нийгмийн ажилд оролцдог энгийн нэгэн охин байсан. Тэгээд 15 настайдаа анх загварын ертөнцтэй танилцаж, хөл тавьж байлаа.

Тэр үед гэрийнхэн маань их дургүйцдэг байсан. Яагаад гэхээр загвар өмсөнө гэхээр нүүрээ будна, аальгүй болно, ямар нэгэн байдлаар буруу зүйл хийнэ гэх мэт сөрөг ойлголтууд их байдаг байсных л даа.

Тэгээд төгсөх ангидаа “Үнсгэлжин" тэмцээнд орж түрүүлээд 108 мянган төгрөгөөр шагнуулж байснаа ер мартдаггүй юм. Миний үеийн хүүхдүүд бүгд утастай. Тэгээд шагналынхаа 80 мянгаар нь тухайн үед моданд орж байсан “Моtоrоllа” гээд шинэ гар утас өөртөө аваад, үлдсэнийг ээждээ өгч байсан юм.

Манай ээж, аав хоёр их урам орсон. Түүнээс хойш намайг их дэмждэг болж, загварын ертөнцтэй нягт холбогдсон доо.

-Сүүлийн үед охид гоо сайхны хагалгаанд их орох болжээ. Энэ нь охидын өөртөө итгэлгүй зан, өөрийгөө хэт их голсноос болж байна уу. Зарим хүмүүс “Өндөр л болоод төрчихвөл нүүр царайг бол хагалгаа хийлгээд гоё болгочихно” гэж ярих юм?

-Хамгийн нэгдүгээрт өөртөө итгэлгүй байдал. Зарим охид өөрийгөө үргэлж гоочилж, голдог. Өөртөө итгэлтэй гоё харагдаж надах зүйл бол хувцаслалт, биеэ авч яваа эайдал.

Чи хэчнээн гадаад төрхөндөө сэтгэл гангалуун бус байлаа ч гэсэн өөрийнхөө урмыг мохоож болохгүй. Аль болох өөртөө гоё үг хэлж, өөдрөг байх хэрэгтэй. Хүн бүхэн дахин давтагдашгүй. Өөртөө байгаа бусдаас ялгарах тэр зүйлээ олж нээх ёстой.

Гоо сайхны хагалгаанд хүн бүр орж чадахгүй шүү дээ. Тийм учраас хүмүүс гоо зүйн мэдлэг эзэмших хэрэгтэй. Үүнийг мэдэж байгаа нөхцөлд өөрийгөө яавал гоё харагдах вэ гэдгийг мэддэг болно.

-Шавь нартаа үргэлж хэлж захидаг зүйл танд бий юү?

-Би шавь нараараа бахархдаг. Ямар ч тэмцээн уралдаан, шүүлтэд орсон миний иавь нар тодорхой хэмжээнд амжилт үзүүлэх чадвартай охид байдаг. Тэгэхээр энэ хүүхдүүдийг бэлтгэхийн тулд биднээс маш их хүч хөдөлмөр, хөрөнгө мөнгө, тэвчээр, хайр зарцуулж байдаг.

Энэ хайрын үр дүнд өнөөдөр хүүхдүүд маань амжилт гаргадаг. Түүнээс биш амжилтыг зүгээр явж байгаад хэл ам хийж байгаад гаргана гэж байхгүй. Бид тийм байдлаар мөн сурагчдаа өөхшүүлдэггүй. Төрснөөсөө хойш миний үзэл бодол хэвийн хэрнээ агуулга нь арай өөр болсон юм уу даа. Юмыг арай илүү өргөн цар хүрээтэй, ээж хүний үүднээс энэрэнгүй, зөөлөн харах болсон.

Өмнө нь бол ширүүн хэтэрхий омголон байсан үед бий. Хэн нэгэнд муухай аашилсан тохиолдол цөөнгүй. Тэр үедээ болж өгвөл уучлалт гуйхыг хичээдэг. Ямар ч тохиолдолд хүн буруугаа хүлээх чадвартай байх ёстой юм болов уу гэж боддог.

-Эмэгтэй хүн ээж болохоороо энэ ертөнцийг өөрөөр хардаг гэсэн. Тэр өөрчлөлтүүдийг та мэдэрч байгаа юм байна даа?

-Эмэгтэй хүн хүүхэд төрүүлэхээрээ жинхэнэ утгаараа эмэгтэй хүн болдог гэнэ л дээ. Эмэгтэй хүн ямар байх ёстой вэ гэхээр эх хүн байх ёстой байх. Эх хүн байхын тулд маш олон зүйлийг сурч, суралцаж бодож, тунгааж, зохицуулж аль болох арга эвийг олдог болчихдог юм билээ.

Хүүхдээ бодоод хүнтэй муудалцахгүй, ямар нэгэн байдлаар муу сөрөг энергитэй зүйл хийхийг цааргалдаг. Өөртөө сөрөг зүйлсээс хаалт үүсгээд хүнд ямар нэгэн муу зүйл хийхгүй байх юмсан гэж боддог болсон. Өмсөх хувцаснаас эхлээд өөрчлөлтүүд гарсан. Бас сонирхол ч өөрчлөгджээ. /инээв/

-Хүү тань одоо ой хүрсэн байх. Гэрийнхэндээ цаг зав хэр зарцуулж байна вэ?

-Гэр бүл маань надад хамгийн чухал. Би их гэрсэг хүн л дээ. Олон ч дүүтэй. Ам бүл олуулаа учраас гэр бүлийн хайрыг багаасаа мэдэрч өссөн. Тиймээс хүүхдүүддээ тийм хайрыг мэдрүүлэхийн тулд их хичээдэг.

Хүүхэд гэдэг хамгийн сайхан ертөнц. Орой ажпаа тараад гэр рүүгээ яардаг. Хүүтэйгээ байхаар хамаг стресс тайлагддаг. Хүү маань бурхнаас надад өгсөн бэлэг. Энэ бэлэг, энэ баялаг, энэ их аз жаргалыг би зөв хүн болгох ёстой.

Нөхөр бид хоёр аль болох хүүдээ их цаг зав гаргахыг хичээдэг. Манайх маш энгийн гэр бүл. Ямар нэгэн ахуйн хэрүүл хийдэггүй. Нэг нэгнийхээ ажил сонирхлыг дэмждэг учраас бид аз жаргалтай байж чаддаг.

-Залуу хүн өдий зэрэгтэй амжилтад хүрэхдээ шулуун дардан замаар алхаагүй байх. Ямар нэгэн хүнд хэцүү үе тохиолдож байв уу. Хамгийн их тэвчээр алдагдаж бухимдаж байсан үеэ яривал?

-Яг түрүү жилийн өдийд юм уу даа. Жирэмсэн болоод гэдэс томроод ирэхээр эмэгтэй хүн өнгө зүсэндээ сэтгэл дундуур болж, түргэн ааштай болдог юм билээ. Тэр үед хүнд үе байсан.

Уурлахааргүй зүйлд уурлаж, зарим өөдгүй хүмүүсийн үгэнд өөрийн эрхгүй гомдож байсан. Тухайн үед надад таагүй хандаж зангаа таниулсан хүмүүст өс санаагүй. Одоо хийж байгаа зүйл, амжилт бүтээлээрээ л хариу барина гэж боддог.

Миний хамгийн сайн найз Энхтуяа гэж бүсгүй бий. Тэр бид хоёр хамтарч агентлагаа босгож байлаа. Жилийн өмнө бид хоёулаа жирэмсэн байсан. Одоо ч бид нэгнээ ойлгож тусалдаг. Энэ агентлагийг байгуулахад гэр бүл, найз нөхөд шавь нар минь их тусалсан. Бүгдэд нь маш их баярладаг.

-Энэ жилийн Монголын сайхан бүсгүй шалгаруулах тэмцээний талаарх сэтгэгдлээсээ хуваалцана уу. Сүүлийн үед “Мiss Mongolia-2014” будилаантай болсон гэх мэдээлэл гадуур тархаад байна. Таны үед, өөрөөр хэлбэл 2009 онд тэмцээний шүүлт хэр үнэн зөв гардаг байсан бэ?

-Энэ жилийн “Мiss Mongolia-2014'’ тэмцээн маш сайхан болсон. Гадуур яваад байгаа мэдээллийг “Мiss Mongolia-2014” наадмын гурав дугаартай оролцогч Онон гэж охин тараасан байна лээ. Тэр охин “ёс зүйгүй үйлдэл” гэж ярьж байна лээ.

Гэвч өөрөө тэмцээний явцад бусад оролцогчтой хэрхэн харьцсан ямар ёс зүйгүй үйлдэл хийсэн, шүүгч нараас авсан оноо үнэлгээ гээд бүх зүйлүүд нь баримттайгаар камерт бичигдсэн байгаа. Тэр охин хувийн үзэл бодлоо магадгүй хэн нэгэн танил талаараа дамжуулан ямар нэгэн сайтад тавьснаас болоод үзэгчид уг тэмцээнийг сөргөөр ойлгоно гэдэг бол инээдтэй асуудал.

Их жижигхэн хүн байна гэж би харсан. Яагаад гэхээр өөрийнхөө ялагдлыг хүлээн зөвшөөрч чадахгүй хүн дахиж яаж өрсөлдөх билээ. Хүн ялагдаж үзэж байж ялдаг. Өөрийгөө өнөөдөр тэмцээнд хэрхэн оролцож, шүүгчдээс ямар үнэлэлт авснаа дүгнэж үзээгүй байж ялагдлаа хүлээн зөвшөөрч чадахгүй, ялагч болоогүйнхээ төлөө үг чулуудаж байна гэдэг ичгэвтэр хэрэг.

Тэр яриан дунд Содоо эгч бид хоёрын нэр бас дурдагдсан байна лээ. Ер нь бол эмзэглээд байх зүйл байхгүй. Жил бүр л ялагдагч нар ямар нэгэн жижиг маргаан гаргаж байдаг. Ю.Балжидмаа бол үнэхээр сайхан охин.

Ц.Заяа

Эх сурвалж: