sonin.mn

Дөнгөж 12-хан настай зургаадугаар ангийн балчир хүү юунаас болж өөрийхөө амийг егүүтгэх болов гэдэг асуудал нийгэмд дуулиан тариад байна. Учир нь бидэнд олдсон анхны мэдээллээр дээрх хүүгээс гадна бас нэгэн бага насны хүүхэд амиа хорлосон гэх мэдээлэл ирсэн юм. Ингээд бид энэхүү мэ­дээллийг нягтлах үүд­нээс холбогдох албаны хүмүүс­тэй уулзаж доорх мэ­дээллүүдийг авсан.

Тодруулбал, өнгөрсөн баасан гарагт Сүхбаатар дүүрэгт байрлах хоёрдугаар дунд сургуулийн сурагч 12 настай Н сургуулийнхаа хашаанаас цамцныхаа за­хаар дүүжилж амиа егүүтгэсэн байдалтайгаар хэргийн газраас олджээ. Тиймээс л энэхүү балчир хүүг чухам яагаад өөрийнхөө амийг егүүтгэх болов гэдэг асуулт гарч ирэн талийгаач хүүгийн ар гэрийнхнийг хүнд байдалд оруулаад байгаа юм.

Юутай ч нас барсан хүүгийн талаар үнэн худал нь мэдэгдэхгүй маш олон таамгийг дэвшүүлээд байгаа. Тодруулбал, зарим эх сурвалж хүүх­дүүд хи­чээлийнхээ завсар­лагаанаар нэг­нийхээ хоолойг боож тоглож байхдаа са­намсаргүй байдлаар амийг нь егүүтгэлээ гэж хэлж байгаа юм.

Түүнчлэн хүүг ухаан оролгүй амьсгал хураасныг нь мэдсэн ангийн нь хүүхдүүд сургуулийнхаа хашаанд гаргаж амиа хорлосон мэтээр орхисон гэж ярьж байгаа юм. Энэ талаар тус сур­гуулийн нэгэн сурагч “Хичээл тарчихсан байхад сургуулийн арын хашаанд тийм зүйл болсон.

Уг нь найзууд нь хажууд нь байсан юм билээ. Амиа хорлох гээгүй тоглож байгаад хөл алдаад нас барчихсан гэсэн” гэв. Тэгэхээр хүү тоглож яваад амиа алдсан уу, аль эсвэл бусдын гарт амиа алдсан уу гэдэг нь асуудал болоод байна.

Харин сургуулийн удирд­лагуудын зүгээс ту­хайн өдрийн 16:00 цагт талийгаач хүүгийн ар гэрийнхэн рүү утасдаж, “Хүүгийн бие тааруу байна. Сургууль дээр хурдан ир” гэж залгажээ. Улмаар хүүгийн ээж сургууль дээр очсон боловч хүү нь аль хэдийнэ нас барсан байжээ.Ингээд бид хүүг бусдын гарт амь насаа алдсан уу. Аль эсвэл өөрийгөө егүүтгэсэн үү гэдгийг тодруулахаар Цагдаагийн ерөнхий газрын хэвлэл мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Ё.Лхагвасүрэнгээс дараах хариултыг авсан юм.

Тэрбээр “Өнгөрсөн баа­­сан гарагт Сүхбаатар дүүр­гийн нутаг XI хорооны дэвсгэрт байрлах хоёрдугаар сургуулийн хашаанд нас барсан хүн байна гэ­сэн мэдээллийн дагуу цаг­даагийн байгууллага шал­галт хийсэн. Шалгалтын ажиллагаа хийхэд 12 настай иргэн Н амь насаа хохироосон байдалтайгаар хэргийн газраас олдож үзлэг хийсэн. Тиймээс энэ хэрэгт Эрүү­гийн хуулийн тусгай ангийн 95-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгалтын ажил хийгдэж байна.

Эхний үзлэг болон гэрчийн мэдүүлэг бусад холбогдох тайлбараар тухайн иргэн бусдын гарт амь насаа алдсан гэсэн шинж тэмдэг байхгүй. Харин өөрийнхөө амь насыг хохироосон гэсэн үндэслэлээр шалгалтын ажиллагаа Сүхбаатар дүүр­гийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст хийгдээд явж байна” гэв.

Тухайн өдөр яг юу болсон талаар тус сургуулийн удирдлагуудтай уулзах гэсэн боловч жижүүр гэх 50 эргэм насны эрэгтэй хүн “Захирал, ангийн багш хоёр нь гадуур ажилтай яваа. Бид энэ талаарх мэ­дээллийг өгөх эрх бүхий хүмүүс биш” хэмээн биднийг сургууль руу оруулаагүй юм.

Харин болсон хэргийн талаар талийгаач хүүгийн ангийнхан нь цагдаад мэдүүлэхэдээ “Амиа хорлосон” гэж мэдүүлж эхэлсэн байна. Тодруулбал, хүүг ангийн­хаа нэг охинд дурласан, нөгөө охин нь тоогоогүй учир ийнхүү амиа хорлосон гэжээ. Үүнийг сонссон талийгаач хүүгийн ар гэрийнхэн ихэд гомдолтой байгаа юм байна.

Хамгийн гол нь зур­гаадугаар ангийн бяцхан хүү яагаад амиа хорлох болов гэдэг асуултыг олон эцэг эхчүүд тавьсаар байгаа юм. Магадгүй энэ хэрэг санамсаргүй байдлаар үйл­дэгдсэн байж болзошгүй гэж зарим нэг хүн таамаглаж байгаа юм. Учир нь амьдрал гэж юу байдгийг зах зухаас нь ч мэдрэх болоогүй 12-хан настай хүү хайр дурлал хийгээд амьдралаас залхаж өөрийнхөө амийг егүүтгэнэ гэж байхгүй хэмээн олон нийт үзэж буй юм.

Амиа алдсан хүүгийн хувьд ээж, дүүгийн хамт амьдардаг. Дүү нь гурван настай. Аав нь бага байхад нь нас барсан юм байна. Ямартай ч нийгэмд айдас төрүүлсэн энэхүү хэргийн талаар цагдаагийн байгууллага мэдээлэхдээ хэргийн талаар нийгэмд буруу ойлголт өгөхгүй бай­хыг хүсч байсан юм.

Учир нь энэ хэрэг эцэслэн шийдэгдээгүй, хэр­гийн үнэн зөв тогтоог­доогүй байхад зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл тэр дундаа цахим сайтууд худал зүйл бичиж олон нийтийг айдаст автуулаад байна гэж анхааруулж байсан.

Хамгийн гол нь хүүгийн үхэлтэй холбоотой энэхүү мэдээлэлүүдийн аль нь үнэн аль нь худал гэдгийг хуулийн байгууллага ха­раахан тогтоож амжаагүй байна. Эл хэргийн талаар эрэн сурвалжилж хүргэх болно.

Р.Саруул

Эх сурвалж: