sonin.mn

Өнөөдөр манай улс төрийн үйл явдал “чөтгөрийн тойрогт” бүрэн ороод байна. Энэ нь их эртнээс эхтэй. Энэ тэнэг юмаа улс төр хэмээн эндүүрэн “хуулийн” дагуу хийж байгаа хөгийн тэнэг үйлдлийг бид харсаар байгаад залхаж байна. Нөгөө талаас монголчууд үүний учрыг олохоо байсан нь тодорхой юм. Иймээс энэ байдалд системийн анализ хийх нь миний үүрэг болно…

Тэрэлжийн тунхаг ба түүний үр дагавар
Энэ нь хамаг юм шинэчлэгдэх гээд шинэчлэгдэж чаддаггүй МАН-аас эхтэй юм. Бас их зовлонтой “түүх” юм. МАН-ын ямар ч шинэчлэл нэг хүний дарангуйлалаас буюу ердөө л Н.Энхбаяраас салах гэсэн түүний амь тэмцсэн зовлонт үйлдэлтэй холбоотой байдаг. Хамгийн эхлээд С.Баяр 2007 оны 10 дугаар сард “Инновацийн тунхаг” гаргав. Энийгээ хэрэгжүүлж чадалгүй тэр зугтан алга болов.

Дараа нь Ерөнхий сайд бөгөөд намын дарга Сү.Батболд, Ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх нар 2010 оны 8 дугаар сарын 21-нд “Тэрэлжийн тунхаг” бодож олов. Эндээс л хамаг юм эхэлсэн билээ. Олон хүн тэдний маанаг тэнэгийг дуудаж баалдаг боловч тэдний бодож олсон улс төрийн шийдвэр тийм ч муу стратеги байгаагүй юм. Тэд дутуу бодож тооцоолсноос биш, буруу бодоогүй юм. Тэд МАН 2012 оны УИХ-ын сонгуульд МАН баараагүй ялж олонхи болно гэсэн анхдагч үндэслэл дээр тооцоогоо хийсэн юм. Энэ тооцоогоор АН хуучин хэвээрээ “туслах нам” хэвээрээ үлдэх ба энэ нөхцөлд хамгийн их саад болох хүчин нь Н.Энхбаяр байсан юм. Яг Н.Энхбаяр ч бас биш юм, түүний нэрийг барьж, түүний нэрийн дор ажилладаг, түүнээс салж, салгаж болдоггүй баагийнуудын бүлэг байсан юм. Нөгөө хэд нь ч салж явах гэхээр Н.Энхбаяр рекэт хийгээд явуулдаггүй байв. Шууд хэлэхгүй ч гэмт хэргийн материалуудыг нь “холбогдох байгууллага” хийгээд хэвлэл мэдээлэлд өгөхөд л тэр нөхөр дуусч байгаа нь тэр юм. Н.Энхбаяр хүнийг өөртөө татаад, хажуудаа байлгаад байдгийн учир ердөө л энэ юм…

Иймээс тэд МАХН-ын нэрийг сольж эхлээд үзэл суртлын, дараа нь зохион байгуулалтын аргаар Н.Энхбаяр болон энхбаяристуудаас салахаар шийдсэн юм. Түүнээс гадна Н.Энхбаяр АН-ыг давхар дарангуйлж байсан болохоор АН энэ ажилд нь тус болохгүй ч гэсэн, гай болохгүй гэж тооцжээ. Алдаа чухам энд л гарсан юм. Ингээд “Шинэчлэл, Манлайлал, Хөгжил” нэртэй тунхаг гарсан юм. Бид нар л “Тэрэлжийн” гээд нэрлэчихсэн болохоос.

Гэтэл хуучинсаг сэтгэлгээ нь дэндчихсэн намын баагийнууд үүнийг огт ойлгосонгүй. Шинэ дарга нар шал дэмий юм бодож олоод тэнэгтэж байна гэж ойлгов. Намын өмнөх дарга нар нь ядаргаа болтол “онол” зохиодог байсан болохоор тэрний нэг л биз гэж боджээ. Энэ нь АН хийгээд шинэхэн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид ёстой сайхан бэлэн хоол болов. Тэд МАХН-ыг задлах аргаар сонгуульд ялах бэлэн зэвсэгтэй болж авав. Тэд Н.Энхбаярыг шоронгоос гаргаж, МАХН-ыг шинээр байгуулах ажилд “гүн туслалцаа” үзүүлэв. Шинэ тутам байгуулагдсан МАХН-ыг МАН-ын эсрэг ажиллаж, хоёр хуваах ажилд үзэл суртал, зохион байгуулалт, хөрөнгө мөнгөний тусламж үзүүлэв. Ингээд яг сонгууль дөхөөд бүх байдал тодорхой болоод ирмэгц Н.Энхбаярыгаа буцаагаад шоронд нь хийж орхив. Энэ бол монголын улс төрийн түүхэнд урлаг гэж бичигдэх үзэгдэл болсон юм.

Нарийн ярих юм бол “Тэрэлжийн тунхаг” бол нэлээд эрт боловсруулсан энхбаяризмаас салах арчаагүй оролдлогын үр дүн юм. Намайг олон хүн юун сүртэй юм гэж ойлгох нь гарцаагүй учраас энхбаяризм гэдгийг тайлбарлах ёстой. Энхбаяризм бол Н.Энхбаярын үед түүний үүсгэн байгуулж, төлөвшүүлсөн улс төр, бизнес, гэмт хэргийн хүрээг дамнасан бүлэглэл, явцуу давхарга бөгөөд улс төрийн зөрчлөөсөө болж нуран унасан ч улс төр, эдийн засаг, социал болон сэтгэл зүйн нөхцөл, намтар түүхээрээ салахын аргагүй холилдож, сүлжилдэж барьцалдсан бүлэглэл юм. Энэ бол зэрлэг капитализмын анхдагч хуримтлалын үед төрөн гарсан компрадор хийгээд нувориш хөрөнгөтний сонгодог төлөөлөгчид мөн.

Ардчиллын 20 гаруй жилд тэдний гүйцэтгэсэн үүргийн талаар сайн муу үнэлгээ өгөх нь энэ өгүүллийн зорилго биш юм. Харин тэдний өмч хувьчлалаас завшдаг, нийгмийн баялгийг ямар ч хяналтгүй дээрэмддэг улс төрийн бүдүүлэг арга дууссан учраас, мөн тэд хэтэрхий цөөнхийн эрх ашгийг намд, төрд, нийгэмд, үндэстэнд тулган хүлээлгэж байсан учраас л тэдний энэ дангаар ноёрхлыг эвдэх, устгах, зайлуулах хөдөлгөөн тасралтгүй гараад байдаг юм.

Өөрөөр хэлбэл энхбаяризм үр могойнуудыг өөрөө төрүүлсэн юм. Харин тэдний зорилго энхбаяризм-системийн ганц хүний дарангуйлал шинжийг өөрчилж, “олон хүний” буюу нам гэгч явцуу бүлгийн дарангуйлал тогтооход л чиглэж байсан юм. Энэ нь “цэвэр” энхбаяризмтай харьцуулахад “ардчилал”, “шинэчлэл” мэт харагдах нь зүйн хэрэг байв. Энхбаярыг эсэргүүцсэн АН бүр ч “илүү ардчилсан” харагдах нь мэдээж.

Гэхдээ л хоёр намын ноёрхлыг “үүрд” хадгалан үлдэх ёстой байлаа. Энэ зорилгын үүднээс МАН-д “Зүүний хүчний холбоо”-г 2008 онд байгуулсан. Арай хожим АН-д “Барууны хүчний холбоо” байгуулсан юм. Одоо бол АН, МАН хоёрын стратегийн холбоог ямар ч хувилбараар хэрэгжүүлж болохоор болов. Гэтэл зөвхөн намын олигархи бүлгийн систем тогтоох гэсэн стратеги нь бүлгүүдийн замбараагүй өрсөлдөөний дүнд бүр дөрвийн дөрвөн нам болон хувирав. Энэ бол АН, МАН, МАХН, МҮДН юм. Үүний дээрээс “байнгын” сөрөг хүчин ИЗНН-ыг нэмбэл тоогоороо 5 нам болж байгаа ч үүнийг намд тооцох ямар ч үндэслэл байхгүй юм. Үнэн хэрэг дээрээ эдгээр нь намууд биш, АН, МАН-ын том фракцууд нам нэр зүүж, зүсээ хувиргасан хэрэг байлаа. Үүний учрыг олон түмэн ерөөсөө ойлгоогүй ба зарим нь одоо болтол ойлгоогүй яваа юм.

Хар машины гай
Энэ нөхцөлд ч гэсэн хэрэв сонгуульд төлөвлөж байснаараа явж, МАН ялсан бол дээр дурдсан стратеги хэрэгжиж “Зүүний хүчний холбоонд” тулгуурласан МАН засгийн эрх барьж, “Барууны хүчний холбоонд” тулгуурласан АН урьдын адил “туслах намын” дүрдээ орох ёстой байв. Энэ бол “сонгодог барууны” загвар юм.

Гэтэл сонгуулийн “хар машин” гэв гэнэт гарч ирээд хамаг стратегийг нь будаа болгов. МАН-ынхан орчин үеэс үлэмж хоцрогдсон, тоо моондоо улаан нойл, компьютер энэ тэрд тас харанхуй гэдгээ ил тод харуулж өөрийгөө ална гэж юу байдгийг харуулсан юм. Барууны сонгодог зарчимд хоёр нам ээлжлэн төр барьдаг бол МАН-ынхан болохоор “дандаа дарга нам байна” гэж “буруу” ойлгожээ. Ерөөсөө МАН-ынхан “онол ном” уншихаа байсны гай гарав.

Ингээд сонгуулийн үр дүн гарав. 2012 оны 6 дугаар сарын 28-ын байдлаар УИХ-д АН 31, МАН 25, “Шударга ёс” эвсэл 11, ИЗНН 2, бие даагч 3 суудал авсан дүн гарав. 4 тойргийн асуудал шийдэгдээгүй ба үүнээс 2 тойрогт дахин сонгууль явуулахаар болж, 2 тойргийн асуудал шүүхэд шилжжээ. Анх авсан энэ суудлын харьцааг олон хүн мартсан байх. Гэхдээ үүнийг ахин сануулж байгаа нь өнөөгийн олон үйл явдлыг тайлбарлахад тустай учраас тэр юм.

Ингээд “туслах” байсан АН гэв гэнэт “дарга” нам болж, насан турш “дарга” байсан МАН “туслах” болж байр нь солигдсоноор монголын улс төрд олон жил хэвшиж тогтсон үзэл санааны болон хүчний харьцааг нэгмөсөн хөнтөрсөн юм. Хүн ч гэсэн цэрэг нь дарга болж, дарга цэрэг болохоор, чингэхдээ гэв гэнэтхэн болохоор нэг хэсэгтээ л эвгүй байдаг биз дээ. АН жинхэнэ “монгол дарга” учраас “цэрэг” байсныхаа өс хонзонг авах нь мэдээж хэрэг. “Чи муу дарга байхдаа яаж идэж уудаг байлаа, чи муу намайг яаж дээрэлхдэг байлаа, одоо чам мууг алж хаяна аа” гэж бодохгүй бол монгол дарга байсны хэрэг юун…

МАН-ын тогтоосон нам, төрийн системийг монголын хамаг гол боловсон хүчнийг багтааж байснаар нь, мөн олон жил хэвшиж тогтсоноор нь ямар нэг байдлаар удирдлагын систем гэж нэрлэж болох байв. Харин түүний авилга, хүнд сурталд идэгдсэнийг бол ярих юм биш, тэгээд ч энэ өгүүллийн зорилго биш юм.

Энэ системийг орлуулах үр бүтээлтэй систем АН-д үзээд өгье гэсэн ч байгаагүй юм. Үзэл санааны хувьд ч, боловсон хүчний хувьд ч, ур чадвар, туршлагын хувьд ч тэр. Зүгээр л МАН-ын системийг эвдэх нь зүйтэй гэсэн цорын ганц дүгнэлт тэд хийсэн бөгөөд энэ ажлаа МАХН-ын нэн идэвхитэй оролцоотойгоор хийж гүйцэтгэв. Ийнхүү Н.Энхбаярын байгуулсан шинэ нам мөн л түүний бүтээсэн хуучин намын системийг эвдэн устгаж эхлэв. Ингээд дунд болон анхан шат, орон нутагт МАХН нэлээд байр суурьтай болсон ба тэнд МАН-аас урвасан “аль ч намын үед амьдрах чадвартай” баагийнууд орсон юм. “Өөрийг нь өөрөөр нь устгах” манж зарчмыг АН ингэж Н.Энхбаярын тусламжтайгаар амжилттай хэрэгжүүлсэн юм. МАН-ыг эвдэн устгах үүнээс сайн аргыг Бурхан багш ч бодож олж чадахгүй юм.

Гэв гэнэт цохилтод орсон МАН-ынхан дарга нартайгаа тооцоо хийх, улиг болсон шинэчлэл хийнэ гэдгээс өөр зүйл бодож олж чадаагүй юм. Ингээд орон нутгийн сонгууль, Ерөнхийлөгчийн сонгуулиар дараалан ялагдаж, үзэл суртал, зохион байгуулалт хийгээд эрч хүч, ажил хийх чадвараа бүрэн алдаж, “Сэрэлт” киноны лам шиг мориныхоо уяаг хураав. Сүнс сүлд нь зайлав.

Системийн анализ зөв хийж, стратегийн цоо шинэ үндэслэл дэвшүүлж хүнд байдлаас гарах боломж байсан боловч МАН-ын шинэ удирдлага түүнийг ашиглаагүй юм. Үүнийг хохь нь гэдэг…

АН орон нутгийн системийг эвдэж өөрийн мэдэлд авсан нэр зүүсэн боловч үнэндээ тэнд “хүй нэгдлийн байгуулал” тогтоож, төрийн анхан болон дунд шатыг сүйрэлд оруулсан юм. Нэгэнт систем эвдэрсэн тул түүнийг “гар аргаар жолоодох” болов. Н.Алтанхуягийг “доош орлоо”, “нүүрс зарлаа” “юм болгон руу оролцлоо” гэж бүгдээрээ загнадаг. Үнэндээ бол системээ эвдээд хаячихсан, өөрийн хүний нам намын хачин тэнэг лаларуудыг тавьчихсан хүн чинь өөрөө ингэж гүйж ажлаа хийхээс өөр аргагүй юм. Нөгөө талаасаа энэ нь Монголын төр засаг хэчнээн дор орсны баттай үзүүлэлт юм.

Харьцаа хийгээд суудал хуваарилалт


УИХ дахь хүчний харьцаагаар хэн ч 39 хүрч, олонхи болж чадаагүй учир Эвслийн Засгийн Газар байгуулахаас өөр хуулийн гарц байгаагүй юм. Ийм учраас хоёр төрлийн дайн дэгдэв. Эхний дайныг “39-ийн төлөө” гэж нэрлэж болох бөгөөд энэ нь маш удаан үргэлжилж саяхан дуусч байна. Товчилж хэлбэл Ц.Оюунбаатар жагсаалтаар орж ирсэн, Сумъяабазар дахин сонгогдсон, Зоригт, Батхүү хоёр шүүхийн шийдвэрээр орж ирсэн түүхтэй. Энэ адал явдлыг хэлэхээр бүгдээрээ санах нь лавтай. Үүнийг дайн гэхгүй бол өөр юуг дайн гэх билээ. Удаах дайн нь “Хэнтэй эвсэх дайн” болно. Энд хэд хэдэн хувилбар байсан юм. Хамгийн эхэнд МАНАН болох хувилбар байв, удаалаад хэд хэдэн хувилбар байснаас одоогийн хувилбарыг сонгосон юм.

Ингээд “Их эвлэрлийн” Засгийн Газар байгуулагдав. Гэхдээ энэ байдал анхнаасаа олон хүнд таалагдаагүй учир “39-ийн төлөө дайн” маш хурц үргэлжлэв. Суудлынхаа тоог нэмэх аргаар дангаар засгийн эрх авах зорилготой энэхүү “39-ийн төлөө дайн” шүүх, прокурор, цагдаа, тагнуул, Авилгатай тэмцэх газар, Сонгуулийн Ерөнхий Хороо, Үндсэн Хуулийн Цэцийг дамнан лайтай удаан үргэлжилсэн боловч аль ч нам, хүчин илт давуу байдал олж чадаагүй юм.

Гэхдээ хүчний харьцаанд зарим нэг өөрчлөлт оруулж чадсан юм. Энэ дайны үр дүнд одоо УИХ-д албан ёсоор АН 34, МАН 28, Шударга ёс эвсэл 10, ИЗНН 2, бие даагч 3 суудалтай болоод байна. Хүчний энэ харьцаа улс төрийн өнөөгийн өрсөлдөөний хууль эрхийн суурь өгөгдөл, тулгуур цэг юм.

Жижиг нам том харагдахын учир


Хувь заяаны эрхээр “Шударга ёс” эвслийн бүлэг хамгийн нөлөө бүхий үүрэг гүйцэтгэх болсон юм. Зүйрлэвээс тэнхлэгтэй жингийн яг голд нь байгаа хүн аль талд нь гишгэснээс жингийн таваг тэр тал руу хазайдагтай адил нөхцөл юм. “Шударга ёс” эвсэл одоо яг ийм байдалд байна. Эвсэл анх 11 гишүүнтэй байсан. Үүний 6 нь МАХН, 5 нь МҮАН-ын гишүүд юм. УИХ-д 8 гишүүн бүлэг байгуулж болдог. Энэ тоо төр засаг тогтох эсэхийн дэнчин болж, улс төрийн тулалдааны гол бай болоод 2 жил болж байна.

АН-ын Засгийн Газрыг “хамгаалах” талынхан Эвслийг аргадан гуйдаг, засгийг “унагах” талынхан Эвслийг задлахыг оролддог. Харин Эвсэл өөрөө болохоор давуу байр сууриа ашиглан нэг талдаа улс төрийн рэкет хийдэг, нөгөө талдаа улс төрийн наймаа хийдэг “сайхан” ажилтай болсон юм. Энэ хачин жигтэй нөхцөл байдалд Н.Энхбаяр мэтийн луйварчид ихээхэн далайцтай улс төрийн тоглолт хийх өргөн боломж олсон билээ. Ер нь ч ийм юмыг ашиглаж алдагдсан нэр төрөө сэргээхгүй юм бол юун төлөө улс төрч байх билээ.

Н.Энхбаяр одоо болтол энэ осолтой тоглоомоор тоглож байна. Энэ нь түүнийг лаг сүртэй харагдуулж байгаа боловч энэхүү хөгийн нөхцөл байдал өчүүхэн төдий өөрчлөгдөхөд л тэр өөрөө ч гэсэн, нам нь ч гэсэн хэнд ч хэрэггүй хог болох нь дэндүү ойлгомжтой юм.

Н.Энхбаяр саяхан “надад айх юм юу ч байхгүй” гэж хэлсэн нь үнэн юм. Түүнд үнэхээр айх юм байхгүй. Чухам үүнд л түүний бараг төрөлх гэмээр эвдэн сүйтгэх, сүйрүүлэх гай гамшиг байгаа юм…

Н.Энхбаярт дургүй нөхдүүд түүнийг шоронд хатаах гэж шинэ шинэ гэмт хэргүүдийг илрүүлж байхад, Засгийн эсрэг талынхан түүнийг тэр дор нь суллах жишээтэй. Энэ бол нэг талаас эрх баригчдын зөрчил дээд цэгтээ тултлаа хурцадсаныг, нөгөө талаас Н.Энхбаяр тэдний тоглоом болон хувирсныг баттай харуулдаг. Гагцхүү дээр дурдсан хөгийн нөхцөл байдлын улмаас л тэр гарцаагүй том хүн болж таараад, тааруулаад байгаа юм.

Яг одоогийн байдлаар “Шударга ёс” эвсэлд МАХН-ын 6, МҮАН-ын 4 гишүүн данстай байгаа. Д.Батцогт  МҮАН-аас гарч, АН-ын бүлэгт харъяалагдах болсон нь Эвслийг задлах оролдлогын нэг бяцхан үр дүн юм. Одоо хэрэв Эвслийн нийт гишүүдийн тоо 8-аас доош буух буюу ердөө л 3 хүн гарлаа гэхэд эвсэл задарна. Улмаар Засгийн Газар унана.

Юу ч гэсэн тэдний нэрсийг жагсаан үзүүлбэл: МАХН: О.Баасанхүү, З.Баянсэлэнгэ, Ч.Улаан, Л.Цог, Д.Тэрбишдагва, Ц.Оюунбаатар, МҮАН: Н.Батцэрэг, Ц.Цолмон, М.Сономпил, Г.Уянга нар байгаа.

Надад бол эдний тухай таамаглал, боломжит үйлдлийн хувилбарын прогноз байгаа. Гэвч Та бүхэнд өөрсдөө бодох боломж үлдээж байна. Заримдаа бөх тааж байгаа юм шиг таах ч гоё ш дээ…

Яг үүн дээр монголын улс төрийн гол байлдаан болж байна. Саяхан Н.Алтанхуяг, Н.Энхбаяр хоёрын байгуулсан гэрээ, түүнийг эсэргүүцсэн үйл явдлыг харахгүй юу…

 

Намуудын доройтол

Өнгөц харвал 2012 онд АН ялж, МАН навс ялагдсан мэт харагдана. Үнэн хэрэг дээрээ АН-ын “Алтан гадас” гэсэн нэг л бүлэглэл засгийн эрхэнд гарсан ба бусад нь дагалдах шинж чанартай болсон юм. Энэхүү “Алтан гадас” бол МАН засгийн эрхэнд байхдаа АН-ыг хамтран ажиллахдаа ашиглах гэж байгуулсан бүлэглэлийн АН дахь хэсэг юм. Өөрөөр хэлбэл нам дамжсан бүлэглэл юм. Чухам ийм учраас МАН-ыг засгийн эрхэнд байхад зөвхөн “Алтан гадас”-ын нөхдүүд л хамтарсан Засгийн Газарт ордог байсныг олон хүн санаж байгаа байх. Далд удирдагч нь Р.Гончигдорж харин “илүүд” нь бүгдээрээ хамтарсан засгийн газарт ажиллаж байсан учраас монголчууд сайн мэдэх юм.

Ингээд Н.Алтанхуяг Засгийн эрхэнд гарав. Н.Алтанхуяг бол “Алтан гадас” бүлгийн нэг л төлөөлөгч бөгөөд тэднээс илүү ч үгүй, дутуу ч үгүй, жирийн нэг л Ерөнхий сайд юм. Харин цаг хугацааны эрхээр түүний төгсгөл үед таараад үйл хэргийг нь “нэр төртэй” үргэлжүүлсэн болоод л хэл аманд унасан үйлтэй толгой юм. Тэртэй тэргүй нурж байгаа юм чинь, амжаад нэг сайн идээд авъя гэж боддог ч байж магадгүй, гэвч энэ бол миний л хардлага юм…

Н.Энхбаярын байгуулсан адгийн системийг уламжлан авсан Ц.Элбэгдорж, М.Энхболд, С.Баяр, Сү.Батболд нарын Засгийн Газрууд дэс дараалан Монгол Улсыг доройтуулж ирсэн юм. Монгол Улсын нэг ч том төлөвлөгөө биелээгүй, хэрэв ихээхэн хэл амтай Оюу Толгойг эс тооцвол стратегийн нэг ч том хөрөнгө оруулалт хийгдээгүй, нэг ч том үйлдвэр ашиглалтад ороогүй байгаагаар үүнийг хялбархан нотолж болно. Тэр байтугай Монгол Улс “зүгээр сууж” байгаад дааж давшгүй өрөнд орж байна. Үүнийг л уруудан доройтох, бууран мөхөх гэдэг юм.

МАН, АН-ын ялгаа маш их байлаа: МАН бүлгүүдээ захирч бялуугаа хуваадаг байсан бол Н.Алтанхуяг бүлгүүдээ аргадаж бэлэг тараадаг болов. МАН голдуу нам дотроо буюу нам дамжсан хэдхэн хүнд хуваадаг байсан бол Н.Алтанхуяг нам дотроо, хамаатан садан дотроо, эвслийн намуудад, бусад намуудад гэхчлэн бүх хүнд тарааж амсуулах зовлонтой болов. МАН-ын бүлгүүд бялуу хүртээд “захирагддаг” байсан бол АН-ынхан хэрэлдэг, хэрүүл хийдэг ажилтай болов. МАН бялуу тараахдаа ч, авилга авахдаа ч “зэрэг дэвтэй”, очер дугаартай, ээлж дараатай авдаг өгдөг, өөрөөр хэлбэл “системтэй” байсан бол Н.Алтанхуягийн баг ёстой дугаар харгалзахгүй “цөм шаадаг” болов.

Энэ нь Н.Алтанхуягийг “муухай” харагдуулж байгаа гол хүчин зүйл юм. Еэ еэ,бөө вөө…

Гэхдээ эдийн засгийн гол хөшүүрэг банкаа МАН, АН дамжсан ЭБЭ бүлэглэлд алдсан байв. Үүнийгээ хэзээ хойно миний “Хямралын гурван шалтгаан”, “Хямралын гурав дахь шалтгаан” өгүүлэл гарсны дараа ойлгож байгаа юм. Барилга болон бусад зарим салбарыг ч бас алдсан байлаа. Мөнгө олоод тарааж байсан “өвлийн өвгөн” Н.Алтанхуяг нэг хэсэгтээ бүх хүнд хэрэгтэй амьтан байв, одоо мөнгө нь дуусаад бэлэггүй болсон түүн шиг хэрэггүй “юм” алга болов.

Энэ нөхцөлд түүнийг рекэтлэх нь аргагүй юм. Н.Алтанхуяг дөнгөж саяхан “Наад хамтарсан Засгийн Газраас чинь гарна” гэж МАН-ыг рекэтлэдэг байв. Энэ ч ёсоороо гарч санасандаа хүрсэн билээ. Одоо энэ зовлон өөр дээр нь иржээ. Одоо бол бүр хоёр талаас нь МАХН хийгээд Н.Энхбаяр, МҮАН хийгээд М.Энхсайхан хоёр зэрэг рекэтлэдэг болов. Байнга огцор гэдэг МАН-ыг нэмбэл гурав, АН доторхи байнгын “эсэргүү” нарыг нэмбэл бүр дөрвөн рекэтчин болчихож байгаа юм. Одоо дөрвөн талаасаа рекэтлүүлэх ямар байдгийг тэр өөрийн биеэр амсаж байна. Хүний хувь тавилан гэж сонин юм шүү…

Намуудын мөхөл


Эдүгээ нам гэхээр монгол хүний бараг бөөлжис хутгадаг болов. Энэ ч аргагүй юм. Монголын улс төрийн намууд мөн чанар, утга учраа аль хэдийн алдаж хэдхэн бүлэг хүний тоглоом болсон гэж бүгд ярьдаг. Тэгвэл яагаад салаад тараад алга болчихож болдоггүй юм гэсэн зүй ёсны асуулт үүснэ.

Манай намуудыг Н.Энхбаяр хэт улс төр, бизнес, гэмт хэргийн хэт төвлөрсөн явцуу бүлэг болгон хувиргасан бөгөөд монголын төрийн албан тушаалыг үнэ хаялцах худалдаа наймаа, авилгын талбар болгосон билээ. Өөрөөр хэлбэл намууд төрийн албан тушаалыг үнэ хаялцуулан зарах газар болон хувирсан юм. Монголын төрийг бизнесийн байгууллага болгон хувиргасан хүн нь Н.Энхбаяр юм. Бизнесийн төрд орохын тулд намд орох буюу мөнгө төлөх ёстой бөгөөд төрд орсон хойноо эдийн засгийн ашиг сонирхлоо дураараа гүйцэлдүүлж болно. Энэ систем эхэн үедээ нэн үр ашигтай ажилласан бөгөөд асар удалгүй хэрүүл зөрчлийн талбар болон өөрөө өөрийгөө идэж эхэлсэн юм.

Энэ зарчмыг мөнгө хөрөнгөтэй “шинэ” хөрөнгөтнүүд хамгийн түрүүнд “ойлгож” Монголын төр рүү цэцгэнд дурласан зөгий шиг, баланд дурласан баавгай шиг тэмүүлэх болов. Үүний үр дүнд Монголын төр олигархжиж “чөтгөрийн тойрогт” орсон юм.

Ингээд УИХ дахь бизнес гишүүдийн тоо жилээс жилд нэмэгдэж ирсэн ба эдүгээ УИХ-ын бизнес гишүүдийн тоо Д.Бямбасүрэн гуайн тоолсноор 70 шахамд хүрээд байна. Харин системийг удирдан зохицуулсан гол гол улс төрчид авилгалын аргаар баяжсан ба улс төрийн ноёлох өндөрлөгөө хадгалан үлдэж чадсан юм. Ингэж Монголын олигархи анги давхарга үүссэн юм. Анги ч юу байхав, хэдхэн хүн хийгээд бүлэг юм. Тодруулж хэлбэл улс орны хэмжээнд өрсөлдөх боломжтой эдийн засгийн эрх ашиг, сонирхол, чадавхи бүхий бүлэг хүмүүс монголын улс төрийн тавцанд өрсөлдөж буй хэрэг юм. Тэд өөрийн эрх ашгаа гүйцэлдүүлэхийн тулд улс төрд ордог ба үүний тулд хууль гаргадаг, гаргуулдаг, мөн зөвхөн үүний улмаас өрсөлдөн тэмцэлддэг. Энэ нь Монголын төрийг байнгын тогтворгүй хийгээд эмзэг болгодог.

Энэ хугацаанд тэд төрд яаж орох, яаж удаан тогтох, төрийг яаж ашиглахаа бодож байснаас биш, төрийг болон түүнийг бүрдүүлж буй намаа бэхжүүлэх талаар хэзээ ч бодож байгаагүй. Тэдний хувьд нам бол төрд орох бэлтгэл, шат дамжлага, бүртгэх газар, боловсон хүчний газар болсон юм. Төрд орох гэсэн хүмүүс ердөө л намд бүртгүүлж, өөрийгөө харуулж, ахиж дэвших боломжтой болов. Хуучин нам ч гэсэн ийм л байсан. Гэхдээ тэнд үзэл суртал, төвлөрсөн удирдлага, шударга ёс гэсэн хяналт тавьж, бодит үйл ажил гэсэн нэн хатуу шалгуураар хэмждэг байсан. Дашрамд дурдахад энэ нь өнөөгийнхтэй харьцуулахад бараг төгс систем байсан юм.

Төр нь өрсөлдөгч бүлэглэлүүд учраас нам нь ч гэсэн өрсөлдөгч бүлэглэлүүдээс бүрдэх нь зүйн хэрэг бөгөөд намд элсэн орсон хүн заавал “зөв дарга” олох, түших хэрэг гардаг байв. Дарга нар нь гэсэн зөвхөн өөртөө итгэлтэй хүмүүсээр баг бүрдүүлэх гэсэн ганцхан зүйлийг сонирхох болсон учир намын боловсон хүчний бодлого бүхэлдээ алдагдсан юм.

Сүүлийн үед эрх баригч бүлэгт итгэлтэй хүн олдохоо болив. Төрийн дээд түвшингийн сүүлийн 10-аад жилийн томилгооноос үзэхэд нам төрийн дээд албан тушаалыг ердөө л 20 орчим хүн сэлгэн тэлээлж байгааг хялбархан ажиглаж болно. Үүгээр тэдний боловсон хүчий нөөц дууссаныг бүрэн нотолж болно.

Гэтэл цаг хугацааны эрхээр АН, МАН-д шинэ үеийнхэн асар олноороо төрөн гарч иржээ. Тэд бол дунд шатанд ажиллаж албан тушаалын үнэр авсан, ямар нэг хэмжээний боловсролтой, муу муухай намтар түүх байхгүй, гэхдээ асар их зоригтой, бас асар их амбицтай, гэхдээ тогтсон үнэт зүйлсийн систем байхгүй залуус юм. Тэднийг өнөөгийн хуучин бүлэг дараад дээш гаргахгүй байна. Ийм залуус АН, МАН-д үй олноороо бий. Иймээс тэдний уур хүрч байгаа бөгөөд өнөө үеийнхэн өмнөх үеэ зүгээр л хог дээр хаясан бол энэ үеийнхэн тэднийг түүнээс ч дор хайр найргүй тасдан хаях нь гарцаагүй. Энэ цаг одоо болоод байна. Одоо яая, гэхэв өөрсдөө л ийм үйл лай бүтээсэн хойно…

Чухам үүнд л манай өнөөгийн гол зөрчил оршино.

Гэнэн ард түмэн


Монголын нийгмийн бүтцэд асар том хувьсгал гарч нийгмийн давхраажил өөрчлөгдөж, цоо шинэ давхраа болсноо ард түмэн өөрсдөө ч мэдээгүй юм. Нийгэм зааграл буюу поляризацийг түр зуурын үзэгдэл, нийгмийн баялгийн тэгш бус, шударга бус хуваарилалтыг ажилсаг болон залхуугаас болсон, олигархи анги бүлгийг үндэсний хөрөнгөтөн, үндэсний эрх ашгаас урвахыг даяарчлал болон гадаад хөрөнгө оруулалт гэж тайлбарлах болов.

Мөн өмнөх нийгмийн хуримтлуулсан баялгийг зарж, хожим нь байгалийн баялгаа зарж, газар нутгаараа дэнчин тавьж олсон мөнгийг ардчилал, зах зээлийн буян гэж ойлгох болов.

Өмч хөрөнгө хувьчилж бага зэрэг өмчтэй болсон боловч хоршоолол, хөдөлмөрийн дэвшилтэт хуваарь, хамтын зохион байгуулалт гэх хамгийн гол зүйлийг ор тас мартсан учраас хугацааны урт хэрчимд хөдөлмөрийн бүтээмж дээшлээгүй, улмаар эдийн засаг өсөөгүй юм. Эдийн засгийн үндсэн өсөлт байгалийн байлгаас л гарч байв. Мөн өр зээлээр мөнгө олж байв.

Энэ дэлхийн бүх либерал онол хувь хүний индивидуаль шинжид тулгуурлан хөгжихийг сургадаг. Харин Монголын либералууд өмч гэсэн нэг нэг хэрчим тасдаж аваад хар амиа бодоод тал тал тийшээ тараад алга бол гэж “сурталдав”. Ийм утгагүй, тэнэг үзэл суртлыг бүхэл бүтэн “онол” болтол хөгжүүлсэн хүмүүсийг бид бүгдээрээ мэднэ.


Угаасаа тархай бутархай байсан ард түмэн үүнийг “ардчилал”, “эрх чөлөө” гэдэг нь энэ юм байх гэж ойлгов. Ийнхүү Монголын шинэ хөрөнгөтнүүд Монгол орныг, Монгол үндэстнийг өөрийн гараар тараан бутаргаж, монголын нийгмийг атомжуулав.

Тэд бусармаг болгоноо ардчилал, зах зээлийн онол, даяаршлын түгээмэл үзэгдэл хэмээн олон түмнийг хууран мэхэлж ирсэн юм. Хорин жилийн дотор Монголын ард түмний олонхийн тархийг бүрэн угааж, дээд зэргийн бэртэгчин, фанатик шуналтан, бараг зомби болгон хувиргав. Гэвч ард түмэн энэ хар тамхины хор уршгийг одоо ойлгож байна.

Ийм ард түмнийг мөнгөөр худалдан авч, намжуулан талцуулах шиг амархан ажил байхгүй юм. Энэ аргаар 20 гаруй жил явав. Одоо ард түмэн үүнийг ойлгож байна. Үүнийг “онолын” хувьд мэдээд судлаачийн хувьд мянган удаа хэлсэн боловч манай ард түмэн, ялангуяа сэхээтнүүд ойлгоогүй, ойлгохыг хүсээгүй юм.

“Чөтгөрийн тойрог”


Энэ “чөтгөрийн тойрог” хэн бүхэнд тодорхой. Сонгууль болно, ард түмнийг мөнгөөр худалдаж буюу амлалт өгч сонгууль луйвардан төрд гарч ирнэ. Монголын байгалийн баялгийг барьцаалж, бидний үр хүүхдийн ирээдүйгээр дэнчин тавьж зээлээр мөнгө олно. Ингээд нийгмийн баялгийг идэж ууна, зөвхөн хувьдаа завшина, эргүүлээд гадаадад гаргана. Үүнээсээ болж хэрэлдэнэ, зодолдоно, тэгээд төр үймүүлнэ. Засгийн Газар огцруулна. Хэдхэн хүнтэй, хэдхэн бүлэг, бүлэглэл учраас бие биеээ дийлэхгүй, зөвхөн байраа л солино. Энэ бол “чөтгөрийн тойргийн” мөн чанар, цикл үзэгдэл юм. Чөтгөрийн тойргийн хоёр нам зөвхөн “дүүжин даажин” л тоглож чадна. Үүнийг монголчууд харахаараа нэг болсон. Үүнээс өөр юмыг энэ тойрогт байгаа нам, хүн үзэл санаа, үйлдлийн хувьд сэтгэн бодох, олох, хийх чадвар байхгүй. Үүнийг манай 20 жилийн түүх баттай, хөдөлбөргүй харуулж байна.

Өнөөдөр “чөтгөрийн тойргийн” хүч боломж нэгэнт шавхагдаж сүүлчийн шатандаа орж байна. Учир нь:
1. Монгол орны системийн хямрал дампуурлаасаа бүрэн мухардалд оров.
2. Улс төрийн дээд хүрээнд “байраа солих” халаа сэлгээнээс өөр үйлдлийн боломж байхгүй болсон.
3. “Байраа сольсноор” юу ч өөрчилж чадахгүй, ийм боломж шавхагдсан.
4. Үзэл санаа, зохион байгуулалтын хийгээд үйлдлийн өөр боломж бас л байхгүй.
5. Боловсон хүчний бүх боломж нөөц дууссан.
6. Зөрчлөө “чөтгөрийн тойргийн” хүрээнд дийлэхээ байсан зэрэг болно.
7. “Чөтгөрийн тойргийн” цаг үе нэгэнт өнгөрч, нийгмийн дэвшил хийгээд нийт үндэстний эсрэг хүчин болж хувирсан.
8. Монгол Улс, Монгол орон “чөтгөрийн тойргоос” гарахгүйгээр хөгжин дэвжих боломжгүй.

Үүнийг олон хүн мэддэг, их эртнээс ярьдаг хэлдэг байсан. Миний хувьд зүгээр л ард түмнийхээ ярьдаг, бодож явдаг зүйлсийг “бөөгнүүлээд”, шинжлэх ухааны хэлбэрт оруулаад л дүгнэж байна. Иймээс энэ дүгнэлтүүд бол цоо шинэ зүйл биш, би ухаантай болоод бодоод олчихсон зүйл бүр ч биш.

Ухаандаа 2012 оны 7 дугаар сарын 7-нд УИХ-ын анхны чуулганы нээлт дээр УИХ-ын гишүүн Г.Уянга: “Хамтарсан засгийн газар Монголыг аврахгүй ээ…Аль ч хүчин нь засгийн газарт орохоо больё. Үндсэн хуулийн өөрчлөлтөө ярилцацгаая. Одоогийн парламентад орсон хүчний харьцаагаар түр засгийн газар байгуулж шинэ V Үндсэн хууль батлагдтал улс орны аж ахуйн асуудлыг эрхлэн авч явах үүрэг хүлээлгэе…Бид хариуцлагыг хууль болгосон анхны Их хурал болъё. Нийгмийг бүхэлд нь бузарлан, тонож дээрэмдэж буй намчирхсан тогтолцоог тас цохисон анхны Их хурлынхан болцгооё. Намчирхсан энэ тогтолцоог л тас цохиж чадвал бид бүгдийг хийж чадлаа гэсэн үг.” гэж дүгнээд: “Үндэсний их эвлэрлийн эхийг тавьцгаая! Хамтарсан засгийн гунигт түүхийг эцэслэж Үндэсний их эвлэрлийн эхийг тавьцгаая!” гэж уриалсан нь саяхны явдал шүү дээ. Хэн ч ойлгохоор, хэнд ч ойлгомжтой энэ саналыг хүлээн авах зориг зүрх одоогийн УИХ-д байгаагүй бөгөөд тэд энэхүү дампуурал, бүрэн мухардлын замыг сонгон авсан билээ. Гэхдээ нүүрлэн буй аюул заналын цар хэмжээ, юунд хүргэж болохыг тэд мэдэхийг дээдээр мэдэж байсан. Одоо тэгээд ямар байна даа ?!

Олон хүн “төр үймүүллээ” гэж загнаж байгаа нь өнөөгийн нөхцөлд утгагүй юм. Энэ төрийг хэн ч, нээрээ шүү, хэн ч гаднаас нь үймүүлээгүй. Ухаандаа Н.Алтанхуягт бүтцийн өөрчлөлт хий гэж хэн ч хэлээгүй. Мөнгө яагаад алга болов гэхэд л бүтцийн өөрчлөлт хийгээд эхэлсэн ш дээ. Хэрэв Н.Энхбаярыг ахин “зомби” болгон босгож ирж байгаа бол Та нарын сүүлчийн мөч чинь гарцаагүй л гэсэн хэрэг. Гэхдээ тун удахгүй…

Манайд төр нь төрийгөө л сөнөөж байгаа хачин утгагүй үзэгдэл болж байна. Энэ бол жам ёсны мухардал сүйрэл мөн. Тэгээд ч өөрөө үймээд, бужигнаад, сөнөх гээд байгааг төрийг хамгаалах үүрэг хэнд ч байхгүй.

Иймээс “чөтгөрийн тойргийг” сэтэлж, сэтгэлгээ, үйлдлийн шинэ гарц хайж, жинхэнэ бодит ардчилал бүхий нийгэм, үндэсний шинж бүхий бүх ард түмний төрийг байгуулах нь бидний цорын ганц зам мөн. Өөр арга зам бидэнд үлдээгүй…


Судлаач Х.Д.Ганхуяг

Эх сурвалж: ganaa.mn блог
 
Эрхэм та судлаач Д.Ганхуягийн бусад нийтлэлийг түүний албан ёсны блог ganaa.mn- ээс уншина уу?