sonin.mn

ВАШИНГТОН. /Oriental Review/. ОХУ болон Хятадын хооронд хавчуулагдан оршдог Монгол нь дэлхийн хүн ам хамгийн сийрэг суурьшсан, газарзүйн хувьд бүрхэг улс юм.

Монгол нь Зүүн Ази эсвэл Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн боломжуудын тоонд орохгүй байж магадгүй ч Өмнөд Солонгостой стратегийн харилцаагаа нээх шаардлагатай байгаа Оросын хувьд чухал улс билээ.


 “Гуравдагч хөрш” чухал бодлого нь Улаанбаатарт Сөүлтэй таатай харилцаагаа бэхжүүлэхээс гадна нүүрсний нөөц болоод газрын ховор ашигт малтмалыг хослуулах боломжийг бүрдүүлж өгсөн. Өмнөд Солонгост шаардлагатай байгаа ашигт малтмалын төрөл Монголд бий.

Хоёр улс хоорондын газарзүйн хуваагдлыг арилгахын тулд Өмнөд Солонгостой хийж буй харилцаагаа стратегийн болоод олон талт түншлэл болгон өргөжүүлэх замаар Зүүн Хойд Азийн асуудлыг өөрчлөхийг ОХУ хүсч байна.

Монголын “Гуравдагч хөрш” бодлого

Монгол нь түүхэндээ Оросын нөлөөнд байсан ч 1991 оноос хойш Хүйтэн дайны дараах дэлхийд харилцаагаа төрөлжүүлэхийн тулд “Гуравдагч хөрш” нэртэй бодлогоо хэрэгжүүлж эхэлсэн.

Энэ бодлогынхоо хүрээнд тус улс Европын Холбоо, НАТО зэрэг алс холын түншүүдтэй эдийн засаг, улс төр, цэрэг армийн салбарт харилцаа тогтоож, Япон, Өмнөд Солонгос зэрэг улстай харилцаагаа бэхжүүлсээр байна.

Уг бодлогын цаад үндсэн зарчим нь хэдэн зуун жил хяналтад нь байсны эцэст 1911 онд олж авсан тусгаар тогтнолоо хамгаалж, Орос, Хятадын аль алинд дахин захирагдахыг хүсэхгүй байгаад оршино. Энэ зарчим нь ОХУ болон Өмнөд Солонгосыг хамтад нь авчрах Монголын алсын үүргийг хожим ойлгоход чухал.

Монголын Хятадаас хараат байдал

Дэлхий ертөнцтэй харилцаагаа бэхжүүлэхэд Монголд бэрхшээл тулгарсаар байгаа бөгөөд ашигт малтмалаа худалдаалах сүлжээний хувьд  тус улс одоо ч хараат байна.

Канадын “Айвенхоу Майнз”, Их Британийн “Рио Тинто” зэрэг Өрнөдийн тэргүүлэх компаниуд ашигт малтмалын салбарт нь их хэмжээний хөрөнгө оруулалт хийсээр байгаа ч тус улс байгалийн баялгийнхаа 90 хувийг Хятадад худалдаж, урьд нь зайлсхийхийг хүсч байсан хараат байдлынхаа нэг төрлийг бий болгосоор байна. Монголын ДНБ-ий 20 хувь уул уурхайн салбараас хамааралтай.

Энэ салбарын хөгжил 2012 онд тус улсыг дэлхийд эдийн засгийн өсөлтөөрөө тэргүүлэгчдийн тоонд багтааж /ирэх жилүүдэд ч тэргүүлэгчдийн эгнээнд байх төлөвтэй байна/, Хятадын ашигт малтмалын худалдан авалт нийт эдийн засагт нь  ноёлох үүрэг гүйцэтгэхэд хүргэсэн.

Хаан нүүрс ба үүний хараал

Монголын уул уурхайн салбар Хятадаас яагаад хараат болсныг тайлбарлах тодорхой шалтгаан бий. Газрын ховор ашигт малтмалаас /Хятад хэдийн ноёрхсон/ илүүтэйгээр нүүрсний амтанд Хятад улс илүүтэй орсон.

Шулуухан хэлэхэд, Монгол нь  Бээжингийн хувьд Хятадыг түүхий эдийн нөөцөөр хангагчаас өөр юу ч биш. Гэсэн хэдий ч Хятад улс аль болох урт хугацаанд нүүрс худалдан авсаар байх нь Монголд ашигтай.

Гэхдээ ойрын ирээдүйд байдал хурдацтай өөрчлөгдөж байж магадгүй. Засгийн газар нь илүү цэвэр эрчим хүчний бодлогуудыг хэрэгжүүлж, цахилгаан эрчим хүчний эх үүсвэрээ байгалийн хий болон бусад зүйлээр төрөлжүүлж байгаатай нь холбоотойгоор энэ оны 8-9 дүгээр сард Хятадын нүүрсний хэрэглээ урьд  жилүүдийнхээс анх удаа, 23 хувиар мэдэгдэхүйц буурсан юм.

Энэ нь Хятадад сайн хэрэг байж болох ч Монголын хувьд гамшиг болно. Үүнээс Монголын уул уурхайн салбар Хятадын нүүрсний хэрэглээнээс хэр зэрэг хамааралтай болох нь харагдаж байна. Өнгөрсөн хугацаанд нүүрс Улаанбаатарт хаан мэт үзэгдэж байсан бол, одоо хараал болж байна.

Зуучлагч Монгол

Энэ бүхний хажуугаар дэлхий дахинд томоохон үйл явц болж байна. Дорнод-Өрнөдийн үл ойлголцол, удаа дараагийн хориг арга хэмжээ нь урьд урьдынхаас илүү шахалт болж байгаатай холбоотойгоор ОХУ Номхон далайн их гүрэн болж, өмнөх Европын эдийн засгийн харилцан хамааралтай байдлаас гарах томоохон зорилго тавьсан юм.

Үүний зэрэгцээ, БНХАУ, Япон гэсэн хүнд жингийн хоёр тоглогчийн дунд оршдог Өмнөд Солонгос тогтвортойгоор хөгжиж, ирээдүйд улсаа цэнэглэх эрчим хүчний нөөцийг шиншилж байна. Эрчим хүчнийх нь 97 хувь гадаад эх үүсвэрээс гаралтай, нэг жилийнх нь хэдийн 80 сая тонн болсон нүүрсний импорт нь 2018 он гэхэд 128 сая болж нэмэгдэх төлөвтэй байна.

ОХУ Зүүн Азийн энэ улстай илүү идэвхтэй хамтран ажиллахыг хүсч байна. Харин Өмнөд Солонгос эрчим хүчээр цангаж байна. Тэгвэл Монгол Улсад дэлхийн ашиглагдаагүй коксжих нүүрсний хамгийн том орд байна. “Гуравдагч хөрш” бодлогоороо дамжуулан Монгол Улс зуучлагчийн үүрэг гүйцэтгэх замаар, энэ гурван улс ашиг сонирхлоо нэгтгэж байна.

Оросын зөөлөн алхмууд

Энэ ашиг сонирхлынхоо хүрээнд дэлхийн стратегийн түнш Хятадыг гонсойлгохоос зайлсхийхийг ОХУ чармайсан. Нүүрсийг байгалийн хийгээр солих Бээжингийн төлөвлөгөөнд туслахын тулд ирэх 30 жилийн хугацаанд бараг хагас тэрбум долларын байгалийн хийг Хятадад нийлүүлэх түүхэн гэрээнд энэ оны тавдугаар сард ОХУ гарын үсэг зурсан юм.

Үүнээс гадна, ОХУ, Хятад болон Монгол гурван талын хүрээнд эдийн засгийн салбарт хамтран ажиллаж, эдийн засгийн корридор бий болгох хүсэлтэй буйгаа зарласан нь эдгээр тоглогчийн алинд нь ч муу цус байхгүйг харуулж байна.

Цаашдын зам

ОХУ-ыг Өмнөд Солонгостой холбоход Монголын гүйцэтгэх үүрэг рүү буцаж орвол, Монголын говийн нүүрсний ордуудыг Оросын Номхон далайн эрэгтэй холбох санал болгосон төмөр замын төсөл гол цөмд нь байна.

Дараа нь нүүрсийг Өмнөд Солонгос руу, бүр Япон руу ч усан онгоцоор тээвэрлэж болох юм. Монголын нүүрсний нөөц Зүүн Азийн зах зээлд нэвтрэн тоглоом өөрчлөгдөж, энэ зах зээлээс өөрсдийг нь шахаж гаргахаас Австралийн тэргүүлэх компаниуд хэдийн эмээж эхэлсэн. Хэрвээ энэ төслийг амжилттай хэрэгжүүлбэл эдийн засагт үзүүлэх нөлөө нь асар их байх төлөвтэй байна.

Өөр нэг чухал зүйл гэвэл, эрчим хүчний импортын хувь нь өсөн нэмэгдэж буйг Хятад шууд бусаар хянадаг гэдгийг Монголын цаашдын үйлчлүүлэгчид, Өмнөд Солонгос, магадгүй Япон мэднэ гэдэг эргэлзээтэй.

Дүгнэх нь

Хурдацтай хөгжиж буй Ази-Номхон далайн бүс нутаг руу аль болох хурдан хөдлөх нь Оросын ирээдүйд туйлын чухал. Хятад өөрийгөө стратегийн тууштай, үнэнч холбоотон гэдэг ч хоёр улс хоорондын хоёр талын харилцаа Оросын хувьд Номхон далайн бүс нутаг руу чиглэхэд зохих ёсны гарц болохгүй.

Үүний оронд хоёр улс хоорондын харилцаагаа шуурхай бүрэн хэмжээнд түргэсгэж чадах, Хятадаас өөр түнштэйгээ ОХУ нэн даруй  стратегийн түншлэлийн харилцаатай болох шаардлагатай байна. Харин энэ орон зайд Өмнөд Солонгос гарч ирж байна.

Гэхдээ яаралтай хэрэгтэй байгаа зүйлээр нь тус улсын шийдвэр гаргагчид болон бизнесийн байгууллагын удирдагчид Өмнөд Солонгосыг хангах нь чухал. Хэрэгтэй байгаа тэр зүйл нь Монголын нүүрс.

Стратегийн төмөр замаараа дамжуулан Монголын нүүрсний уурхайнууд болон Өмнөд Солонгосын цахилгаан станцуудын хооронд гүүр болсноор ОХУ Номхон далайн бүс нутаг руу чиглэсэн дорвитой алхам хийж, Алс Дорнодод илүү хөрөнгө оруулалт татаж,  Зүүн Хойд Азийн харилцааны эртнээс тогтсон орчныг өөрчлөхөөр ажиллах боломжтой гэж Еврази болоод бусад бүс нутгийн улс төрийн асуудалд гол анхаарлаа төвлөрүүлэн судалгааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, Москвад төвтэй “ORIENTAL REVIEW” цахим сэтгүүлийн улс төрийн тусгай сурвалжлагч Эндрю Корибко бичжээ.

Г.Доржханд

Эх сурвалж: