sonin.mn

“Цог” багийн малын бага эмч Сосор цагаан сарын шинийн тавнаас хойш хэдэн өдөр харьсангүй. Гэр оронгүй өнчин энэ хүү багийн төв бараадсан гурван гэрийн нэг улаан Дамба өвгөнийд хоёр жил толгой хоргодож байгаа нэртэй боловч байхаас байхгүй нь их.

Багадаа мэнэн өвчнөөр өрөөсөн хөлийн шөрмөс нь татаж таяганд орсон өнчин өрөөсөн Сосор суга таягаа түшээд морин дээрээ үсэрч мордоод айл хэсч мал хуй эргэж ажил үүргээ бүтээнэ. Сайн эр уурга түшиж мориндоо морддог, муу эр таягаа тулж харайдаг гэж хүүхдүүд түүнийг шоолж гүйлдэнэ.

Өрөөсөн хөлөө чирч, хүүхэд нохойн доог болсон энэ амьтанд үерхэн нөхөрлөдөг залуус ч олдохгүй, эргэж хардаг эрхи танхи охид ч байхгүй.

Алтан богдын шил, Ардаг баахан шарга, Уяхан замбуу тивийн нар гэсэн уртын дууг Сосорт баймгүй цариг, царам хоолойгоор сайхан дуулчихдаг болохоор айл саахалтын найранд уригдаж, дуундаа өөрөө уярч, өөртөө гомдож, найрын гурван дугарааг тогтоочихно.

Сосорын сураг холдоход улаан Дамба өвгөн, хөгшин хоёр айл хэсч ажлаа амжуулж, дуулж хуурдаж яваа даа өдийд гэж санаа алдаад хэд хонож байтал, өвгөний баруун гэр, багийн даргынд Бүлтэн охин иржээ. Энэ жил арван ес хүрсэн гол усныхаа залуус дундаа ажилтай, амтай, бас царайлаг, дүгрэг алаг нүдтэй, урт шаргал гэзэгтэй, нарийхан бэлхүүс, хотгор нуруундаа таарсан дээл өөрөө эсгэж оёод өмсчихдөг энэ охин багийн даргын зээ.

Бүлтэн нүдэндээ нулимс мэлтэлзүүлж,
-Сосор сураг алдраад тав, зургаа хонож байтал алаг үрээ нь эмээлтэйгээ гадаа хүрээд ирлээ. Дугар гуайн найран дээрээс халамцуу гарсан гэснээс өөр сураг алга. Би ганцаардаад байна гэж эг маг болов. Нагац нь,

-Тэр хөлгүй амьтан хаа холдов гэж. Хээрээр эрснээс айлаар хайвал дээргүй юу. Танайхаар бууж морддог гэсэн. Эцэг эх чинь нүүр өгөхгүй байгаа биз дээ. Сумын “занги” Олзотын цэргээс ирсэн хархүүд талтай юм биш үү.

-Нагац минь, би Олзот даргын овгор эрд цаанаасаа дургүй. Сосорыг үг, үйл дайруулан шоолж, ноолж надаас холдуулах гэж муухай загнадаг адгийн амьтан. Ээж Сосорт талтай. Уртын дуу сайхан дуулдаг, санаа сайтай залуу. Өөрөө л мэдээрэй охин минь гэдэг. Аав ямар дуугарах биш. Гаанс тамхитайгаа л ноцолдож суудаг. Олон айлаар буулаа. Манай багийн дөчөөд өрх, Хар овоотоо тойроод өнө дулаан өвөлжиж байна.

Нагац нь зээ хүүхэндээ санаа тавьж,
-Манай хоёр хартай, гайгүй морьд эмээллээд гурвуул эртхэн гар. Өдөр уртсаад хаврын урь орж, цаг тавигдаад байна гэж охины сэтгэлд итгэлийн цог гэрэлтүүлэхийг хичээв.

Уул талаар дугуйлсан Бүлтэнгийн эрэл мухардаад хэд хонож байхад малын эрэлд гарсан нутгийн нэгэн эр Их царвангийн ойн цоорхойд Сосорын цогцсыг олж, улиасны мөчир дээр таягаа тулж гараад бүсээрээ дүүжилж амиа алдсан түүний өврөөс олсон захидлыг Бүлтэнд авчирч өгчээ.

“Ухаантай хөөрхөн охин минь намайг өршөөгөөрэй. Чи надад биш миний дуулсан дуунд хайртайг би мэднэ. Дуугий минь сонсож өрөвдсөндөө чи надад нүүр өгсөн. Өрөөсөн хөлтэй, сарын цалингаараа сольж өмсөх хувцсаа ч авч чаддаггүй өнчин намайг дайруулж чамайг тавласан эрийн буруу биш.

Би мөчтэйгээ байсан сан бол бас л ингэх байсан. Чи минь түргэн гэрлэж, сайхан амьдраарай. Хурим дээр чинь дуулах дуугаа харамлаж ихээ хол явсан намайгаа мартаарай. Уяхан замбуу тивийн нартайгаа бид жаргах хувь тохиол минь баяртай ’’ гэжээ.

МЗЭ-ийн шагналт зохиолч Ц.Мухар