sonin.mn

МоАХ-ны Хяналтын зөвлөлийн гишүүн П.Дэлгэрсайхантай ярилцлаа. Тэрбээр МоАХ-ын үйл ажиллагаанд гишүүд нь харилцан тэгш оролцоотой байж чадахгүй байгаад нэлээд шүүмжлэлтэй хандаж байгаа юм.

-МоАХ-ны Хяналтын зөвлөл хэдэн гишүүнтэй вэ? Ямар чиг үүрэгтэй ажилладаг вэ?

-МоАХ-ны Хяналтын зөвлөлд одоогоор гурван хүн ажиллаж байна. Н.Ширэндэв, Д.Пүрэвбаатар дээр нь миний бие гэсэн бүрэлдэхүүнтэй. 2006 онд болсон МоАХ-ны хурлаар гишүүдийн олонхын саналаар бид сонгогдсон.

Хяналтын зөвлөл нь МоАХ-ны бүхий л үйл ажиллагаанд хяналт тавихаар дүрмэнд заагдсан байдаг. Энэ дүрмийнхээ хүрээнд үйл ажиллагаа явуулдаг.

-Хяналтын зөвлөлийн гурван хүний хооронд үл ойлголцол үүсээд байгаа гэх мэдээлэл байна л даа. Ямар асуудал үүссэн юм бол?

-2006-2010 он хүртэл Н.Ширэндэв Хяналтын зөвлөлийн даргаар ажилласан. Тэгээд Н.Ширэндэв өөр ажилд орсон учраас Хяналтын зөвлөлийн даргын албаа Д.Пүрэвбаатарт өгсөн юм. Харин Д.Пүрэвбаатар Москвад ажиллаж байгаа.

Ер нь бол Хяналтын зөвлөлийн дараагийн даргыг сонгох цаг болсон. Н.Ширэндэв надад саналаа өгсөн байгаа. Гэхдээ бид хоёр энэ саналаа Х.Баттулга даргад албан ёсоор хэлээгүй байгаа.

-Тэгэхээр дарга сонгоход асуудал үүсээд байгаа гэсэн үг үү?

-Үгүй. Ардчиллын үнэт зүйлсийг хамгаалдаг суурь байгууллагын хувьд дотоод ардчилалтай, гишүүдийн оролцоо харилцан жигд байх ёстой. Гэтэл сүүлийн хэдэн жил энэ байдал алдагдсан.

Манай одоогийн дарга холбоондоо олон зүйлийг хийсэн. Бүх санхүүжилтийг өөрөө гаргаж байна. Нийгэмд хэрэгтэй томоохон бүтээн байгуулалтын суурийг тавьж байна. Энэ бол нэг үнэт зүйл. Гэхдээ аливаа зүйлийг бүтээхээс гадна МоАХ-нд биет бус үнэт зүйлүүд олон бий.

Тэр нь маш олон итгэл, сэтгэлтэй хүмүүсийн эв нэгдэл. Тэгтэл зарим хүмүүстээ хаалттай мэт байгаад байдаг. Зөвхөн Хяналтын зөвлөлийн тухайд гэхэд Д.Пүрэвбаатар ганцаараа шийдвэр гаргаж байна.

Хяналтын зөвлөлөөс гаргах шийдвэрийг бид гурав ярилцах ёстой. Гэтэл хаа хол Москвад байгаа хүнд энд шийдвэр гаргаад байдаг. Тэр шийдвэрийг нь хажууд нь байгаа Н.Ширэндэв бид хоёр мэдээгүй. Энэ бол бидний жигд оролцоо хангагдаж чадахгүй байгаагийн илрэл.

- Хяналтын зөвлөлийн нэг хүн бие дааж шийдвэр гаргасанд та бүхэн эмзэглээд буй бололтой. Д.Пүрэвбаатартайгаа холбогдсон уу?

-Одоогоор холбогдоогүй байна. Би бол гайхаж байна. Москвад байгаа хүн энд шийдвэр гаргаад, гарын үсэг зурж, тамга дарсанд. Гэтэл Улаанбаатарт байгаа хоёр хүн нь мэдээгүй. Энэ нэг биш удаагийн үйлдэл байх.

Өмнө нь хяналтын зөвлөл санхүүгийн үзүүлэлт, маргаантай үзэл баримтлал зэрэг асуудалтай жилдээ нэгээс хоёр удаа танилцдаг байсан. Одоо бол маш хязгаарлагдмал хүрээнд үйл явц өрнөж байна. Ингэж хэлэхээр олон хүн эмзэглэх байх. Зарим хэсэг нь дэмжинэ.

-Та гурав ээлж дараагаар хяналтын зөвлөлөө даргалдаг юм уу? Энэ удаа таны ээлж үү?

-Тиймээ. Уг нь бол миний ээлж. Цаг хугацааны хувьд ч болчихсон.

-Хяналтын зөвлөлийн гишүүд 2006 онд сонгогдсон гэхээр нэлээн удаан ажиллаж байна. Мөн танай холбооны дарга Х.Баттулга ч 2006 онд сонгогдсон. Тэгэхээр удирдлага болоод хяналт тавьдаг хүмүүс нь солигдохгүй хэтэрхий удаж байгаа юм биш үү. Яагаад их хурлаа хуралдуулаагүй юм бэ?

-Өнгөрсөн хугацаанд МоАХ-ны чуулганыг ерөөсөө хуралдуулаагүй. Чуулган хуралдаагүй учраас бидний асуудлыг ч, даргад итгэл үзүүлэх асуудлыг ч яриагүй.

Тэгээд ч МоАХ-ны хүндэт дарга Ц.Элбэгдорж хоёр удаа ерөнхийлөгчид нэр дэвшсэн, УИХ болон орон нутгийн сонгууль зэргээр манай анхны гишүүдтэй холбоотой томоохон үйл явдлууд өрнөсөн. Энэ үеүдэд тогтворгүй байдлууд үүсэх байсан учраас нэлээд болгоомжтой хандсан.

-Жигд оролцоогоор хангагдаж чадахгүй дээр нь нэг удирдлага, хяналтын зөвлөлтэйгээр найман жил болж байна. Ер нь МоАХ-ны үйл ажиллагаанд ямар нэг доголдол байна уу?

-Бүх санхүүжилт нэг хүнээс гарах нь эрүүл бус ойлголт. Аливаа зүйлд үзэл бодлоо солилцож, нүүр нүүрээ харж байгаад шийдвэр гаргаж байж л олон нийтийн байгууллага “амьд” явдаг. Тэгж байж бие биенээсээ мэдээлэл авч, өсч хөгждөг.

Бид хаана байгаа билээ, хаачихав гэдгээ байнга тодорхойлж байх ёстой. Гэтэл бид үзэл баримтлалын хувьд тунхагласан маш олон зүйлсээсээ ухрах ирмэгт тулчихаад байна. Биднээс гадна дараагийн үе яах вэ. Лидерүүд нь зөрчил, маргаантай байвал хажууд нь ажиллаж буй дараагийн үе яах гэдэг нь эмзэглэх асуудал.

-Товчхондоо бол МоАХ дотоод ардчилалгүй болсон гэсэн үг үү?

-Яг тийм. Ерөөсөө дотоод ардчилалгүй болсон. Бидний үнэт зүйл бол Монголын ардчилсан нийгмийн суурь байгууллага. Манайхаас маш олон иргэний нийгмийн байгууллага, ТББ, намууд төрж гарсан.

Гэтэл зөвхөн нэг нам доторх асуудалтай зууралдаад байгаа нь 1990 онд тунхагласан үзэл баримтлал, олонхоороо байх ардчиллын суурь үнэт зүйлстэй зөрчилдөөд байна. Дэндүү жижгэрчихсэн ч юм шиг. Өмнө нь хаа байсан, одоо хаана байгаа, цаашид хаашаа явахаа тодорхой болгох хэрэгтэй.

В.Бат