sonin.mn

/Сөрөг ухаарахуй/

Эсгий туургатан монголчуудыг
Их эзэн Чингис хаан
Агуу их суу заль
Арга ухаанаараа нэгтгэж
Их Монгол Улсыг байгуулсан
Найман зууны тэртээд
Хаанаа хуралдайгаар сонгодог
"Хаадын ардчилал’’-аас өнөөгийн
Нийт даяарыг хамарсан
"Нийтийн ардчилал" хүртлээ
Засаглалын хэчнээн ч олон түүх
Заяа төөргөөр залгамжилж ирсэн болоо...


Дэлхийн талыг эзэлж
Хүлгийн сайныг эдэлж
Даяаршлын эхийг тавьсан
Тэнгэр заяат хөх толбот
Омогшил дүүрэн монголчууд бидний
Мах, цусанд кодлогдож
Ясанд нь шархиран байгаа
Аугаа их түүхийн гайхамшигт улбаа
Ард түмэн биднийг
Нэгэн үзүүрт чиглүүлэн
Нэгтгэн зангидаж байдаг бөлгөө...


Үүх түүхээ сайн мэдэхгүй байсан бид
Үзэл нь ганцхан ядмагхан
"Социалист төртэй" 70 жил таваргаж
Хүмүүн заяатын бодож олж
Хөгжүүлэхийн төлөө тэмцэж ирсэн
Ардчилсан гэгдэх "Адгийн төртэй”
Хорин таван жил уралцахдаа
Эрх чөлөө, тусгаар тогтнол
Нийгэм журам, нийтийн ёс
Хүнд суртал, захиргаадалт
Хөгжил дэвшил, хэлмэгдүүлэлт
Хувийн өмчийн үзэн ядалт
Хувьсгалт намын дангаар ноёрхол
Жолоогүйдэл, задгайрал
Эв түнжин хагарал
Эх захаа алдалт
Хийрхэл хоосрол
Хэнээрхэл туйлшрал
Үнэн түүхийн үгүйсгэл
Үзэн ядалтын хорсол
Авилга хээл хахуул
Ажилгүйдэл ядуурал
Алив бүхнийг үзсээр ирлээ дээ
Яалтай ч билээ
Түмэн олон минь


Ардчилал, зах зээлийн мөн чанарыг ухааруулалгүй
Ард түмнийг урсгалаар нь зүтгүүлж
Амьдралын хэмнэлийг алдагдуулж
Ажилгүйдэл, ядуурлыг газар авахууллаа
Ардчиллыг дураараа авирлал
Зах зээлийг замбараагүйтэл болгосноор
Архидалт, завхайрал, аюулт өвчин
Аймшигт гэмт хэрэг
Агуу их үндэстнийг мөхөл рүү түлхэж
Ард олны заяа тавилан хөсөрдөх боллоо
Алаг цоог ажил амьдрал дэнслэгдэн
Авилга, хээл хахуулд идэгдэх болж
Луйврын аж төрөх ёс ноёрхож
Гуйврын амьдралд сөхрөх боллоо
Даанч дээ
Хүн ард минь
Хүй олон минь


Төр нь эрх мэдэлтнүүдийн гар хөл болон хувирч
Төрийн том үйлдвэр, өмч хөрөнгийг хувьчлах нэрээр луйвардаж
Тасчин хувааж идсэнээр
Толгой баячууд төдөлгүй тодорч
Түмэн олон үнсэнд хаягдан шалз шиг болж
Үгүйрэн хоосорч хоцорлоо
Гурван сая түмнээ ханатал цатгаж
Гулгитал амьдруулах боломжтой байтал
Гуйлгачдын тоо олширсоор байгаа
Гутамшигт үзэгдлийг хэрхэн өөрчлөх болоо
Улс төр, эдийн эасгийн бүлэглэлүүдийн
Мөнгө, эрх мэдлийн дарангуйлал хүчээ авч
Үй олон түмнийг бухимдал бачимдал
Уур хилэн, дарамтад нэрвэгдүүлж
Улс орноо уралдаж хулгайлах хуйвалдаанд
Улайран тэмцэлдсээр байгааг харахад аймшигтай
Арай ч дээ
Эх орон минь
Элгэн түмэн минь


Нэг нам нь ялж эрх мэдэлтэй болохоороо
Нөгөө намынхнаа намнан ажилгүй болгодгоос
Намыг эрх дархтай болох
Ашиг хонжоо олох гишгүүр болгож
Намуудын бохир улс төр, бийлэгжилтээр дамжиж
Монгол төр өөрөө булингартаж
Төрийг эрх мэдэл, хөрөнгө мөнгөө зузаатгаж
Тэрбумтан болж баяжих хэрэгсэл болгосоор удлаа
Монголын хөрсөнд нутагшаагүй
Харийнхны тулган хүлээлгэсэн
Улс төрийн ардчиллын булингартлын
Удаах нь өнөө цагт
Эдийн засгийг хямруулан сөхрүүлж
Элгээр нь хэвтүүлэх ажиллагаа болж
Уг үндсээр нь хийгдэж байгааг
Ухаарах цаг болсон биш үү
Дараа дараалан гарсаар байгаа
Даанч аюултай онц ноцтой жигшүүрт харгис гэмт хэргүүд
 Даяар олныг айдас түгшүүрт автагдуулж
Дэлхий бидний Монголыг "Хамгийн том шорон" гэх
Дэндүү их гутралд учрууллаа,
Даанч дээ
Түмний минь заяа түших байлгүй дээ


Ардчиллын бэлгэ тэмдэг эрх чөлөөгөөр халхавчилж
Ардчиллын толь болсон ард нийтээр шийддэг
Ардчилсан гэгдэх сонгууль бүхнээ будилаантуулж
Ард түмний сонголтыг уландаа гишгэж
Санах, мэдээлэх, нууц үйлдлийн зохиомжтой
Сайрхаж магтсан техник хэрэгсэл ашиглаж
Санал хураалтыг сэтгэл дундуур булингартай шийддэг
Сонгуулийн хуурамч булхайтай системийг шүтсэн
Эрх мэдэлтнүүдийн эргэж урваж шарвасан
Эрээ цээргүй увайгүй ёс бус үйлдлийг
Эцэс төгсгөл болгож цэвэршүүлэх цаг
Аль хэдийнэ бий болсон ч
Халаас нимгэн нь мөнгөнд хууртагдаж
Халагдаж хохирсон нь гудамжид гардаг
Харгис бурангуй нийгмийн дүр төрх
Харсаар байтал улам тодрох боллоо
Орлого, баялгийн хуваарилалт
Огт өөр буруу замаар орж гарч
Очих эзэндээ хүрдэггүйгээс
Олон түмэн ядуу зүдүү амьдралд туйлдлаа.
Онгон дагшин уул нуруугаа
Онгичиж сэндийлээд там болголоо
Ус, ургамлаа үндсээр нь
Үгүйрүүлээд цөл болголоо
Яана даа яана
Уул, ус минь
Ургамал, амьтан минь


Олон мянган шилдэг залуус
Харийн оронд очоод боолчлогдцог боллоо
Охид, хүүхнүүд гадныханд молигодуулаад
Дамлан худалдагддаг боллоо
Гадаадынхны өмнө долигонон бөхөлзөж
Газар нутгаа хайр найргүй цөлмүүлдэг боллоо
Тусгаар тогтнол ямх ямхаар алсарсаар
Төр улс мөхөж колони болохоос айдаг боллоо
Ардчиллын амьсгалах агаар хүчилтөрөгч болсон
Чөлөөт хэвлэл мэдээлэл ёс зүйгээ алдан алагчилж
Хэдэн бор мөнгөнд дөрлүүлж дөрөө харшуулах болсноор
Ардчилсан монголын нийгэм бүхэлдээ булингартах боллоо
Дэлхий өртөнцийн даяаршлын үөр
Дэргэдэх болон харь орнуудын түрлэг
Төр улсыг минь хүчгүйдүүлэн уусгаснаар
Түүхийн золиос болон алга болж
Ухаант өвөг дээдсийн минь өвлүүлсэн
Үүрд бадрах "мөнхийн гал"-ыг
 Унтрааж сүйтгэх аюул нүүрлэлээ
Яана даа яана
Гал, ус минь
Газар шороо минь


Монголыг монголоор нь хөгжүүлэх
Үнэт зүйл язгуур үндэс болж
Үеийн үед бүрэлдэж хэвшсэн
Монгол хэл, соёл, зан заншил
Хүмүүжлийн бодит орчныг бусниулснаар
Монголоо гээж нийгмээрээ булингартсан
Ёс суртахууны доройтлыг буцаан цэвэршүүлж
Хүнлэг чанараа хадгалан төлөвшүүлж
Хүмүүнлэг иргэний ардчилсан нийгмийг цогцлооход
Хичнээн арван жил хэрэггэй болохыг
Хэлж төсөөлөхийн аргагүй боллоо
Хойч үе минь
Холын ирээдүй бүрхэг байна


Монгол Улсын Засгийн газрыг
“Шинэчлэлийн Засгийн газар” гэж
Шинэ нэр өгч цоллосон ч
Мөн л алдаатай бодлого явуулж
Муйхар, зальжин, ам бардам, ажил даржин
Харлаган, хариуцлагагүй нь хэтэрч
Хуулийнхнаар далайлгаж сүүдэрт нь нуугдан
Хохироож хэлмэгдүүлэх арга сүвэгчилж
Өмнө бүтээснийг үндсээр нь үгүйсгэж
Уламжлал, эалгамжлалыг умартаж
Улс төрийн оноо олж авахыгаа
Урьтал болгон уухайлдгаас
Магад олигтой дэвжихгүй
Молгидож аргацаах нь хэтийдлээ
Төр эасагт чаддаг нь биш
Төрөл садан аргатай зальтай нь
Дуртай, дуулгавартай нь
Хөрөнгөтэй мөнгөтэй нь орж ажиллах
Хаалга үүд нээлттэйгээс болж
Төрийн сульдаа архагшиж
Төр хямарч дампуурах нь
Тун ч холгүй боллоо
Төрийн сулралаас болж
Тусгаар тогтнол хэврэгшиж
Дураараа авирлах нь дэндэж
Төрийн хууль ёс хүчгүйдэж
Монгол хүн үнэгүйдэж
Монгол соёл иргэншил
Мохож үгүй болох аюул
Мөлхөн нүүрлэхээс эмээдэг боллоо
Төлбөр, санхүү, эдийн эасгийн хямрал
Төө эайгүй айлссаар байгаа
Төвөгтэй хэцүү энэ үед
Төрийн ухаалаг бодлого, үйл ажиллагаа
Тун ч хэрэгтэй боллоо доо
Түмэн олон минь


За "Төрийн төлөө оготно турж үхнэ" гэдэг шиг
Тэгж ч их халаглал, эмгэнэлд унаж
Муу ёрлоод яах вэ
Тэнгэр эцэг, газар ээжтэй монголчууд бидний
Тавилан заяа гудайх учиргүй дээ
Төрийн минь сүлд өршөөг
Түмэн олныг минь мөнх тэнгэр ивээх болтугай.


Ахмад сурган хүмүүжүүлэгч, Ардын боловсролын тэргүүний ажилтан, зөвлөх багш О.Ажигцэрэн