sonin.mn

Сүүлийн хэдэн өдөр цахим ертөнцөд Монгол Улсын газрын зураг хэлбэртэй, дотроо Чингис хааны гэр тэрэг нүүж буй дүрс бүхий ханын чимэг сийлбэрийн зураг тархаж, олны таашаалыг хүртсэн.

Тиймээс “Их нүүдэл” нэртэй уг бүтээлийн эзнийг та бүхэнд танилцуулж байна. Ингээд Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл, урлалын политехникийн чимэглэх урлагийн хоёрдугаар дамжааны оюутан У.Мөнхтамиртай ярилцсанаа хүргэж байна.

-Юун түрүүнд манай уншигчидад өөрийгөө танилцуулахгүй юу?

-Намайг Уртнасан­гийн Мөнхтамир гэдэг. Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл, урлалын поли­техникийн коллеж­­ийн чимэглэх урлагийн хоёр­дугаар дамжааны оюутан.

-Хүн бүр эмч, хуульч болох гээд хошуурч байхад таны хийсэн сонголт их өвөрмөц юм. Өөрийн сонголт уу эсвэл гэр бүлийн тань хэн нэгэн энэ чиглэлээр ажилладаг уу?

-Би багаасаа л урлаг их сонирхдог байсан. Тэр дундаа уран зураг. Эхэндээ зургийн ангид орьё гэж бодож байгаад сийлбэрийн ангийг сонгосон. Учир нь сийлбэрийн ангид уран зураг, баримал, хар зураг гээд л бүх төрлийн хичээл ордог учраас энэ мэргэжлийг сонгосон.

Нөгөөтэйгүүр аав маань дархан хүн болохоор энэ сонголтыг хийхэд нөлөөлсөн байх. Аав маань алдаа оноог сайн хэлж өгдөг. Нэг үгээр бол миний багш гэж хэлж болох юм.

-Таныг сийлбэрчин гэж бодож байлаа. Гэтэл Чимэглэх урлагийн ангид сурдаг юм уу?

-Манай сур­гууль хоёр жил хагас суралцаад төгсдөг. Би Уран сийл­бэрийн ангиа төгсөөд, одоо чимэглэх урлаг­­ийн ангид суралцаж байна. Өөрөөр хэлбэл мэргэжлээ дээшлүүлж байна гэсэн үг. Энэ ангиа ирэх арванхоёрдугаар сард төгсөнө.

-Ингэхэд хэдэн настай вэ. Бүтээлийг тань хараад ийм залуухан хүн байна гэж төсөөлсөнгүй.

-Би одоо 18 настай.

-Захиалагч талын­хан чамтай анх уулзах­даа жаахан хүүхэд гэсэн үүднээс ханддаг уу, эсвэл илүү ажил хэрэгч байдлаар ханддаг уу?

-Ер нь юм хийлгэе гээд уулзаж байгаа хүмүүс эхэндээ жаахан хүүхэд чадах болов уу гэсэн хандлагатай байдаг. “Суруга Монгол”-ынхон ч гэсэн эхэндээ тэгж хандсан. Харин хийсэн бүтээл­үүдээ харуулаад, ярилцаад ирэхээр хандлага нь их өөр болдог.

-Төгсөөд юу хийх вэ. Сийлбэрчид, дарханууд ихэвч­лэн нэг жижиг аж ахуй эрхлээд хувиараа юм хийж байгаа харагддаг.

-Төгсөөд монгол зургийн мэргэжлээр үргэлжлүүлэн сурна. Сийлбэрчид ихэвчлэн хэд хэдээрээ нийлээд жижиг аж ахуй нэгж байгуулаад сийлбэртэй гэр гэх мэт зүйл хийгээд явдаг. Яг хув­ийн бүтээл­ээрээ үзэсгэлэн гаргаад явж байгаа хүмүүс тийм ч их биш. Манайд уг нь сайн сийлбэрчид бий. Гэхдээ тэд нь ихэвчлэн гадаадад ялангуяа Японд ажилладаг.

-“Их нүүдэл” бүтээл­ийн талаар ярилцья. “Суруга Монгол” компан­­­ийн захиалгаар хийсэн гэж сонссон. Захиалагч талтай яаж холбогдсон бэ?

-Тийм­­ ээ “Суруга Мон­ гол” компан­­­­­­­­ийн захиал­­­­­гаар хийсэн. Тэд оршин суугчдын­­­хаа тав тухыг хангах үүднээс орон сууц­­ныхаа орох хэсэгт ийм ханын чимэг хийлгэе гэж шийдсэн юм билээ.

Одоо Зайсангийн тэр хавьд нэг орон сууцанд байдаг гэсэн. Ихэвчлэн баячууд амьдардаг болоод ч тэр үү. Тэр бүр хүн мэддэггүй юм. Захиалгын тухайд “Суруга Монгол”-д ажилладаг нэг танил ах уран зургийн багштай маань холбогдож энэ санал орж ирсэн.

-Зохиомж дизайныг нь чи өөрөө гаргасан уу эсвэл захиалагч талын санаа байв уу?

-Дизай­н­­ыг нь захиалагч тал гаргасан.

-“Их нүүдэл” ер нь хэдий хэр хугацаанд бүтэв ээ. Хичээлийнхээ хажуугаар бүтээлээ хийдэг биз дээ?

-Яг бэлэн болсон гэвэл 21 хоногт юм байна. Ихэнхдээ хичээлээ тараад оройн цаг­аар хийсэн. Заримдаа найзууд маань тусалж байсан болохоор гайгүй байсан.

-Бүтээлээ хаана хийдэг вэ гэртээ юу эсвэл өөрийн гэсэн урлантай юу?

-Өөр­­ийн гэсэн урлан­гүй “Их нүүдэл”­-ийг багшийн­хаа урланд хийсэн.

-Материалын хувьд?

-Хуш модоор хийсэн. Бусдаасаа илүү зөөлөн байдаг болохоор дийлэнхдээ хушаар хийдэг.

-Том хавтгай, цул модон дээр хийдэг юм уу эсвэл хэсэг хэсгээр нь сийлээд нийлүүлдэг юм уу?

-Хэсэг хэсгээр нь хийнэ. Дараа нь түүнийгээ нийлүүлж, наах замаар хийдэг.

-Хэд орчим төгрөгөөр бүтсэн бэ. Материал ажлын хөлс гээд овоо их юм болно биз?

-Саяхан нэг хүнд 15 сая гээд хэлчихсэн чинь олон нийтэд 15 сая гээд тар­чихсан байна лээ. Уг нь бүтээл хийх хугацаа, материал, ажлын хөлс, зуучлагчид өгөх хувь гээд бүх зүйлээ тооцоход 15 сая болсон нь үнэн. Таньдаг хүн маань холбогдсон болохоор арай бага үнээр хийсэн. Яг 15 саяар хийсэн зүйл бол байхгүй.

-Үнэлэмж нь арай бага биш үү. Сийлбэрчид бүтээлээ ингэж бага үнэлдэг юм уу эсвэл захиалагчид нь бага үнэлээд байна уу?

-Яг ч захиалагчид бага үнэлж байна гэж ойлгож болохгүй. Нэгэнт л ажил хийж байгаа болохоор яриа хөөрөө байлгүй яахав. Ер нь монголын сайн сийлбэр­чид яагаад гадагшаа гарч ажиллаад байна гэхээр тэдний бүтээлийг авах хүн ховор байна шүү дээ.

Хийсэн зүйлээ овоо хэдэн төгрөгөөр өгчихмөөр байдаг. Гэтэл авах хүн нь бага үнээр авах гээд байдаг учраас ихэнх нь гадагшаа гарчихаад байна. Манайханд бол зөвхөн мөнгөтэй хүмүүс л иймэрхүү бүтээлийг авч байна шүү дээ.

-Одоо бүрэн сийлбэртэй гэр хийж байгаа гэсэн тэр талаараа ярихгүй юу?


-Би одоо дөрвөн хүнтэй хамтраад бүрэн сийлбэртэй монгол гэр хийж байгаа. Гэрийг ерөнхийдөө 20-иод хоногт хийдэг. Иймэрхүү гэрүүдийг ихэвчлэн аялал жуулчлалын баазууд их авдаг. Түүнээс биш байнгын захиалагчгүй бол ийм төрлийн гэрийг хичнээн гоё хийгээд ч авах хүн ховор.

Нөгөөтэйгүүр сүүлийн үед гэр хийж байгаа хүмүүс маш олон болчихсон. Гэхдээ тэд урлаг талаас нь биш мөнгө олох гэж хийгээд байна. Баганын суурь нь л гэхэд яст мэлхий, заан төдийхнөөр хязгаарлагддаг. Шинийг эрж хайх биш бэлэн зүйл дээр ажиллаад хурдхан мөнгө олох гээд байгаа юм шиг санагддаг.

-Ажилдаа дуртай юу?

-Дуртай байлгүй яахав. Сийлбэрээ хийж дуусчихаад харах их сайхан байдаг. Гэхдээ түүнээс илүү хийсэн бүтээл маань захиалагчид таалагдахаас илүү сайхан зүйл байхгүй.

-Өдөр нь хичээлдээ яваад орой нь ажлаа хийгээд өдрийг их завгүй өнгө­рөөдөг бололтой. Үеийнхээ хүүх­дүүдэд атаархдаг уу?


-Нээрээ цаг хугацаа их хурдан өнгөрдөг шүү. Ажилдаа дуртай болохоор атаархаад байдаггүй ээ. Харин ажлаа хийж байгаад ядрахаараа хөгжим сонсдог энэ л надад эрч хүч өгдөг байх даа.

М.Санчир

Эх сурвалж: