sonin.mn

Тоолбол нэлээд олон жилийн, тодруулбал 17 наснаасаа Монгол банкнаасаа аравхан дүү Ц.Далхаа гуай ажил амьдралынхаа 60 гаруй жилийг банк хэмээх их хөмрөгт айлын алтан сан хөмрөг “Их тогоонд” өнгөрүүлсэн аж.

1934 оны хөх нохой жилийн Цагаан сарын дараахан хотын дунд хонь, ямаа майлах, адуу янцгаах, үхэр мөөрөлдөх, сэрүүн тунгалаг, цас будрах өдрийн морин цагт Хөвсгөл аймгийн Галт сумын нутагт түмний дунд Чингис хааны тулгын чулуу хэмээх домогтой Баянзүрх хайрхан уулын өвөрт ачлалт аав Б.Цэрэндаш, энэрэлт ээж Ш.Жавзансүрэнгийн 15 хүүхдийн 13 дахь хүү болон мэндэлжээ. Нас биеэр бага ч бага сургуулийг онц гэсэн үнэлгээтэй төгсчээ.

Түүнийг сахилга батаар нь шалгаруулсан Санхүү эдийн засгийн техникумд суралцахаар улсын нийслэлээ зорьж, уг сургуулиа дүүргээд Улсын банкны ерөнхий хороо гэж нэрлэгдэж байсан Монголын мөнгө санхүүгийн системд насан турш холбогдон их ажлын гараагаа эхэлсэн түүхтэй.

Улсын банкны системд нягтлан бодогч, байцаагч, ахлах эдийн засагч, хэлтэс, тасаг, газрын орлогч дарга, тусгай хэргийн эрхлэгч, Төв аймгийн банкны даргаар тасралтгүй дэвшин ажиллаж байсны зэрэгцээ мэдлэг мэргэжлээ дээшлүүлж, Эдийн засгийн дээд сургуулийг бүртгэл-эдийн засагч мэргэжлээр суралцаж төгсөөд Төв аймгийн банкны даргаар томилогдон арваад жил үр бүтээлтэй, хийсэн ажилтай, хэлэх үгтэй нэгэн болжээ.

Тэндээ О.Тунгалаг хэмээх сайхан бүсгүйг ханиа болгон, арваад жил ажиллаж, амьдрахдаа таван хүүхэд төрүүлж өсгөн өнөр өтгөн айл болж улмаар Улаанбаатар хотноо шилжсэн байна.

Ингээд Ц.Далхаа Улсын банкандаа, эхнэр О.Тунгалагт нь Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнд биотехнологийн үйлдвэр, судал-гааны төвд олон жил үр бүтээлтэй ажилласан.

Түүний халамжит хань О.Тунгалаг өөрийн ухамсарт амьдралаа хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө зориулж, иммуноглобулин, альбумин бүтээлээрээ 1991 онд Төрийн шагналаар шагнагджээ.

Ц.Далхаа гуай Цэндийн Дамдинсүрэнгийн:

“Ундарга муутай сайр шандын усанд
Урсгал сайтай ариун булаг нийлсэн юм шиг
Ухамсар муутай миний аж амьдралд
Учирсан ханийн хэрэг болсон нь багагүй..”
хэмээсэн суут хүний тэрлэсэн бадаг мөрийг гэргийдээ уншиж явсан бөлгөө

“Ц.Далхааг хийж бүтээснээр нь нэрлэвэл зураач, ном, сурах бичиг зохиогч, сурган хүмүүжүүлэгч суртал нэвтрүүлэгч, нийтлэлч хэмээн хэлж болно” гэж Соёлын гавъяат зүтгэлтэн Жа.Пүрэв тэмдэглэн үлдээсэн нь түүнийг нэг хүнд хүнддэх нимгэн биед түүртэх их ачаа үүрч явсныг хэлсэн буй заа.

Ц.Далхаа гуай ХААН банкийг анх санаачлан гардан байгуулсан, банкаараа бахархан “Манай банк орон даяар нийт 530 салбар нэгжтэй, улсынхаа нийт өрхийн 80 орчим хувьд банкны бүх төрлийн үйлчилгээг өргөн хүрээнд хүргэн ажилладаг, есөн жил дараалан улсын тэргүүний банкаар шалгарч олон тэрбум төгрөгийн орлогыг оруулж, хаана мөнгө дутагдана тэнд хүрч үйлчилдэг” гэж дурьдана. Нэгэн бодит баримт гэвэл Улсын 93 жилийн ойн баярын зардлыг дааж өнгөрүүлсэн байна.

Ц.Далхаа гуай Монголын ард түмнийг мөнгөн хадгаламжтай болох үйл ажиллагааны заавар журмуудыг анх удаа бичиж боловсруулан гаргаад, банкнаас хөдөлмөрчдийнхөө хадгалуулсан мөнгөнд өгөх шагналт хүүний аргачлалыг, найман хувь хугацаагүй, зургаан хувийн таблецийг 1964 онд Төв аймагт ажиллаж байх үедээ зохион бүтээж хэвлүүлэн мөрдүүлсэн байна. Энэ бол маш том ажил.

Ц.Далхаа гуай манай аж ахуйн нэгжүүд, яам тусгай газруудад 1960-1970 онд нэгдсэн нягтлан бодох бүртгэл үгүй, амиа аргацаасан мемориал ордерын системтэй явж байсныг, Ардчилсан Герман улсаас нэгдсэн бүртгэлийн системийг авч хэрэглэх шийдвэр гарсан дор нь Төв аймагт нэгдсэн бүртгэлийн системийн дотоод эс эд болох анхан шатны буртгэлийн маягтуудаар кабинетыг Гавъяат багш Н.Түмэн болон бусад нягтлан бодогчтойгоор зохион бүтээж, анх удаагаа (нэгдсэн бүртгэл хэмээх) нябо бүртгэлийг нэвтрүүлсэн юм.

Одоо Төв аймгийн музейд анх байгуулж нэвтрүүлсэи кабинет, хэрэглэж байсан сампин ч хадгалагдаж байна. Түүнийг Монгол банк 90 жилийнхээ ойгоор Улаанбаатарт авчирч олон түмэнд үзүүлсэн.

Энэ кабинетыг уран зохиолч, яруу найруулагч иххүмүүн Р.Чойном зурж хийлцсэн тухай ном зохиолд бичигдсэн байдаг юм. Чойномтой хамтран бичсэн сэдэв нь “Утга зохиол” сонинд удахгүй гарна.

Ц.Далхаа гуай 1954 онд манай улсын таван хошуу малын зурагтай сүлд өөрчлөгдөхөд (мөнгөн дээрээ) сүлдийг оруулан анхны эх хувийг зурж, бүтээгээд, зураач Минжүүрээр эцэслэн зуруулж хэвлүүлж гүйлгээнд гаргажээ.

Мөн Хятад ард улсад хөнгөн цагаан материалаар цоорхойтой мөнгийг Сангийн яамны валютын хэлтсийн дарга асан Чимэдрэгзэн, банкны Мягмар нарын хамт хийлгээд гүйлгээнд гаргасан.

Ц.Далхаа гуай үндэснийхээ мөнгөн тэмдэгтүүдийг хэвлэгдсэн онуудаар нэгтгэн, нэгэн загвараар хийсний дээр 2009 онд үндэснийхээ мөнгөний бэлгэдлийг хоёр янзаар бүтээн хийгээд Ерөнхий сайдаар батлуулж батламжийг авсан байна.

Энэ бэлгэдлийг өргөн хэмжээнд хэрэглэх болсноос гадна аль ч улс мөнгөнийхөө бэлгэдпийг ийм маягаар гаргаагүй байгаа нь мөнгө сонирхогчид, гадаадын хүмүүсийн сонирхлыг татаж байдаг. Энэ мөнгөний бэлгэдлийг сонирхогчдын хүсэлтээр 2012 онд дэлхийн мөнгө сонирхогчдод зориулж интернетэд тавьсан байна.

Мөнгөний бэлгэдлээр хананы ба ширээний календарийг 2010 оноос эхлэн жил болгон гаргаж мөнгөн тэмдэгтээ сурталчилдаг болсон юм.

Ц.Далхаа гуай нийтдээ 21 жижиг том ном бичиж, номноос мөнгөжих хөрөнгөжих арга, мөнгөний ертенц гэх мэт дөрвөн ном, мөнгөний тухай гурван ном, мөнгөн хадгаламжийн тухай гарын авлага болгон зурагтай ном бичжээ.

Ц.Далхаа гуай “Санхүү банкны тэргүүний ажилтан” гэдэг энгэрийн тэмдгийг Улсын банкны Ерөнхий хорооны дарга Л.Лхамсүрэнгийн даалгавраар 1964 онд өөрөө зурж Сангийн яам, банкныхаа сайд, даргад танилцуулан БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1964 оны гуравдугаар сарын 18-ны өдрийн 135 дугаар тогтоолоор батлуулжээ.

Түүнээс хойш 2014 оны аравдугаар сар хүртэл 21045 хүнд өгсөн, одоо Сангийн яам, банк бусад санхүүгийн ажилтан хэн бүхэнд энэ тэмдэг, санхүүчдийн энгэрийн тэмдэг болсон байна.

Ц.Далхаа гуай Улсын банк, ХААН банкны бэлгэдлийн логог авьяас билгээ гарган зурсан, улмаар АНУ-ын иргэн, гүйцэтгэх захирал асан Питер Морроувийг “Энхийн тагтаа" болгон зураад жаазлан ХААН банкныхаа 15 жилийн ойн баяраар дурсгал болгон өгч, өндөр үнэлэлт авч байсны зэрэгцээ улсын банкинд тухайн үед сонин гаргах, лоозон бичих нь үүрэгт ажил мэт байжээ.

Ц.Далхаа гуайн бүх л насаар хийж бүтээсэн ажил нь зөвхөн санхүү банкныхаа ажил төдийгүй, санаандаа орж, нүдэндээ үзэгдсэн ажил бүхэнд хүрч биечлэн хийж явсан хүн дээ.

Ганцхан баримтыг дурьдахад.... Төрсөн нутаг Хөвсгөл аймгийн Галт сумын “Ундрал" нэгдэл гэж байхад Салаа найман трактор, зээлийн хөрөнгөөр авч, эдгээр трактораар малынхаа өвсийг бэлтгээд хэрэгцээнээсээ илүү гарсныг Говь-Алтай аймгийн хойд талын хэдэн сумыг хангадаг байсан, Сум-нэгдлүүдийн зарим дарга унаа уншгүй дутагдалтай байхад нь зээлийн хөрөнгөөр “УАЗ-469” машин арвыг төвлөрсөн бусаар олж тусалсан.

Төв аймагт хүн эмнэлгийн барилгыг бариулахад шургуу оролцсон, зүү, тариурын үйлдвэрийг өөрөө гардан санхүүжүүлэн бариулсныг дурдаж болно.

Ц. Далхаа гуайнхаа яг одоо юу хийгээд байгаа талаар авч үзье.

Насны чөлөөнд 2006 оны аравдугаар сард гарч сар гаруйн хугацаанд амарсан боловч ХААН банкны дэд захирал “Та тусгай гэрээ байгуулаад ажилдаа эргэн орно уу. Ажиллах цагийг тань дөрвөн цагаар тогтоож өгье” гэснээр чөлөөт хөдөлмөр эзэмшигч-тусгай гэрээт ажилтан болсноор эхний зургаан сард сар болгон 70,000 төгрөг авч, одоо хүртэл өндөр насны тэтгэвэрт ХААН банкнаас 30000-54000 төгрөг аваад ажиллаж байна.

Өнгөрсөн хугацаанд 20 ном бичиж 200 ширхэг зураг плакат зурж хананы болоод ширээний календарь 2010 оноос эхлэн ажил төрлийн зургаан заавар журам, өгүүлэл найруулга 10 гаруйг боловсруулан бичжээ.

Ард иргэдийн 16 хувь баян чинээлэг, 23 хувь нэн ядуухан, үлдсэн хэсэг нь дундуурхан амьдарч байгаа тул нийт ард иргэдийнхээ мөнгөний хуримтлалыг нэмэгдүүлэхэд мөнгө    арвижих санг 2014 оноос эхлэн нээж ажиллуулснаар 5,000 хүнийг зохих төвшний хуримтлалтай болгоод, нийт хөдөлмөрчдийн мөнгөн хадгаламжийн хуримтлалыг 220,0 сая төгрөгөөр нэмэгдүүлж цаашид нөхөн хуримтлуулах таатай нөхцөлийг бий болгоод байна.

Мөн ард иргэдийнхээ амьдралд түр ч гэсэн мөнгөн туслалцааг үзүүлж байдаг “Зээлдэн туслах касстай” болгох талаар асуудал боловсруулан хөөцөлдөж байна.

Зах зээлийн гэх чөлөөт эдийн засгийн харилцаанд энэ хүн шиг нөлөөтэй хүн байна уу.

Тодотгон дурсахуй дор:

Монгол Улсын мөнгөн хөмрөг банкны ажилд амьдралынхаа жаран жилийг зориулсан, гандан бууршгүй, эрдэм мэдлэг, эрч хүчтэй энэ хүн Тургеневээс эхлээд оросын сонгодог зохиолчдын номыг уншин гэгээрч Р.Чойном, Мишигийн Цэдэндорж нарыг ивээн тэтгэж, ардын уран зохиолч Дөнгөтийн Цоодолтой ч, ганзага нийлж яваа нэгэн бөлгөө.

Нас сүүдэр 80 шүргэсэн боловч эрч хүч, эрхэм зүтгэл нь идэр тэнхлүүн их хүн бол Цэрэндашийн Далхаа гуай мөнөөс мөн. Үүний тул төр түмэн хоёрт зүрхний гол, сэтгэлийн гүнээс хүргэж өргөн соёрхсон Монгол Улсын төрийн соёрхолт зохиолч, Соёлын гавъяат зүтгэлтэн, сэтгүүлч, Сүхбаатарын одонт, яруу найрагч Зундуйн Дорж. Миний чин хүсэлт гэвэл Ц.Далхааг төрийнхөө дээд шагналаар шагнахад тус нэмэр болохыг хүснэм.

Зундуйн Дорж