sonin.mn

“Хэнд эрх мэдэл буй түүнд хилэнц буй”-г сүү­лийн 20 жил амь амьдрал, ажил үйлсээрээ нот­лон харуулж Монголын нийг­мийг өнөөд­рийн ёс сур­тахуун, эдийн засаг, улс­төрийн гүн хям­­ралд оруу­­­лахад гол үүр­­гийг гүй­цэт­­гэлцсэн нөхөд цэнхэр дэлгэцээр гэ­рийн хой­морт заларч ёс сур­тахуун, шу­дарга ёсны талаар чалч­даг болов.

Юун талаар бичиж байгааг уншигчид сайн мэ­дэж байгаа. “100 чухал сэдэв-Ёс зүй” нэвтрүүлгээр ихэнх нь УИХ-ын ёс зүйн хороогоор орж, Монголын төрд байх эсэхээ шүүлгэж явсан хамгийн үл бүтэх, ёс суртахууны наад за­хын үнэлэмж, шударга ир­гэний үнэр ч байхгүй нө­хөд тэртэй тэргүй өдрөөс өдөрт булингартаж буй Мон­голын нийгэмд ёс зүй заах гэж оролдох нь хэнийг басамжилж, доромжилж буй юм бол.

“Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн са­наа, зохиомжийг бусдаас хуул­­барласан гэх хөтлөгч П.Анужин нэвтрүүлгээ эхлэхдээ
“Хэрцгий бүдүүлэг бус­дын үйлийг үзэгчид,
Хэзээ ч хэлснээ биелүүл­дэггүй худал яригч чалчиг­чид,
Үргэлж өөрийн арьсыг хамгаалж буруу­гаа үл хүлээгчид,
Цаг хугацааг өөрсдийн хүслээр залгигчид”
хэмээн өөрийнх нь нэвт­рүүлэгт оролцож, ёс зүйн талаар бурагчдыг товч­хон дүгнэ­­чихэж байгаа юм.

Энэ нэвтрүүлгийн нэг гол дүрийн жүжигчнээр өөрийгөө философич хэмээн бат итгэсэн улстөр судлаач гэх С.Молор”Эрдэнийг сон­гож авсан бололтой юм. Жинхэнэ холион бантан хутгагч, зарим үед юу ярьж байгаагаа ойлгодог болов уу гэж бодогддог нөгөөх нь “Би бол ёс зүй этикийн мэргэжилтэн хүн. Уг нь Монголын төр намайг хажуудаа авч этикийн мэр­гэжилтнээр ажиллуулах ёстой юм. Хууль өөрөө этиктэй байж гэмээнэ Үндсэн хуулийн цэц нь Монголын этикийн цэц байх ёстой юм” гэж ирээд л авч өгнө лээ.

Гадаадад тэнэж тэнэж ирээд Н.Энхбаярын бөөрөнд нэг хэсэг наалдаж Монголын улстөрд шур­галах гээд бараагүй энэ нөхрийг монголчууд одоо хэнээс ч дутуугүй мэддэг болсон. Гэхдээ түүний “Галзуу хүний өдрийн тэмдэглэл” шиг яриа сүйдтэй хөнөөл тарьж, өөрөө ч саяын нэвтрүүлэгт хамтран жүжиглэсэн их гарын хулгайч нар шиг Монголын ард түмэнд тэгт­лээ нүгэл үйлдээгүй нь түү­нийг бусдаас нь жаахан ч гэсэн ялгаж байна лээ.

Өмч хувьчлалын ягаан, цэнхэр тасалбараар Монгол Улсын мах, гурил, архины зах зээлд эзэн сууж, бидний хамгийн сайн мэдэх “Мах импекс”, “Баянгол” зочид буудал, “Талх чихэр”-ийг авсан УИХ-ын гишүүн Х.Баттулга энэ нэвт­рүүл­гийг санхүү­жүүлж, өөрөө гол дүрд нь тоглодог гэдгийг захын бацаан хэлээд өгнө.

Х.Бат­тулга 1999 онд “Мах импекс” компанийн хувь­цааг худалдаж авахдаа Төрийн өмчийн хороотой хуйвалдаж, цагаандаа гар­­сан дээрэм хийснийг гэрч­лэх шарлаж амжаагүй хэвлэлийн баримт одоо ч дүүрэн бий. Тухайн үед Төрийн өмчийн хороог толгойлж байсан УИХ-ын дарга З.Энхболд нэвтрүүлгийн төгсгөлд “Улстөрчид буруутай үйл­дэлдээ уучлалт гуйх ёстой” гэж хэлээд зогсож харагдсан.

Харин сонгогчдын сэтгэ­хүйгээр тоглох ухаанд шамдан суралцаж яваа Х.Баттулга “Ёс зүйгээ тодорхойлоод ярих хүн ховордчихлоо. Би өөрөө ч ёс зүйтэй хүн биш л дээ” гэж хэлсэн нь Шинэ төмөр замын далан барих нэрээр зүүн зүгт 40 сая ам. доллараар овоолсон шороо босгож, одоо тэр нь хэнд ч, юунд ч хэрэггүй хог болсны төлөө хэлж байгаа “ёс зүй” байж болох талтай.

Тэгвэл бас л улстөрийн томоохон хор найруулагч, Төрийн ордонд бусдыг цохиж унагадаг МАН-ын “Улаан хамгаалагч” У.Хүрэлсүх “Зарим хариуц­лагатай ёс зүй ямар нэг албад­лагаар илэрч болно” гэ­сэн нь “Үгэнд орохгүй бол Г.Баяр­сайхан мэтийг цохиж унагах хэрэгтэй” гэсэн үг болж сонсогдож байгаа юм.

Харин “Хятадын Мон­гол” шуугиант хэргийн эзэн, С.Баярцогт “Ёс зүйн хувьд моральный компас нь зааж чадахаа болиод эвдрээд байна. Оюутолгойн гэрээний хувьд 30-40 жилийн дараа намайг ямар гэрээ хийлцсэнийг хүмүүс ойлгох болно” гэх ухааны юм яриад сууж байсан. С.Баярцогтын ёс суртахуун, шударга чигчийн талаар энд олон зүйл нурших нь цаг, цаасны гарз учир бичих ямар ч сонирхолгүй болчихож байна.

Улаанбаатар хотын захирагч, улсын баатар Э.Бат-Үүл “Өнөөдөр нийг­мийг улстөрчид л бохир­дуулж байна Ёс зүйн хамаг хог хаягдлыг улстөрчид гаргаж байна.Чи өөрийнхөө хийсэн гэм нүглийг ойлгож түүнийгээ засч залруулахаар шамдан ажиллаж байгаа бол нийгмийн зүгээс ууч­лал хүлээж өршөөгддөг хэлбэрийг бий болгох ёстой.

Харин тэгэхгүй гүрийх юм бол бүх зүйл чинь хүндэрнэ” гээд сууж байгаа нь С.Зоригийн аллагын үеэр тэднийд малгайгаа мартсан нүглээ сүүлийн хоёр жил Улаанбаатар хотын захирагчаар хичээл зүт­гэлтэй ажиллаж цай­руулж байгаагаа шулуухан хэлчихсэн үг гэж ойлгогдож байна лээ.

Гэхдээ тэр нэвтрүүлэгт дандаа улстөрийн хор хут­гагчид оролцоогүй. Тэдний нэг өмгөөлөгч С.Нарангэрэл “Хүн хууль дээдлэх ёсгүй. Харин бид шударга ёсыг л дээдлэх учиртай. Хэрвээ маш өндөр ёс суртахуунтай бол хууль хэрэггүй.

Хууль зөрчихгүй юм чинь хуулиар яах юм” гэж хэлсэн нь өөрсдөдөө зориулан хууль зохион баталж суудаг эрхэм гишүүдэд зориулагдсан нь тодорхой. Оролцогчдод нь хэтэрхий худлаа яриад байгаад санаа нь зов­сон хөтлөгч П.Анужин “Зиг­мунд Фрейд хүн өөрт байдаггүй юм аа ярьдаг гэж томьёолсон.

Улстөрчдөд ёс суртахуун, этик, мораль гээч зүйл ердөө байдаггүй. Харин байхгүй юм аа яриад эх­лэхээр үзэгчид сувгаа солих л байх даа. Энэ үнэнийг хоёулаа яаж давах вэ” гэвэл УИХ-ын гишүүн Х.Баттулга “Зигмунд гуай л тэгж хэлсэн бол үнэн л дээ. Ер нь ч давахгүй л дээ” гэж байгаа нь энэ нэвтрүүлэг, түүнд оролцогчдод өгөх үзэгчдийн үнэлгээ болсон гэдэгт эргэлзэх зүйлгүй.

Гадаад байдлаараа бус, дотоод ёс зүйгээрээ үзэгч­дийн сонирхол, анхаар­­лыг эрхгүй тат­даг улстөрийн тоймч Ш.Гантулга “Нийг­мийн ёс зүйг цэвэрлэж, шударга ёсыг тогтоох ганц­хан арга зам байдаг. Энэ бол тухайн ард түмний эрэлхэг зоригоос л хамаардаг. Тэгэхээр монголчууд эрслэн босоод тэр өөдгүй хүмүүсийг шийтгэх хэрэгтэй” гэсэн нь ёстой л загатнасан газар маажих шиг болж байгаа юм.

Жинхэнэ ёс зүй, шударга ёс, хүн чанарын талаар ярилцах гэж байгаа бол хөтлөгч П.Анужин хойшид ийм л эгэл жирийн, чин үнэнч хүмүүсийг ангуучилж, Х.Баттулга гишүүн ч тийм нэвт­рүүлгийг санхүүжүүлж байвал Монголын нийгэмд үзүүлэх жинхэнэ буян, одоо цагт ус агаар мэт хэрэгтэй “ёс зүй” чинь тэр л болно.

Чингисийн талбайн баруун талд миний мэ­дэхийн л сүүлийн таван жил гутал тосолж суугаа залуу “Хулгай хар мөртэй” гэж хэлээд гутлын тосонд халтартсан гараа үрээд сууж байхыг харсан үзэгчид алгаа хорстол ташсан нь тодорхой.

Хойшид Монголын нийг­мийг хамгийн ихээр бо­хирлож, эдийн засгийн хям­­ралаа улстөрийн гүн гүнзгий хямралаар сольж, засгаа ч байгуулж чадахгүй сууцгааж байгаа хулгайч, луйварчин, дээрэмчин улс­төрчидтэй ёс зүй, шударга ёсны талаар ярилцахгүй байвал тэр чинь л жинхэнэ ёс зүй, шударга ёс болно шүү эрхэм нэвтрүүлэгчид ээ.

Д.Түвшин

Эх сурвалж: