sonin.mn

Энэ удаагийн дугаартаа анх Монгол Улсын Төрийн соёрхолт, дуучин Д.Болдын “Захиа” дууны клипээр гараагаа эхэлж, МОҮНТ-ийн “Хэцүү анги” киноны Билгүүний дүрээр үзэгчдийн эчнээ танил болсон жүжигчин М.Наранмөнхтэй ярилцлаа.

Түүний аавыг Равсал панз буюу жүжигчин, МУГЖ Б.Магсаржав гэдгийг уншигчид тэр бүр мэддэггүй. Удам залгасан авьяасаа “Ахан дүүс”, “Тэнгэрийн хүү", “Миний ах атаман” зэрэг дэлгэцийн уран бүтээлүүдэд чадварлагаар харуулаад байгаа түүнтэй шинэ уран бүтээлийнх нь талаар ярилцсан юм.

-Найзуудынхаа хамтаар өөрийн гэсэн продакшн байгуулж, түүгээр ч зогсохгүй анхны дэлгэцийн уран бүтээлдээ ханцуй шамлан орсон тухай сайхан мэдээ сонслоо. Ямар уран бүтээл хийж байна вэ?

-Л.Ариунболд, Э.Мөнхтулга, М.Наранмөнх гэсэн гурван залуу нийлээд “Еmerald men” продакшн байгууллаа. Продакшнаа байгуулаад анхны уран бүтээлдээ ороод байгаа нь энэ.

Энэ уран бүтээлийг найруулагч Л.Ариунболд маань өөрөө зохиолыг нь бичиж найруулж байгаа. Бүгд Соёл урлагийн их сургуулийг төгссөн мэргэжлийн уран бүтээлчид. Одоохондоо киноны зураг авалт дөнгөж дуусаад байна. Ажлын нэр нь “72”. Инээдмийн кино л доо.

-Энэ удаагийн уран бүтээлд аавтайгаа хамтран тоглож байгаа юм билээ. Ер нь аавтайгаа хамт дүр бүтээж байгаа анхны уран бүтээл үү?

-Үгүй ээ. Энэнээс өмнө “Тэнгэрийн хүү” гээд уран бүтээлд аавтайгаа хамт тоглож байсан. Өөрийнхөө бие даан хийж байгаа анхны уран бүтээлд аавтайгаа хамтран тоглож байгаадаа баяртай байна. Аавтайгаа эсрэг дүрд тоглож байгаа. Ер нь найруулагчид манай аавд дүр оноох, санал болгохдоо дандаа л эсрэг талын дүр санал болгодог юм байна лээ /инээв/.

-Аавтайгаа хамтран ажиллахад ямархуу байна вэ. Уран бүтээл гэдэг талаасаа шаардлага тавимаар байдаг. Гэтэл аавдаа тийм шаардлага тавихад хүндрэлтэй байдаг ч гэх юмуу. Зураг авалтын явцад тийм асуудал гарсан уу?

-Киногоо хийж эхлэхээсээ өмнө аавд зохиолоо уншуулсан. Аав ч “Энэ хэсэг дээр нь ингэж ажиллавал зүгээр, тэр хэсгийг нь ингээрэй” гээд зөвлөгөө өгсөн. Харин дүрийн хувьд аав шууд сонгогдоогүй л дээ. Хэд хэдэн жүжигчдийг харж байгаад найруулагч манай аавыг сонгосон.

Аавтайгаа ажиллахад хүндрэл гарахгүй шүү дээ. Би тоглох дүрээ аваад хамгийн эхлээд аав дээрээ очдог Тэгээд яаж тоглох вэ гээд л асууж шалгаана даа. Аав минь “Кинонд тоглож байхдаа хэзээ ч өөр юм бодож болохгүй” гэж захидаг.

Мөн “Ямар ч хүнийг сайн ажиглаж тэр хүн ямар бодол сэтгэлтэй хүн бэ гэдгийг таамаглаж бай” гэж хэлдэг юм. Харин ч ааваасаа их зүйл сурч байна. Айхтар загнуулсан зүйл ч гарсангүй /инээв/.

-Ер нь багадаа аавыгаа дагаж зураг авалтын талбайгаар явдаг байв уу. Айлын бага хүү болоод ч тэр үү аавын амины хүү байсан байх гэж бодогдох юм?

-Жаахан байхдаа аавыгаа дагаж их зураг авалтын талбай руу явдаг байлаа. Аавыг зураг авалтанд явахаар л миний бие өвдчихдөг байсан юм. Сонин шүү. Тэгээд хамт явахаараа зүгээр байгаад байдаг.

Байнга л ийшээ тийшээ явахад нь хамт явдаг байсан даа. Тухайн үедээ би өөрөө жүжигчин болно гэж бодож байгаагүй шүү дээ. Жаахан хүүхэд болохоор аавыгаа л дагаад явж байвал сайхан санагддаг байсан.

Гэхдээ хүн тэр орчинд байснаараа өөрийн эрхгүй зах зухаас нь гадарладаг болчихдог юм байна лээ. Жүжигчин хүн гэж ийм хүн байдаг, кино уран бүтээлд ийм ийм хүмүүс ажилладаг, зураг ингэж авдаг гэх мэтчилэн.

-Тэгэхээр жүжигчин мэргэжлийг сонгоход нь энэ бүхэн асар их нөлөөлсөн байх нь ээ?

-Аавын нөлөө асар их байсан шүү. Би уг нь багадаа онгоцны нисгэгч болно гэж боддог байсан. Харин томрох тусмаа аавынхаа тоглосон кино, жүжгийг үзэх дуртай болсон. Аавыгаа кинон дотор байгааг, тайзан дээр байгааг харахад гоё санагддаг байлаа.

Хүмүүс аавын минь киног үзээд сайхан сэтгэгдэлтэй байгааг харах гоё. Жүжгийг нь үзээд алга ташиж байгааг нь харах сайхан байдаг байсан. Би ингээд л жүжигчний мэргэжилд дурласан.

-Гэхдээ ихэнх уран бүтээл чид хүүхдүүдээ урлагийн зам сонго-ход жаахан дургүй хүлээж авдаг юм байна лээ. Харин таны аавын хувьд жүжигчин болно гэсэн шийдвэрийг чинь яаж хүлээж авсан бэ. Урлагийн хүн байна гэдэг амаргүй шүү дээ?

-Намайг “Цоглог” студи дээр хичээллэдэг байхад аав нэг их юм хэлдэггүй байсан. Хүүхэд сонирхлоороо л дугуйлан, секцэд явж байна гэж боддог байсан байх. Харин яг Соёл урлагийн их сургуульд орно, жүжигчин болно гэхэд дургүй байсан.

Аав минь өөрөө урлагийн хүний амьдралыг мэддэг болохоор л тэгсэн байх. Ер нь би ааваасаа “Та тэдэн настай байхдаа юу хийдэг байсан бэ. Ямар кинонд тоглож байсан бэ” гэж их гэж асуудаг. Аав тэр болгонд гоё сайхан дурсамж ч ярина. Бас жаахан харамсангуй зүйл ч ярьдаг.

Тиймээс би аавынхаа хийж чадаагүйг хийхийг хүсдэг. Чадаагүй зүйлийг нь нөхөж хийх маш том зорилго өмнөө тавьсан. Аавынхаа хийж чадаагүй бүхнийг хийх нь миний үүрэг, миний мөрөөдөл. Яагаад гэвэл би Б.Магсаржав гэдэг х\ний удам шүү дээ.

-Гэхдээ хүүхэд байхаасаа л “Цоглог" студид хичээллэдэг, нүүрэмгий хүү байсан шүү дээ?

-Анх манай эгч намайг “Цоглог” студид очоод шалгуулж үз гэж их ятгасан. Тэгээд л Д.Саранхүү багш дээр очиж шалгуулсан. Тухайн үед гурав байна уу дөрөвдүгээр ангийн хүүхэд л байсан байх.

Нөгөө аавыгаа дагаж зураг авалтын талбай хэсч явсны гавьяа байхгүй юу. Жүжигчид, мэргэжлийн уран бүтээлчидтэй хамт байсаар байгаад их нүүрэмгий хүүхэд болчихсон байсан. "Алтны хажуу дахь гууль шарлана” гэдэг шиг л нүүр хагарчихсан байлаа.

-Тэгвэл өөрийгөө дэлгэцээр харчихаад ичиж байсан тохиолдол байдаг болов уу. Хүүхэд байхаасаа л дэлгэцээр гарсан шүү дээ?

-Байлгүй яахав. “Цоглог”-т байх-даа Цагаан сарын тухай богино хэмжээний кинонд ажиллаж байсан юм. Охин дүүтэйгээ байдаг, өнчин хүүгийн дүр л дээ. Зураг авалт дууссаны дараа үзээд өөрөөсөө аймаар ичсэн.

Болдог бол тэр хэсгийг нь хасуулчихмаар л санагдаж байлаа. Гэвч яалт ч үгүй тэр зохиолын дагуу явж байгаа учраас миний хэлснээр хасна гэж байхгүй шүү дээ.

-Оюутан болоод л дэлгэцийн олон ангит бүтээлд ажиллана гэдэг бас их аз шүү. Ингэхэд “Хэцүү анги” кинонд пробонд оролгүйгээр сонгогдсон гэдэг юм билээ?

-Нэгдүгээр курсээ дөнгөж төгсөөд л энэ кинонд ажилласан. Анхны ажилласан олон ангит кино байлаа. “Guys” хамтлагийн А.Төгсбаяр ах намайг анх хараад л “Энэ явж байна шүү дээ, нөгөө дурак чинь” гэж хэлж байж билээ. Уг нь бол энэ киноны проб эхлээд бараг сар гаруй болчихсон байсан юм байна лээ.

Ганц Билгүүний дүрд тохирох хүнийг л хайж байсан. Ингээд л би сонгогдож энэ дүр дээр ажилласан даа. “Сэрүүлэг” дээд сургуулийн дотуур байранд байрлаж, зуны гурван сарын турш зураг авалт үргэлжилж байлаа.

Кино дэлгэцээр гарсны дараа хүмүүсийн хандлага жаахан өөрчлөгдсөн шүү. Хүмүүс намайг маш сайн таньдаг болсон байна лээ. Уг нь миний нэр М.Наранмөнх шүү дээ. Гэтэл хүн бүр л Билгүүн гэдэг болчихсон байлаа.

-Хараад байхад ихэнхдээ баян айлын эрх хүү, их задарсан хүүхдийн дүрд тоглох юм. Яагаад найруулагчид ийм дүр оноогоод байнаа?

-Ёстой мэдэхгүй. Яг сургуулиа төгсөөд мэргэжлийн жүжигчин гэсэн дипломоо авснаасаа хойш дэлгэцийн долоо, найман уран бүтээлд ажилласан байна. Янз янзын л дүр таарсан. Ихэнх нь жаахан задарсан хүүхдийн дүр таараад байна. Миний царай тийм юм болов уу /инээв/.

Яг одоо харахад хүүхэд гэхэд хэцүү, нас бие гүйцсэн залуу гэхэд бас учир дутагдалтай харагдаад байгаа юм. Тэгэхээр хаашаа л бол хаашаа хөрвөж болохоор. Тийм болохоор л иймэрхүү дүрүүд таарч байгаа байх аа. Би тийм дүрд илүү их тохироод байгаа юм болов уу даа.

-Эсвэл эсрэгээрээ М.Наранмөнхийг амьдрал дээрээ тийм хүн болохоор энэ төрлийн дүр оногдуулаад байна уу?

-Үгүй шүү дээ. Би тийм айхтар задарсан тархи бол биш. Эцэг эхийн хүмүүжил гэж байна шүү дээ. Би даруухан байх хэрэгтэй гэж боддог. Наранмөнх байгаагаараа л байгаа. Харин бусад хүн намайг юу гэж ойлгож байгааг мэдэхгүй.

-Тэгвэл “Хэцүү анги”, “Ахан дүүс”, “Миний ах атаман” зэрэг уран бүтээлүүдэд бүтээсэн задарсан дүрүүдэд М.Наранмөнхтэй төстэй зан чанарууд байна уу?

-Жаахан дураараа зан бол бий шүү. Гэхдээ юм хэтэрнэ гэж байдаг гэдгийг би мэднэ. Тийм учраас тухайн дүр шигээ даварчихсан бол биш ээ. Хэлэх зүйлээ хэлчихдэг зан бол надад бий.

-Ер нь аль нэг студи проакшнаас ажлын санал ирэв үү. Одоо дандаа л дэлгэцийн уран бүтээлд ажиллаж байгаа шүү дээ. Тайзны уран бүтээлд ажиллах бодол бий юу?

-Харин тиймээ. Сүүлийн үед түлхүү дэлгэцийн уран бүтээлүүдэд орж ажиллаж байна. Уг нь тайзан дээр гарах сонирхол бол байнаа. Хүүхэд байхдаа “Цоглог” студиэс кион байгуулдаг тоглолт, нэвтүлэгт оролцож тайзан дээр их гардаг байлаа. "Цоглог шоу гээд тоглодог байсан. Одоо бол ерөөсөө тайзан дээр гарахгүй байгаа.

Студи, продакшнаас санал ирээгүй ээ. Одоо өөрөө зориглоод продакшн байгуулчихлаа. Бид тайз, дэлгэцийн уран бүтээлийг хослуулан ажиллах төлөвлөгөөтэй байгаа. Гэхдээ хараахан цаг нь болоогүй. Төлөвлөсөн ажлууд маш их бий. Тийм ч болохоор тайзны уран бүтээл хийх юмсан гэсэн оргилсон хүсэл бол байнаа.

-Яваандаа найруулах, кино зохиол бичих ажлуудыг ч Наранмөнхөөс хүлээж болох байх?

-Уг нь бол өөрөөсөө гарч болох бүх л зүйлийг шавхаж үзүүлэхийг хүсч байна. Гэхдээ найруулна, бичнэ гэдэг чинь их хүнд ажил шүү дээ. Миний хувьд суралцах зүйл маш их байна. Гэхдээ юмыг яаж мэдэх вэ цаашдаа надаас юу ч гарч болно. Үгүйсгэх аргагүй шүү дээ.

-Ингэхэд жүжигчин хүний хувьд бүтээхийг хүсч явдаг, зохиолыг нь уншихаараа л дот-роосоо шатдаг тийм дүр байдаг л байлгүй?

-Яах аргагүй Гамлет. “Цоглог”-т байхдаа нэг удаа энэ дүр дээр ажиллаж үзсэн. Гэхдээ одоо мэргжпийн жүжигчин болсны хувьд дахин энэ дүр дээр ажиллахыг хүсч явдаг шүү. Бас одоогоор түүхэн кинонд ажиллаж үзээгүй байгаа.

Хүн дуртай зүйлээ хийхээрээ ядрах, шантрахыг мартдаг шүү дээ. Дараа нь ард нь гарчихаад авах мэдрэмж нь хамгийн сайхан. Цаг нь болохоор түүхэн киноны санал ирэх байх аа.

-Анх удаа өөрсдөө бие даан уран бүтээл хийж байна. Аливаа уран бүтээлд мөнгө санхүү, ивээн тэтгэгч хамгийн чухал байдаг. Энэ асуудлыг хэрхэн шийдэв?

-Өөрсдөө бие даан уран бүтээл хийнэ гэдэг хүнд ажил байдаг юм байна. Санхүүжилтээс авахуулаад л. Таньдаг мэддэг хүмүүсээсээ тусламж хүснэ, томхон байгуулага руу ороод л ивээн тэтгээч гээд гуйна.

Тэр болгонд бидний саналыг хүлээж авахгүй шүү дээ. Өмнө нь бусад продакшны уран бүтээлүүдэд зөвхөн жүжигчин гэдэг үүднээсээ гэрээгээ байгуулаад л, зураг авалтандаа л оролцоод явдаг байлаа.

Энэ удаад арын албаны ажлаа чадах чинээгээрээ хийж байна. Өөрсдийн юм гэдэг утгаараа чадах бүх л зүйлээ хийж байна. Жаахан муухайгаар хэлэхэд үнэхээр гуйлгачин болдог юм байна /инээв/.

А.Халиун

Эх сурвалж: