sonin.mn

Монголын улстөрийн их амралт хараахан дуусах болоогүй ч УИХ-ын намрын чуулган нээгдэхээс өмнөхөн эрхэм гишүүн О.Баасанхүүтэй уулзаж ярилцлаа.

-Монголын улстөр зун­жин амарлаа. Таны хувьд энэ зуныг хэрхэн өнгө­рүү­лэв. Зарим улстөрчдийн зүгээс таныг “тойроггүй, сул гишүүн, тухайлсан сонгогч байхгүй” гэх нь сонсогддог л доо?
-Миний хувьд санаач­лах гэж байгаа хуулийн төс­лүүдээ танилцуулах, тэд­­гээрийн талаар иргэдээс санал бодлыг нь сонсох зо­рилгоор говийн болон зүүн аймгууд, Улаанбаатар хо­­тын зарим дүүргийн сон­гогчидтой уулзаж, УИХ-ын гишүүний үндсэн ажлаа хийж өнгөрүүллээ.

Сонгогч олноос ирүүлж байгаа саналын дийлэнх нь нийгмийн халамжийн чиглэлээр сургууль, ц­э­цэрлэг, эмнэлгийн орны хү­рэлцээ хангамж, шинээр барьж байгуулах асуудлыг яаралтай шийдвэрлэж өгөхийг л хүсэцгээж байна.

Ялангуяа Төрийн тусгай албан хаагчдын эмнэлгийг заавал төрд шилжүүлэлгүй хүүхдийн, нарийн мэргэжлийн төрөлжсөн эмнэлэг болгож болохгүй юу гэдгийг тун хүчтэй тавьж байна. Чингэлтэй дүүргийн иргэдийн зүгээс эмнэлэг, сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ хангамж хамгийн тулгамдсан асуу­дал болоод байгааг олон удаа­гийн уулзалтад оролцсон сон­гог­чид нэлээд хатуухан хэлж бай­сан.

Үнэхээр ч газар дээрээ байдал тийм л байгаа. УИХ-ын гишүү­ний хувьд эдгээр асуудлыг хууль тогтоох дээд байгууллагад дүн шинжилгээ, баримт нотолгоо сай­тай дэлгэн тавихын тулд багагүй цаг зарцууллаа. Одоо намрын чуул­ганаар тэдгээр асуудлыг шийд­вэрлүүлэхийн тулд идэвхтэй ажиллах болно.

Өнөөдөр Монголд тоног тө­хөө­рөмж сайтай хувийн эмнэлэг олноор байгуулагдаж байгаа нь сай­шаалтай хэдий ч манай ихэнх ир­гэ­дийн амьдрал ядуу байгаа учир ашгийн төлөө явж байгаа эмнэл­гүүд тэр бол­гон хамрагдаж ча­дахгүй байна. Энэ асуудлыг бага ч болтугай шийдэхийн тулд Англи, АНУ, БНСУ-ын хүмүүнлэгийн байгуул­лагуудтай холбоо тогтоон, уйга­гүй хөөцөлдсөний хүчинд гад­­наас орж ирэх хөрөнгө оруу­лалтынх нь асуудал шийдэгдээд байгаа.

Одоо хотын зүгээс эмнэлэг барих газар, хөрөнгө оруулалтын ба­талгаа зэргийг шийдээд өгвөл энэ эмнэлгийн ажил эхлэхэд бэлэн болсон. Энэ ажлыг хөөцөлдөж явахад манай эрх мэдэлтэй дарга нар “Хөл нь хөлнийхөө, толгой нь толгойныхоо ажил”-ыг хийх хэ­рэгтэй юм гэдэг үг л байнга бо­догдож явлаа.

Өнөөдрийн хувьд энэ үг яг эсрэгээрээ ажил­лаад байгаа нь олон зүйл дээр ажиг­лагдаж, шинэ ажилд чөдөр тушаа болох нь их байна. Гэхдээ би шантрахгүй, эхэлсэн ажлаа заавал ажил хэрэг болгоно.

-Удахгүй Монголын улстөр амь орж, УИХ-ын намрын чуул­ган нэлээн халуухан эхлэх болол­той. Ерөнхий сайдын зүгээс Зас­­гийн газрын шинэ бүтэц, бү­рэл­дэхүүнийг зарлах бол МАН-ын бүлгийн зүгээс Эдийн засгийн хөгж­лийн сайд Н.Батбаярыг огц­руулах асуудлыг дахин тавина гэцгээж байна. Харин Засгийн газарт суудалтай МАХН-ын зүгээс ямархуу байр суурьтай байгаа бол?
-Намрын чуулганы эхлэлийн талаарх таны авсан мэдээлэл ми­нийхээс өөр байна. МАН бол тог­лоомын нам шүү дээ. Тоглоомын нам ажил ярьдаггүй, албан тушаал, эрх мэдлийн наймаалцал л ярьдаг нь хэвшил болсон зүйл. Жинхэнэ ажил ярих гэж байгаа бол Засгийн газрын нэг сайдыг солиод оронд нь хэнийг тавих, түүнээс ямар үр дагавар гарах вэ, хариуцлагыг хэнд, хэрхэн тавих юм гээд маш тодорхой ярих ёстой.

Өнөөдөр миний авсан мэдээл­лээр “Шударга ёс” эвслийг засгаас гаргах гэж АН, МАН-тай тун бохир наймаалцал хийж байгаа юм билээ. “Шударга ёс” эвслийг засгаас шахаж гаргасны дараа хоёр хувилбар яригдаж байгаа дуулдсан. Эхнийх нь ард түмэнд “МАНАН” гэж зүхүүлэхгүйн тулд АН дангаараа засгаа бүрдүүлээч ээ гэсэн хувилбар яригдаж байгаа гэсэн.

Нөгөөх нь “Та нар ямар ч аргаар хамаагүй МАХН-ын засгаас гаргаад өг. Тэгвэл бид Үндсэн хууль зөрчөөд ч хамаагүй хамтрахад бэ­лэн байна” гэж МАН-ын томчууд гуйгаад явж байгаа юм билээ. Би Ерөнхий сайдын өрөөнд орж Ч.Сайханбилэг тэр хоёрт хэлсэн, бас намынхандаа ч хэлсэн.

Тэр нь юу вэ гэвэл “Засгийн газрыг яаж ч байгууллаа гэсэн Монгол Улсын Үндсэн хуульд захирагдах ёстой шүү” гэж. Үндсэн хуульд юу гэж заасан бэ гэвэл хамтарсан Засгийн газрын гишүүдийг сонгосны да­раа заавал Монгол Улсын Ерөн­хий­лөгчтэй зөвшилцөхөөс өөр гарц байхгүй. Хэрвээ аль нэг нам нь УИХ-ын сонгуульд 39-өөс дээш суудал авсан бол дангаараа засгаа байгуулаад Ерөнхийлөгчтэй зөвшилцөөд л явчих асуудал шүү дээ.

Харин өнөөдөр аль ч намд тийм чадамж байхгүй. Хэрвээ Засгийн газрын бүтэц ярих гэж байгаа бол намууд хуралдаж ярьдаг асуудал болохоос биш Ерөнхий сайд дангаараа дур мэдэн шийддэг асуудал биш. Ерөн­хий сайдын хувьд Хууль зүйн юм уу, Эдийн засгийн хөгжлийн сайдтайгаа хариуцлага ярих ёстой.

Хувь сайдаа огцруулах тухай ярина уу гэхээс Засгийн газрын бүтцийн талаар дангаараа ярьж болохгүй. Ерөнхий сайдын мэдэгдлийн хувьд эрх зүйн чадамжтай асуудал гэж миний л хувьд харахгүй байгаа учир шүүмжлэлтэй хандаж байгаа.

-Тэгвэл “Шударга ёс” эвслийн сайд нарын байдал хүндхэн болж байгаа юм аа даа?
-Анхнаасаа “Шударга ёс” эвс­лийн зүгээс Шадар сайдад Н.Энх­баяр даргын нэрийг дэв­шүүл­сэн юм шүү дээ. Гэтэл гэнэтхэн шүүх хурал нь болж, хавтас хэрэгтэй нь ч танилцуулалгүй, ганц ширхэг гомдол ч авч хэлэлцэлгүй гэрлийн хурдаар шоронд хийчихсэн л дээ. Энэ бүгдийн ард их хэлмэгдүүлэлт яваад өнгөрсөн.

Нөгөөтэйгүүр эдгээ­рийн ард манай намын зарим нөхөр байсан гэж би боддог. Тэр ч үүднээс шинээр зохион байгуулагдах Зас­гийн газрын бүтцийн талаар ч тэдгээр нөхөдтэй ярилцсан байхыг үгүйсгэхгүй. Би бүсийн чуулган болоод бусад газар Засгийн газрын бүтцийн талаар “Аливаа асуудлыг нам дотор нээлттэй ярина шүү. Харин энд тэнд нууцаар тохиролцоо хийх юм байхгүй” гэдгийг л ил тод ярьсаар яваа.

Ганц хоёр даргатай ярьж, тохи­ролцсон асуудал бол МАХН-ын байр суурь биш. Дүрмээрээ Зас­гийн газрын бүтцийн асуудал нь “Шударга ёс” эвслийн бүлэг дээр л ярих асуудал.

-МАХН-ын дотор багагүй бу­жиг­наан болж байх шиг байна. Жишээ нь Ц.Шаравдорж нарын гур­­ван шинэ нарийн бичгийн дарга­­тай болсон байна лээ. Энэ бүх­­ний талаар ямар бодолтой явна?
-Энэ бол улстөрийн намд байдаг жам ёсны л үзэгдэл. Нөгөө­тэйгүүр МАН-ын олигархиуд Мон­голын ард түмний өмч болсон Оюутолгой, Тавантолгойгоос ханаж цадахгүй хулгай хийж байгааг бид эсэргүүц­сэний төлөө намын нэрийг өөрчилж, салж зугатаасан. Тэгэхээр бидэнд МАН гэсэн бас нэг сөргөлдөгч гараад ирж байгаа юм.

Бид Засгийн газарт суудалтай, шударга ёсны төлөө нам учир хариуцлагатай, чадвартай байх ёстой. Энэ намын түүхийг мэд­дэг, энэ намын төлөө шударгаар ажиллаж чадах гишүүд дэм­жигчдээ намдаа эргүүлэн авч ирэх, тэдэнд итгэл хүлээлгэх нь нам эрүүлжиж, намын ажил жам ёсоороо урагшилж байгаагийн л илэрхийлэл юм.

-Эрүүл мэндийн сайд Н.Удвал, Сангийн сайд Ч.Улаан нарыг гадаадад Элчин сайдаар томилох юм уу, дараагийн сонгуульд на­мын жагсаалтаар нэр дэвшүүлэх зэ­рэг тохиролцоо хийгдэж байгаа талаар шуугиж байна. МАХН-ын Гүйцэтгэх товчооноос гадуур ийм тохиролцоо хийгдэх боломжтой юу?
-Энд нэг л юмыг сайтар ойлгох хэрэгтэй. МАХН нь нэг юм уу, хоёр гурван хүнээр дутдаг улстөрийн хүчин биш л дээ. Гэхдээ би дээрх яриаг зориуд нисгэсэн “бор шувуу” гэж бодож байгаа. Хүний өмнөөс хариуцлагагүй ганц үг хэлнэ гэ­дэг бол хамгийн бүдүүлэг, ёс сур­тахуунгүй хэрэг юм. Би бол дараа нь өөрөө ганц үгнийх нь төлөө ч хариуцлага хүлээхийн тулд өөрийнхөө өмнөөс л ярих дуртай.

-Н.Алтанхуяг сайдын тайлбар­лаж байгаагаар Засгийн газраас ганц хоёр гишүүнийг сугалах байдлаар гал унтраагаад өнгөрвөл МАХН ямар арга хэмжээ авах вэ?
-МАХН ямар арга хэмжээ авахыг одоо хэлж мэдэхгүй бай­на. Энэ асуудлыг Гүйцэтгэх товчоон дээр ярьж олонхоороо шийдэх нь тодорхой.

Дүрмээрээ ч надад МАХН-ыг 100 хувь төлөөлж ярих эрх байхгүй. Ерөнхий нарийн бич­гийн дарга ч юм уу магадгүй дэд дарга нь энэ талаар ярих учир­тай. Гүйцэтгэх товчооны ги­шүүний хувьд зарчим яривал МАХН Засгийн газрын шинэ бүтэц, бүрэлдэхүүний талаар тун нухацтай авч хэлэлцэх ёстой.

Өнөөдөр АН-тай засагт хамтарч байгаа нь эцсийн дүндээ шударга ёсыг тогтоохын төлөө, Монголын нийгмийг бага ч болтугай шударга болгохын төлөөх л тэмцэл юм.

-МАХН-ын их хурал тов­логд­сон уу?
-Бидний хувьд энэ асуудлыг нухацтай ярилцаж байгаа. Ямар ч гэсэн оны өмнө хийгдэнэ. Хам­гийн гол нь МАХН-ын ихэнх ги­шүүд Н.Энхбаяр дарга заавал их хуралдаа оролцох ёстой гэсэн байр суурьтай байгаа юм. Энэ ч үүднээс бид Н.Энхбаяр даргыг авч ирье гэсэн. Өөрөө ч ирье гэж байтал дахиад зохиомол хэрэг гарган ирж энэ хүнийг Монголд ороод ирвэл дахиж хилээр гаргахгүй байх нөх­цөл үүсгэчихлээ.

Гэтэл энэ хүн БНСУ-д ирж очиж байнгын эмчилгээгээ тасалдуулахгүй байх ёстой. Та бүхэн мэдэж л бай­гаа. Энэ хүнийг II эмнэлэгт хэв­түүлчихээд прокурорын зүгээс шийдвэр гаргахгүй зориуд удаж, яг алах гэж байсан шүү дээ. Тэр үед 20 гаруй тэргүүлэх зэргийн эмчийн дүгнэлт гарч “Энэ хүн ял эдлэх ямар ч боломжгүй” гээд байхад л санаатайгаар удааж, эрүүл мэндийг нь тун ноцтой хохироосон.

Өнгөрсөн долоодугаар сард манай Ерөнхий нарийн бичгийн дарга “Н.Энхбаяр дарга удахгүй ирнэ” гэж мэдэгдсэний маргааш нь зо­хиомол хэрэгт Эрүүгийн хэрэг үүс­гэсэн. Яагаад зохиомол хэрэг гэвэл хуучин хэвлэлийн үйлдвэр байсан энэ байшин чинь төрийн өмч биш хувийн компанийн мэдэлд байсан барилга шүү дээ. Хувийн компаниас энэ байшинг нэг хувь хүн 146 саяар худалдаж авсан.

Түүнийгээ дахиад 300 саяар зарсан. Харин 300 саяар авсан барилгаа манайд 800 саяар өгсөн. Ийм л юм болсон. Энэ бол иргэдийн хоорондын л асуудал. Энэ бүхнээс үндэслээд бид Н.Энхбаяр дарга ирвэл шоронд орно гэж айгаад байгаа юм биш. Харин хилээр гар­гахгүй хашчихвал энэ хүний эрүүл мэндэд жинхэнэ аюул учирна. Тэрнээс л бид болгоомжлоод байгаа юм.

-Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэ­жамьян Интерполд захиа бичсэн хэргээр албан ажлаа өгч, хоёр жил улстөрийн ажил эрхлэх эрх­гүй болсон. Энэ талаар та ямар бодолтой явна?
-Энэ талаар би өмнө “Энэ бол орчин цагийн хэлмэгдүүлэлт” гэж байр сууриа илэрхийлж бай­сан. Тэгж яривал Интерполд Х.Тэмүүжин, Э.Эрдэнэжамьян, УИХ-ын гишүүд гурван захиа бич­сэн юм. Интерполд захиа бичсэн хүнийг шийтгэдэг юм бол Хууль зүйн сайд Х.Тэмүүжинд ч адилхан хариуцлага тооцох ёстой.

Энэ бол “Хүчтэй нь хүчгүйгээ барьж идэж” байгаа хамгийн увайгүй явдал мөн. Товчхондоо өнөөдөр Мон­голд хачин жигтэй, дампуу шүү­хийн тогтолцоо бий болчихлоо.

Д.Энхтүвшин

Эх сурвалж: