sonin.mn

Энэ удаагийн дугаарт тайз, дэлгэцийн олон сайхан дүрээрээ ард түмэнд танигдсан “Гэгээн муза 2013” наадмын шилдэг эмэгтэй дүрийн шагналт “Хувьсал продакшн”-ы жүжигчин СТА Д.Ганцэцэгийг урилаа.

-Та хэзээнээс, ямар дүрээр жүжгийн ертөнцөд хөл тавив. Анхны юм бүхэн нандин байдаг шүү дээ?


-1995 онд Монголын хүүхдийн ордонд Д.Саранхүу багшийн Драмын дугуйланд сурдаг байлаа. 1996 онд “Амьдрал аварсан хайр” жүжигт тоглож байсан. Түүний дараа их сургуульд дөнгөж ороод Лхасүрэн багшийнхаа “Нулимсанд дэвтсэн хайр” кинонд тоглосон.

Ингээд ярьвал анхны бүтээлүүд байна. Яг мэргэжлийн жүжигчин гэдэг диплом өвөртлөөд тоглосон анхны драмын жүжиг бол нийтлэлч Б.Баабарын зохиол, Төрийн соёрхолт Н.Наранбаатарын найруулга, Ардын жүжигчин Б.Мөнхдорж багшийн зөвлөх найруулагчаар нь ажилласан “Бооцоо” жүжиг юм даа.

-Таныг жүжигчин болоход аав тань дургүйцдэг байсан гэдэг. Яагаад дэмждэггүй байсан юм бол?


-Миний аав намайг их сургууль төгсөхөд 60 хүрч байсан. Аав маань “Монголд урлагийн хүн байдаг гэвэл ганц л хүнийг хэлнэ. Тэр нь Харангын Лхагваа" гэдэг байсан. \инээв\ Одоо ингээд бодоход аав минь их залуу сэтгэлгээтэй байсан юм боловуу гэж боддог. Тэр үед би чинь өөрөө ангийн дарга бас онц сурлагатай хүүхэд байлаа.

Ялангуяа тоо физикийн хичээлүүдэд сайн байсан болохоор аав толгой сайтай хүүхдээ эдийн засагч болгох гэсэн сонирхолтой байсан юм шиг байгаа юм. Гэхдээ миний өөрийн сонирхол жүжигчин байсан болохоор ааваасаа нууцаар бүртгүүлээд шалгалт өгч байсан.

-Жүжигчдийг хүмүүс тоглосон дүрээр нь төсөөлөх хандлага байдаг. Тухайлбал, таны тоглосон “Жинжиймаа" киноны Хонгорзул та хоёр хоорондоо их төстэй хүмүүс юм шиг санагддаг?


-Хонгорзулд тоглож байх үеийн Д.Ганцэцэг зан чанарын хувьд төстэй, адилхан гэнэн цайлган. Нас нь бас ойролцоо байсан. Аавын хайртай охин гэдэг талаараа ижилхэн. Ер нь хүн бүхний тархинд ой санамж байдаг юм байна л даа.

Ялангуяа Б.Баатар найруулагчийн хичээлд сууж байх үе их тод үлдсэн. Хүмүүс арав хорин жилийнхээ өмнөх зүйлийг мартсан байж байгаад гэнэт санаад “өө нээрээ” гэж боддог шүү дээ.

Тэр бол тархинд нь хадгалагдаад үлдчихэж байгаа юм. Түүн шиг жүжигчид дүрүүдээ бүтээхдээ амьдралдаа тохиолдсон зүйлийг санаж “Ийм хүн байсан бол яах вэ” гэж бодож ажилладаг.

-Магадгүй энэ киноноос үүдэж хүмүүс таныг “Алаг нүдэн Ганцэцэг” гэж нэрлэдэг бопсон байх аа?


-Алаг нүд гэж яг ямар нүд байдаг юм бэ дээ. Заримдаа өөрийгөө би их азтай хүн гэж боддог юм. Анхныхаа тоглосон жүжиг болон дэлгэцийн дүрээрээ хүмүүст танигдсан.

Миний анх театрын тайзнаа тоглосон Ш.Гүрбазрын зохиол “Надаар тоглосон хайр" жүжгийн дүр, “Жинжиймаа” киноны Хонгорзулын дүр хоёр намайг хүмүүст таниулсан. Тэр хоёр бүтээлийг хүмүүс тэр үед тийм байсан гэх мэтээр ярьдаг юм.

Тэр үед дөнгөж найзалж байсан залуу хос очиж үзээд л, одоо сайхан хоёр гурван хүүхэдтэй болчихсон “Бид хоёр бас тэр үед тийм байсан” гэх мэтээр ярьдаг. Би ер нь азтай л хүн дээ.

-Тайз болон дэлгэцийн дүрийн гол ялгаа юу вэ. Та урлагийн энэ хоёр том индэр дээр тоглож байсан хүний хувьд аль дүрдээ илүү хайртай вэ?


-Үнэхээр сайн дүр бүтээж чадвал тайз, дэлгэцийн алинд ч тоглох сайхан байдаг. Мэдээж тайз, дэлгэцийн дүр хоорондоо асар ялгаатай. Хамгийн түрүүнд үгийн хувиарлалт мөн амьсгааны хувиарлалтаасаа эхлээд тайзан дээр амьсгаа татаж, ярьдаг.

Дэлгэцийн жүжигт тийм зүйл хамаагүй байдаг. Харж байгаа харцнаасаа эхлээд л ялгарна шүү дээ. Аль дүрдээ хайртай вэ гэж хүн бүр л асуудаг юм. Гэхдээ би өөрийн дүрүүдээсээ аль нэгийг онцлох дургүй.

Бүгдээрээ л хүч хөдөлмөрөө шингээж, шаналж, баярлаж байж бүтдэг шүү дээ. Гол нь жүжигчин хүн, энэ жүжигт гар бие оролцож байгаа олон хүний хөлс хөдөлмөрийг сайн бодож тоглох хэрэгтэй.

-Зэрлэг цэцэгсийн хүлэмж" киноны зохиолыг та өөрөө бичсэн гэдэг. Түүн дээр та бас эршүүд маягийн “Саарал” гэдэг эмэгтэйн дүр дээр ажилласан шүү дээ?


-Үүнийг би Александр Галены “Өглөөний тэнгэрийн од” гэдэг драмын жүжгээс санаа авч бичсэн юм. Нийгмийн шаар гэж адлагдсан хүмүүсийг тэмдэглэлт баярын үеэр нууж хаавал юу болох вэ гэсэн санааг илэрхийлсэн жүжиг.

Тэр эмэгтэйн дүрд тоглосоны дараа надад ийм сэтгэгдэл төрсөн. Хүнийг ер нь хүн л эвддэг юм байна. Түүнээс биш хүн, 18 насандаа ийм хэрэг хийчихье гэж боддогүй биз дээ.

-Тэгвэл сүүлийн үед олны хүртээл болоод байгаа "Зүрхээр наадагч” киноныхоо тухай яриач. Та нэг их зовсон эмэгтэйн дүр бүтээсэн шүү дээ?


-Хүн амьд байгаадаа, энэ агаараар амьсгалж байгаадаа талархаж амьдрах хэрэгтэй. Хэрвээ тэгж амьдарч чадсан цагт чи компанийн захирал ч байсан, гудамжны гуйлгачин ч байсан орчин тойрондоо үргэлж сайн сайхныг үйлдэх гэж өөдрөгөөр тэмүүлж амьдарна гэдгийг энэ киноноос ухаарч болно.

Энэ киноны эмэгтэйн дүр шиг хог дээр гарна гэдэг ямар хэцүү билээ дээ. Харамсалтай нь нийгмийн ийм давхаргын хүмүүс монголын бараг тэн хагас нь болчих гээд байна уу даа гэж боддог юм.

Эх сурвалж: "Соёмбо" сонин