sonin.mn

МОСКВА. /RIA Novosti/. Барак Обама АНУ-ын хамгийн “дайнч” Ерөнхийлөгч нарын нэг болжээ. Тэрбээр дэлхийн долоон улсын нутаг дэвсгэрт болж буй байлдааны ажиллагаанд АНУ-ын армийг оролцохыг зөвшөөрсөн гэж “CNN” агентлагийн сэтгүүлч Питер Берген мэдээлсэн байна.

“Обамагийн байлдааны ажиллагааны төлөвлөгөө нь Ерөнхийлөгч нарын олон арван жилийн туршид хэрэгжүүлсэн хамгийн түрэмгий байлдааны ажиллагааны төлөвлөгөөнүүдийн нэг болж таарлаа. Тэрбээр Афганистан, Ирак, Ливи, Пакистан, Сомали, Йемен гэсэн лалын шашинтай долоон оронд байлдааны ажиллагаа явуулахыг зөвшөөрсөн” гэж сэтгүүлч бичжээ.

2009 онд Обама Египетийн нийслэл Каир хотод үг хэлэхдээ, АНУ болон лалын шашинт орнууд хоорондын харилцаа дахин сэргэж байна гэж мэдэгдэж байсныг, мөн түүнд Нобелийн Энх тайвны шагнал олгосныг олон хүн Америкийн одоогийн Ерөнхийлөгч дайны эсрэг бодлого баримталдаг гэдгийг нотлох баримт болгон хүлээн авсныг сэтгүүлч сануулсан байна.

Гэвч Сирийг бөмбөгдөж эхэлсэн нь дэлхийн хоёрдугаар дайнаас хойш НҮБ, НАТО, Арабын улсуудын холбоо, АНУ-ын Конгрессоос албан ёсны зөвшөөрөл авалгүйгээр өргөн хэмжээний байлдааны ажиллагааг АНУ эхэлсэн анхны тохиолдол болсон гэж Питер Берген бичжээ.

Тэрбээр мөн нисгэгчгүй аппаратаар довтолсон жишээг татсан байна. Сэтгүүлчийн мэдээлж буйгаар, бага Бушийн үед Пакистан 48 удаа ийм дайралт хийсэн бол Обамагийн үед зөвхөн Йеменд 328, Пакистанд 99 удаа нисгэгчгүй аппаратаар цохилт өгчээ.

Магадгүй зарим хүн Обамаг энхийн замаар шийдвэрлэх бодлого баримтлагчийн хувиар хүлээн авдаг байж болох ч үнэн хэрэгтээ эсрэг гэдгийг баримтууд харуулж байна гэдэг дүгнэлтийг Берген хийсэн байна.

Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг