sonin.mn

Би түүнийг чөтгөр зурдаг, эсвэл бурхан бүтээдэг байсан бол хэзээ ч ингэтлээ бухимдахгүйсэн. Учир нь би бурхан, чөтгөр хоёрын аль нэгэнтэй хэзээ ч таарч байсангүй. Үнэнийг хэлэхэд “Бурхан яг ийм л байдаг” гэсэн төсөөлөл санаа бодлын минь үзүүрт одоог хүртэл огт байдаггүй. Үлгэрт гардаг 15 толгойтой, асар том биетэй амьтан дүрслээд “Энэ чинь бурхан шүү дээ” гэж итгэж явдаг хэн нэгний амнаас сонсвол би шууд л итгэнэ. Тэнэг байгаа биз.

Харин “Уран сайхны шүүмжүүд” гэж зоригтойгоор тодорхойлсон байж ямар ч уран сайхангүй, хэл найруулгын хувьд авах “юм” үгүй бичвэрүүдээр хайр гамгүй нүдэх болсон түүнтэй ярих зүйл их бий. Тэгээд ч шүүмжлүүлэх ганц ч шүлэг бичээгүй байж утга зохиол шүүмжлэгч, судлаач хэмээн өөрийгөө зоригтойгоор тодорхойлж, нэрээ том үсгээр бичиж “bold” хийх ханхгарууд монголоор нэг байхад сонины буланд сайн муу мэдээлэл цөөн жил нийтлүүлсэн би эх хэлнийхээ тухай яагаад ярьж болохгүй гэж...

Утга зохиол судлаач, шүүмжлэгч, уран сайхны шүүмж бичигч түүнийг миний дотроо хүндэлж явдаг залуухан сэхээтэн минь хүртэл “Нийтийг цочроосон хурц, содон шүүмжүүд бичиж байна” хэмээн даган баясах хандлага үзүүлсэнд харамсахад ч жулдана.

Миний мунхаг ухаанаар бол утга зохиол шүүмжлэгч, судлаач гэдэг эх хэлний хамгаалагч байх учиртай. Зохиол бүтээл бол өөрөө эх хэл. Шүүмжлэгч бол ихэнх талдаа түүний хамгаалагч гэсэн бодол л доо. Гэтэл утга зохиолын шүүмж судлалын төрөлд цахиур хагалж байна гэж хөгшин залуугүй хөөргөөд байдаг, “Би бүр цайрчихсан хүн” гэж биеэ тоодог нөхөр нь ад үзээд байдаг Шүүдэрцэцэгээсээ долоон дор найруулгатай бичвэрүүдээ уншихыг санал болгож буйг юу гэж үзвэл зохиолтой вэ.

Тухайлбал “...Тэр байдал нь зохиолч Г.Аюурзанын мета романуудын оронд энэ Шүүдэрцэцэг гэх эмэгтэйн ховын чанартай «аугаа бүтээл»-үүдийг сонгож байгаагаар, бас ямар ч хөрөнгө, мөнгө зараагүй зүгээр л нэг өрөөн дотор суучихаад жүжигчдийнхээ хоолыг идүүлэнгээ элдэв солиотой юм ярьж үзэгчдийг зугаацуулдаг солонгос теле сериалыг амь тавин үзэх авгай нарын төрхөөр, монгол суу ухаантан Бат-Отгон, орифлемийн Оюунгэрэл мэтийн авгай нарын лекцэнд сууж дэлхий сөнөнө хэмээн аргал түүж, хажуугаар нь эмэгтэй хүний авгай шинж, гэргий шинж гэх мэтээр элийрэгчдийн мөн чанараар, Шинийн хэдний ч билээ сарыг хараад мөнгө өөрөө хүрээд ирнэ хэмээн түрийвчээрээ даллан зогсоо хүмүүсийн дүрээр, “Гамлет”-ыг үзэхийн оронд “Х түц”, “Шинэ үе”, “Маск” өөр юу юу ч билээ продакшнуудын хошин урлагийн мастерууд хэмээн өөрсдийгөө өргөмжлөн, марзаганагчдын үзэгчдээр болон нийтийн дууны мастеруудын концертын билет зарагдаж байгаагаар бас ямар нэгэн академийн ч билүү өөрийнхөө зохиосон байгууллагын академич, доктор Сарандаваа гэгч авгайгийн лекц гэх шизо яриаг бишрэлтэйгээр сонсон суугаа массын хандлагаар маш тодорхой илэрнэ...” /Шүүдэрцэцэг ч гэх шиг/ гэсэн өгүүлбэрийг би 140 үгтэй болгож тоолсон бол хурд нь гүйцэхээ байсан зөнөг компьютер 149 үгтэй хэмээн зааж байгаа юм. Үүнээс гадна санаа нь шүүмж боловч, бичвэр нь нооргоос дор энэ нийтлэлд ноён Г.Батсуурь ах “Ба” гэж 18 удаа өгүүлбэр холбосон бол “Бөгөөд” хэмээн 16 удаа өгүүлбэрээ урт болгожээ.

Энэ амжилтаа тэрбээр “Бөөгийн домог мөхлийн домог” бичвэртээ 19, 12 болгон шинэчилжээ. Харин энэ байдлыг хайртай утга зохиолынх нь содон төлөөлөгчийн нэг Л.Түдэв гуай нэг нүдээрээ ч үзэж чаддаггүй. Түүнийхээр бол бичлэгийн төрөл зүйл нь ямар байхаас үл хамаарч ба, бөгөөд гэж өгүүлбэр холбох ёсгүй аж. Харин сэтгүүлзүйн ахмад төлөөлөгч Х.Цэвлээ гуай бага хэмжээгээр байж болно гэж үздэг.

Энэ ч яахав байр сууриа булаалдсан хөгшчүүдийн эсрэг тэсрэг байр суурь гэж үзэж болох ч хэн хэн нь сайн үг унагаагүй нь тун сонин. Үгийг бол үргэлжлүүлээд бичээд байж болдог юмаа гэхэд “Нэг өрөөн дотор суучихаад жүжигчдийнхээ хоолыг идүүлэнгээ” гэж монгол хүн ярьдаг эсэх тухай бодох л ёстой байсан юм.

Утга зохиолын боловсрол нимгэн миний сонссоноор Б.Ринчен агсан “Үүрийн туяа” романдаа 130 гаруй үгтэй өгүүлбэр бичсэн нь хамгийн уртад тооцогддог байжээ. Гэтэл Г.Батсуурийн амжилтын хажууд энэ статистик юу ч биш. Сүмо бөхийн түүхэн дараалал гэдэг шиг Монголын утга зохиолын бүх цаг үеийн тэргүүн эгнээд утга зохиол судлаач, шүүмжлэгч Г.Батсуурь... Арга барилаараа гавихгүй ч амжилтаараа тэргүүлсэн түүнд 275 үгтэй ганцхан өгүүлбэр байвал та яах вэ. /Жишээ авбал амьсгал авахад улам л хэцүү болно/ Надад итгэхгүй бол түүний 2014 онд хэвлүүлсэн цэг багатай, цэгц муутай “Уран зохиолын дэд асуудлууд” номын 49-50 дахь хуудсыг эргүүлэн харж баталгаажуулаарай. Үнэндээ

...Даяар олон түмэн бол
Унтаршгүй мөнхийн гал юм
Дамдины Сүхбаатар бол
Шантаршгүй түүний дөл юм... гэдэг утга зохиол ард хоцорч, олон хуудас үргэлжлэх энэ мэт цөөнгүй найраглалаас илүүтэй Хайку шүлгийн долоохон үг асар их эрч хүч, нууцыг өөртөө агуулж болоод байхад таслал тавиад, боломжгүй бол “Ба”, “Бөгөөд” ашиглаад уртаас урт хөврүүлээд байх нь утга зохиол судлаачийн хувьд зөв ч юм уу бүү мэд. Магадгүй зарим нэг нь үгийн тоо, урт богино байх хэнд хамаатай юм бэ гэж эсэргүүцэж болно. Зарим нэг нь Г.Батсуурь гэдэг сайн залууд атаархаж байна энэ “нус” гэж тодорхойлохыг ч үгүйсгэхгүй. Ёстой л Г.Батсуурийн нэгэн шүүмжийн эхлэл шиг сайн муу нийлж, сав дүүрдэг хорвоо шүү дээ.

Уг нь ямарваа нэгэн уран бүтээлийг хэрхэн яаж урлах жор байдаггүй гэдэг боловч бүтээж туурвих, бичиж найруулах ерөнхий зүй тогтол гэдэг зүйл бий гэдгийг бүгд хүлээн зөвшөөрдөг билээ. Тэгээд ч уран зохиол, сэтгүүлзүйн аль ч төрөлд гудамжинд суугаа өвгөний өмссөн дээл хувцас, нүүрний үрчлээ, нүдний ухархай, гарын сайр, гутлын ул зэргийг тоочоод байдаг үе аль хэдийнэ ард хоцорчээ.

Зарим тохиолдолд гол баатар ч үгүй роман, өгүүлэг “явж” байх нь ч бий. Тиймээс энэ цаг үед “Үргэлжлэл нь дараагийн дугаарт” гэсэн сонин, сэтгүүл монголын зах зээл жижиг ч гэсэн одоогоос цөөнгүй жилийн өмнөөс хийсэн оджээ. Байлаа гэсэн ч тоож унших хүн үгүй. Зөвхөн энэ байдлаас бид уншигчийн сэтгэлзүйг мэдэрч болно.

Цөөхөн үгэнд багтаан илэрхийлбэл уншигч урт бичвэрээс уйддаг болчихжээ. Үүний нөгөө талд маш богино хугацаанд асар олон мэдээлэл олж авахыг эрэлхийлдэг болжээ. Гэтэл энэ “давчуу ертөнцөд” сунайсан урт өгүүлбэртэйгээ, хуудас эргүүлээд байхад нуршаад дуусдаггүй нүсэр шүүмжтэйгээ Г.Батсуурь цээж сөрөн зогсч байдаг.

Энэ бүхэн дээрээ хачирлан /”...Нам гүм гэх мэтийн мөрүүд нь үүнийг нотлох баримтууд билээ...” /Голын цаана байх нь Норовын Гантулга/ ч гэдэг юм уу, “...түүндээ зориулан гайхамшигтай хайрын шүлгүүд бичсэн тохиолдлууд ч өч төчнөөнөөрөө...” /Голын цаана байх нь Норовын Гантулга/ ч гэдэг юм уу, “...Энэ зохиолд дүрслэгдсэн хоёр дүр бол хоёулаа эрэгтэй хүмүүс...” /Магваны Эрдэнэбатын Юу ч мартаагүй ертөнц/, “...Тэгэхээр зохиолч М.Эрдэнэбатын “Юу ч мартаагүй” өгүүлэгт гарч байгаа Дэндэв Сэдэд гэх хоёр дүр бол нэг нэг ертөнцийг бүтээсэн хоёр хөвгүүн...” зэрэг “сонгодог” өгүүлбэрээр утга зохиолынхоо энхийн манаанд бийрээ бариад марш... Энэ бүхний цаана бичгийн хэлэнд байх давхардсан олон тоо энэ тэр бол манай улс төрчдийн дунд орчин цагт “моод” болсон “Түй май”...

Арай гэж халаглахад ч арга барагдмаар ядуу найруулга. Сонины буланд мэдээ бичих гээд ирдэг хүүхэд бүрт анхааруулж захидаг алдаа. Дадлагажигч оюутанд муугаар бодоход гурван удаа хэлж өгөхөд засч, залруулдаг ухаарал нь билээ.

Түүнд мөн “Зуудаг” хэмээх Зундуйн Доржийн “хэрүүлийн уянга” гэсэн өөрийнх нь хэлдгээр уран сайхны шүүмж, минийхээр бол сонин борлуулах цэг дээр тоосонд булуулаад хэвтэж байдаг шар сонины “Болсон явдал” булан шиг утгагүй бичвэр. Ядаж байхад бичвэрийнх нь нэр хүртэл “Хүргэн ахдаа эзэмдүүлсэн шөнө” гэдэг завхай бичвэртэй агаар нэгтэй. Хэрүүл тэмцэл өрнүүлдэг, авгай хүүхэн, олон өвчин туссан зэргээр гайхуулах зэрэг арчаагүй “баримтыг” Зундуйн Доржийн цаасан дээр буулгасан шүлэг хийгээд “шүлс” ч биш зүйлүүдтэй яаж яваад холбочихдог байна аа.

Угтаа шүүмж судлал болоод ялангуяа сэтгүүлзүй бол ихэнх талаараа хүнлэг чанар мөн. Тиймээс энэ шүүмжийг тэр чигт нь алгасах хүсэл өөрийн эрхгүй төрнө. Ийм явцгүй “баримтыг” чулуу болгох гэсэн түүний санаа ганц үүгээр зогсохгүй. “Ленин багш, Равжаа гэгээнтэн, Мэнд-Ооёо гурав”, эсвэл ард түмнийг байлдан дагуулаад байна гэж хөөрөөд байдаг “Б.Лхагвасүрэнгийн садизм” бичвэр зэрэгт энэ төрлийн сүүдэр туссан нь бий.

Харин энэ хүрээд энэ талын боловсрол нимгэн би утга зохиолын сэдэв, санаа, гаргалгааны тухай яриандаа “Стоп кран” татлаа. Харин одоо утга зохиол судлаач, шүүмжлэгч Г.Батсуурь бичвэрийнхээ хэл найруулга, утга зүйн алдаандаа “Стоп кран” татчихвал ч “фанат”-уудтай чинь нийлээд хөөргөн суухад эргэлзэх зүйл алга.

Дарма.Батбаяр гуай нэгэнтээ “Бүтээл бүхэн цоо шинэ байдаг учраас тэрхүү шинэ бүтээлийг шинэ арга барилаар бүтээхээс өөр нөхцөл байдаггүй” хэмээсэн байв. Гэтэл Г.Батсуурийн сүүлийн дөрвөн жилийн хөдөлмөрт онцгойрон ялгарах зүйл маш бага /үнэндээ би анзаараагүй/ байгаа нь түүнийг илэрхийлж болох нэг өнцөг байж болмоор.

Өөрөөр хэлбэл уушги сайтай нэг нөхөр урт өгүүлбэр бичээд амьсгаа авахуулалгүй уншихыг тулгадаг байдал болоод бусдаар үйлдэх хэвийн нөхцлөөр толгой түрүүгүй балбасан байдал нь 2014 он, тун удахгүй 2015 он, яг хэвээрээ. Утга зүйн талаас нь авч үзвэл энэ номоос “Архичин хүнийг яасан их архинд дуртай амьдралаа алдсан, авгайгаа зоддог нөхөр вэ” /Шүүдэр цэцэг ч гэх шиг/ гэх мэт хачин өгүүлбэр хэдийг л бол хэдийг олж болно.

Ухаан муутай мань мэт дээрх ганц өгүүлбэрийг уншаад “33” ч бил үү “Бага банди” ч бил үү ямартай ч жижиг шилтэй архи уудаггүй, 100 гр-ыг бол огт тоодоггүй зөвхөн их архинд л дуртай нөхөр гэж ойлгож болох нь. “Сэтгэвээс” тус ном гарснаас хойш цаас цоохорлохдоо “...Р.Чойном нэлээдгүй олон шүлгүүд бичиж үлдээсэн болох нь түүний хэвлэгдсэн уран бүтээлийн өвүүдээс харагддаг...” гэсэн урдын алдаагаа давтсан олон өгүүлбэртэй /Р. Чойномын шүлгүүдийн “доошоо орох” зарим шалтгаан/ бичвэрээ цаасан дээр буулгажээ.

Хэл найруулгын хувьд түүний бичвэрүүдийг авч үзвэл “Хөх тэнгэрийн дор Хөөдөөгийн хүү” гэсэн шүлэг шиг нэртэй судалбар нь арай дээр. Гэвч сурсан зүйлийг сураар боож яахан болох билээ. “...Тэгэхээр монгол хүн нүүдэлчин амьдралаас холдон хотод очиж сууснаар ямар ямар үнэрүүдээ алдаа бол...”, “...нарын эдгээр дүрслэлүүд хөглөж гэгээрэлд хетөлнө” ч гэдэг юм уу бичвэр бүхэнд нь нэн түгээмэл байх давхардсан олон тоог мөн л хайр гамгүй хэрэглэсээр байна.

Мэдээж бүх зүйл муугаар төгсөөд байна гэдэг ховор л доо. Тийм ч учраас яруу найрагч Н.Гантулгад зориулж бичсэн зүйл нь бусдаасаа бичлэгийн арга барилын хувьд арай өөр. Арайгаар ч барахгүй хамаагүй дээр. Хамгийн наад зах нь хайр гамгүй нүддэг алдарт “Ба”, “Бөгөөд”-өө маш цөөн /тус бүр хоёр/ ашигласан төдийгүй бичлэгийнхээ явцад хэрэглэх тун дургүй хашилт, цэг хоёрыг хүртэл түгээмэл хийж, давхардсан олон тоогоо багасгасан байна. Үнэндээ энэ байдлыг хараад өөрийн эрхгүй хар төрмөөр ч юм шиг.

Магадгүй сонин, хэвлэлийн гал тогооноос цөөнгүй жил хоол хороож яваа Н.Гантулга найрагч түүнийг олон нийтэд “цацахаас” өмнө амжиж гар хүрсэн байж ч мэдэх. Түүнчлэн өдөр тутмын сонинд “гаргасан” хэдэн шүүмж “Уран зохиолын дэд асуудлууд”-ад багтсан нь буй. Миний анзаарч буйгаар хэл найруулгын хувьд ч, байнга давтдаг алдааг нь ажигласан ч тэд бусдаасаа ялимгүй дээр. Үүнд өдөр тутмын сонины албаны дарга, дугаар эрхлэгчийн “хяналт” зэрэг нөлөөлсөн байх магадлал тун өндөртэй байгаа юм.

Тэгвэл энэхэн бодлын нөгөө үзүүрт тус номыг ариутган шүүсэн алдарт шүүмжлэгч Д.Галбаатар ямар үүрэг гүйцэтгэв гэсэн асуулт дахиад л хариу нэхэн торойж хоцорно. Удаан бодох шаардлага үгүйгээр утга зохиол шүүмжлэгчдээс эх хэлээ харамлах сэтгэл цээжний цаанаас аажим аажмаар овойж ирнэ. Ном “төрүүлэгч”-ийн талархалын үгээр бол “Шүүмжүүдийг засаж, санал бодлоо хэлж, байнга зөвлөдөг С.Энхбаяр нар” нь хүртэл эх болсон монгол хэлэндээ ингэж хандаж болмооргүй л дээ.

Эцэст нь зориуд тэмдэглэн үлдээхэд “Ерөнхий боловсролын сургуулийн монгол хэл, уран зохиолын багш нараас эх хэлний шалгалт авахад 70 орчим хувь нь улаан шугамны ард үлджээ” гэсэн мэдээнд харамсах ямар ч шаардлагагүй болчихлоо. Учир нь уран сайхны шүүмж бичигч Г.Батсууриудын эл “бүтээл”-ийг сэтгүүлзүй, уран зохиолын ангийнханд гарын авлага болгон ашиглахаас нааш оюутан залуус эх хэлээ хаашаа эргэж буйг, найруулга зүйн дорд хэлбэр гэж юу байдгийг мөддөө ойлгохгүй нь бололтой.

Үгүй бол их хотын хаяг сурталчилгаа гээч зүйл утгаа алдсан хэвээр байж, гял цал болсон дараагийн үе минь зоогийн газраас “Шарсан хонины нуруу”, “Давтсан үхрийн мах” захиалж, худалдааны төвөөс “Хүүхдийн арьсан гутал”, “Солонгос хүүхдийн бэлэн хувцас” худалдаж авсаар л байна. Тэгээд ч оюутан суралцагч гэхээрээ багш нарынхаа заасан замаар үргэлж “гэгээрэлд” хүрэхийг тэмүүлж, “Сайн” гэсэн бүгд рүү нь яагаад заавал сарвайж байх ёстой гэж.

Үнэндээ тэдний энэ арга барил хийгээд мунхаглал өврөөрөө дүүрэн дипломтой хэрнээ өргөдөл бичих чадваргүй өнөөдрийн сэхээтнийг мянга мянгаар нь төрүүлж байж ч болох шүү дээ. Түүний оронд үг давтахаар ямар бохир найруулгатай болдог, бусдаар үйлдэх болоод бусад нөхцөлөөр уншигчдаа завсар өгөлгүй балбахаар яадаг тухай сурч аваг. Ёстой л “Г.Батсуурьдвал” бид бүгдээрээ үр хүүхдүүдээ ядахад өргөдлүүд бичицгээхэд нь тусалцгаая.

Д.Ганбаатар

Эх сурвалж: