sonin.mn

МОСКВА./Interfax/. ЮКОС компанийн тэргүүн асан Михаил Ходорковский чухам хэдэн онд Оросын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөө тодорхойлоогүй байна. Энэ тухай түүний хэвлэлийн төлөөлөгч Ольга Писпанен “Москвагаас ярьж байна” радио нэвтрүүлгээр тайлбар өгөхдөө мэдээлжээ.

"Энд хэдэн оны талаар яригдаагүй. Харин хямралын нөхцөл байдлын тухай ярьсан" гэж Писпанен онцлон дурдсан байна.

Өмгөөлөгч Дмитрий Аграновский “Интерфакс” агентлагт ярилцлага өгөхдөө Ходорковскийг ойрын ирээдүйд сонгуульд оролцож чадахгүй гэж мэдэгдсэн байна. "Ял эдлэх хугацааг дуусгасныхаа дараа тэрбээр цагаатгагдах ёстой учир ойрын ирээдүйд Ходорковскийд Оросын Ерөнхийлөгч болох ямар ч найдлага байхгүй” гэж хуульч тэмдэглэн хэлжээ.

Түүний хэлснээр, цагаатгахад 10 орчим жил болдог байна. “Саяхан энэ хугацаанд өөрчлөлт оруулж, арав орчим жил болгосон. Энэ хугацаанд ял эдэлж байгаад тооцогддог учраас эрх барих байгууллагад сонгогдох боломжгүй байдаг” гэж Аргановский нэмж хэлжээ.

Ерөнхийлөгчийн сонгуульд оролцож магадгүй тухайгаа Ходорковский Францын “Le Monde” сонинд ярилцлага өгөхдөө мэдэгдсэн байна. Оросын хямралыг даван туулахад шаардлагатай бол тэрбээр тус улсад дээд албан тушаалыг хашиж болох юм гэж ЮКОС компанийн тэргүүн асан ярьжээ.

Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг