sonin.mn

 

(Отор, түүний төрлийн талаар)

 

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Ц.Намхайнямбуу агсны “Хонины хишиг” номоос хүргэж байна.

Бэлчээрийн мал маллагааны одоогийн нөхцөлд нүүдэл зайлшгүй шаардлагатай. Отрын чанарыг бууриа сольж нүүсэн тоогоор биш, малын тарга, ногооны халдцаар үнэлдэг. Өвс, ургамал, ус, хужрын сор хаана байна дөрвөн улирлаар тэнд нүүдэллэж отор хийх нь малчин хүний гол олз юм.

Отрын бэлчээрт яваа мал ургамлын аль сайныг олж идэж, усны тунгалгийг уудаг. Отор олон янз. Тухайлбал, малаа ногоолуулж тэнхрүүлэх, таргалуулах, авсан тарга хүчийг тогтоох гэж ангилж болно.

Ногоолуулах отор: Хавар уулын энгэр гуу жалга мэт зөөлөн хөрстэй, нөмөр газар хамгийн эрт агь нүдэлж, ургадаг. Ийм газраар хонио оторловол хаврын ядарч туйлдсан мал амархан тэнхэрнэ. Хавар аль болохоор эрт ногоо идүүлж чадвал тэнхэрсэн мал тэр чанараараа сайн таргална.

Мал ногоолуулах оторт цаг зарж тохитой хийх гэвэл бүтэхгүй. Жаахан ч гэсэн зав чөлөө ашиглаж майхан сав, хоол хүнс моринд ганзаглан цаг хожиж, цөөн хоногоор хийх нь зүйтэй.

Ер нь мал тэнхрүүлэх ажлыг цасан доорх амт чанартай өвс идүүлэхээс эхэлбэл сайн. Хавар 5 дугаар сарын 20 ноос 6 дугаар сарын 5 хүртэл яргуй идүүлэхгүй бол тарга хүчний ихээхэн нөөц алдана.

Ногоо нялх үед өдөр бүр услах гэсний хэрэггүй. Ногоо нь дотроо устай тул усаа биш бэлчээрээ датах нь зөв.

Төл малыг өвс ногоонд эрт цатгаж, тарга хүч авахуулбал сайн. Энэ жилийн сүүлтэй хурга, ирээдүйн товир тарган хонь гэсэн үг. “Хургандаа цадаагүй бол төлгөндөө майлна” гэсэн үг бий. Энэ тун үнэн үг шүү. Хурга давжаа бол үхэл тасрахгүй жишээлэхэд намрын хяруу унахаар ядуу дорой нь үхэж эхэлнэ.

Хавар болж дулаарлаа, хамаг юмыг ардаа хийлээ гэж тайвширч болохгүй. Хичнээн өнтэй өвөлжсөн ч, хичнээн тарган орсон ч хавар цагт малын үе мөч суларч, зөнгөөрөө ядруу болсон байдаг. Ийм үед гашуун хүчтэй ургамал тухайлбал, агь, бутуул, ерхөг, зултаргана бага боловч идүүлж байвал хөл нь амархан чангарна.

Мал тэнхрэхэд хужир их чухал, хужрыг давс орлож чадна, давсыг хужир орлохгүй. Ид хүйтэнд давс хужир малд илч нэмнэ. Харин нялх төлтэй малыг давс хужиртай газар бэлчээвэл халуурах гээд байдаг тал бий.

Хаврын мал өлөн байдгаас ногооны амт авмагц хөл нь хөнгөрч, тавтай идээшлэхгүй гүйдэг. Энэ үеэр сайн тогтоож хариулбал зохино. Салхи цохиж хонины үс ноос хагарч ярагдтал үлээдэг газар хариулбал амархан эцэж турдаг. Хавар ногоо ургахаас өмнө өвс ургамал хатмал хуурай байдаг тул усыг тааруулах нь чухал.

Агь шавагны төрлийн чанарлаг тачир ургамалтай бэлчээрт бэлчээсэн хонийг өнжөөд усалбал үе мөч нь чангарч улам сэргэнэ. Өлөн голдуу цагаан өвстэй бэлчээрт хариулсан малын гэдэс нь их цүдийнэ.

Энэ үеэр өнжөөд усалбал цангасандаа ус их ууж бие нь хүндэрнэ. Үе мөч нь суларна, доройтно. Тиймээс өдөр бүр усалбал сайн. Анхны шинэ ногоо идэж эрт таргалсан мал, зун намрын улиралд хожуу таргалсан малаас давхар таргатай болдгоороо давуу байдаг.

Таргалуулах отор: Энэ үеэр л хонины тарга хүчийг бүрэн авхуулна. Юуны өмнө малын ноос, үс, сааль сүүг аль болох богино хугацаанд ашиглаад наадмын дараа удаагүй оторт гарвал сайн. Яагаад гэвэл малчин хүний ажльг нь шийдвэрлэх зүйл бол ганцхан тарга юм. «Тарган мал тал бүрийн ашигтай» гэдэг.

Хонь тарга хүч сайн авбал онд тарган тавтай орно. Үс ноос нь сая ургана, сүү шим нэмэгдэнэ. Ихэрлэх нь хүртэл ихэснэ, гарсан төл нь малчид бидний ярьдгаар өвчин эмгэгт нэрвэгдэхгүй чийрэг «бөх» байх тул төл нь бүрэн бойжно.

Таргалуулах отрын үед аль ногоо сайтай бэлчээрт малынхаа аясаар, өглөө оройн сэрүүнийг дээд зэргээр ашиглаж, бэлчээрлүүлэх нь чухал. Отрын бэлчээрийг зөв сонгоход учир бий. Өглөө эрт аль ч газрын ургамал өтгөн сайхан юм шиг нүд хуурч харагддаг бол жин үдийн үед үнэн байдлаараа харагдана.

Тийм учраас нутаг сонгох хүн үдийн нарны тусгал дор явж ажиглууштай байдаг. Ажигч. гярхай байх нь малчин хүний нэг гол чанар юм. Хонь сайн таргалахаараа яраглаж, амьсгаа ихтэй, чимээтэй болдог.

Энэ бол махан тарга бүрэлдэн тогтож байгаагийн шинж. Тарга гүйцэж халиман тарга суугаад ирвэл хонины ноос хөвхөртөж борлогтон бие нь цул бөөрөнхий хэлбэртэй үс нь босоо сортой болж ирнэ. Их ганган цавцалсан цагаан хонь тарга хүч аваагүйн шинж. Мал таргалах тусмаа галбир муутай болно.

Зун малын ноос авсан үед нөмөр газар, үс ноос ургах хэрээр хэвтрээ цагаална. Ес, аравдугаар сард сэрүүн зоо газар хурааж өлчиржүүлнэ. Намаржиж өвс хатахын хэрээр усаа дагуулж өдөр бүр усалбал сайн. Хэт холоос малыг хараар их туувал улдаж хайлна. Тиймээс усандаа ойр байхыг эрмэлзвэл зохино.

Говь хээрийн амт шимт сайтай агь, ерхөг зултаргана малын биед халдаж тарга хүч авахад тустай. Хангайн бутуул өвс аль ч улиралд амь бөхтэй, тэжээлтэй, шувуун хөл, таана, мангирыг аль гарсан үед алдалгүй, идүүлнэ.

Цэцэг навч нялх үед толгойг идүүлбэл зүгээр. Харин ишиндээ шим шүүс буувал нэмэр багатай. Зун ногоо нялхад түүний гуравны нэгийг мал идэн сорчлон явах тул тогтож хариулаад тусгүй. Харин намар өвсний сөл суухаар хогийг гүйлгэж болохгүй тогтоож хариулах нь зөв

Тарга хүч тогтоох отор: Малын тарга хүчийг тогтоох малыг өлчиржүүлж, цас хүйтэн хоёрт дасгахад энэ отрын зорилго оршино. Намрын хүйтэн шөнө морио сойж хонодог малчдын туршлага ч үүнтэй холбоотой.

Энэ үед ногоооны сөл хамгийн сүүлд гардаг газраар буюу амт сайтай бэлчээрт хонио байлгаж малын явдлыг аль болохоор багасгаж хөдөлгөөн багатай байна. Хонио задгай хариулж, малчин хүн малаа хэр зэрэг өлчирлөж байгааг сайн ажиглаж, шинжиж байвал сайн.

Малын тарга хүчийг тогтоон, чамбайруулж хонийг хайлахаас нь сайтар болгоомжилно. Малын хариулга маллагаанд анхаарч хангай говийг хослуулж нутаглана. Тэгэхдээ цаг улирлын байдлыг харгалзах нь зүйтэй. Говийн мал өөхөлж таргалдаг бол хангайн мал махалж таргалдаг.

Иймд, зуны халуунд хангайн хяр зоо газар, сэрүүн орхоор говьд нутаглавал өөх мах нь тэнцүү таргална. Ганц өдрийн хариулга алдсанаас нийгэмд асар их хохирол учруулна гэдгийг малчин бүр анхаарвал зохино. Энэ бол нүдэнд үзэгдэхгүй мөртлөө маш их нөөц алдана гэсэн үг. Отрын талаар дээр дурдсан зүйлүүд хүн бүрийн заавал дагаж мөрдөх хууль дүрэм биш.

Малчин бүр өөрийн нутгийн говь, хангай, хээр талын бэлчээрийн онцлог, жил жилийн ургацын өндөр нам, шим тэжээлийн байдалд тохируулан, цаг агаарын чийгтэй хуурай янз бүрийн нөхцөлд уялдуулах буй заа.

Шөнө хар чийг унах үеийн үүр шөнөөр малаа бэлчээж хөөгөөд байвал адаглаад туурай нь дэвтэж сохор, догол өвчин салахгүйд хүрнэ. Мал маань тэр аяараа гал халуун илч юм.

Тиймээс, хужиргүй бол малын гал бөхнө. Зун намрын дэлгэр цагт малдаа захирагдаж, өвөл хаврын хахир цагт малаа захирч маллавал зүгээр. Болж өгвөл хонийг бүү хаш! Хашигдсан мал өнгө зүсгүй, хүч тамир султай. Жилбэ муутай байдаг. Тарга хүчээ бүрэн авсан мал хашаа саравч хэрэгсдэггүй.

Ер нь ямар өвөлжөө хаанаасаа салхины нөөлөгтэй тэнд ямар мал өвөлжүүлэх зэргийг бүрэн тооцоогүй байж өвөлжөө бүрд хашаа саравч барих нь буруу. Олон арван жил мал өвөлжүүлж гаргасан өтөг бууцанд дур мэдэн хашаа саравч барьж хотоо давж өтгийн хөлд цохидог байсан жаврын чийгийг өөрчлөн өтгийн голд цохидог болгож улмаар хотоо хөлдөөж жил бүр хөрзөн ховхлох болсноос өтөг бууцыг бэлээс нь цулгайруулах явдал ч ажиглагдаж байна.

Ингэснээс говь газар хөлгүй нуранги хөх өтөгтэй бууц тун хомстжээ. Өвөлжөө хаваржааг дур мэдэн барих, машин замд дөхүүлж шилжүүлэх болсон нь малаа биш, хүнээ илүү бодож замын унаа дагах болсны илрэл юм.

Жаварт төрсөн мал жавартаа өлчиржин чийрэпжиж жавраа даах чадвар суудаг. Гэтэл зарим газар саравчиндаа хөшиг татан, гал түлж дулаацуулахаас наахнуур байгаа нь монголын бэлчээрийн малыг хэт энхрийлж чанар чансааг нь сулруулаад байх шиг санагдах юм. “Нутгийн чулууг гурав эргүүл" гэсэн мэргэн үг бий”.

Энэ нь чухамдаа нөөц бололцоогоо бүрэн дайчилж нутгийн өвс ургамал идээшсэн малдаа эрдэнэ гэдгийг хэлээд байгаа юм. Би бардах нь биш, мал тэжээж үзээгүй хүн. Өргөн уудам хангай дэлхийн бэлчээр байхад мал тэжээх хзмжээнд хүртэл тураана гэдэг үнэхээр гомдмоор хэрэг шүү.

Ганцхан жил мал бүрэн тарга авчихгүй. Олон жилийн хур тарга нь зузаарсаар байгаад ямар ч зудыг давах өөхөн хуяг болж бэхжинэ. Говь газрын ахар хөлийн малд хангайн амт шимт муутай шүүр голдуу хөндий хатсан цагаан өвс хоол болдоггүй бөгөөд хүний ажил үрж тээврийй илүү зардал болдгийг дээр дооргүй бодолцмоор юм.

Малыг аль болохоор үргээж цочоохгүй тайван байлгаж сургах хэрэгтэй. Алсаас аяыг нь дагуулж тогтоож хариулсан хонь үргэх нь бага, идээшлэхдээ сайн байдаг. Тэрэг, мотоциклоор үргээх үнэхээр дургүй.

Отрын хувь заяаг хүүхдэдээ даатгаж, өөрөө хурдан унаагаар эргэн тойрон ойр зуурын юм дөхүүлж, дурангаар голдуу хариулдаг хонь жаахан алслан явмагц оньсон техникийн хурдаар эргүүлдэг тийм маягийн маллагаанд сэтгэл дундуур байдаг.

“Тарга” гэдэг бол “Т"-гийн хасвал «арга» гэдгийг л залуу малчид бодож яваасай билээ.

Эх сурвалж: "Монголын хөдөө" сонин