sonin.mn

Монгол- Хятадын Соёл Боловсролын Сангаас Монголын сурагчдад зориулан зарласан  “Мөрөөдлийн од” болон “Ирээдүйн од” хөтөлбөрийн шилдэг 37 сурагчид тэтгэлэг олгох ёслолын ажиллагааг 9-р сарын 20-ны өдөр Хятадын Банкны Улаанбаатар дахь Төлөөлөгчийн газар зохион байгууллаа. Ёслолын арга хэмжээнд Соёл, спорт, аялал жуулчлалын яамны дэд сайд М.Түмэнжаргал, БНХАУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Ванг Шаолун, Монгол болон Хятадын  аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл, тэтгэлэг авч буй сурагчид, эцэг эхчүүд  нийлсэн нийт 80 гаруй зочид хүрэлцэн ирсэн  аж.

Монгол- Хятадын соёл боловсролын сан болон Монгол -Хятадын нийгмийн хөгжлийн санг  байгуулагдсан цагаас эхлэн Монгол Улсын  Засгийн Газар, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин Сайдын Яам байнга дэмжиж ирсэнийг Хятадын Банкны Улаанбаатар дахь Төлөөлөгчийн газрын Тэргүүн дэд төлөөлөгч Дай Шингжүн энэ үеэр  дурьдав.
Тус сангууд нь 2014 оны 5-р сарын 2-ны өдөр нээлтээ хийсэн  бөгөөд анхны хандивын арга хэмжээ 2014 оны 7-р сарын 25-ны өдөр зохион байгуулагдсанаар 10 гаруй Монгол, Хятад байгууллагууд нийт 1,560,000 юанийг тус санд хандивлажээ. Сангаас одоогийн байдлаар 12 төсөл, хөтөлбөрт нийт 420,000 гаруй юанийн дэмжлэг, тусламжийг үзүүлээд буй юм. Цаашдаа тус хоёр сан нь соёл спортыг дэмжих, амьдралын боломжгүй иргэдэд туслах, байгаль орчныг хамгаалах, иргэдийн амьдрал ахуй, эрх ашгийн төлөө анхааран ажиллах ажээ. Хятадын Банкны Улаанбаатар дахь Төлөөлөгчийн газар нь тус хоёр сангийн өдөр тутмын үйл ажиллагааг хариуцан ажилладаг байна.

Монгол Хятадын соёл боловсролын сан нь 2014 оны 7-р сард “Мөрөөдлийн од” тэтгэлэгт хөтөлбөр, “Ирээдүйн од” ивээн тэтгэх хөтөлбөрийг эхлүүлсэн ба сурлагын өндөр амжилт үзүүлдэг ч амьдралын боломжгүй сурагчдыг дэмжих зорилготой юм. Тэгш оролцоог хангах, нээлттэй ил тод байх зарчимд тулгуурлан хөтөлбөрийн талаарх мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарлаж, нийт бүртгүүлэгчдээс шалгалт авсан байна.

Улс нь иргэдээрээ холбогдож, иргэд нь сэтгэлээрээ холбогддог билээ. Тус хоёр сан нь Монгол, Хятад байгууллагуудын хамтын хүчээр хоёр орны иргэдийн сэтгэлийг холбосон гүүр босгон Монголын ард иргэдийн аж амьдралыг сайжруулж тэдний боловсрол болон нийгмийн хөгжил, хоёр орны соёлын болон найрамдалт харилцаанд хувь нэмэр оруулах чин хүсэлтэй байна.