sonin.mn

Улаанбаатар хотод ажиллаж байгаа бага дунд чадлын халаалтын зуухнуудад хуурай үнс баригч төхөрөмжийг  (циклон) зуухны утааны трактад суурилуулснаар  ялгарах  тоос, тоосонцорыг 90 хүртэл хувиар бууруулах бололцоотой бол нойтон үнс баригч тоноглосноор дэгдэмхий тоос тоосонцорыг мөн төдий хувь болоод хүхэрт исэл (SO2)-ийг 80 хүртэл хувиар бууруулах бололцоотой гэж мэргэжлийн байгууллагууд үзэж байна.

Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооноос санаачлан энэ чиглэлээр тодорхой ажлыг хэрэгжүүлж байгаа бөгөөд Японы АКО компанитай хамтран үнс барих циклон, тоосонцорыг шүүх фильтер бүхий нэмэлт тоноглолыг Нийслэлийн 68 дугаар дунд сургуулийн халаалтын зууханд суурилуулан туршиж байна. Үүнээс гадна Дулааны техник, үйлдвэрийн экологийн хүрээлэнтэй хамтран төрөл бүрийн зууханд тохирох үнс барих циклоныг зохион бүтээх, өөрийн оронд үйлдвэрлэх, нэвтрүүлэхээр дэмжлэг үзүүлэн хамтран ажиллаж байна.

Дашрамд дурдахад халаалтын зуухны бохирдлыг бууруулах тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг Гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлсөн бөгөөд, бохирдлыг бууруулах чиглэлээр ажиллаж байгаа аж ахуйн нэгжүүд нь орлогын албан татвараас чөлөөлөгдөх боломжтой юм. Мөн түүнчлэн Халаалтын зуух ашигладаг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд мэргэжлийн байгууллагуудаас зөвлөмж зөвлөгөө авах эрх нь бүрэн нээлттэй.