sonin.mn

Мэдээллийн зарим хэ­рэгс­лээр “Хөгжлийн банк­ны гүйцэтгэх захирал Засгийн газрыг залилсан хэргээр шал­гуулж байна” хэмээн ноцтой мэдээлэл цацагдав.

Эдийн засгийн хөгж­лийн сайд Н.Бат­баярын хүрээлэлд хамрагддаг гэх Н.Мөнхбат гэгч залуу Монгол Улсын хөгжлийг тодорхойлолцох үүрэгтэй энэ томоохон банк­ны захир­лаар гэнэтхэн л томилогдсон.

Сүүлийн үед энэ засагт үлдэхгүй нь тодорхой бол­лоо гэгдэж буй Н.Батбаяр сай­дын байдал улам л ба­заахгүй болж байгаагаас түүний гол санхүүжүүлэгч Н.Мөнхбат захирлыг онил­сон шуугиан дэгдэж эхэл­лээ.

Монгол Улсын төрийн өмчит Хөгжлийн банк нь Монгол Улсын Засгийн Газрын 2010 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 195 дугаар тогтоолоор банк байгуулах шийдвэр гарч, УИХ-аас “Монгол Улсын Хөгжлийн банкны тухай” хуулийг 2011 оны 02 дугаар сарын 10-ны өдөр баталснаар, 2011 оны 3 дугаар сарын 25-ны өдөр үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авч, 2011 оны 5 дугаар сарын 12-ны өдөр нээлтээ хийн албан ёсоор үйл ажиллагаагаа эхлүүлжээ.

Монгол Улсын Хөгжлийн банк нь Монгол Улсын нийгэм, эдийн засгийн тогтвортой байдлыг бий болгох, хөгжлийг түргэтгэхэд чиглэсэн дэд бүтэц, уул уурхайд түшиглэсэн, нэмүү өртөг шингэсэн, боловсруулах аж үйлдвэр, экспорт болон импортыг орлох бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд шаардагдах дунд, урт хугацаатай, санхүүгийн эх үүсвэрийг бүрдүүлэх зорилгоор байгуулагдсан нь тодорхой. Түүний тухайд Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлын хувиар 2013-2014 оны заагаар “Самурай” бондыг Монгол Улсад гаргаж, бондын зах зээлд дэлхийд хоёрдугаарт ордог Японы иенийн зах зээлийг анх удаа оруулж ирж байсан. Давтамжтайгаар хэд хэдэн удаа бондоо гаргаж, эхний ээлжинд 30 тэрбум иенийг гаргаснаар Хөгжлийн банк цаашид аливаа бүтээн байгуулалтын ажлыг хүний царай харалгүй сан­хүүжүүлээд явах боломжтой болж монголчууд хэсэгтээ л уужуухан амьсгаа авч эхэлсэн.

Харин тун удалгүй монгол­чуудын тамын тогооны үлгэр эхэлж “Самурай” бондын хө­рөнгө оруулагчдад төлөх хүүг жилд 3.5 хувь байх нь гэж хэсэг шуугиулсан удаатай. Харин үнэн хэрэгтээ “Самурай” бондын хө­рөнгө оруулагчдад жилийн хүү нь 1.52 хувь гэж хоёр тал тохиролцсон юм билээ. Японы төрийн эзэмшлийн банк нь “Самурай” бондын нийт эрсдлийн 95 хүртэл хувийг өөр дээрээ авснаар Монгол Улсад оруулж ирсэн бонд нь 24.3 тэрбум иен буюу ойролцоогоор 400 тэрбум төгрөг болсон. Энэ нь бондын зах зээлд төдийлөн туршлагагүй монголчуудын хувьд санхүүгийн тун давгүй сайн нөхцөлтэй бонд гэдэг нь тодорхой.

Цаашдаа 10 жилийн хуга­цаатай авсан бондын хүүд 1.52 хувийг л төлөх юм билээ. Энэ нь эцсийн эцэст монголчуудын халааснаас жил бүр гарах зардлыг л ихээхэн хэмжээгээр буу­руулах нь ойл­гомжтой. Ши­нэ тутам бондын зах зээлд тун боломжийн эхлэл тавьсан Н.Мөнхбат захирлыг ангуучлах довтолгоон энэ оны дундуураас улам хүчээ авч “Энэ ч бас л үйлтэй албан тушаал юм даа” хэмээн толгой сэгсэрч явсан дуулдсан.

Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал Н.Мөнхбат, “Гудамж төсөл”-ийн захирал Б.Батболд нарыг АТГ-ынхан өнгөрсөн хавраас шалгаж эхэлсэн. Хөгж­лийн банкны захирал Н.Мөнхбатыг “Чингис”, “Саму­рай” зэрэг бондын хөрөнгийн зарцуулалтыг АТГ анхааралдаа аван шалгаж эхэлснийг өнгөрсөн тавдугаар сард тус газрынхан мэ­дэгдэж байсан бөгөөд тэр асуудал тэгсгээд сураг алдарсан билээ.

Хориодхон хоногийн өмнө АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн Мөрдөн байцаах албаны дарга Э.Амарбатаас Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбатыг ямар үндэслэлээр шалгах болсон талаар тодруулахад "Халзан бүргэдэй, Солонготын давааны чиглэлийн замын гүйцэтгэл ер­дөө 38 орчим хувьтай байхад тухайн газарт дахин шинээр зам тавих ойлголтыг Засгийн газарт төрүүлж тогтоол батлуулсан.

Ингээд нэмж нийт 43.6 тэрбум төгрөгийг гаргуулж аваад "Монроуд" ХХК-д шууд шил­жүүлж өгсөн байгаа юм. Мөн Замын-Үүд хилийн боомтын ачааны шалган нэврүүлэх цогцол­борт 8.7 км ха­туу хучилт­тай автозамын ажлыг гүйцэтгэхээр өмнө нь техник, эдийн засгийн үнэлгээ хийж үзэхэд 20 тэрбум төгрөгөөр гүйцэтгэх боломжтой байна гэж байхад 33 тэрбум болгож батлуулсан.

Түүнчлэн Халзан бүргэдэй, Солонготын давааны 100 км замыг шинээр тавих асуудлыг шийдсэн тэр өдрийн Засгийн газрын ху­рал­даанаар Замын-Үүдийн 20 тэрбумын ТЭЗҮ-тэй автозамыг 33 тэрбум байхаар баталж Хятадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид санхүүжилтийг нь шууд шилжүүлж олгосон. Эдгээр нь хууль дүрэмд нийцэхгүй, сэжиг бүхий үйлдэл учраас Н.Мөнхбат нарт Эрүүгийн хэрэг үүсгээд шалгаж байна" гэжээ.

Гэтэл Хөгж­лийн банкны гүй­цэтгэх захирал нь аливаа бүтээн бай­гуулалтын санхүүжилтийг дур мэдэн ганцаараа шийдэх ямар ч боломжгүй, Засгийн газрын ги­шүүдийн дийлэнх олонхын саналаар хуваарилан шилжүүлдэг юм билээ.

Ийнхүү асуудал Засгийн газрын түвшинд яригдаж бодлого шийдвэр гардаг нь тодорхой атал банкны салбарт зоригтой ажил эхлүүлж, алдаж онож яваа залууг чухам аль газраас шидсэн чулуу байн байн нэрмэж, урам зоригийг нь мохоогоод байгаа нь сэжигтэй. Магадгүй энэ асуудлын цаана Н.Батбаяр сайдын хүрээлэлд хүчтэй цохилт өгч засгаас гаргах, Хөгжлийн банкыг гартаа авахыг улайрах хүсэгчдийн явуулга бай­хыг ч үгүйсгэж болохгүй.

Тэ­гээд ч Хөгжлийн банкны дүрэмд “Монгол Улсын Хөгж­лийн банк нь үндэсний хэм­жээний томоохон бүтээн бай­гуулалтад санхүүжилт олгох­доо улс орны хөгжилд шинэ дэвшилтэт техник, технологи, инновацийг нэвтрүүлэх, байгаль орчинд ээлтэй, нийгэм эдийн засгийн үр өгөөжтэй байдлыг анхаарахын сацуу үндэсний аж ахуйн нэгж байгууллагыг төсөл, хөтөлбөрийн үйл ажиллагаанд татан оролцуулж чадавхыг нь нэмэгдүүлэх, ажлын байр олноор бий болгох замаар иргэдийн амьжиргааг сайжруулах бод­­­логыг чухалчлан, ашиг ха­рахыг урьтал болгодоггүй” гээд заа­чихсан байна.

Ийм л нэг залуу захирал орчин ца­гийн хилс хэрэгт гүт­гэгдэж, тодор­хой хүмүүс энэ ажлыг хэрэг­жүүлэхээр ханцуй дотроо “наймаалцаж” байгаа гэх яриаг холбогдох газрууд анхааралдаа авах ёстой.

Д.Түвшин

Эх сурвалж: