sonin.mn

Олон улсын тоймч Ш.Гантулгыг ажлаас нь халсан гэх асуудалтай холбоотойгоор Ийгл Ньюс Телевиз  мэдэгдэл гаргажээ.

 

Ийгл Ньюс Телевиз 1995 онд байгуулагдсан бөгөөд ирэх онд 20 жилийн ойтойгоо золгох гэж байна. Энэ хугацаанд Ийгл Ньюс Телевиз нь үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөгөөр дамжуулж Монголд ардчиллыг бэхжүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулсаар байгаа билээ. Ингэхдээ шударга, шуурхай, үнэн бодит тэнцвэртэй мэдээлэл түгээх зарчим баримталж, өнөөдрийг хүртэл мөрдлөг болгосоор байна.

Сүүлийн хэдэн өдрүүдэд зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон олон нийтийн сүлжээгээр Ийгл Телевизийн нэр хүндэд илтэд халдсан, бодит байдлыг гуйвуулсан ташаа мэдээлэл цацагдах боллоо. Олон улсын тоймч Ш.Гантулгыг ажлаас нь халсан болон Ийгл Ньюс Телевиз Америкийн хөрөнгө оруулалттай гэсэн мэдээллүүд нь ташаа мэдээлэл болохыг мэдэгдэж байна.

Ийгл Ньюс Телевиз нь 2011 оны 04-р сараас 100 хувь дотоодын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж болж, бүтэц бүрэлдэхүүн, техникийн бүрэн шинэчлэл хийсэн болно. Бодит байдал ийм байхад тоймч Ш.Гантулга нь өнгөрсөн 7 хоногт LCN кабелийн сувагтярилцлага өгөхдөө Ийгл Ньюс Телевизийг Америкийн хөрөнгө оруулалттай гэж худал мэдээлэл өгч, байгууллагын нэр хүндэд халдаад байна. Тоймч Ш.Гантулга нь олон улсын үйл амьдралын мэдээ дамжуулахдаа хэт нэг талыг барьж, олон талын эх сурвалж, баримт нотолгоог иш үндэс болголгүй ярьж байсан нь мэргэжлийн ёс зүйн алдаанд тооцогдох юм. Ёс зүйн энэ алдаагаа засахын оронд дахин давтсаар байсан тул Ийгл Ньюс Телевизийн дотоод дүрэм журмын дагуу эфирт гарахыг нь түр түдгэлзүүлсэн болно.

Тоймч Ш.Гантулгын Ийгл Ньюс Телевизтэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн зүгээс цуцлаагүй байгаа бөгөөд өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр үйлчилж байна. Ийгл Ньюс Телевиз нь хэвлэл мэдээллийн байгууллага гэдэг утгаараа олон нийтийн өмнө хариуцлага хүлээдэг ч нийтлэлийн бодлогоо хэрхэн тодорхойлох, эфирт хэнийг гаргах, мэргэжлийн ёс зүйн алдаа гаргасан ажилтандаа хэрхэн хариуцлага тооцох нь манай байгууллагын дотоод асуудал юм.

Мэргэжлийн ёс зүйн алдааг манай байгууллага ноцтой алдаанд тооцон авч үздэг бөгөөд ийм алдаа гаргасан ажилтанд хариуцлага тооцох нь эцсийн дүндээ олон нийтийн үнэн бодит, тэнцвэртэй мэдээлэл хүлээн авах эрхийг хамгаалж буй үйлдэл болно.

Ийгл Ньюс Телевиз