sonin.mn

Гомбоев гуайтай би уулзаж байсан. Гомбоев гуай хамгийн сүүлд 1980-аад онд номч мэргэн гавж С.Гомбожав гуайг сүүлчийн замд нь үдэх ёслолд хүрэлцэн ирсэн юм. Миний дуулсанаар бол Гомбоев гуай буриадын Агийн дацангийн ойролцоо байх Тавтанай хэмээх газрын хүн юм.

Гомбоев гуай бага залуу насандаа Агийн дацанд буддын гүн ухааныг судпасан сайн гэвш болсон хүн. 1960 хэдэн онд буриадын хамба лам байхдаа Монголын хамба лам С.Гомбожав гуайн урилгаар хүрэлцэн ирж Гандантэгчэнлин хийдийн ном эрдэмтэй гэвш, гавж нартай чойрын дамжаа барьж ном хаялцаж байсныг манай багш нар ярьдаг.

Мөн 1970-аад оны эхээр буриадын дэд хамба Эрдэнэев гуайтай хамт Азийн буддистуудын энх тайвны бага хурлын үйл ажиллагаанд оролцож байлаа. Мөн 1956 онд Энэтхэгийн Дели хотноо Бурхан багшийн нирваан дүр үзүүлсэний 2500 жилийн ойд буриадын хамба лам Ишдоржтой хамт очиж оролцож байв.

Энэ хуралд Монголын талаас Гандантэгчэнлин хийдийн Цогчэн их гэсгүй Гомбодоо гуай, МУИС-ын багш, доктор, профессор Ш.Лувсанвандан гуай нар оролцсон юм. С.Гомбоев гуай 1970 онд Монголын хамба лам С.Гомбожавтай хамтран Улаанбаатар хотноо Шашны дээд сургуулийг нээн байгуулахад хүрэлцэн ирж оролцож байсан юм.

Гомбоев гуайн үед буриадын цорж лам Дарамдодь нарын зэрэг лам нар Улаанбаатар хотноо ирж байсныг мэдэх юм. Буриадын хамба лам Гомбоев Жамбалдорж,
Монголын хамба лам С.Гомбожав гуай нар 1960-аад оноос эхлэн буриадын Иволгын дацан, Агийн дацан-Монголын Гандан хийдтэй найрсаг дотно харилцаатай болж энэ байдал 1980-аад оны хүртэл үргэлжилсэн юм.

Энэ хоёр хамбын үеэс Монголын Шашны дээд сургуульд буриадын оюутнууд ирж суралцдаг болсон билээ. Энэ сайхан уламжлалыг одоогийн хамба лам Д.Аюшеев өвлүүлэн залгуулж байгаа юм. Одоогийн дуу цуу ихтэй болсон Итгэлт хамбын талаар Гомбоевын үеэс л мэдэж байсан бололтой гэж буриадууд ярьдаг.

Түүхийн ухааны доктор, Профессор Ш.Сонинбаяр

Эх сурвалж: "Билгийн мэлмий" сонин