sonin.mn

“Ганга” хэмээх үг Дарьганга нутгийн түүх соёл, байгаль экологийн эрт ба эдүгээг төдийгүй гоо үзэсгэлэн, ур ухааны их өвийг хураангуйлсан томъёо мэт санагдана. Үгийн гарал үүслийг Энэтхэг дахины хэлний эртний язгуур луу нэхэн хөөвөөс энэрэн нигүүлсэхүй, авран гэтэлгэхүй, эх ундарга гэх утгас цацардаг гэмой.

Монголын соёлын нэгэн ундарга эхээ авсан Ганга мөрний рашааныг залснаас Ганга нуур үүссэн гэх домог бий. “Ганга гоёл”, “эрэг ганга”, “ганга өвс” гэх олон үгс ч бас л Ганга нуурын нэртэй утгын садан сүлбээтэй. Ганга нуур бол хамгийн олон үлгэр домог, дуу хууртай, эргэн тойрон түүхийн үлэмж дурсгал цогцлоосон Монголын хосгүй үзэсгэлэнт баянбүрд билээ.

Эдүгээ цаг үед манай дэлхийд нүүрлээд байгаа байгаль экологийн хувьсал болох дулаарал, хуурайшил Дарьганга нутагт хүчтэй нөлөөлж буйн зэрэгцээ хүний буруу үйл ажиллагааны улмаас нуурын ус татран багасаж, Ганга руу чиглэсэн зам харгуй дагаад элсний нүүдэл ихсэн цаашид ширгэж болзошгүй аюулын харанга дэлдээд байна. Ганга нуурын намар цагийн нэгэн гайхамшиг болох хунгийн чуулганыг үзэх гэсэн хөл хөдөлг өөн ихсэж, байгалийн зохист тэнцвэрийг алдагдуулсаар байна.

Ялангуяа Ганга нуурыг тэжээдэг хорин нэгэн булгийн олонх нь ширгэж, ундарга багасан, өвс ургамлууд тачирдан хомсодсоор байгаа нь аюулын дохиог улам ойртуулсаар буй.

Сүүлийн жилүүдэд Ганга нуурын ус эргээсээ үлэмж хэмжээгээр дотогшилж, ёроолд нь элс тунаж, хамгийн гүн газраа дөнг өж 70 см болж замгандаа дарагдан монгол хүн бүрийг, ялангуяа Дарьганга нутгийхныг түгшээж байна. “Ганга нуурын чуулган” хэмээх нэрийн дор Дарьганга нутгийн түүх, соёл, байгаль экологийн өв уламжлал, нүүдэлчдийн соёл иргэншлийн үнэт зүйлсийг хамгаалах, арвижуулан дэлгэр үүлэх иргэнлэг санааг бодитоор эхлүүлж буй хөтөлбөрийн нээлт энэ есдүгээр сарын 22-нд буюу өдөр шөнө тэнцэх өдөр Ганга нуурын хөвөөнд болно.

Мандах өглөөний нарыг хотол олноор урин залж, Ганга нуурандаа ая дууны болон шашин соёлын нандин зан үйлээр тахил өргөн лусыг баясган, нуурынхаа ундаргыг нь урин дуудах болно. Хүмүүний сэтгэлийн эрчим, байгалийн эрчим хүчтэй нэгэн эх сурвалжтай, харилцан шүтэлцээтэй гэдэгт би бат итгэдэг. Тиймээс ч монголчууд уул ус, газар шороогоо амь сүнстэй хэмээн хүнчилэн харьцдаг билээ. Байгаль дэлхийтэй харилцах монгол зан үйл, ёс уламжлалыг сэргээж, ирээдүй хойчдоо уламжлуулах нь нуур ус амгалан байхын эх үндэс мөн билээ.

Эрдэмтдийн судалгаа дүгнэлт хийгээд шинжлэх ухааны үндэслэлээр дэвшүүлэн гаргаж буй “Дарьгангын эко системийг хамгаалах” төслийг дэмжиж олон нийтийн идэвх санаачилга хөдөлгөөнийг өрнүүлэх, уул усаа хамгаалахад эрвийх дэрвийхээр оролцож буян үйлдэхийг “Ганга нуурын чуулган” уриалж байгаа юм. Ганга нуураас Дарьганга сумын төв хүртэл 12 км ойн зурвас байгуулах эхлэлийг бид энэ үеэр тавина.

Өөрөөр хэлбэл, Ганга нуур тийш баруун хойноос чиглэсэн олон замаар үүссэн газрын хөрсийг хамгаалж ойн зурвас бий болсноор нуур орчмын экологийн тэнцвэрт эерэг нөлөө үзүүлнэ гэж эрдэмтэд үзэж байна. Цаашид нуурын замгийг цэвэрлэх, булгуудын эхэнд мод тарих, Ганга нуурын бургасан шугуйн хаяа тэлэн үржүүлэх, нүүдлийн шувуудыг хамгаалахтай холбоотой олон ажил хийнэ.

Бид юу хийж нуураа хамгаалж нутаг усандаа буян үйлдэж болох вэ? Дарьганга нутагт аж төрж амьдарч буй иргэн бүр, Алтан-Овоо, Шилийн богд, Ганга нуур, Оргихын булагт ирж буй хүн бүр жилд нэгээс доошгүй мод тарих, гадаадын жуулчид, зочдод сайн дураараа мод тарьж буян үйлдэхийг уриалах хэрэгтэй.

Ганга нуурын ус багасаж буй нэгэн шалтгаан болох хэвийн хэмжээнээс хэтийдсэн замгийг цэвэрлэхэд биечлэн туслах, нуурыг хамгаалах хөдөлгөөн сайн дурын идэвхтэнүүдийг бий болгон дэмжүүлэх, замагжихаас хамгаалах багаж төхөөрөмж авч өгөх, Ганга нуурыг хамгаалахад зориулан завь авч өгөх, цаашид нуурыг хамгаалах 10 жилийн хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлэн, баримтат кино хийж, ном хэвл үүлэн, Ази дахь төрөлх байгаль орчны чухал бүсийн хамгаалалтыг сайжруулах олон улсын гэрээнд нэгдэх, Ганга нуур орчмын бургас, эмийн ургамал, ашигт ургамлуудыг мөчрөөр болон үрээр үржүүлэх талаар орон нутагт сургалт явуулж хэрэгжүүлэн, сан бий болгох боломжтой. Эх болсон нутаг усаа хамгаалах “Ганга нуурын чуулган” хөтөлбөрт нэгдэхийг элэг нэгт монгол ахан дүүстээ уриалж байна.

Монгол улсын Соёлын Гавьяат Зүтгэлтэн  Г.Мэнд-Ооёо