sonin.mn

Л.Гансүх ерөнхий сайдын ахлах зөвлөх болсон нь түүний хамгийн том буруу.
Учир нь түүний оронд хэн ч байсан “Нүүрс хөтөлбөр” хэрэгжих л байсан. Гэр хорооллынхон 150 мянгаар авч байсан 1 тонн нүүрсээ 80 мянган төгрөгөөр авч баярлах  байсан. Нүүрс тойрсон улс төр өрнөх л байсан. Үнэн худал хардагдах л байсан.

Н. Алтанхуяг ерөнхий сайд болсон нь түүний хамгийн том буруу.
Учир нь түүний оронд АН-аас хэн нэг нь ерөнхий сайд болох л байсан. Олон сонирхлын дундах ерөнхий сайдын зовлонг эдлэх байсан. Гэр бүл, хамтран зүтгэгчдээ гоочлуулах л байсан. Огцор гэж хүний өөрийнгүй орилолдох л байсан. Учир нь энэ бол манай улс төрчдийн өөрчлөгдөж хувирдаггүй мөнхийн араншин
 АН ялсан нь түүний хамгийн том буруу.

Ялаагүй бол засаг барихаараа эв эвдрэлцдэг хууч өвчин нь  сэдрэхгүй байсан. Ялаагүй бол фракцуудын ил далд тэмцлээс болж АН-ын нэр хүнд унахгүй байсан. Ялаагүй бол тэнгэр самардсан хий бодолтой сайд нар нь төрийн албыг түрийвчний ажилтай хутгахгүй л байсан. Ялаагүй бол бөөн будлиантай хамтрагчтай болж бөөр рүүгээ ёвруулахгүй байсан.

Гэхдээ л. АН ялаагүй бол нийслэлийн иргэд газар өмчлөх эрхээ бүрэн дүүрэн эдэлж чадахгүй байсан. Нэг, нэг хүний гарт хууль бусаар орсон газар, талбай эргэж хэзээ ч нийтийн эзэмшлийнх  болохгүй байсан. АН ялаагүй бол “Нүүрс хөтөлбөр” хэрэгжихгүй байсан. Хамгийн осолтой нь ерөнхийлөгчийн сонгуулийн ялалт ,ялагдал хаашаа ч эргэж мэдэх байсан. АН ялаагүй бол бол авлигын эсрэг дайн зарлагдахгүй байсан. Ардчиллын зам улам нарийсах байсан.

Учир нь АН ялаагүй бол МАН ялах байсан. Өдгөө үхсэн буурын толгойноос айсан амьд атных шиг нүдэндээ үнээнд хайртай шарынх шиг гунигтай харц сүүмийлгэн худлаа номхорчихоод байгаа МАН ялсан бол. Өөрийн тасархай МАХН-тай эвсэн засаг байгуулах байсан. Мөн чанартаа өөрөө өөртэйгөө нэгдэнэ гэсэн үг. Тэгээд шилжилт дуусаагүй гэж ширүүхэн тунхаглаад хаа нэг газраас хаа нэг тийш нь ямар нэгэн зүйлийг зөөж шилжүүлсээр л байх байсан. Тэгэхээр АН ялсан нь буруу ч МАН ялаагүй нь хамгийн зөв.

Д.Өрнөхбаяр / Шинэ үе-Шинэ хүчний холбоо/