sonin.mn

Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулсан улсын аварга адуучин шалгаруулах тэмцээнд Хэнтий аймгийн Биндэр сумын адуучин Х.Бат-Эрдэнэ шилдгийн шилдгээр шалгарсан юм. Түүнтэй ярилцсанаа хүргэе.

-Юуны өмнө “Адуучин” тэмцээнд аваргалсан танд баяр хүргэе.
-Баярлалаа. Олон аавын хөвгүүдтэй хамт Хүй мандалын дэвжээнд өрсөлдөөд түрүүлсэндээ баяртай байна. Яагаад ч юм бэ цаг мөч тутамд сайхан мэдрэмж сэтгэлээс ундраад байна.

-Та нутаг, ус хаанахынх вэ. Биндэр сумын уугуул хүн үү?
-Би уг нь Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд төрсөн. Багаасаа тэр хавиар зусч, өвөлжиж хурга, ишиг хариулсаар хүн болсон доо.

-Аваргын нутаг юм байна?
-Тийм ээ. Намайг төрдөг жил дархан аварга Б.Бат-Эрдэнэ улсад шөвгөрөөд цол авч байсан юм билээ. Тэр бэлгэ дэмбэрэлийг бодож аав минь хүүдээ энэ нэрийг хайрласан байх.

-Өмнөдэлгэр сум бөхийн өлгий нутаг даа?
-Ардын хувьсгалын 90 жилийн ойгоор улсад зургаа давж харцага цол авсан Э.Оюунболд гэж залуу манай ойрын хамаатан байгаа юм. Бид хоёр төрсөн ах дүүсийн хүүхдүүд. Багаасаа хэн хэнийгээ сайн мэдэх хоёр.

-Хурдны морь унаж байсан уу?
-Таван настайгаасаа анх хурдны морь унаж, 16 хүртлээ ганц ч наадам алгасаагүй. Хөдөөний хүүхдүүдийн адил морь сургаж, хонь малаа эргүүлэх зэрэг өдөр тутмын ажлаа хийсээр ирсэн.

-Эмнэг хангалыг сургахад анхаарах зүйл нь юу байдаг вэ?
 -Цулбуураа гартаа хийгээд авсан л бол нүдээ огт аньж болдоггүй юм. Адуу гэдэг чинь тун гярхай, мэдрэмтгий амьтан байгаа юм. Хүний нүд цавчихыг андахгүй. Мөн биеэ чангалж огт болохгүй.

-Яагаад?
-Тэгвэл үү...Ар дагзаараа гэдрэг савна шүү дээ. Аль болох биеэ сул тавьж сургаж байгаа адууныхаа гишгэгдлийг мэдрэх нь хамгийн чухал.

-Өнгөрсөн тэмцээн дээр таны булгиулсан адууг хэн сонгосон бэ?
-Манай нутгаас А.Алтаншагай бид хоёрыг дагаж гурван туслах адуучин ирсэн. Тэдний барьж авчирсан эмнэгийг сургасан. Энэ дашрамд биднийг энэ нэр хүндтэй тэмцээнд оролцоход бүх талаар тусалж дэмжсэн нутгийн удирдлагууддаа баярласнаа хэлье.

-Энэ жилийн тэмцээнд Хэнтий аймгаас хоёр адуучин оролцсон. Харин бусад аймгаас тус бүр нэг адуучин орсон шүү дээ?

-Өнгөрсөн жилийн тэмцээнд Батноров сумын адуучин А.Алтаншагай түрүүлсэн. Тэгээд найз маань энэ удаа урилгаар оролцож байгаа юм.

-Хэнтий аймгийн хоёр аварга адуучин маань танилууд уу?
-Манай хил залгаа сумдын хэдэн залуу хаяа цуглараад эмнэг сургах, морь уургалах төрлөөр бооцоотой тэмцээн зохиодог. А.Алтаншагай аваргатайгаа тэр бооцоот тэмцээнд байнга таардаг. Найзтайгаа түрүү, үзүүр булаалдах тохиолдол олон гарч байсан.

-Тухайлбал?
-Улсын аварга адуучин шалгаруулах “Адуучин” тэмцээнд орохын өмнө аймагтаа сорил хийдэг. Тэр сорилд А.Алтаншагай бид хоёр оноо тэнцэж, улмаар нэмэлт шалгаруулалт явуулахад миний оноо илүү гарч би улсын аваргад явах эрхээр шагнуулсан.

Харин тэмцээний өмнө зохион байгуулагчид нь А.Алтаншагайд урилгаар оролцох хүсэлт ирүүлж л дээ. Тэгээд бид хоёр аймгаа төлөөлж оролцоод дахин үзүүр, түрүү булаалдлаа. Сонин юм шүү.

-Хоорондоо мөрийтэй адуу сургадаг юм байна?
-Мөрийний мөнгө шалихгүй ээ. Ихдээ 5-10 мянган төгрөгөөр уурга шүүрч өрсөлддөг. Бид чинь чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлж чадаж байгаа нь л чухал юм даа.    

-Улсын дэвжээнд газар газраас шигшигдсэн олон адуучинтай өрсөлдөхөд ямар санагдсан бэ. Хамгийн хүчтэй өрсөлдөгчийг нэрлэ гэвэл?
-Өнгөрсөн жилийн тэмцээнийг телевизээр л харж байлаа. Анх удаа улсын аваргын дэвжээнд шилдгүүдтэй мөр зэрэгцэн өрсөлдөж байгаа минь энэ. Тэмцээнд оролцсон адуучдаас ур чадвараар сул гээд нэрлэчих хүнийг олж хараагүй. Оролцсон бүх төрөлдөө хүч шавхан байж өрсөлдөөд түрүүллээ.

-Ирэх жилийн тэмцээнд шинэхэн аварга маань оролцох уу. Одооноос бэлдэж таарна даа?
-Малчид бид чинь байнга бэлтгэлтэй байдаг улс. Тэглээ гээд улсын тэмцээнд ач холбогдол өгөхгүйгээр шууд давхиад орох нь хаашаа юм. Тэмцээн дөхүүлээд хэд хоног бугуйл тавих байх. Дараа жилийн наадам даанч хол байна даа.

-Ерөнхий сайдтай уулзаад хамтдаа зургаа авахуулсан байна лээ. Төрийн ордонд анх удаа орж байна уу?
-Тэгсэн. Буянт малынхаа ачаар төрийнхөө ордонд орж үзлээ.  

Д.Жавхлан

Эх сурвалж: