sonin.mn

Монголын урлагт үнэтэй хувь нэмэр оруулж яваа ардын жүжигчин, төрийн соёрхолт Н. Сувдыг үнэхээр гоо сайхан, ухаан цогцолсон эмэгтэй гэж тодотгодог. Нэгэн үеийн урлагийн төлөөлөл болон тодоос тод гялалзаж яваа тэрээр төдийлөн хувийн амьдрал, үзэл бодлоо олонд дэлгээд байдаггүй.

Урлагийн элит гэр бүлийн нэг гишүүн түүний том хүү Т.Бат-Оргилыг монголын рок поп урлагт "Мөнхийн ус", "Аж богдын харуул" дуугаар нь 1990-ээд оныхон андахгүй. Дүү Т.Мөнх-Оргил мөн л рок поп хөгжимд дуртай нэгэн. Ингээд Н.Сувдтай хийсэн ярилцлагаа хүргэе. Тэрээр одоо УДЭТ-ынхаа уран бүтээлийн ажлыг хариуцаж байгаа аж.

-Та театрынхаа уран бүтээлийн ажлыг хариуцаж байгаа. Одоо ямар уран бүтээл дээр ажиллаж байгаа вэ?
-Бид одоо долоон найруулагчийн төсөл хэрэгжүүлж байна. Тэр дундаа найруулагч Л.Баатар, Ч.Найдандорж нарын жүжгүүд тавигдах гээд бэлтгэл сургуулилтандаа орчихсон байгаа. Миний хувьд эдгээр жүжгийнхээ зохион байгуулах ажлыг хийж байна. Тиймээс зөвхөн өөрийн уран бүтээл биш, театрын уран бүтээлчдийн уран бүтээлийн ажлыг зохион байгуулж байгаа гэж хэлж болно.

-Театр жил бур шинэ уран бүтээлчид шалгаруулан авч хүч сэлбэдэг. Энэ жилийн тухайд?
-Энэ жил студидээ шинэ залуу жүжигчид шалгаж авч ажиллуулж байгаа. Чадварлаг сайн хүүхдүүд орж ирсэнд нь сэтгэл хангалуун байна. Тэд маань хоёр гурван уран бүтээл дээр сайн ажиллалаа. Бусад шинэ уран бүтээлүүд дээр ч орж ажиллаж байгаа.

Хэдийгээр тэд сургуулиа төгссөн ч гэсэн туршлагажих, дадлагажих хугацаа хэрэгтэй болдог. Тиймээс энэ хугацаанд хүүхдүүд нэлээд зүйлийг сурч мэдэж өөрийнхөө байр суурь, уран бүтээлИйн орон зайг олж авна гэдэгт итгэлтэй байна.

-Та урлагийн элит гэр бүлийн гишүүн. Иймд та ажил амьдралын хувьд гэрийнхнээсээ хэнтэй нь илүү дотно байдаг вэ?
-Бид тэр болгон нэгдэж, нийлж ажиллаад байдаггүй. Бие биеийнхээ барааг нь харж сураг ажгийг нь сонсоод л явж байдаг. Өөр өөрийн гэсэн ааш зан, хүсэл мөрөөдөлтэй, бүх зүйлээрээ бие даасан байдаг болохоор нэг их цуглаж ярьж хөөрч суух зав байдаггүй. Ажил маань ч тус тусдаа.

Тиймээс би ах, дүү нараараа нэгдэж хамт ажиллаж байгаа хүмүүсийг харахаар баярладаг. Үнэхээр сайхан харагддаг. Тэгэхээр аав, ээж буурай маань биднийг багаас бие даалгаж амьдруулж сургасан юм байна гэж боддог. Одоо ээж маань 90 нас хүрч байгаа. Амьдралынхаа бүхий л хугацаанд урлагийн салбарт ажилласан.

Түүний нэгэн адилаар миний хувьд яг энэ салбарт нь байгаа болохоор ээжтэйгээ илүү дотно байж магадгүй. Тийм учраас би ээжийнхээ ажиллаж байсан төрийн бус байгууллагуудын ажлыг үргэлжлүүлээд хүч нэмээд явах юмсан гэж боддог.

Тийм учраас сая "Саран ээж" нийгэмлэгийнх нь ажлаар Хэнтий, Хөвсгөл аймгуудад явж ажиллаад ирсэн. Тэд ээж нарын туршлагыг дэлгэрүүлэх, сурталчлах ажлуудыг хийдэг юм билээ.

-Аав, ээж тань залуу бага байхад тань юу гэж захидаг байв?
-Ажлыг үнэн сэтгэлээсээ сайн хийж сур, ажлыг битгий гол, тэгвэл чамайг тэжээж амьдралд тань хүргэнэ гэж сургадаг байсан.

-Таны хийсэн бүтээл бүхнийг үзэгчид талархан хүлээж авдаг. Одоо ч танд кино болон бусад хувийн уран бүтээлийн санал ирдэг л биз дээ?
-Надад нэг их киноны урилга заллага ирээд байдаггүй. Цөөхөн хэдэн бүтээлтэй. Тэдгээр бүтээлүүдээ л өөрийнхөө чадлаар хамгийн дээд хэмжээнд хийе гэж боддог.

-Урлаг тэтгэвэрт гардаггүй гэдэг. Гэсэн ч та нэг л өдөр алтан тайзнаасаа бууна. Энэ үед бага ч атугай гунигтай санагдах байх даа?
-Юм бүхэн цаг хугацаатай байдаг. Тийм учраас цаг нь болохоор театраа, тайзаа тэр ч бүү хэл энэ ертөнцийг орхих болно шүү дээ. Тийм учраас бүх зүйлд бэлэн байх ёстой гэж боддог.

-Та ямар үед тайвшралыг олж авдаг вэ?
-Амьдралд бухимдах, уурлах уцаарлах гомдох, гуниглах бүх л зүйл тохиолдоно. Гэхдээ түүнээс доор зүйл байдаг гэж бодоод л тайвширдаг.

-Таны хүү Т.Бат-Оргилыг 90-ээд оны сонсогчид андахгүй. Түүнээс хойш дуулсангүй, төрийн албанд зүтгээд байгаа гэж сонссон?
-Одоо хувийн бизнесээ хийгээд л явж байгаа. Гэхдээ би хүүхдүүдийнхээ хувийн асуудалд оролцоод байдаггүй, тэд маань ч надад тайлангаа тавьдаггүй. Ерөнхий ноён нурууг нь л харж явдаг.

-Таны аав Намсрай гуай монгол ын бахархалт хүмүүний нэг байсан. Тиймээс аавынхаа тухай дурсахгүй юу?
-Аав маань "Үнэн" сонины Ерөнхий эрхлэгчээр олон жил ажилласан. Мөн Сэтгүүлчдийн холбооны дарга, ОУ-ын сэтгүүлчдийн байгууллагын дэд ерөнхийлөгч гээд монголын сэтгүүл зүйтэй салшгүй холбоотой хүн байсан даа. Аав маань гэртээ жижиг асуудалд нэг их оролцоод байдаггүй, бидэнтэй холилдоод л "тэг, ингэ" гэж байнга зааварлаад байдаггүй байсан.

Гэхдээ л ээж бид нар бүгдээрээ л аавын амыг хардаг. Чиг хаашаа заах вэ гэдгийг нь хардаг байсан болохоор ерөнхий чиг өгдөг байдаг хүн байсан байна аа гэж одоо боддог юм.

Эндээс өдөр тутмынхаа ажлыг ээж шийдвэрлэж, амьдралын ерөнхий чиг хандлагыг аав чиглүүлж өгдөг байсан байгаа юм. Хамт ажиллаж байсан хүмүүсийн яриа, дурсамжийг харахад ажил дээрээ ч бас тийм байсан юм болов уу. Тиймээс би аавыгаа гүдэс, шулуун зантай сайхан эр хүн байсан гэж би боддог юм.

-Таныхаар жинхэнэ эр хүн гэж хэн бэ гэвэл та аавтайгаа зүйрлэхнээ?
-Тийм ээ. Би аавтайгаа л зүйрлэдэг. Эр хүн яг л миний аав шиг байх юм бол үнэхээр жинхэнэ эр хүн гэх болов уу. Гэр бүл, үр хүүхэд, улс эх орон, ажил албан газартаа түшиг тулгууртай, чиглүүлэх ухааны их цараатай тийм л байвал хамгиин зөв гэж үздэг.

-Өнөөдөр эмэгтэйчүүд амьдралд илүү их үүрэг рольтой бас амьдралын хүнд ачааг үүрч явна. Та энэ дээр ямар бодолтой байна?
-Эмэгтэйчүүдийнхээ хувьд би маш өндер сэтгэгдэлтэй явдаг. Учир нь эмэгтэйчүүд илүү хүчтэй, чадалтай, тэвчээртэй байж, өөрийнхөө үүрэх ачаанаас илүүг үүрч яваа. Мэдээж орчин үед эрчүүд, эмэгтэйчүүд ачаагаа тэнцүү үүрэх ёстой.

Тэгэхээр эрчүүд маань бас ачааныхаа илүү хүндийг үүрч байгаасай, түүндээ эмэгтэйчүүдийнхээ ачааг нимгэлэх хэрэгтэй. Тэгээд ч эмэгтэй хүн гэдэг зөөлөн сэтгэлтэй, маш олон жижиг асуудпыг шийдэхэд оролцох үүрэгтэй. Тэр нь эмэгтэй хүний зан чанарт нөлөөлдөг.

Тийм учраас эрчүүд минь бүсгүйчүүддээ түшиг тулгуур, ноён нуруу нь болж яваарай гэж захих байна. Ер нь бүстэй, бүсгүй хоёр хүн амьдралын ачааг жигд үүрч, нэг нэгэндээ итгэлтэй байж, хүн хүндээ итгэж явах шиг сайхан юм байхгүй.

Гэрийн хоёр багана тэгшхэн байвал гэрийн ноён нуруу сайхан байдаг учраас энэ хоёр багана тэгшхэн, эн тэнцүү байгаасай гэж би боддог. Хүн гэдэг нэг ухагдахуунд багтдаг учраас хамтран амьдрах тавилантай Тэгээд хамтарч ажиллаж, амьдарч, их амжилтыг олдог жамтай.

Залуу байхад эмэгтэй хүн эр хүнтэй л адим өөрийнхөө хүчээр, өөрийнхөө оюун ухаанаар, өөрийнхөө байр суурийг олж чадна, чадах ёстой гэж үздэг байсан. Харин нас ахиад ирэхээр эрэгтэй хүний туслалцаа, дэмжлэг, түшиг, тулгуур, ноён нуруу алсын хараа их хэрэгтэй байдаг юм байна гэдгийг ойлгосон.

Д.Нэргүй

Эх сурвалж: