sonin.mn

Хичээлийн шинэ жил эхлэх үеэр бүгд л хөдөлгөөнд ордог. Харин хөдөө орон нутгийн оюутнуудад хичээлээс гадна оюутны дотуур байрны асуудал тулгардаг. Хотод хамаатан садангүй оюутнууд сургуулийнхаа дотуур байранд орохыг хүснэ.

Хэрэв багтахгүй бол хөлсний байр хайхаас өөр сонголтгүй болдог. Гэтэл ШУТИС-ийн оюутны II байр энэ жил оюутнуудыг хүлээж авахгүй байгаа аж. Тус оюутны байрыг өнөө жил нураах гэнэ.

Үүнээс шалтгаалан ШУТИС-ийн зарим оюутны байрны асуудал нэлээд хүнд байгаа гэнэ. Тиймээс тус байрыг зорилоо. Уг байрны гадаа хэсэг оюутан сууж байв.

Тэд "Оюутны байрны асуудал хүнд байна. Энэ хичээлийн жилд II байранд оюутнуудыг авахгүй гэдгийг мэдсэн бол байрны асуудлаа эрт шийдэх байсан юм. Гадуур хөлсний байр маш өндөр үнэтэй байна.

Уг нь сургуулийн дотуур байранд суухаар зарлага бага байдаг. Төлбөр нь ч гэсэн боломжийн байдаг. Одоо хаана хандахаа мэдэхгүй байна. Байрны дарга Дугармаатай уулзах гээд хулээж байна" хэмээн ярилцаж байсан юм.

Харин байрны жижүүр энэ байрыг нураахгүй засвар хийх гэж байгаа хэмээж байлаа. Тэрээр "Зун засвар хийх байсан хэдий ч санхүүгийн асуудлаас болоод амжаагүй. Тиймээс энэ байранд байсан хүүхдүүдийг ШУТИС-ийн бусад байранд хуваан оруулсан" гэсэн юм.

Шинэ байр 2015-2016 онд ашиглалтад орно
Мэргэжлийн хяналтын газраас ашиглалтын хугацаа дууссан таван байрыг акталсан байна. Үүний нэг нь ШУТИС-ийн II байр аж. Тус байрны хана нурж, дээвэр нь мөөгөнцөртчихсөн байгаа учраас оюутнууд байрлах боломжгүй гэнэ. Иймээс мянган оюутны байрыг барих гэж байгаа юм байна.

Энэхүү байрыг хэзээ нурааж барих талаар МОХ-ны дэд ерөнхийлөгч Д.Батчулуунаас тодруулахад "МОХ-ноос их, дээд сургуулийн байруудыг байнга үзэж хяналт тавьж явдаг. Энэ байрны хана нурж, дээвэр нь мөөгөнцөртсөн байгаа. Иймээс оюутнууд амьдрах аргагүй болчихсон. Мөн Мэргэжлийн хяналтын газраас ашиглалтын хугацаа дууссан гээд акталсан.

Иймээс энэ II байрыг нурааж, шинэ оюутны байр барих юм. Шинээр баригдах байрыг өнгөрсөн жил барьж ашиглалтад оруулсан Мянган оюутны байр шиг барина. Энэ ажилд нэлээд хугацаа орох байх. Ер нь бол 2015-2016 оны хичээлийн шинэ жил гэхэд ашиглалтад орчихно" гэв.

Оюутнуудыг бусад байранд оруулжээ
ШУТИС нь оюутны таван дотуур байртай аж. Нурааж шинээр барих гэж байгаа байр нийтдээ 300 гаруй оюутны багтаамжтай аж. Уг байранд суух оюутнуудыг хаана оруулсан талаар ШУТИС-ийн Оюутны хөгжлийн төвийн үйлчилгээний ажилтан Х.Оюунхишигээс тодруулахад "II байранд сууж байсан оюутнууд болон шинээр суух оюутнуудыг ШУТИС-ийн бусад байруудад квотлож оруулсан байгаа.

Иймээс оюутнуудыг ямар нэгэн хүндрэл гаргаагүй. Ер нь манай сургууль оюутнуудаа боломжийн хэрээр байрандаа оруулсан. Манай сургуулийн оюутны байруудад нийтдээ 1800 оюутан хамрагдсан.

Төлбөрийн хувьд КТИС-ийн оюутны байрны төлбөр 500 мянган төгрөг байгаа. Харин бусад сургуулийн дтуур байрны жилийн төлбөр 300-400 мянган төгрөгийн хооронд байгаа. Энэ жил зарим сургуулиудын байр 40000 төгрөгөөр нэмэгдсэн" гэв.

Н.Алтанцэцэг

Эх сурвалж: