sonin.mn

Олон улс судлаач, эдийн засагч Х.Батсуурьтай ярилцлаа.

-Өнөөдөр ОХУ-ын Ерөнхийлөгч манай улсад айлчилж байна. Үүнээс хэдхэн хоногийн өмнө өмнөд хөршийн дарга айлчлаад буцсан. Энэ түүхэн үйл явдлыг манайхан төдийгүй дэлхий нийт хэсэгтээ онцлох нь гарцаагүй. Харин та энэ айлчлалуудаас юуг чухалчилж харж байна вэ?


-Мэдээж хоёр улсын төрийн тэргүүний айлчлал асар их ач холбогдолтой. Сүүлийн жилүүдэд манай улсын хоёр хөршдөө хандан явуулж буй улс төр, эдийн засгийн бодлогын хувьд тийм ч тааламжтай бус байсан. Үүнийг дотоодын болон гадаадын шинжээчид ч онцолж байгаа.

Энэ бүхэн нь ч бодит байдалд тусгалаа олж, манай улсын эдийн засагт нөлөө үзүүлж байна. Бид гадаадын шууд хөрөнгө оруулалт татарсан, эдийн засаг тамирдсан энэ байдлыг одоо хүртэл олон янзаар тайлбарлаж байна. Гэвч үнэн хэрэгтээ энэ бүхнийг авч үзэхээр хоёр хөршдөө явуулсан таатай бус бодлогоос тодорхой хэмжээнд хамаарсан байгаа юм.

Мэдээж үүнээс өөр бас бус шалтгаан бий. Өөрөөр хэлбэл, манай улс хэт нэг талыг барьсан эдийн засагтай явж ирлээ. Одоо ч Хятадаас хамааралтай байдал хэвээрээ. Сүүлийн хоёр жилийн хугацаанд энэ байдал бүр ч илүүтэй нэмэгдэх болсон. Тиймээс тодорхой хэмжээний хязгаарлалт хэрэгтэй байгаа. Тэгэхгүй бол энэ байдал нь цаашлаад үндэсний эдийн засгийн биеэ даасан байдалд ч нөлөөлж болохоор байгаа.

Ийм үед хоёр улсын төрийн тэргүүн манай улсад айлчлал хийнэ гэдэг том дэвшил юм. Харамсалтай нь ОХУ-ын Ерөнхийлөгч манай улсад зургаахан цаг саатна гэж мэдэгдсэн. Энэ байдлаас харахад ч тэр, БНХАУ-ын даргын айлчлалтай харьцуулахад ч тэр манай улсад хандах ОХУ-ын хандлагыг мэдэрч болмоор. Үүнээс гадна манай улс энэ айлчлалд улс төр, эдийн засгийн ямар байр суурь баримтлах, ямар гэрээ хэлэлцээр хийх тухай тодорхой мэдээлэл өгөөгүй.

ОХУ-ын Ерөнхийлөгчийн айлчлалаар визны асуудлаар ярилцах байх. Уг нь үүнийг манай улс аль эрт шийдчих байсан юм. Оросын тал бол энэ саналаа эрт тавьсан. Гэтэл манайх одоо хүртэл уясан хэвээр байгаа. Магадгүй хойд хөршөөс бараа бүтээгдэхүүн оруулж ирдэг зарим нэг хувь хүнд энэ байдал алдагдалтай байж болох юм. Харин эдийн болон бизнесийн орчин зэрэгт ач тустай гэж би харж байгаа.

-Эдийн засгийн хэт хамааралтай байдалд хязгаарлалт тавих тухай ярилаа. Иргэдийн дунд ч улс орны тусгаар тогтносон байдалтай холбоотой маргаан, бухимдал өрнөдөг. Та энэ санаагаар хэлж байна уу?


-Би улс орны тусгаар тогтносон байдлын тухай ганц үг хэлээгүй. Зөвхөн эдийн засгийн бие даасан байдал алдагдахад ойрхон байгаа тухай ярьж байгаа юм. Гэвч иргэдийн энэ бухимдал тийм буруу биш гэдэг нь өнгөрсөн хугацаанд өмнөд хөрштэй хэтэрхий ойр, хамааралтай явж ирсэн нь гэрчилж байна.

Бид одоогийн байдлаар зөвхөн импортын хувьд гэхэд Хятадаас 40 орчим хувийн хамааралтай. Экспортын хувьд бол тодорхой. Ийм хамаарал нэгэнт бий болчихсон учраас тодорхой хэмжээний хязгаарлалт хэрэгтэй байгаа юм.

-Тэгвэл уул уурхайгаас хамааралтай байгаа эдийн засгийг таныхаар яаж төрөлжүүлэх ёстой юм бэ?


-Бид гадныхан гэхээр л буянтан, ачтан гэж санадаг хэвээрээ л байна. Хамгийн түрүүлж энэ байдлаасаа салж дотоодын нөөц бололцоогоо судлах шаардлагатай байгаа юм. Хамгийн наад зах нь бид дотооддоо ган, зэсийг эцсийн бүтээгдэхүүн болгон гаргаж болж байна.

Мөн үүний цаана их хэмжээний хөрөнгө мөнгө шаардахгүйгээр олон зүйл нэрлэж болно. Тухайлбал, бэлчээрийн мал аж ахуйгаа уламжлалаар нь хадгалж, монгол махыг хөрш орнууддаа гаргаж болж байна. Үр тариа, сүүн бүтээгдэхүүн ч гэдэг юм уу органик хүнсээр бид олон улсын зах зээл дээр өрсөлдөх боомж бий шүү дээ. Тэгээд ч дэлхий нийтээрээ органик хүнсний эрэлд гарсан цаг үе.

Маш товчхондоо гадныхан органик хүнс хэрэглэж урт наслах мөрөөдөлтэй байна. Тиймдээ ч органик болон органик бус хүнсний бүтээгдэхүүний тусдаа дэлгүүр хүртэл бий. Мэдээж үнийн хувьд тэнгэр газар шиг зөрүүтэй. Мөн бид ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн гэж олон жил ярьж байна.

Энэ бүхнээр брэнд бий болгох боломж байгаа шүү дээ. ОХУ-д хориг арга хэмжээ авсан энэ үе бас нэг боломж. Тиймээс бид ОХУ-тай халуун гараа атгалцах хэрэгтэй.

-ОХУ-ын Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр манай улсаар хийн хоолой дамжуулах талаар ярилцах байх гэсэн таамаг бий?


-Зөвхөн эдийн засаг, визны асуудал, хийн хоолой зэргийг ярилцахаас гадна хойд хөрштэй харилцаагаа сайжруулах цаг болсон. Үүнд нэлээд ач холбогдол өгөх байх гэж найдаж байгаа. Яг судлаад үзэхээр байгалийн хийн гол эх үүсвэр нь Тюмэнь, Сибирт байгаа.

Энэ байршлуудыг аваад үзвэл хийн хоолой Монголын нутгаар дайрснаар Хятадын хүн ам олноор суурьшсан бүс нутагт хамгийн дөт замаар очих юм. Үүнийг Монголоос тойруулаад Алс Дорнодоор тавих нь ихээхэн зардал гарахаар харагдаж байгаа. Эдийн засгийн талаас нь аваад үзвэл Оросуудын хувьд хийн хоолойг Монголоор дайруулах нь ашигтай.

Гэхдээ энэ ашигтай нөхцөл байдлыг Монгол Улс оросуудад бүрдүүлж өгч чадах уу, үгүй юу. Улс төрийн уур амьсгалыг бүрдүүлж өгч чадах уу, үгүй юу гэдгээс их зүйл хамаарна. Сүүлийн жилүүдэд ялангуяа ОХУ-тай харилцах харилцаа тийм ч таатай бус байсан талаар би хэлсэн. Тиймээс харилцаандаа таатай уур амьсгал бүрдүүлнэ гэдэг нь юу юунаас чухал.

-Бид өнгөрсөн хоёр жилийн хугацаанд олон улсын санхүүгийн байгууллага болоод улстөрч, эдийн засагчдаас сайн мэдээ сонссонгүй. Тухайлбал, зээлжих зэрэглэл буурсан, хөрөнгө оруулагчид нүүр бууруулсан, төгрөгийн ханш унасан, барааны үнэ өссөн гэх мэтээр цааш хөвөрнө. Харин хоёрхөршийнайлчлалтай холбогдуулан манай улсад хандах гадныхны итгэл сэргэж байна уу?


-Олон улсын хэвлэлүүдэд гарч буй мэдээллээс харахад хоёр хөршийн төрийн тэргүүний айлчлалтай холбогдуулан гадны хөрөнгө оруулагчдын итгэл нэмэгдэх хандлага ажиглагдаж байгаа. Үүнийг ч олон улсын хэвлэл онцолж байна. Энэ бол баярлаад, хөөрөөд байх зүйл биш л дээ.

Тэгээд ч бид заавал гадныханд таалагдах албагүй. Харин би зээлжих зэрэглэл буурсан гэдэгт эмзэглэхгүй байгаа. Тэртэй тэргүй манай улсын нийт гадаад өр 20 тэрбум ам.доллартхүрсэн. Энэ нь ДНБ-ний 200 хувьтай тэнцэж байна.

Засгийн газрын гадаад өрийн хэмжээ л гэхэд 6.5 тэрбум ам.доллар байгаа. Энэ байдлаараа цаашид өр нэмж тавьбал бид эдийн засгийн өсөлт өөд биш дампуурал руу л улам дөхнө. Зарим эдийн засагч, улстөрч зээлжих зэрэглэл бууруулсанд эмзэглэж, нэлээд сүр үзүүлдэг болж. Бүр зарим нэг нь зээл гэдэг бол өр биш гэсэн тайлбар хэлж байна лээ.

Тэдний тодорхойлж буйгаар төлж чадахааргүй мөнгийг л өр гэдэг юм байх. Гэвч энэ бүхэнд ямар ч ялгаа байхгүй. Олон улсын эдийн засгийн хэллэгт хүртэл өр гэж нэрлэж байгаа. Сүүлийн хоёр жилийн дотор манай гадаад өр хоёр дахин өсчихөөд байна. Өрийн эрсдэлийн судалгаагаар Засгийн газрын өр ДНБ-ий 30 хувьд байвал эрсдэл багатай гэж үздэг. Одоогийн байдлаар манай Засгийн газрын өр ДНБ-ий 65 хувьд хүрчихээд байна.

Энэ бол эдийн засгийн аюулгүй байдалд сөрөг нөлөө үзүүлэхээр хэмжээнд байна гэсэн үг. Тиймээс ойрын 10 жилийн хугацаанд манай улсын эдийн засаг 17-20 хувь хүртэл өсч байж, өрөө дарахаар байгаа. Мөн нэмж хэлэхэд миний харж, судалж үзсэнээр өр тавиад өндөр хөгжилд хүрсэн буурай орон гэж дэлхийн хаана ч байхгүй.

 -Монгол хүн бүр 12 сая төгрөгийн өртэй гэсэн мэдээлэл сүүлийн үед гарах боллоо. Энэ үнэн үү?


-Би хэдэн сарын өмнө тооцож үзэхэд нэг хүнд ногдох өрийн хэмжээ 6300 ам.доллар байсан. Энэ нь төгрөгт шилжүүлэхээр дээрх тоонд дөхөж очно л доо. Тэгэхээр энэ бол бодит мэдээлэл гэсэн үг.



-Таныг ажаад байхад нэлээд эсэргүүцдэг хүн санагдаад байдаг юм. Өрийн удирдлагын тухай хуулийг Та бас эсэргүүцдэг үү?


-Олон хүнд эсэргүүцдэг нөхөр санагддаг байж магадгүй. Би ч өөрөө үүнийгээ гадарладаг юм. Гэвч үнэндээ тийм байхаас ч аргагүй байдалд хэдийнэ оржээ. Хууль эрх зүйн орчин тогтвортой байх ёстой. Монголын хувьд төр засгийн залгамж чанар алдагдаад удсан.

Ямар сайндаа л манай нэг сайд “Өмнөх Засгийн газрын үед тохирсон зүйл бидэнд хамаагүй. Бид бол шинэчлэлийн Засгийн газар. Тийм учраас бид шинээр эхэлнэ” гэж хэлсэн гэсэн. Энэ юу гэсэн үг вэ. Гэвч би огт өр тавьж болохгүй гэж эсэргүүцээгүй.

Гол нь хяналттай, үр ашигтай, эргээд үр дүнгээ өгөх, баялаг бүтээх тийм төсөл хөтөлбөрт зарцуулах шаардлага тавьж байгаа. Өрийн удирдлагын хуулийг Засгийн газар УИХ-д өргөн барьж оруулж ирсэн байгаа.

Энэхүү хууль нь манай улсад зайлшгүй байх шаардлагатай юу гэвэл тийм. Өнөөгийн үйлчилж буй Төсвийн тогтвортой байдлын тухай хуулинд өр, зээлийн хэмжээ ДНБ-ий 40 хувиас хэтрэхгүй байхаар заасан. Гэтэл Засгийн газраас оруулж ирж буй хуулийн төсөлд Засгийн газрын өр ДНБ-ий 70 хувь, Засгийн газрын баталгаа 20 хувь гээд нийлээд 90 хувь болгох гээд байгаа.

Үүнээс гадна тус хуульд өр бий болох нөхцөл нэг бий. Түүнд зааснаар өрийг өр тавьж төлж болохоор байгаа. Өөрөөр хэлбэл, таниас би мөнгө зээлээд түүнийгээ өөр хүнээс авч өгөөд дараа нь дахиж мөнгө зээлэх хүн хайгаад явж болно гэсэн үг. Мөн төсвийн тодотголоор авах зээлийн хэмжээг нэмэгдүүлэхээр нөхнө гэсэн байгаа. Энэ бол байж болохгүй л дээ.

Д.Ганбаатар

Эх сурвалж: