sonin.mn

Холын газраас бөмбөрөн гүйгээд
Холхи газрын хаяа хүрнэ Хүннүн үеэс цуутай ажнай
Хүслийн алдрай дэлтэй шувуу... хэмээн дуулсаар ард түмэндээ танигдсан гавьяат жүжигчин, дуу­чин Э.Бүрнээбаярыг “Амьдралаа би чамд хайртай”, “Дэлтэй шувуу”-гүйгээр төсөөлөхийн аргагүй. Урлагт бүхий л амьдрал, сэтгэл зүрхээ зориулж яваа тэрбээр “Уран бүтээлч” буланд маань түр саатсан юм.

-Уран бүтээлчдийг бурхнаас илгээгдсэн тусгай даалгавартай элч нар гэж ярьдаг. Харин та өөрийгөө даалгавараа хэр сайн биелүүлсэн гэж боддог вэ?
-Би гавьяаныхаа амралтад гарснаас хойш чөлөөт уран бүтээлч болсон. Өнөөдрийг хүртэл өөрийнхөө хэмжээнд, чадах чин­ээ­гээрээ сайн биелүүлж явна. Өнгөрсөн хавраас эхлээд бүтэн зуныг хөдөө орон нутгаар явж, завгүй өнгөрүүллээ. Тиймээс чи “даалгавараа биелүүлсэн” биш “биелүүлж байна вэ” гэж асуух нь оновчтой байх.

-Зохисгүй асуултаар ярилц­лагаа эхэлсэн бол уучлаарай. Гэхдээ л та гавьяаныхаа амралтад гарснаас хойш хаа нэг хурим, найранд л дуулж байгаа харагддаг болсон шүү дээ?
-Би чамтай огт санал нийлэхгүй. Шуудхан хэлэхэд асууж байгаа чинь ч таалагдахгүй байна. Яах вэ, энд тэндхийн хурим, найранд дуулж өгөхийг хүссэн урилга их ирдэг. Үүнийг үгүйсгэхгүй. Гэхдээ би чанаргүй олон уран бүтээл хийхийг хүсдэггүй. Үг, ая нь хэрхэн наалдаж байгаагаас шалтгаалж дуулах эсэхээ шийддэг. Өөрөөр хэлбэл, өөрт таалагдсан дуугаа л дуулна. Түүнээс биш тааралдсан болгоныг нь дуулаад явдаггүй.

-Таныхаар үг, ая нь наалдаж өгөхгүй байгаагаас шинэ уран бүтээл дээр ажиллахгүй байгаа гэж ойлгох уу?
-Сүүлийн үед хэд хэдэн шинэ уран бүтээл дээр ажилласан. “Нандин учрал”, “Жороо халиун” гэдэг дуу хийсэн. Мөн найзтайгаа нийлж “Сургууль минь баяртай” гэж сайхан дуу хийлээ. Ингээд яриад байвал зөндөө.

-Тийм гэж үү?
-Би тэтгэвэрт гарсан ч авьяас хэзээ ч тэтгэвэрт гардаггүй юм шүү. Одоо ч гэсэн хоолой минь урьдынх шигээ гоё, сайхан хэвээрээ байна.

-Яг ийм үедээ та яаж тайвширдаг вэ?
-Ийм гэж ямар үедээ.

-Сэтгэл тавгүй, бухимдсан үедээ?
-Уг нь би их өөдрөг үзэлтэй хүн. Элдэв зүйлд шаналаад байх дургүй. Байнга олон хүнтэй уулзаж, өөр өөр орчинд ажилладаг учраас муу муухайг бодох зав байдаггүй юм. Тэгээд ч харьцангуй нам жим байхыг хүсдэггүй.

-Гөжөөд баахан асуулт асуучихлаа, уучлаарай. Таныг тоглолтоо хийх гэж байгаа гэж сонслоо?
-Ирэх аравдугаар сарын 22-нд тоглолтоо хийх бодолтой байгаа. Нэрийг нь хараахан өгч амжаагүй явна.

-Өдөр, судрыг нь хүртэл товлочихсон байхыг бодоход эртнээс төлөвлөжээ дээ, янз нь?
-Тийм шүү. Тоглолтынхоо бэлтгэл ажилд орчихсон гэхэд болно.

-Маш сайхан тоглолт болох байх. Ингэхэд таны унаган мэргэжил үсчин байх аа?
-Тийм ээ.

-Дуучин болсноосоо хойш хүний үс засч байв уу?
-Үгүй.

-Нэг ч үү?
-Нэг ч.

-Тэгээд яагаад үсчин мэргэжил эзэмшсэн юм бэ. Энэ мэргэжлийг эзэмшсэндээ харамсдаг уу?
-Яасан гэж харамсах вэ дээ. Би сургуулиа төгсөөд аймагтаа хоёр жил үсчнээр ажилласан хүн шүү. /Инээв/

-Тэгвэл амьдралынхаа юугаар илүү бахархдаг вэ?
-Уран бүтээлч болсон хувь заяагаараа бахархдаг. Урлагийн хүн болно гэдэг бурхнаас өгсөн онцгой хишиг юм. Миний дуулсан цөөхөн дууг хүн бүхэн мэддэгт бахархдаг. Хаана ч очсон “Дэлтэй шувуу”, “Амьдрал аа, би чамд хайртай”-г маань дагаад л дуулдаг.

-Олны хайр хүндэтгэлийг дааж амьдарна гэдэг хэцүү гэх юм билээ?
-Надад бол хэцүү санагддаггүй.

-Харьцангуй нам жим байхыг хүсдэггүй учраас уу?
-Яг тийм.

-Ярилцсанд баярлалаа.

Б.Төрбат

Эх сурвалж: