sonin.mn

Монгол Улс ОХУ-д төлж дуусашгүй их өртэй байсан. Түүнийг Н.Энхбаяр дуусгавар болгосон. Өргүй л болж байвал яаж дуусгасан нь тийм ч сонин биш. Тухайн үед бид өргүй боллоо гэж нийтээрээ баярлаж байсан.

Гэтэл хэдхэн жилийн дараа ахиад л их өрөнд уначихлаа. Ийм үед яагаад ч юм ерөнхийлөгч асан Н.Энхбаяр л санаанд бууж байна. Ер нь Н.Энхбаяраас өөр их өрийг төлөх, барагдуулах бодлого боловсоруулах хүн байна уу гэсэн эргэлзээ төрж буйг нуух юун. Ужгирсан олон жилийн их өрөөс гадна хариин улс, орнуудаас өр, зээл тавих манай улсын шунал барагдахгүй нь.

Уг нь бол төсвийнхөе мөнгийг, газрын хэвлий дэх баялгийн хувьтай үрж дийлэхгүй байгаа хэмээн төрд байх эрхмүүд ярих. Үнэн чанартаа айлчлал, томилолт бүхнээрээ л энд тэндээс гуйлга гуйж явах.

Ингэсний эцэст ирээдүй хойч үе маань төлж дуусашгүй өрөнд унаж байна. Үнэндээ бид их өрнөөс гарах гарцыг хурдан олохгүй бол нэг л мэдэхэд газрын хэвлий дэх баялаг ч үгүй болж, гадны орны хөрөнгө оруулагчид нүүрээ бууруулна.

Тэр цагт бид яаж урд хормойгоороо хойд хормойгоо нөхөх болж байна. 2012 онд Япон улсын Засгийн газраас энд тэндхийн улс орнуудад өгч байгаа зээл, буцалтгүй тусламжийн 70 хувь нь Монгол руу чиглэсэн байгаа тухай тус улсын эрх баригчид мэдээлж байсан.

Тухайн үед газар нутаггүй шахам тус улсын хэтийн зорилго уудам өргөн тал нутагтай манай улсын газар шороонд шунасных ч юм бил үү хэн мэдлээ гэх хүн ч байсан. Бид гадны аль нэг орноос мөнгө зээлснээ эдийн засаг сайжирчихлаа гэж ойлгодог бололтой.

Үнэн чанартаа бид зээлэх тусам өрний хүүдий болжбайна. Үүний баримт болгон нэг зүйлийг эргэн санавал оны өмнө үе, үеийн Ерөнхий сайд нар уулзсан.

Тэр уулзалтын үеэр сайдууд "Манай улсын гадаад өр хэрээс хэтэрлээ. Тиймээс дахиж өр тавих хэрэггүй" гэдэг саналтай байсан. Гэтэл оны дараахан "Самурай" бондыг гаргаад зогсохгүй ахин өр тавих урсгалаа хайж эхэлсэн.

Үүнийг зарим мэргэжилтнүүд тайлбарлахдаа "Монгол Улсад дотоодын хуримтлал маш бага. Гуравхан сая хүн амтай. Хүн амын дийлэнх нь ядуу зүдүү амьдралтай. Хувь хүний хадгаламж ч гэж алга. Компаниудад ч гэсэн илүүдэл хөрөнгө байхгүй. Гэтэл бидэнд улс үндэстний өмнө тавьсан том зорилго байгаа шүү дээ.

Үсрэнгүй хөгжилтэй улс орон болно, бусад улс орноос дутахааргүй элбэг дэлбэг амьдарна гэдэг том зорилт. Үүний тулд цахилгаан станц барина, уул уурхай, зам, харилцаа, дотоодын үйлдвэрлэл үйлчилгээгээ хөгжүүлнэ гэж байна. Энэ бүх зорилтыг хэрэгжүүлэхийн тулд бидэнд дотоодын санхүүжилтийн эх үүсвэр байхгүй.

Тиймээс энэ эх үүсвэрийг гадаадаас оруулж ирнэ. Ингэхийн тулд хоёр арга бий. Эхнийх нь зээл. Засгийн газар Монгол Улсынхаа нэр хүндийг барьцаалж зээлнэ гэсэн үг.

Үгүй бол хувийн хэвшил гадаадын компаниудаас буюу гадаад зах зээлээс зээл авна. Эсвэл гадаадын хөрөнгө оруулагч нар Монгол Улсын тогтвортой орчинд итгээд өөрсдөө эрсдэлээ үүрээд манай улсад шууд хөрөнгө оруулах Зам" гэж байсан.

Ийнхүү хэрэгтэй, хэрэгтэй гэж авсаар байгаад одоо бүр авч байгаа зээлийн хэмжээ хэрээс хэтэрлээ. Оны босгон дээр МАН-ын бүлгийнхэн өрийн асуудлаар Ерөнхий сайдад хэд хэдэн санал оруулж байсан. Гэтэл тэмээ гэхээр ямаа гэж байгаа юм шиг аашилж "Чингис" бондоор дамжиж байгаа хөрөнгө, Хөгжлийн банкаар дамжиж байгаа хөрөнгө, "Үнэ тогтворжуулах" хөтөлбөрийг аваад үзвэл үндсэндээ манай улсын төсөвтэй тэнцэх хэмжээний 6-7 их наяд төгрөг болно.

Өнгөрсөн хугацаанд энэ их хэмжээний мөнгө ямар нэг хууль дүрэмгүйгээр төсвөөс гадуур зарцуулагдсан. Тэгээд бид "Энэ бүхэн өр шүү, хуулийн хүрээнд зарцуулалтыг нь хянаад явъя" гэж хэлэхээр Н.Алтанхуяг сайд "Зарим нь өр гэж харна, зарим нь хөрөнгө оруулалт гэж харна, зарим нь мөнгө үржүүлэг гэж харна. Аль ч утгаар нь харж болно, дураараа болцгоо" гэж хэлж байсан.

Гадаадын зах зээл дээрээс 1.5 тэрбум ам.доллар босгож ирчихээд түүнийгээ бид буцаан төлөх олон улсын гэрээ хэлэлцээр хийчихээд өр гэнэ үү, хөрөнгө оруулалт гэнэ үү өөрсдөө мэд гэж болохгүй шүү дээ. Гадаадаас оруулж ирсэн нь буруу биш.

Гацгхүү хууль дүрэмтэй болгоё, төсөвтөө оруулах ёстой бол оруулъя, оруулах ёсгүй бол УИХ-аар баталдаг болъё гэхээр зарим гишүүдийн саналыг хүлээн зөвшөөрөөгүй нь хачирхалтай. Энэ бүхнээс үүдээд өрийн дарамт үүсчихсэн.

Монгол Улсын нийт өр 15 тэрбум ам.долларт хүрчихсэн. Үүнийг нийт иргэдэд хуваавал нэг хүн таван саяын өртэй болчихсон 2014 онтой золгосон. Шинэчлэлийн гэсэн тодотголтой Засгийн газар байгуулагдаж шинэчлэл гэх нэрийн дор хүний эрхийг уландаа гишгэж, хууль зөрчих нь хэвийн үзэгдэл болсон.

Олон мянган мэргэшсэн төрийн албан хаагчдыг хоморголон халж, оронд нь өөрсдийн ах дүү, төрөл садангаараа төрийн албыг төрлийн алба болгон дүүргэсээр байгаа. Тэдний засаг барьсан өнгөрсөн хоёрхон жилийн дотор Монгол Улсад хуулиа дээдлэх, шударга ёс, тэгш эрх, ардчилалын зарчим улам бүр хумигдсаар байна.

Өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ 20-74 хувь өссөн байхад иргэдийн бодит орлого нэмэгдээгүй нь хүн амын амьжиргааны төвшинг өдрөөс өдөрт доройтсон. Олон мянган иргэд ажилгүй болж, ажилгүйдэл, ядуурал газар авлаа.

Засгийн газар бодлогын олон алдаа гаргаснаар улс орны эдийн засгийг гүн хямрал руу түлхлээ. Валютын ханш өсч, хөрөнгө оруулагчдын өмнө Монгол орны нэр хүнд буурч, Монголын гадаад болон дотоод өр ч урьд байгаагүй хэмжээгээр огцом нэмэгдлээ. Үнэхээр эдийн засаг хямарч, Засгийн газар алдаатай бодлого явуулаад байна гэдгийг ч намынх нь гишүүд дуугарч эхэлсэн.

Нөхцөл байдал өөр тийшээ эргэж байгааг мэдэрсэн эрх баригчдын Засгийн газар тавдугаар сарын 8-ны өдөр эдийн засгийг сайжруулах "Эзэн 100" хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлэх болсон тухайгаа зарласан. Энэ сарын 18-ны өдөр хөтөлбөрийн 100 хоногийн хугацаа дуусч, Засгийн газар тайлангаа тавих учиртай.

Уг нь хөтөлбөрийн хүрээнд нэлээд хэдэн ажил засгаас гарсан байх ёстой. Гэтэл хөтөлбөр эхлэхэд дэвшүүлсэн зорилт, хийгдсэн ажил нь бодит байдалд огт хэрэгжсэнгүй.

Ядахнаа тулгамдсан асуудал болоод байгаа валютын ханшийг ч бууруулж чадсангүй. Цаасан дээр төлөвлөсөн төлөвлөгөө цаасан дээрээ л үлдлээ. Ийнхүү Засгийн газрын сүүлийн хоёр жилд шинээр тавьсан гадаад өр 3.1 тэрбум ам.доллартай тэнцэж байгаа.

Тухайлбал, 2012 онд Хөгжлийн банкны 580 сая ам.доллар, "Чингис" бондын 1.5 тэрбум ам.доллар, "Самурай" бондын 290 сая ам.доллар авсан. Мөн 2012 онд Олон улсын банк санхүүгийн байгууллага, түншлэгч орнуудаас 187.3 сая ам.доллар, өнгөрсөн жил 214 сая ам.доллар, МИАТ ТӨХК-ийн Боинг 767 онгоц худалдан авахад АНУ-аас авсан зээлийн хэмжээ 121.4 сая ам.доллар, БНХАУ Хөгжлийн банкны зээл 280 сая ам.доллар.

Энэ бүхэн нийт гурван тэрбум 172.7 сая ам.доллар болж байгаа юм. Энэ бол аваад зарцуулсан зээл гэдгийг онцолж хэлэх нь зүйтэй. Харин энэ жил авахаар төлөвлөсөн, Засгийн газрын тогтоолоор батласан зээлийн талаарх мэдээллийг Эрх зүйн мэдээллийн нэгдсэн сан буюу www. legalinfo.mn сайтаас харж болно.

Тэнд дэлгэрэнгүйгээр гаргасан байна лээ. Тухайлбал, Засгийн газрын энэ оны дерөвдүгээр сарын 4-ний өдрийн 117 тоот тогтоолын дагуу Кредит Свисс банкнаас 300.0 сая хүртэлх ам.доллар, түүнчлэн мөн өдрийн 116 тоот тогтоолоор БНХАУ-ын Хөгжлийн банкнаас 162.0 сая ам.долларыг тус бүр манай улсын Хөгжлийн банкны нэр дээр зээлэхийг зөвшөөрсөн.

Зөвхөн энэ хоёрын нийлбэр нь 462.0 сая ам.доллар болж байна. Хятад улсын төрийн улс дээрх 162 сая ам.долларын зээлээ эцэслэн шийдвэрлэлээ. Мөн Саяхан Хөгжлийн банкны захирал Н.Мөнхбат хэвлэлд өгсөн ярилцлагадаа Кредит Свисс банкнаас 300.0 сая ам.долларын зээл авахаар болсноо дурдсан.

Гэтэл Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 19.3-т "Улсын өрийн хэмжээ ДНБ-ий 40 хувиас хэтрэхгүй байна" гэсэн заалт байгаа. Хуульд заасан энэ хэмжээ аль хэдийнэ давсан байгааг ОУВС болон Дэлхий банкны тайлан мэдээнд дурдсан байгаа. Бид ийм л өрөн дунд ажиллаж амьдарч байна.

Магадгүй өнөөгийн Засгийн газрын толгойг солихгүй бол, бодлогыг зев зүг эргүүлэхгүй бол цаашид улам ч их өртэй амьдрах болно. Өр гэх хоёрхон үсгээр бүтдэг үг тийм ч их таатай сэтгэгдэл хэн хүнд төрүүлдэггүй нь ойлгомжтой.

Төрөөгүй хүүхдэд төмөр өлгий бэлдэнэ гэдэг шиг манай улс 2017 онд өрнөөсөө салах тухай шаргал ордноос ниссэн шувуу жиргэж байна. Гэвч заримдаа шувууны жиргээ ч худлаа байдаг шүү дээ. Ямартай ч дааж давашгүй болж буй энэ их өрийг цайруулахад, дарж дуусахад Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр хэрэг болж магадгүй юм.

В.Нэргүй

Эх сурвалж: