sonin.mn

"Ханьсахын жаргал", "Тэнгэрийн бүсгүй", "Хайрлаарай" зэрэг үзэгч олныхоо сэтгэлд хүрсэн сайхан аялгуунуудыг зохиож ард түмнийхээ хүртээл болгосон хүн бол УГЗ Д.Цэцэрлэг юм. Түүнийг СТА дуучин Г.Эрдэнэтунгалагийн ээж гэдгийг мэдэхгүй хүн үгүй. Ингээд олон сайхан дууны эзэн хөгжмийн зохиолч Д.Цэцэрлэгийг энэ удаагийн "Гэргий" буландаа урьж ярилцлаа.

-Манай сонины булангийн нэр "Гэргий". Тэгэхээр айлын гэргий хүн ямар байвал өөдрөг өнгөтэй амьдрал нь батжин бэхжиж явдаг гэж та боддог вэ?
-Амьдралын утга учир бол нэгдүгээрт хайр, хоёрдугаарт итгэлцэл дээр тогтдог учраас бие биенээ хүндэлж хайрлах л хамгийн чухал. Тэгсэн нөхцөлд аз жаргалтай байдаг гэж би боддог. Тэр дундаа бид хоёр хоёулаа уран бүтээлч учраас бие биенээ илүү мэдэрдэг, бараг л харцнаасаа ойлголцдог гэхэд болно.

Нэг үгээр хэлбэл, энэ маань өнөөдөр иймэрхүү л байна даа эсвэл жаахан гундуухан юм уу, баяр хөөртэй онгод нь орох гээд байна гээд ерөөсөө бие биедээ уусчихсан байдаг юм байна. Тиймдээ ч хань маань манай хүний онгод өнөөдөр орох юм шиг байна гэсэн үедээ шүлгээ өгдөг байх жишээтэй. Тэр үед миний бүтээл төрдөг.

Эндээс ижил төстэй мэргэжилтэй хүн эсвэл хоёр уран бүтээлч хүн илүү бие биенээ ойлгодог юм уу гэж боддог, Тэр эрчээрээ уран бүтээл ундарч амьдрал дээр ч уран бүтээлийн тал дээр нийцтэй байдаг байдаг юм болов уу гэж бодож явдаг даа. Хань маань харьцангүй тайван. Бараг ээж ааваасаа хойш ханийнхаа үгээр яваа.

Би хувьдаа эр хүнийг гал тогооны ажилд оролцуулахыг хүсдэггүй. Тэр хүнд өөрийн гэсэн ажил үүргийн хуваарь гэж байдаг. Гэхдээ эр хүн амьдралын ноён нуруу гээд эзэгтэй хүн хойш суугаад байж болохгүй. Хоёулаа л зүтгэж байж амьдралыг босгоно.

Ээж хүн өдөр болгон хүүхдүүдээ захиж сургаж байдаг бол эр хүн алсын ухаан, харцаараа хүүхдүүдээ зална шүү дээ. Тийм учраас охид маань аавыгаа их хүндэлдэг, эмээдэг. Ерөөсөө хүмүүс олон жил амьдраад ирэхээр хүссэн хүсээгүй бие биедээ уусаад нэг хүн шиг болчихдог.

Түүнээс өдөр болгон бие бие рүүгээ хараад инээж байдаг амьдрал гэж байхгүй шүү дээ. Тийм учраас бие биедээ хүлээцтэй хандаж зарим нэг зүйлийг нь өнгөрөөдөг, алдаа гаргасан ч эргээд уучлалт гуйх чадвартай байх ёстой.

-Тиймдээ ч Гаваасүрэн хурандаагийн танд зориулсан олон сайхан дуу шүлэг байдаг шүү?
-Тэгэлгүй яахав. Миний уран бүтээлийн 70 гаруй хувь бид хоёрын хамтын уран бүтээл байдаг. Хайрын тухай ханьдаа зориулсан шүлэг олон бий. МУГЖ Д.Энхзулын дуулсан "Хүлээсэн учрал" дууг надад зориулсан.

Бас "Ханьсахын жаргал" дууг Мартын 8-наар надад зориулж бичиж өгч байлаа. Мөн "Бодолд өнжсөн хайр" дуу байна.

-Хэдийгээр нэг хүн шиг болчихсон ч гэлээ зарим талаар санал нийлдэггүй зөрөлддөг зүйл мэдээж байдаг л байх даа?
-Том зүйлд маргаад байдаггүй ч жижиг сажиг зүйл мэдээж гаралгүй яахав. Гэвч манай хүн харьцангүй тайван, харин би жаахан түргэн. Тэр үед манай хүн дуугүй болчихдог.

Эсвэл ханийгаа уурласан үед би дуугүй болчихдог. Ер нь уран бүтээлч хүмүүс нэг ширүүлснээ тэгсхийгээд л мартаад өвгөөн чинийх буруу байсан шүү гээд төд удалгүй л ойлголцоод эвлэрээд явчихдаг юм.

-Та олон сайхан шавь нартай, тэрсхэн охидтой. Тэдэндээ юу гэж захидаг вэ?
-Би олон жил багшилж байна. Багш хүний онцлог нь боловсрол олгохоор хязгаарлагдахгүй, шавь нарынхаа ээж нь байх ёстой. Би шавь нартаа яг өөрийнхөө хүүхэд шиг ханддаг учраас шавь нар маань намайг хүрээлж бас хүндэлдэг байж магадгүй.

Багшийн сургуулийн анхны шавь нар маань одоо хэр нь над дээр ирж золгодог, үргэлж холбоотой байж амьдрал, уран бутээлийн зөвлөгөө авдаг. Тийм учраас би залуу багш нартаа багш хүн эрэгтэй бол аав нь, эмэгтэй бол ээж нь байх ёстой гэж хэлдэг.

Миний хувьд хичээлээ заахын хажуугаар хүухдүүдээ амьдралд ингэж биеэ зөв авч явах ёстой гэдгээс эхлээд амьдралын зөвлөгөө өгдөг. Тухайлбал, есдүгээр сарын 1-нд хөдөөний юу ч мэдэхгүй хүүхэд хэн над руу сайхан харах бол, инээх бол гэдэг бодолтой орж ирдэг. Гэтэл тэр үед нь яг л миний хүүхэд ирлээ гэж гар дээрээ тосч авах ёстой.

Тэгээд ч олон жил багшлаад ирэхээр шавь нартаа жигтэйхэн хайртай болдог юм байна. Төгсөөд явахаараа тэд маань уйлж дуулаад л бөөн юм болно шүү дээ. Шавь нарынхаа амьдралд тохиолдож байгаа жаргал зовлонг бугдийг нь хуваалцах ёстой. Тэгээд ч багш хүн шавь нарынхаа үүнд ийм зүйл тохиолдож, энэ нь нэг иймэрхүү сэтгэл нь тавгүй байна даа гэдгийг шууд хараад л мэдэрдэг байхгуй юу.

Ингэж хүүхдүүд маань надаас юугаа ч нуудаггүй учраас шавь гэхээсээ миний хүүхдүүд гэж хайрладаг. Тийм учраас шавь нар маань надад маш хайртай. Энэ утгаар би шавь нартаа ээж нь байж чаддаг. Миний хувьд зүгээр нэг уран бүтээлч биш багш болсноороо л бахархаж явдаг.

Тиймдээ ч би ажилдаа дуртай ирдэг, гэртээ дуртай харьдаг. Ажил дээрээ ирээд үеийнхэндээ найз нь, дүү нартаа эгч нь, ахмад багш нараа ах эгч гэж хүндэлдэг. Шавь нартайгаа бол инээж хөхрөөд өглөөний ажлаа эхэлдэг. Энэ миний аз жаргал шүү дээ.

Хүний амьдралд ажил, гэр гэж хоёр л орчин байна. Тийм учраас би өөрийгөө аз жаргалтай хүн гэж боддог. Аз жаргалыг мөнгөөр хэмжиж болохгүй. Хүн өөрийнхөө байгаа байдалд сэтгэл хангалуун, аз жаргалтай байх ёстой.

-Зан төрхийн тал дээр та хоёрын ижил төстэй чанарууд гэвэл?
-Бид хоёр хоёулаа их өрөвчхөн, маш олон найз нөхөдтэй. Бид хоёр юугаар баян гэвэл ах дүү найз нөхдөөр, үр хүүхдээр баян. Бидний найзуудаас хэн нэг нь өвдөж зовсон бол сураглаж байгаад л очдог. Бас миний найзууд бид хоёрт ямар нэг зүйл тохиолдоход заавал ирдэг.

Ингэж бие биесийнхээ баяр хөөр, жаргал зовлонг бүгдийг нь хуваалцаж чаддаг. Бид хоёрт бүхий л мэргэжлийн найзууд байна. Ер нь хүн ижил төстэй чанараараа бие биесээ олж нөхөрлөдөг. Тэдэнтэйгээ уулзаад ярьж хөөрөхөөр ээж аавыгаа санасан юм шиг сайхан энерги авдаг.

Тийм учраас олонтойгоо байж ядарсан хүнд болж л өгвөл тус болж дэмжиж хүн чанар л гаргах юмсан гэж боддог. Өөрөөр хэлбэл, хүн чанартай л явах юм бол хүн зөв явна гэсэн үг.

Хүний амьдрал богинохон учраас тэр хугацаандаа зөв явах хэрэгтэй. Наад зах нь л ээж аав нь хөгийн юмнууд байсан шүү дээ гэж хойч үе, үр хүүхэддээ хэлэгдэхээргүй амьдрах ёстой. Ээж маань ч гэсэн чадах ядахаараа хүнд л тус болж яваарай гэж захидаг байсныг нь ер мартдаггүй.

-Айлд эрийн нэрээр орж эхнэрийн нэрээр гардаг гэдэг. Тиймээс таны зочдоо дайлдаг хамгийн хийх дуртай хоолыг асуух гэсэн юм?
-Би нэг их тансаг чамин эдлэлд дургүй. Гэртээ ч гэсэн үнэтэй тавилга авъя гэж боддоггүй. Хүн ороод ирэхэд нүдэнд дулаахан халуун дулаан уур амьсгалтай айл байхыг л хүсдэг.

Хувцасны тал дээр ч гэсэн нэг их үнэтэй биш, биед эвтэйхэн хувцасладаг. Хамгийн гол нь олон хүн бужигнасан, элбэг дэлбэг, хүүхэд инээсэн тийм л айл байх юмсан гэж боддог. Найзуудыгаа инээж хөхрөөд наргиж цэнгээд гарахад маш их кайф авдаг.

Найзуудаа ирэхэд банштай цайгаар дайлдаг. Манай Увсынхан маш сайхан цайтай. Тэр дундаа манай ээж цайгаараа алдартай. Ер нь айлын эзэгтэй хүнийг орсон гарсан хүнийг дайлсан ундаар нь л хэмждэг шүү дээ.

Тийм учраас би орж гарсан хүнийг сэтгэлд хүртэл нь дайлаад гаргачихдаг бол болоо гэж боддог. Миний хувьд банштай цай, хуушуур, бууз, цуйван сайн хийдэг. Хүүхдүүд маань ээжийнхээ монгол хоолонд дуртай.

Нөхөр маань маханд дуртай ч миний хийсэн хуушууранд бүр ч нугасгүй. Ер нь ч тэгээд хүн өөрөө өөрийнхөө байгаа байдалд л сэтгэл хангалуун байх ёстой.

-Зарим үед баярлах гунихтай зэрэгцээд асар их тэр дундаа онцгойрсон нэгэн бодол төрдөг. Таны хувьд?
-Би 20 гаруйхан настайдаа ээж, аавыгаа алдсан. Дөнгөж сургуулиа төгсөөд амьдралд хөл тавих гэж байхад л тэд маань ертенцийн мөнх бусыг үзүүлсэн. Тэгээд л зарим үед ажил бүтэхгүй, стрестсэн үед ээж, аавыгаа бодохоор ажил бүтээд явчихдаг юм.

Тэгэхээр хүний ээж, аав бурхан болсон ч гэсэн тэнгэрээс харж явдаг гэдэгг би итгэдэг. Тиймээс би ээж аав, нутаг усандаа залбирдаг. Харамсалтай нь би ээж аавыгаа ачилж чадаагүй. Тийм учраас шавь нартаа ээж аавыгаа битгий гомдоогоорой, мөнгөгүй ч байсан ээжий аав дээрээ очиж байгаарай, чамайг харахад л баярлана гэж хэлдэг.

-Та эмээгийнхээ үүргийг хэр гүйцэтгэж байна даа?
-Том зээ Эрдэнэтунгалагийнхаа охиныг бид хоёр өсгөсөн. Найман нас хүртлээ бид хоёр дээр байж байгаад энэ жил ээж дээрээ очсон. Бид хоёрын гал голомт дээр гарсан болохоор бид хоёр амиа тавьдаг.

Ялангуяа өвөө бол нугасгүй. Бас дунд охин маань гэр бүлтэй болсон. Удахгүй хүүхэд нь гарахаар мөн л би харна. Тэгэхээр ээж хүний үүрэг их юм. Одоо л хүүхдүүд маань тусдаа гараад том болчихлоо гэсэн чинь жил ирэх тусам ачаалал нэмэгдээд байна.

Тэднийхээ төлөө чадах ядахаараа зүтгэх ёстой учраас эх хүний ачаа дуусдаггүй юм бэйна. Тэгээд ч охидууд учраас өвдөж зовох, төрөхөес эхлээд профлем их үүснэ. Эмэгтэй хүүхдүүд ээж аавдаа ээлтэй учраас бид хоёр охид олонтойгоороо бахархдаг.

Миний ээж ч гэсэн эмэгтэй хүүхэд л ээжий аавдаа дотно байдаг гэж ярьдаг байсан. Эрдэнэтунгалаг маань гэхэд ээжээ таныг тэнд очиж гоо сайханд оруулна, юм үзүүлнэ гэх жишээтэй. Охидууд маань гэртээ зэрэгцэж хоолоо хийгээд сайхан байдаг юм.

-Та ханьтайгаа гэр бүл болоод анхны цалингаараа юу авч байв?
-Зурагт авч байсан. Гэтэл одоо сайхан болжээ. Сая л гэхэд манай охин айлын хүн болоход байр тавилгыг нь хоёр талаасаа бэлдээд өгчихөж байна шүү дээ. Бид хоёр охиддоо оюуны хөрөнге оруулалт хийж чадсан.

-Ингэхэд та энэ зуныхаа амралтыг хэрхэн яаж өнгөрөөв?
-Энэ зуныхаа амралтыг маш сайхан өнгөрөөж, эрч хүч авсандаа их баяртай байгаа. Учир нь би олон жил ажил амьдралын боломжгүйгээс болоод нутагтаа очоогүй байсан юм.

Тэгээд хорин жилийн дараа Увс аймгийн Тэс сумынхаа ойд бас нөхрийнхөө нутаг Завхан аймгийн Отгон сумын 80 жилийн ойд оролцож нэг ёсны гурав дөрвөн мянган бээр газрыг туулаад ирлээ. Хүний төрсөн нутаг гэдэг гайхалтай байдаг болохоор маш их энерги эрч хүч авсан.

Увс, Хяргас нуурандаа ч орсон. 385 жилийн турш нутгийн ард түмэн шүтэж ирсэн овоондоо очиж залбирч мөргөж бас ээж аавынхаа гэрийн буурин дээр арц хүж уугиулж эргэж тойрч яг л гэртээ очсон юм шиг бодол төрж ирлээ. Хол замд ядарсан ч гэлээ хүн маш их ариусаад дахин шинээр төрж байгаа юм шиг болсон.

Д.Нэргүй

Эх сурвалж: