sonin.mn
Орчин цагийн “Учиртай гурван толгой”-н  гол дүрд тоглох хүмүүс энэ үед  олон бий. Тэгвэл энэ удаад Зам тээврийн сайд А.Гансүх, жиргээчин Ц.Бат, Соёл, спорт, аялал  жуулчлалын сайд  Ц.Оюунгэрэл нарыг нэрлэж болох байна. 
 
Хэдийгээр тэдний энэ холбоос хайр дурлалын гурвалжингийнх биш ч  гэсэн албан тушаал, ах дүүс, намын харьяалынхаа хувиар яалт  байхгүй “Учиртай  гурван  толгой” болж харагдах ажээ. Асуудал эхлээд хоёр хүний  хооронд  байв. 
 
МИАТ-д томоохон  газрын  даргын албыг хашиж байсан инженер Ц.Бат өөрийн  твиттер  хуудсаараа  дамжуулан салбарынхаа  сайдыг нэлээд шүүмжилсэн. 
 
Үйл  явдал цаашид улам хурцдаж гүтгэлгийн хэргээр шүүх, цагдаад тулсны дараа энэ асуудал А.Гансүх, Ц.Бат болоод түүний эгч, сайд Ц.Оюунгэрэлийг  хуулийн төсөл хүртэл санаачилахад хүргэсэн юм. Ийнхүү нэг тойрог дотор орсон гурван хүний мэдэгдлүүд хэвлэлийн хуудсыг чимж байна.
 
А.Гансүх:
-Энэ хүн  эхлээд  ИНЕГ-ын дарга, дараа нь МИАТ-ын дарга болмоор байна гэж хоёр  удаа  орж  ирсэн. Би зөвшөөрөөгүй. Учир  нь тэр хүн  Үндэсний аудитын газрын  актаар тогтоогдсон МИАТ компаниас хууль  бусаар авсан 50 гаруй сая төгрөгийн  өртэй хүн. 
 
Тэгээд ч үүнийг би ганцаараа шийддэггүй. Албан тушаал эрх мэдэл  өгсөнгүй гэж энэ хүн жил хагас хэртэй гүтгэж, доромжиллоо. Юманд хэмжээ, хязгаар гэж байх ёстой.
                                                                                                                                                                                           “Үндэсний шуудан” сонин
 
Ц.Бат:
-Ардчиллын ганц утга учир нь үг хэлэх эрх чөлөөндөө л байдаг. МоАХ энэ талаар дуугүй байгаа нь худалдагдсаных уу.
                                                                                                                                                                Түүний твиттер хуудсаас
 
 
Ц.Оюунгэрэл:
-Миний  дүү хуульгүй ертөнцөд, хамгаалалтгүй ардчиллын хохирогч боллоо. Тиймээс олон  Батыг  хамгаалахын тулд, олон эгчийн дүүг шийт­гүүлэхгүйн тулд, олон ардын  хүүг гэм­тэн  болгохгүйн  тулд яаралтай  хуулийн төсөл санаачлах  ёстой юм байна гэж  үзсэн. Энэ төслийг  эн­гий­нээр тайлбарлавал эх сур­валжийг хамгаалах хууль.
                                                                                                                                                                                                  “Зууны мэдээ” сонин
 
 Учиртай  гурвын дээрх ишлэлүүдээс харвал үйл явдал эхэлсэн, өрнөсөн, үргэлжилсэн нь өнөө цагт өөрчлөх  ёстой эсрэг урсгал  болж харагдана. Нийгмийн  өөр өөр  давхаргынхан ч тэдний талаар  өөр өөрсдийн  дүгнэлтээ  хийж байна. 
 
Тэдний хэнийх  нь буруу, хэнийх нь  зөвийг ялгах туйлын  юм гэж  байхгүй боловч, хэнийх нь  буруу  болохыг мэдэхгүй ч эцэстээ үнэн л үлдэнэ.
 
Энэ бол Монголын төрд эгэл жирийн болтол бат бэх суусан учиртай гурав, шалтгаантай гурвалжин, салгах  аргагүй тойргийн  нэгэн жишээ болж  байна.
 
Ө.Сонор 
 
Эх сурвалж: