sonin.mn

"Миний ах атаман" нэртэй нэгэн шинэ бүтээл олны хүртээл болоход бэлэн болжээ. Тус киноны гол дүрийн жүжигчин Б.Барслхагватай уран бүтээлийнх нь талаар ярилцлаа.

-Тун удахгүй нээлтээ хийх гэж байгаа "Миний ах атаман" уран сайхны кинонд ямар дүр бүтээв?
-Дүр бүтээсэн гэхээсээ илүү дүр дээр ажилласан гэж хэлэх нь зөв байх. Цэгц хэмээх өөрийнхөө ирээдүйн төлөө зүтгэдэг, маш их зүйл боддог, зоригтой шийдэмгий үйлдлүүдийг хийж чаддаг нэгэн залуугийн дүр дээр ажилласан. "Fantastic" продакшн "F" студийн хамтын гурав дахь уран бүтээл юм.

-Киног бүтээхэд хэдий хугацаа зарцуулсан бэ?
-Зураг авалт, эвлүүлэг болон бусад ажилд гурван cap зарцуулсан. Есдүгээр сарын 12-ны өдөр бүх кино театруудаар нээлтээ хийнэ. Одоо нээлтийн өдрийг л хүлээж байна даа.

-"Миний ах атаман" кино ямар жанрын уран бүтээл вэ?
-Адал явдалт төрлийн кино. Монголд энэ төрлийн "Бодлын хулгайч", "Боолын гэрээ", "Үргээлэг" гэсэн ах нарын маань хийсэн чанартай кино олон байна. Бид нарын хувьд ах нар болон багш нартайгаа өрсөлдөх гэж хичээж байгаа. Их сонирхолтой, чанартай кино болж чадсан гэдэгт итгэлтэй байна.

-Киногоороо дамжуулан ямар санааг үзэгчдэд хүргэхийг зорьсон вэ?
-Залуучууд юуны төлөө амьдраад байна вэ, гэр бүл ямар үнэ цэнэтэй байдаг, залуучуудын амьдралдаа хийх сонголт гээд ер нь л залуучуудын тухай их гарна. Киногоор дамжуулан хүрэх санааг үзэгчид ирээд өөрсдөө, өөр өөр зүйлийг ойлгоод гарах байх л даа. Учир нь хүн болгон адилгүй байдаг шүү дзэ.

-Киног яагаад ингэж нэрлэх болов. Анх сонсоход инээдмийн кино шиг санагдсан?
-Хүмүүс инээдмийн кино юм уу гэж их асуусан л даа. Нэрний утга учир зангилаа маань киноны төгсгөлд тайлагдах болно. Тэгэхээр ирээд үзсэн нь дээр дээ. /инээв/

-Гэнэн томоогүй хүүхэд насанд хөгжилтэй зүйлүүд тохиолдож байсан байх. Багадаа атаман байв уу?
-40 мянгатад өссөн л дөө. Урт цагааны урд талын байранд амьдардаг байлаа. 24 дүгээр сургуулийг төгссөн. Үнэнээ хэлье, ерөөсөө атаман байгаагүй. Даруухан урлагт дуртай бараг дээрэлхүүлээд явдаг томоотой хүүхэд байсан. /инээв/

М.Намуулин

Эх сурвалж: