sonin.mn

Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар манай улсад өндөр дээд хэмжээний айчлал хийж байгаа БНХАУ-ын дарга Си Зиньпинийг Ерөнхий сайд Н.Алтанхуяг гэргийн хамт угтан авсан. Манай хоёр улс дипломат харилцаа тогтоогоод жаран таван жилийг өнгөрөөж буй бөгөөд хоёр улсын харилцааг шинэ түвшинд гаргах, Си даргын Монголд хийж буй өндөр дээд хэмжээний айлчлалын үр дүнгийн эхлэл өнгөрсөн жилийн Ерөнхий сайдын Хятадад хийсэн айлчлалаас эхлэлтэй гэж хэлж болно.

Ер нь хоёр орны ирэх хорин жилийн харилцаа, хамтын ажиллагааг Н.Алтанхуяг сайдын Хятадад хийсэн айлчлалын үеэр тодорхойлогдсон юм. Тодруулбал, Ерөнхий сайд Н.Алтанхуягийн БНХАУ-д хийсэн айлчлалын үеэр "МонголУлс, БНХАУ-ын хооронд Стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэх дунд, урт хугацааны хөтөлбөр"-ийг баталсан.

Түүнчлэн Ерөнхий сайд Н.Алтанхуягийн айлчлалаар шийдэгдсэн эдийн засгийн бас нэг чухал асуудал нь "Эдийн засаг, техникийн хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр"-ийг үзэглэсэн явдал.Үүний хүрээнд 50 сая юанийн буцалтгүй тусламжийг их гүрнээс бэлэглэхээр шийдвэрлэсэн юм. Энэхүү хөрөнгийг хоёр улсын Засгийн газрын тохиролцсон төслүүдэд зарцуулахаар болсон билээ.

Ерөнхий сайд Н.Алтанхуягийн БНХАУ-д хийсэн айлчлал, БНХАУ-ын дарга Си Зиньпиний хийж буй айлчлалын үр дүн нь хоёр улсын харилцааг шинэ дээд түвшинд гаргах хөшүүрэг болохоос гадна өдгөө харилцан ашигтай, хамтаар хожих чухал гэрээ хэлэлцээрүүдийг үзэглэх явдал юм.

Тиймдээ ч  Си Зиньпин даргын энэхүү айлчлалыг Монгол Улс олон жилийн турш ярьж ирсэн гол том зорилгуудаа хэрэгжүүлэх боломж гэж харж байна.  Өөрөөр хэлбэл өнгөрсөн жил Ерөнхий сайд Н.Алтанхуягийн Хятадад хийсэн айлчлалын үр дүн одоо ч үргэлжилж байна гэж болно.