sonin.mn

Энэ удаагийн дугаартаа "Тунгалаг таиир" киноны Итгэлт баяны дүрээрээ монголчуудын зүрх сэтгэлд мөнхөрсөн ардын жүжигчин А. Очирбаттай ярилцлаа.

-Энэ зуныг та хэрхэн өнгөрөөж байна вэ?
-Бие жаахан тааруу байна аа. Ерөнхийдөө гэртээ л байна даа.

-Та жүжигчний мэргэжилтэй анх хэрхэн холбогдсоноо дурсаач?
-Би 19 нас хүртлээ малчин байсан. Тэгээд залуу хүн байна хотод орж, сургуульд суръя гээд Худалдааны сургууль, техникум гээд хэд хэд хэдэн газар очсон боловч дөрөвдүгээр ангийн боловсролтой хүн их сургуульд авахгүй гэдэг юм байна. Тэгээд яая даа гэж байтал манай нутгийн хүн тааралдаж "Би чамайг сургуульд оруулж өгье" гээд жүжигчний сургуульд оруулж өгсөн.

-Та нарын залуу цагийнх шиг сэтгэлд хоногшсон дүр, болон сайн уран бүтээл бараг төрөхгүй байна гэж ярих хүн байдаг. Тэр үед үнэхээр сод хүмүүс төрсөнд гол учир байна уу?
-Би бол унаж байна, сэхэж байна гэж алийг нь ч хэлэхгүй. 50-ийн ч гэнэ үү, 60-ын ч гэнэ үү, янз бүрийн серийн кинонууд гарч л байна. Урлаг уран сайхны талаасаа харвал зохиолын чанар, уран сайхны сэтгэмж, хууль журам алдагдаад байгаа юм болов уу.

Социалист нийгмийн үед хэдий захиргаадалт дор байсан ч гэсэн сайн зохиол их бичигдэж байлаа. Түүнийг амилуулах сайн жүжигчид ч их байсан. Одоо бол бузгай сайн зохиол гарсан ч дээр үеийнх шиг мундаг дүрүүд гарч ирэхгүй байна.

-Тухайн үед Монголд холливуудын ододтой зүйрлэж болохуйц олон ч уран бүтээлчид байсан гэж ярьдаг?
-Байсан. Одоо ч байгаа. Жишээлбэл "Тунгалаг тамир" киноны олон мундаг жүжигчин шиг биш гэхэд тэр хэмжээнд дөхөж очихуйц жүжигчид одоо ч байгаа юм шүү дээ. Тэр кинон дээр адгийн муу Галсангийн дүр хүртэл хүмүүсийн сзтгэлд үлдэж л байгаа биз дээ. Гол нь чанартай зохиол, сайн дүр хоёр хэрэгтэй байна.

-"Тунгалаг Тамир"-ын Итгэлт та хоёрт адил төстэй зан чанарууд байсан болохоор л кино урлагийн тавцанд арилшгүй мөрөө үлдээж дээ?
-Жүжигчин хүний хувийн зан чанартай яг таг нийцсэн зүйлс байдаг л байх. Гэхдээ яагаад ч юм ихэнхдээ л эсрэг тэсрэг байдаг даа. Итгэлт бид хоёрын араншин алд дэлэм зайтай, би Итгэлт шиг баян биш, бас зальтай биш.

Энэ дүр их сайхан. Надад уран бүтээлийн замыг нээж өгсөн. Ганц Итгэлт биш Цахиур Төмөр, Дулмаа, Хонгор, Эрдэнэ, Бадарч тахар цөмөөрөө л мундаг дүрүүд.

-Гэвч сайны хажуугаар саар гэгчээр, олон үзэгчийн амнаас заавал тэр сайхан Цахиур Төмөр, Хонгор зэрэг дүрүүдийг үхүүлж төгсгөдөг нь юу вэ гэж халаглацгаадаг шүү дээ. Та ч бас санал нийлнэ биз?
-Яахав үйл явдлынхаа үеэр үхээд өгдөгт нь харамсдаг. Гэхдээ зохиол болон жүжигчнии логик харьцаа яг тэгж үхүүлэхээр таарч байгаа юм. Нэг уулзалт дээр хүмүүс Лодой багшаас "Та яагаад тэр сайхан дүрүүдийг үхүүлчих вэ" гэж асуухад "Тэрийг чинь би биш Түгжил хөнөөчихсөн шүү дээ" гэж их гоёор энгийн хариулж байлаа.

-Энэ киноны хоёр ангийг Ч.Лодойдамба багш зохиож байсан ч харамсаптай нь таалал төгсч, эхнэр нь үргэлжүүлж зохиосон гэдэг. Хэрвээ тэр эрхэм амьд сэрүүн байсан бол гуравдугаар анги дээр арай өөр санаа дэвшүүлэх байсан биш үү?
-Үгүй дээ адилхан л санаа дэвшүүлнэ. Ч.Лодойдамба гуайн зохиолыг сайн ажиглавал эхний хэсгийг уншихад үргэлжлэл төгсгөл хоёр нь яаж өрнөх нь тодорхой байхаар нарийн бичсэн байдаг. Нэг ч хэсгийг нөгөөгөөс нь салгаж болмооргүй гэх үү дээ.

-"Тунгалаг Тамир"-ыг Монголын "Дөлгөөн Дон" гэдэг. Энэ хоёр зохиол төстэй бичигдэх болсон нь сонин тохиол шүү?
-Төстэй үйл явдал олон. Гэхдээ нэг нь монгол зохиол, нөгөө нь орос зохиол. "Тунгалаг тамир"-т үнэхээр монгол гэсэн уур амьсгал ялгарах шинж чанар ихтэй шүү. Хүмүүс Лодой багшийг та хуулсан гэж зэмлэж ч байсан, тэрийг би нуухгүй.

Ч.Лодойдамба багш өөрөө ч хэлсэн "Би эхнээс нь аваад, төгсгөл хүртэл "Дөлгөөн Дон"-ы хуудас бүрийг эргүүлж байж уг зохиолоо бичлээ" гэж.

-Энэхүү зууны шилдэг романтай эн тэнцэхүйц мундаг зохиолууд Монголын кино урлагт төрсөн биз?
-Байлгүй яахав "Сэрэлт", "Хүний мер" хоёр тэр хэмжээний сайн уран бүтээл болсон гэж хэлж болно.

-Та бас "Хатанбаатар Магсаржав" кинонд туслах дүрд тоглохдоо нэг орос цэрэг барьж хүлдэг зальтай, алиа маягийн ламын дүрийг чадварлаг бүтээсэн байдаг. Эргээд харахад бас сайхан дурсамж үлдээсэн байх?
-Тэр үед найруулагч Л.Эрдэнэбулган надад тэг ингэ гэж юу ч хэлээгүй. Чи өөрөө л заль хэрэглээд л тэр орос цэргийг барьж аваад хүлчих гэсэн. Тэгээд л өөрийн мэдэлгүй л тэгж жүжиглэж эхэлсэн.

-Жүжигчин П.Цэрэндагва, найруулагч Г.Жигжидсүрэн нар багшдаа байнга санаа оноогоо хэлж, заримдаа дүрнээс бол тэр хоёр маргадаг гэсэн. Таны хувьд найруулагчтайгаа маргах тохиолдол байсан уу?
-Би хүн амьтантай маргалдаад байхыг боддоггүй зан чанартай хүн. Тиймээс надад бараг тиймэрхүү явдал гардаггүй. Мэдээж хэрэг П.Цэрэндагвын хувьд тэр бол том давуу тал л даа.

-Буурлаас үг сонс гэдэг. Залуу жүжигчдэд хандаж хэлмээр үг байдаг биз?
-Жүжигчид минь ноогдсон дүрээ туйлд нь хүртэл бүтээж байгаарай гэж захия. Гол нь амьдрал сайн үз, янз бүрийн амьдралын гүнд орж сайн танин мэд. Манай одоогийн залуусын хүмүүжил, соёл хэт хотжоод, хөдөөгийн амьдрал бараг мэдэхээ байжээ.

Манай язгуурын малчдын амьдрал ахуй, зан чанарыг сайн судлах хэрэгтэй байна даа. Тэгж л байж жинхэнэ амьд дүр бүтээнэ шүү дээ.

-Та өөрөө кино зохиол бичдэг бил үү?
-Кино зохиол бол бичдэггүй. Харин "Баавгай дуулах уу", "Тэмдэгтэй хүүхэд" гэх мэт хүүхдийн жүжиг бичээд театрт тоглуулж байсан.

-Жүжигчдийг төр засгаас мөнгө санхүүгээр хэр дэмжиж байна?
-Нөгөө ад үзэгдээд байсан Н.Энхбаяр чинь Ерөнхийлөгч байхдаа сайн муугаараа дуудуулж байж "ардын" болон "гавъяат" жүжигчдэд мөнгө олгодог болгосон. Одоо бол тэр талын юм маруухан л байна.

А.Батнасан

Эх сурвалж: