sonin.mn

1. Олон намтай амьдарна гэдэг монголчуудын хувьд амьдралын шинэ хэв маяг. Үсрээд 25 жилийн түүхтэй болох нь. Гэхдээ Монгол Улсад нам бий болоод бараг 100 жил болж байна. Нам гэдгийг нийгмийн амьдралд оруулж ирсэн Азийн орон улсын дотор монголчууд эхний гурав, үсрээд дөрөвт орно.

Д.Сүхбаатар, С.Данзан нарын байгуулсан Ардын нам, Ардын засаг бол 90 гаруй жилийн өмнө Монгол оронд төдийгүй Евроазийн талд шинэ үзэгдэл байв. Энэ бас л бахархууштай эд.

Өнөөдөр цаг үе өөр болсон шигээ улс төр ч өөр болжээ. Хэрвээ улс орон хөгжье гэвэл тогтвортой, хүлээцтэй, тасралтгүй бодлого явуулдаг байх ёстой. Энэ бол хөгжлийн суурь. Бид 25 жил талцлаа. Монгол оронд хямрал ирсэн нь үнэн л юм бол нийлэх өнцгүүдээ аль болох олон болгох хэрэгтэй байна.

Сүүлийн хоёр жилд Төр засаг маань өөрөө хямралын айдсаар ард түмнээ булсан юм. Энэ бол том алдаа байв. Ерөнхий сайд Н.Алтанхуяг ард түмнээ сэтгэл зүйн хямралд оруулсан хүмүүсийн тэргүүн фронтын дайчин. "Дэлхий хямарч байна, цаана чинь" гээд л явж өгнө. "Ардын нам, АТГ-ыг ажил хийлгэхгүйнэ ээ" гээд л зарласан.

Ер нь бол авлигатай тэмцэнэ гэдэг Н.Алтанхуяг сайд гуайн бас нэг үүрэг шүү дээ. Тэр байтугай эрх баригч намын даргын хувьд цорын ганц сөрөг хүчин МАН-тай хамтарч ажиллах, хэл үгээ ололцох нь бас үүрэг. Энэ хоёр үүргээ биелүүлэхгүй цоллож давхиад байхаар "Хувьсгалын жилд чөтгөрийн тоо олширсон" гэдэг л болно шүү дээ.

Өнөөгийн улс төрийн тавцанд хамгийн тогтвортой бодлого барьж ажиллаж чадах нь 95 жилийн настай энэ нам яах аргагүй мөн. Бусдыг нь томруулдаг шилээр татаад ч нэмэргүй. Олон намын систем тогтсоноос хойш манай намууд бие биенээ гутаан доромжлох, нэгнийхээ хийснийг үгүйсгэх, үл тэвчих үзлээр цэнэглэгдэж 25 жил хүйтэн дайн шахуу юм хийж ирлээ.

Угтаа бол намууд "Еэ, еэ, бөө-вөө дөө"-гөөр л амьдралынхаа нэлээд зайг бөглөлөө. Улс орныг хамтын хүчээр, тогтсон бодлогоор босгох ажлыг өнөө муу МАН хоёр ч удаа санаачилсан билээ. Баримт бол баримт. 1990 оны Төр засгийн дүр зураг бэлхнээ хэлээд өгнө. 2008 онд бас юу боллоо.

МАН илт давуу ялсан ч АН-тай хамтарсан Засгийн газар байгуулсан. Харин АН "Ажил хийвэл дуусгах, давс хийвэл уусгах" тал дээрээ жаахан маруухан улс юм уу даа гэсэн өнгөөр ажлын дундуур хаяад дараагийн сонгуулийнхаа пиарыг хийгээд алга болсон. Өнөөдөр ч бид энэ газар шороон дээр нүүр нүүрээ хараад амьдарч байгаагийн хувьд эвлэрэх зайтай байх ёстой.

2. Улс төр гэдэг өдөр тутмын ажил байдаг юм байна. Өнгөрсөн 25 жилийн амьдралаас энэ мэдрэгдэж байна. Улс төрд стратеги болон тактикийн бодлогууд байдаг шиг урт богинохугацааны соёл, ёсзүй гээч юм байдаг бололтой юм. Иймээс улс төрийн соёл гэдэг бас өдөр тутамдаа мөрдөж хэвших эд аж. Тэр өдөр тутам хэвшмэл соёлоос том соёл нь урган гардаг ажгуу.

Өнөөгийн амаргүй ертөнцөд угтаа намын үндсэн зорилго улс орноо авч явах, ард иргэдийнхээ өрсөлдөх чадварыг хөгжүүлэх бололцоог нээх гэх мэт үнэт зүйлүүдийн төлөө л ухаан бодлоо уралдуулах зорилготой эд шүү дээ. Манайд энэ талын ойлголт нь гацаад талцал, хагарал болгоод байдаг.

Монгол хүн цагийн цагт газар нутгийнхаа бүрэн бүтэн байдлын төлөө, улс орныхоо тусгаар тогтнол, хөгжил цэцэглэлийн төлөө зогсч иржээ. Хэнбугай нь бичсэн түүхийн номон дээр ингэж л харагдах байх. Саяхан нэг шинэ соргог уриалга хэвлэл мэдээллийн хэрэгслээр үзэгдэх болов.

Өнөө МАН маань дахиад л шинэ жишиг тогтоолоо. Энэ нь МАН-ын УИХ дахь бүлгийн уриалга юм. Нэр нь: "Эв нэгдэл, ил тод байдлын уриалга".

Ер нь бол манайхан хойд урд хоёр хөрштэйгээ учраа олох нь тэргүүн зорилт билээ. Үүнийг хүн болгон мэдэж буй. Энэ хоёрын манайд хандах амьдралын хэв маягаас Монгол Улсын хөгжил цэцэглэлт их хамаарна. Ийм ч учраас уг уриалгад: "... Төрийн тэргүүнүүдийн айлчлалыг чухалчлан үзэж, хувийн болон нам бүлэглэлийн эрх ашгаас илүүтэйгээр улс үндэстнийхээ эрх ашгийг эрхэмлэн дор бүрнээ эв нэгдэлтэй байхыг улс төрийн бүхий л намууд, төрийн бус байгууллагуудад уриалж байна" гэжээ.

Монголчууд гадагшаа байнга нэгдмэл бодлоготой байж, дотроо цул байж энэ эх захгүй ертөнцөд өөрсдийгөө хадгалж үлдэх билээ. Тиймээс ч уг уриалгад, Төрийн тэргүүнүүдийн айлчлалын үөэр хэлэлцэх эдийн засгийн асуудлуудыг, ил тод, нээлттэй байдлаар шийдвэрлэх ёстойг онцлон тэмдэглэжээ.

Дотоод мөн чанараараа монгол хүн бүр Монголынхоо эрх ашигт үнэнч гэдэгт итгэж байна. МАН-ынхан үндэсний эрх ашгаа дээдэлж, эрх баригчдаа, олигтойхон байгаарай, сайн болгоныг чинь дэмжинэ гэж дэм өгч байна.

Бид ухаажиж байна. МАН-аас УИХ-д нэлээдгүй олон залуувтар дориун гишүүд суудаг. Туршлага хариуцлагын туйл болсон нөхөд ч бий. Иймд эд нар хэзээ ч улс төрийн ойрын зайны ашиг хонжоо харахгүй гэдгээ дахин нотоллоо.

Бид ч бас "Ц.Элбэгдорж ингэлээ, З.Энхболд тэглээ, Н.Алтанхуяг нь бас тэглээ, Лу. Болд нь тэгчихлээ" гээд мандуулаад байж чадах хүмүүс. Харин МАН ийм жишиг үзүүлнэ гэдэг бид алхам урагшилж байна гэсэн үг.

-Уншигч Та юу гэж бодож байна?

-Би тэгж л бодож байна. Ямар ч гэсэн "еэ,еэ, бөө-вөө" байхгүй л юм байна. 100-гаад жилийн түүхтэй нам зузаан бодолтой байх ёстой. Тэр үнэн байна.

Х.Бүрэнтогтох

Эх сурвалж: